Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, 

улсын яллагч Д.Нямсүрэн, 

        шүүгдэгч Б.Г, В.Д/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бээс овгийн Б.Г, Олхонууд овгийнВ.Д нарт холбогдох эрүүгийн 201625030755 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Бээс овгийн Б.Г, 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хүү, дүү, эхнэрийн хамт, Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 126 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар КЮ78122118.

2. Олхонууд овгийн В.Д, 1979 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Ховд аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 23 дугаар гудамжны 64 тоотод оршин суух,

 Нийслэлийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заанаар 7 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 7 сарын 7-ны өдрийн хуулийн 2, 3-р зүйлд зааснаар ялын 30 хувь болох 02 жил 01 cap 02 хоногийн ялыг өршөөн хасч, 2003 оны 4 дүгээр сарын 29-нд эдлээгүй үлдсэн 10 cap 8 хоногийн ялаас тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 сарын 30-ний өдөр  эдлээгүй үлдсэн 01 жил 01 cap 10 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ХЖ79060314.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Б.Г, В.Днар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 7-90 тоотод иргэн Р.Бгийн гражны хаалгыг эвдэн нэвтэрч гутлын колоток, гутлын ул, гутлын раамт, хадаас зэрэг эд зүйл хулгайлан авч 1.248.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч В.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Р.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манайх 2015 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 7-90 тоот хашааг Мөнхжаргал гэдэг найзынхаа хүү Баасанцэрэнгээс худалдаж авсан юм... Манай нөхөр Солонгос улс руу явахаасаа өмнө уг хашаанд байрлах гражид гутал оёдог материалуудаа аваачиж хийгээд цоожлоод явсан. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай найз Мөнхжаргал над руу яриад манай дүү Г, найз Дын хамт шуудайтай зүйл бариад яваад байна. Аваад үзсэн чинь танай нөхөр Баярсайханы гутал хийдэг материал юм шиг байна, ирээд үзээч гэхээр нь яваад иртэл гражид хийсэн байсан нөхрийн гутал оёдог материалыг хулгайлж зөөсөн байсан. Гражаа харахад цоожтой байх бөгөөд хаалганых нь доод хэсгийг татаж ангайлгаж байгаад дотогш орж хулгай хийдэг байсан байна лээ... Манай гражнаас гутлын солонгос раамт 4 боодол буюу 200м, гутлын колоток том 40-44 размерын 6 ширхэг, гутлын жижиг колоток 38-40 размер 5 ширхэг, хүүхдийн гутлын колоток 10 хос, гутлын Солонгос улсад үйлдвэрлэсэн бэлэн ул 17 хос.нийт 1.103.000 төгрөгийн хохирол учирсан. Би өмнө өгсөн тайлбар дээрээ 2 үхрийн шир алга гэж мэдүүлсэн байсан, тэр нь байсан байна лээ.../хх-8-9 /, ...намайг галлагааны өрөөний арын хэсэгт нь ороход Д гэгч нь унтаж байсан, Д нь унтаж байсан газрынхаа доор нь гражид байсан гутлын уланд нь дэвсч өгдөг байсан эсгийг нь дэвссэн унтаж байсан... Г бол алдагдсан эд зүйлс байсныг мэдэж байсан. Яаж мэдсэн бэ гэвэл хэд хоногийн өмнө гражаас эд зүйлс гаргаж аваад Гаар зөөлгүүлж оруулсан. Бас Г гражаас хүүхдийнхээ тэргийг нь авч байсан...” гэжээ /хх-74-75/.

Гэрч Г.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын сүүлээр би Солонгос улс руу явах ажил гараад би ..гутлынхаа материалуудыг худалдаж авсан хашааныхаа гражид аваачиж хийсэн. 2016 оны 3 дугаар сард намайг Солонгос улсад байхад эхнэр Р.Б гражид хулгай орсон байна. Алдагдсан эд зүйлийн үнэлгээ чанар байдлыг тодруулах шаардлагатай гэхээр нь би утсаар бүх зүйлийн үнэлгээ чанар байдлыг хэлж өгсөн...” гэжээ /хх-10/.

Гэрч М.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед манай нийтийн байранд амьдарч байсан Азаа гэх залуу манай гэрт орж ирээд дөнгөж сая Чулуунаа ах нэг хүнтэй хайрцагтай эд зүйл аваад гарч байна гэж хэлэхээр нь би гараад харсан чинь Г хашаанд барьсан байсан гэрийн хажууд чулуун дээр согтуурсан байдалтай урдаа хайрцагтай эд зүйлс тавьсан сууж байхаар нь нийтийн байрны коридорт байсан шаврын тэргэн дээр шуудайтай колоток хийсэн дээрээс нь гутлын уланд хийдэг эсгийгээр бүтээсэн байхаар нь тэрийг хараад энэ юу юм бэ гэж асуухад Д манай найз гутал хийдэг юм тэрнийх байгаа юм гэж хэлэхээр нь эргэж гараад Гы өмнөө тавьсан хайрцагтай эд зүйлийг нь дахин онгойлгоод үзсэн чинь өлмийг ширээр бэлдсэн гутлын ул, хайчлаад илүү гарсан эд зүйлс, цавуу зэрэг байсан. Тэгээд би дотроо найз Р.Бгийн нөхөр гутал хийдэг болохоор нь тэрний эд зүйл юм байх гэж бодоод Р.Б руу залгаад хурдан хүрээд ирэх үү энд нэг юм болоод байна гэж хэлсэн чинь Р.Б ирэхээр нь нийтийн байрны коридорт байсан болон Гы авч явсан эд зүйлсийг үзүүлсэн чинь энэ чинь манай гражид байсан эд зүйлс мөн байна гэж хэлсэн...” гэжээ /хх 79-81/.

Эд зүйлийн үнэлгээ /хх-7, 120/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Харин прокуророос гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1.248.000 төгрөг гэж тогтоосныг 805.000 төгрөг болгон өөрчлөв. Учир нь хавтаст хэргийн 7-р талд авагдсан эд зүйлийн үнэлгээ нь 805.000 төгрөг гарсан байхад хавтаст хэргийн 120-р талд авагдсан үнэлгээ нь өмнөх үнэлгээгээр үнэлсэн эд зүйл болон тоо ширхэгтэй зарим нэр төрөл нь адил атлаа нийт үнэлгээ нь 443.000 төгрөг гарсан нь ойлгомжгүй, хэний хүсэлтээр дахин эд зүйлийн үнэлгээ гаргасан, ямар баримтыг үндэслэн улсын яллагч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1.248.000 төгрөг гэж тооцсон нь тодорхойгүй байна. Мөн хохирогч 805.000 төгрөгийн үнээлгээг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэхээс гадна, мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссаныг мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулахад “надад учирсан 805.000 төгрөг барагдуулж өгч тусална уу” гэх хүсэлт гаргасан зэргийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 805.000 төгрөг болгон өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г, В.Днар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 7-90 тоотод иргэн Р.Бгийн гражын хаалгыг эвдэн нэвтэрч гутлын колоток, гутлын ул, гутлын раамт, хадаас зэрэг эд зүйл хулгайлан авч 805.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Г, В.Днарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Бгийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгч нар нь хулгайн эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн гэх боловч энэ талаар ямар нэгэн баримтгүй байх тул нийт хохирлын үнэ 805.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол зэргийг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.Г, В.Днар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Б.Г, В.Днарт холбогдуулан ял сонсгож ирүүлсэн гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг 1.248.000 төгрөг гэснийг 805.000 төгрөг болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Бээс овгийн Б.Г, Олхонууд овгийнВ.Д нарыг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, В.Днарыг тус бүр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, В.Днарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, В.Днараас тус бүр 402.500 төгрөг гаргуулан, нийт 805.000 төгрөгийг хохирогч Р.Бд олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г, В.Днарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, В.Днарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН