Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0367/З |
Дугаар | 221/МА2015/0082 |
Огноо | 2015-02-11 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2015/0082
2015 оны 2 сарын 11 өдөр Дугаар ДЗШ/МА2015/0082
Д.А ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Д.А , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А , А.Э , гуравдагч этгээд М.Б-Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 569 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.А ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С ХХК-иас 1.300.000 төгрөг зээлж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 58Б байрны 49 тоот үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан... С ХХК-ийн хүмүүс миний байрыг хүчээр булаан авч, гэрт байсан эд хөрөнгийг гаргаад Ажил дээр хүрч ирээд зөрүү мөнгөө ав гэж хэлээд явсан... худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ ...гэх мэт хэд хэдэн юман дээр загнаж байгаад гарын үсэг зуруулсан Иймд, халхавчилсан хуурамч хэлцлээр бүртгэсэн Ү-2201000*** тоот бүртгэлтэй эд хөрөнгийг бүртгэсэн үйлдлийг хүчингүйд тооцуулж, Д.А ийн нэр дээр бүртгэхийг даалгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан тайлбартаа: ...Өнөөдрийн байдлаар дээрх орон сууцны өмчлөгчөөр иргэн М.Б-Э бүртгэлтэй бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банктай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байна. Уг орон сууцны өмчлөх эрх шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлүүд нь хууль, журмын дагуу хийгдсэн байх тул иргэн Д.А ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд М.Б-Э шүүхэд гаргасан тайлбартаа: Бүртгэлийн байгууллага хуулийн дагуу бүртгэсэн. Д.А ийн нэхэмжлэлтэй холбоотойгоор миний эрх ашиг хөндөгдөж болзошгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 569 дүгээр шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 10 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А ийн Халхавчилсан хуурамч хэлцлээр бүртгэсэн Ү-2201000*** тоот бүртгэлтэй эд хөрөнгийг бүртгэсэн үйлдлийг хүчингүйд тооцуулж, Д.А ийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.А давж заалдах гомдолдоо: ...Хэрэг хянан шийдвэрлэх явцад дараах зүйл тодорхой болсон. Барьцаа хөрөнгө чөлөөлөгдөөгүй байхад шилжилт хөдөлгөөн бүртгэсэн буруутай болох нь мэтгэлцээний явцад тогтоогдсон. Д.А нь Т.Б-т худалдаагүй буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заагдсан харилцаа бодит байдалд үүсээгүй болох нь тодорхой болсон. С ХХК, Д.А нарын хоорондох харилцаа дуусгавар болоод дараа нь С ХХК, Д.А нарын хооронд харилцаа үүсэх ёстой байсан нь тодорхой болсон. Гэтэл шүүх дээрх 3 тодорхой зүйлийг үнэлээгүй, ядаж л үндэслэх хэсэгтээ ч дурдаагүй шийдвэр гаргасан байх ба шийдвэр нь барьцаалагдсан эд хөрөнгийг бүртгэсэн байхад барьцааг чөлөөлөхгүйгээр эд хөрөнгийг шилжүүлэх нь хуульд нийцнэ гэсэн утга агуулгатай шийдвэр гаргасан. Иймд барьцааг чөлөөлүүлэхгүйгээр эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх нь зөв гэсэн 569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл анхан шатны шүүх Д.А ийн гаргасан нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2478 дугаар захирамжийг гаргасан байна. Давж заалдах шатны шүүх дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд анхан шатны шүүх 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Эндээс дүгнэвэл анхан шатны шүүх Д.А ийн нэхэмжлэлийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзээд захиргааны хэрэг үүсгэсэн төдийгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд, шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасан үүрэг шүүхэд ногдоно.
Нэхэмжлэлийн агуулга, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбараас дүгнэхэд С ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн, энэ барьцааны гэрээ хүчин төгөлдөр, барьцааг чөлөөлөөгүй байхад Д.А болон иргэн Т.Батбаяр нарын худалдах, худалдан авах гэрээг бүртгэсэн нь хууль бус гэж маргаж байна.
Хариуцагч хариу тайлбартаа С ХХК-тай байгуулсан 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг бүртгэсэн байна. Иргэн Д.А нь 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 34 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ Т.Б-т шилжүүлсэн байна гэсэн тайлбар ирүүлсэн байх бөгөөд дээрх тайлбараас орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Түүнээс гадна шүүхээс ...тухайн орон сууцыг С ХХК /РД:2111829/ -ийн зээлийн барьцаанд хэзээ бүртгүүлсэн, хэзээ барьцааг чөлөөлүүлсэн талаарх бүх баримт захиргааны хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул нотлох баримтын шаардлага хангаж ирүүлэх-ийг мэдэгдэж, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/77276 тоот албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт хүргүүлсэн байх боловч тухайн орон сууцны барьцааг хэзээ бүртгэсэн болох, хэзээ барьцаанаас чөлөөлсөн тухай шаардлагатай хариуг ирүүлээгүй байна.
Гэтэл шүүх нэхэмжлэлийн маргаж байгаа гол үндэслэлийн талаарх нотлох баримтыг гаргуулахгүй хэргийг шийдвэрлэжээ.
Иймд, маргаан бүхий орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлсөн эсэх талаарх нотлох баримтыг нэмж цуглуулах, шаардлагатай бол үзлэг хийх нь зүйтэй байна.
Дээрх байдлыг тодруулснаар Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх журам гэсэн 11 дүгээр зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний бүртгэл гэсэн 19 дүгээр зүйлд заасан шаардлага хэрхэн хангагдсан талаар дүгнэлт өгөх боломжтой болно.
Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР