Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 756

 

 

 

 

 

 

 

 

 

 Ө ХХН-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00309 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  Ө ХХН-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И газарт холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баатарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Солонго

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баатарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөллийн Инке хууль зүйн фирм нь И газартай 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 95/16 дугаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулан хамтран ажилласан. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд тус байгууллагын ажилтнууд болох П.Г, Ц.Т болон бусад этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэрэг дээр манай фирмийн өмгөөлөгчид ажиллаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлсэн. Гэтэл тус байгууллага өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө төлөөгүй, энэ талаар шаардлага хүргүүлж, ажлын тайлан, холбогдох баримт бичгийг гарган өгсөн боловч төлбөр төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Манай өмгөөлөгчид эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалж 2016 оны 05 дугаар сараас эхлэн ажиллаж, мэдүүлэг, тайлбар өгөхөөс авахуулаад, нэмэлт ажиллагаа хийлгэх бусад хэрэгт хамааралтай ажиллагааг явуулахад аман хэлбэрээр байнга зөвлөгөө өгч ажилласан бөгөөд энэ нь тэр бүр баримтаар тогтоогдох боломжгүй байдаг. Мөн бид И газарт хийсэн ажлынхаа талаар 2016 оны 09 дүгээр сард тайлан өгч байсан бөгөөд энэ талаарх тоот хэрэгт авагдсан байгаа. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3-р зүйлийн 3.9, 4.1-д заасны дагуу гэрээний төлбөр болох 6 000 000 төгрөгийг хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд гэрээ байгуулагдсан нь үнэн боловч тус нөхөрлөл нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул өмгөөллийн хөлсийг төлөхөөс татгалзсан болно. Тус нөхөрлөл нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад юу хийсэн, уг хэргийг хэрэгсэхгүй болгох тал дээр ямар ажиллагааг хийж хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ямар албан бичгээр хаана хандаж ямар хүсэлт, гомдол гаргаж байсан талаарх нотлох баримт байхгүй. Мөн тус өмгөөллийн нөхөрлөлд хэн, хэн гэсэн өмгөөлөгч ажилладаг, эдгээр хүмүүс нь хэрэгт ямар оролцоотой оролцсон талаар нэг ч баримт байдаггүй. Мөн талуудын байгуулсан гэрээнд өмгөөлөгчийн ажлын үр дүнг үндэслэн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон байдаг. Хэдийгээр гэрээ байгуулсан ч гэсэн тус байгууллагын ажилтан П.Г, Ц.Т нарын өмнөөс байгууллага яагаад гэрээ байгуулсан нь тодорхойгүй, мөн эрх бүхий албан тушаалтан болох Санхүүгийн албаны даргын зөвшөөрөлгүйгээр хийгдсэн зэргээс гэрээ хүчин төгөлдөр үү гэсэн асуудал яригдаж байгаа. Иймд уг гэрээ байгуулагдсан шаардлага нөхцөл хэлбэрийн хувьд хууль зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газраас 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХН-д олгож шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баатарсүрэн давж заалдах гомдолдоо: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл бид 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 89 тоот албан бичгээр хийсэн ажлынхаа тайланг өгсөн. Мөн үүний дараа тус газрын хуулийн хэлтэст Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 862 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг хүргүүлсэн ба уг тогтоол хэрэгт авагдсан байгаа. Тус байгууллагын ажилтнуудад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, түүнийгээ нотолсон тогтоол нь бидний ажлын үр дүн юм. Гэтэл шүүх “...хийсэн ажлынхаа үр дүнг тайлагнасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. ...нэхэмжлэгч нь энэ талаараа баримтаар нотлоогүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч  Ө ХХН нь хариуцагч И газарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 95/16 дугаартай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр  Ө ХХН /өмгөөлөгч/ нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй хэрэгт П.Г, Ц.Т нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бүхий л шатанд өмгөөлөгчөөр оролцох, шаардлагатай асуудлаар үйлчлүүлэгчид зөвлөгөө, санал өгөх, энэхүү гэрээний үйлчилгээний төлбөрт И газар /үйлчлүүлэгч/ нь өмгөөлөгчид нийт 6 000 000 төгрөгийн үйлчилгээний хөлс төлөхөөр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан даруй урьдчилгаа төлбөрт тооцон гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 3 000 000 төгрөг, хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараагаар өмгөөлөгчийн ажлын үр дүнг үндэслэн/тайлан/ гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 3 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн, энэ талаар талууд маргаагүй байна. /хх 5-7/

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлбэрээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул гэрээний нэг тал болох нэхэмжлэгч  Ө ХХН нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч  Ө ХХН-ийн өмгөөлөгчид нь нэр бүхийн этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож, тэдний эрх ашгийг хамгаалан хууль зүйн туслалцааг үзүүлсэн талаараа 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 89 тоот албан бичгээр И газарт хүргүүлсэн байна. /хх 21/

 

Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн газрын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04/87 тоот албан бичгээр “...хууль эрх зүйн фирмийн өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа болно гээд ...үйлчлүүлэгчиддээ холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтайгаар Хан-Уул дүүргийн Прокурорын газар руу хүргүүлсэн “талаар дурдаж, “...гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг олгоно уу” гэсэн албан бичгийг тус газрын Санхүү, эдийн засгийн газарт хүргүүлж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь тодорхой үйлчилгээ үзүүлж хариуцагч байгууллагад ажлын хөлсний урьдчилгаа 3 000 000 төгрөг төлөх үүрэг үүссэн байсан гэж үзэв. /хх 38/

 

            Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хийсэн ажлын тайлангаа өгсөн” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул гэрээний дагуу төлөх ажлын хөлсний үлдэгдэл 3 000 000 төгрөгтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

            Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Ө ХХН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00309 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Ө ХХН-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН