Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1040

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн

улсын яллагч С.Цэрэндорж

шүүгдэгч *******-, Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1. Монгол Улсын иргэн,.

 

2. Монгол Улсын иргэн, нарт холбогдох эрүүгийн 1905031541094 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******-, Б.О- нар бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.М- нь Самсунг эс-8 загварын гар утсаа хүлээн авахын сандал дээр мартаж явсан бөгөөд түүний Самсунг эс-8 загварын 580.000 төгрөгийн үнэ бүхий гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Гэм буруу дээр маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Оюунцэцэг бид хоёр хамт амьдрах бодолтой би ирж очоод явж байгаа  гэв.

 

         Шүүгдэгч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч Б.М- мөрдөн байцаалтанд: 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ГССҮТөвд 14 цаг 40 минутын үед 1 давхарын  хүлээн авахын өрөөнд сууж байгаад би өөрийн буруутай үйлдлээс болж Самсунг эс-8 загварын гар утсаа сандал дээр мартаад гарсан байсан. Тэгээд эмнэлгээс гараад машинд суугаад явж байхдаа 15 цаг өнгөрч байхад мэдээд гар утасны 96681886 дугаар руу залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд эмнэлгийн камерыг шүүхэд 60 орчим настай эмэгтэй хүн аваад гарч байсан. Тэгээд маргааш нь цагдаад мэдэгдсэн. Би гар утсаа 2019 оны 3 дугаар сард Германаас лизингээр худалдан авч байсан. Сар болгон ярианы төлбөртэй, тухайн ярианы төлбөрөөс хамаарч төлбөр төлдөг. Сар болгон 33-38 евро төлдөг. Монгол мөнгөөр 2 сая гаруй төгрөгийн үнэлгээтэй. Би гар утсаа 2 сая төгрөгөөр үнэлнэ...Гар утасны баримтыг Герман улсаас худалдаж авсан учраас Улаанбаатар хотод бол байхгүй. Надад одоо өгөх  боломжгүй байна. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Би өөрөө гар утсаа хаяаад явсан. Намайг мэдүүлэг өгөхөд хэн нэгэн дарамт шахалт тулгасан зүйл байхгүй. /хх-ийн 13, 15/ гэсэн мэдүүлэг,

 

         Гэрч С.Энхнайрамдал мөрдөн байцаалтанд: Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 8-н нэрийн дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 8 дугаар сарын эхээр санагдаж байна. Манай дэлгүүрт байнга үйлчлүүлдэг *******- гэдэг хүн эхнэрийн хамтаар орж ирээд уг хоёр хүн надад өмнө нь өртэй байсан. Тэгээд тухайн үед орж ирээд хүнсний эд зүйл болон архи авъя барьцаанд нь гар утас тавъя гэж хэлээд Самсунг эс-8 маркын гар утсыг барьцаанд тавихаар нь би гар утсанд 88107493 гэсэн дугаар хийж ашиглаж барьсан. Тухайн үед *******-ийн эхнэр манай нөхрийн гар утас гэж хэлээд тавьсан. /хх-ийн 24/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Ганзориг мөрдөн байцалтанд: Би Драгон төвийн Call центрийн 3 давхарт гар утасны код тайлах ажил хийгээд нэг жил орчим болж байна. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 30-40 орчим насны эмэгтэй, эрэгтэй хоёр хүн  орж ирээд Самсунг эс-8 загварын гар утасны кодыг тайлуулна гээд ирэхээр нь кодыг нь тайлж өгөөд 50.000 төгрөг өгсөн. Самсунг эс-8 загварын гар утас гадна талаараа  шар өнгийн гэртэй байсан. Эмэгтэй нь манай нөхрийн гар утас гэж хэлээд нөхрийгөө дагуулаад явж байсан. Эрэгтэй нь тухайн гар утсыг халааснаасаа гаргаж ирсэн гэж санагдаж байна. /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Самсунг Эс 8 маркийн гар утас 580.000  төгрөгөөр үнэлэгдсэн”  /хх-ийн 32/ гэсэн дүгнэлт,

 

        Яллагдагч Б.О- мөрдөн байцаалтанд: 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр найзуудтайгаа гол дээр амарч байгаад хөлөө зүсэж гэмтээсэн. Ингээд нөхөр *******-ийн хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хөлөндөө оёдол тавиулах гээд цонхны тавцан дээр анкет бөглөөд оёдолын өрөө рүү орох гэтэл *******- сандал дээрээс боссон чинь нэг танихгүй эмээ хөөе утсаа орхилоо гэхээр нь би аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд бид хоёр оёдолоо тавиулаад Гэмтэл согог судлалын эмнэлэгээс гарч яваад Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг орж үзүүлээд шууд харьж унтсан. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өглөө босоод нөхөр *******-ийн хамт энэ утасны түгжээг тайлъя гээд Драгон төвд байрлах Call центр очиж олсон гар утаны кодыг 50.000 төгрөгөөр тайлуулаад тэгээд нөхөр *******-ийн 80225121 дугаарыг хийж гар утсыг би ашигласан. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр манай найзууд манай гэрт ирээд найрлахаар нь олсон гар утсыг нөхөр *******-ийн хамт “Зэгэст Мөндөөхөө” дэлгүүрт 220.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тухайн гар утсыг олоход ямар загварын гар утас байсан талаар мэдээгүй, гар утасны кодыг тайлуулахад мэдсэн. /хх-ийн 57/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч *******- мөрдөн байцаалтанд: 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гадуур ажил хөөцөлдөж байхад эхнэр Оюунцэцэг залгаад хөлөө гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгээд эхнэр Оюунцэцэгийн хамт Гэмтэл согогын үндэсний төвд оёдол тавиулахаар оёдолын өрөөний үүдэнд эхнэр цонхны тавцан дээр анкет бөглөөд би сандал дээр хүлээгээд сууж байсан. Тэгээд оёдол тавиулах гээд оёдолын өрөө рүү орох гэтэл нэг эмээ араас дуудаад гар утас өгөхөд эхнэр Оюунцэцэг аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд Гэмтэл согогын үндэсний төвөөс гараад Хан-Уул дүүргийн эмнэлэг орж үзүүлээд гэртээ хариад унтсан. Марааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр босоод эхнэр Оюунцэцэг энэ гар утасны кодыг гаргаад баръя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт яваад Call центр ороод гар утасны кодыг тайлуулсан. Тэгээд хэд хоногийн дараа эхнэрийн найзууд гэрт ирээд мөнгөгүй болоод дэлгүүрээс бараа зээлээр авах гээд Оюунцэцэг бид хоёр гар утсыг барьцаанд тавьсан. Тухайн үед ямар загварын гар утас байсан талаар мэдэхгүй, гадуураа шар өнгийн гэртэй байсан. /хх-ийн 74/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтайгаар холбоотойгоор шүүгдэгч Б.О-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 63/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, шүүгдэгч *******-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 84/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

          2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.М- нь Самсунг эс-8 загварын 580.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаа хүлээн авахын сандал дээр мартаж явсан байсныг  тухайн үед тус эмнэлгээр үйлчлүүлж байсан Б.О-, *******-  нар бүлэглэж гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.М-ы ”... 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ГССҮТөвд 14 цаг 40 минутын үед 1 давхарын  хүлээн авахын өрөөнд сууж байгаад би өөрийн буруутай үйлдлээс болж Самсунг эс-8 загварын гар утсаа сандал дээр мартаад гарсан байсан...” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг,

гэрч С.Энхнайрамдалын“...манай дэлгүүрт байнга үйлчлүүлдэг *******- гэдэг хүн эхнэрийн хамтаар орж ирээд уг хоёр хүн надад өмнө нь өртэй байсан. Тэгээд тухайн үед орж ирээд хүнсний эд зүйл болон архи авъя барьцаанд нь гар утас тавъя гэж хэлээд Самсунг эс-8 маркийн гар утсыг барьцаанд тавихаар нь би гар утсанд 88107493 гэсэн дугаар хийж ашиглаж барьсан...” /хх-ийн 24/ гэсэн мэдүүлэг,

гэрч Л.Ганзоригийн“...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 30-40 орчим насны эмэгтэй, эрэгтэй хоёр хүн  орж ирээд Самсунг эс-8 загварын гар утасны кодыг тайлуулна гээд ирэхээр нь кодыг нь тайлж өгөөд 50.000 төгрөг өгсөн...” /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг болон  эд зүйл  С.Энхнайрамдалаас хураан авч Б.М-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас *******-, Б.О- нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******-, Б.О- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул  шүүгдэгч *******-, Б.О- нарыг бүлэглэж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Б.М-ы эзэмшлийн Самсунг эс-8 загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн нь хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзнэ.  

 

      Эрүүгийн хариуцлагын талаар:

       Шүүгдэгч *******-, Б.О- нарыг бүлэглэж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн Шударга ёсны болон Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Нэр бүхий шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо болон хувийн байдлыг харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтай оногдуулж  шүүх шийдвэрлэлээ.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

         Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******-, Б.О- нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

                                                                                         

2. Шүүгдэгч *******-, Б.О- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар, Б.О-ийг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-, Б.О- нарт мэдэгдсүгэй.

 

       4. *******-, Б.О- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-, Б.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

    

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ