Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2014/0012/З |
Дугаар | 221/МА2015/0085 |
Огноо | 2015-02-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2015/0085
2015 оны 2 сарын 06 өдөр Дугаар ДЗШ/МА2015/0085
С ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ж , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТӨАБСЗД д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК 2006 онд ТӨА-ийн БС-ын 1 дүгээр баг, Түшээ гүн-нд байрлах хүүхдийн зуслан, жуулчны бааз, амралтын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар 100 га газрыг холбогдох хууль, журмын дагуу сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 тоот захирамжийг үндэслэн холбогдох гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Үүнээс хойш аймгийн болон орон нутгийн төр захиргааны байгууллага, ард иргэдтэй харилцаа холбоотой ажиллаж, Монгол Улсын хууль, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлбөрийг тогтмол төлж ирсэн. БСЗД-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 тоот захирамжаар С ХХК-ийн эзэмшлийн 100 га газрын газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гарсан ба тус захирамжийг 06 сар 16 хоногийн дараа буюу 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бидний шаардсаны дагуу факсаар ирүүлсэн. Энэ захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож өгнө үү. Хариуцагчаас 38.9 га газрыг манай компанид эзэмшүүлээд эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 100 га газар биш гэхэд шүүхээс үзлэг хийхэд яригдаж байсан 83 га талбай бүхий газрыг олговол эвлэрч болох юм... Иргэн, аж ахуй нэгж байгууллагад хянан магадлагаа газар эзэмшигчийн хувьд хийлгүүлж авах ёстой гэснээс биш, үүрэг болгосон зүйл биш... Манай компани Рашааны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу рашааныг эзэмших ашиглах талаар харъяа зохих ёсны байгууллагад нь хандаж зохистой ашиглах эрхийг авсан. Үүнээс хойш ойр орчмын хогийг нь цэвэрлээд нөхөн сэргээлт хийсэн, ус рашааныг хамгаалах олон арга хэмжээг авсан... гэжээ.
Хариуцагч ТӨАБСЗД шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тухайн компани нь 2009 оныг хүртэл 5 жил 100 га газраа бүрэн эзэмшээгүй, одоо байгаа 60 га газар дээр шинээр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийх хангалттай хугацаа байснаас гадна худалдаж авсан үндсэн хөрөнгө болох 3 давхар барилгыг огт ашиглаагүй, урсгал болон их засвар хийгээгүй, хүүхдийн зуслангийн зориулалтын зуны байруудад солонгос хэлний сургалт нэрийдлээр христийн урсгал болох мүүний шашинг сурталчилж байдгийг багийн иргэдийн удаа дараагийн гомдол, санал, хүсэлтийг үндэслэн Тагнуулын байгууллага шалгаж тогтоосон байдаг. С ХХК-д 100 га газар олгосон тухай сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 51 тоот, 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 тоот захирамжууд нь хууль зүйн шаардлагад нийцээгүй... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 06 дугаар тогтоол, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2012 оны албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шалгалтаар урьдчилан тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалж, газрыг шинэчлэн баталгаажуулах зорилгоор сумын Засаг даргын 2013 оны А/167 дугаар захирамж гаргасныг хууль бус захирамж гэж үзэхгүй байна...
С ХХК-д хуучин хашааных нь хэмжээгээр 38.9 га газрыг нь олгож эвлэрэх санал тавьсан... 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн сумын иргэдийн хурлаар Түшээ гүнд байрлах Баянголын С ХХК-ийн эзэмшиж байгаа 100 га газраас одоо барилга объект байрлаж байгаа газраар нь хэмжилт хийж, газрыг нь олго гэсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан. Мөн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн эзэмшиж буй 100 га газрын эзэмших эрхийг нь цуцлах тухай тогтоол гарсан. Гуравдагч этгээдүүд 2006 оноос хойш санал хүсэлт, өргөдлөө өгсөн боловч С ХХК хуучин хашааны газраасаа илүү 100 га газрыг эзэмшинэ гэснээр иргэдийн амьдарч ирсэн газартай давхцаад маргаан үүссэнээр газар эзэмших эрх нь хангагдахгүй байж байгаад 2013 оноос эхлээд газар эзэмших эрхтэй болж газар олгогдсон гэжээ.
Гуравдагч этгээд Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: ...1993-2000 оныг хүртэл манай эхнэр н.Зоя амралтын газрыг хариуцаж байгаад Дэлхийн Энхтайвны төлөө Монголын Залуучуудын холбоонд хүлээлгэн өгөхөд би үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Тэгэхэд ямар ч газар хүлээлгэж өгөөгүй, энэ байгууллагад байшингийн доорх газар л байгаа... Энэ байгууллага Солонгос эзэнтэй мүүний шашны байгууллага бөгөөд амьдарч байгаа газраа харийн хүнд өгмөөргүй байна. Гэнэт нэг өдөр С ХХК нь машинаар хашаа ачиж ирээд 1 өдрийн дотор хашаагаа барьж, эзэлж авах зорилгоор ирсэн. Нутгийн иргэд биднийг дарамтлаад заримыг нь барьж авч зодсон. Одоо танай газар хуучин 38.9 га гэсэн тэр хэвээрээ л байгаа. С ХХК нь Баянголын амыг бүхлээр эзэмшиж байгаа. Би 1999 онд газар эзэмших эрхийн, 2006 онд өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Энэ байгууллагын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: С ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. Манай аав, ээж, эгч нар энэ газарт 1989 онд ирж суурьшсан... Энэ компанийн буруу шашны үйл ажиллагааг манайх мэддэг. Бидний өмчлөлийн газарт хашаа барьж биднийг дээрэлхэж дарамталсан, малын бэлчээрийг хаасан... Би 1989 оноос хойш одоо эзэмшиж байгаа газар дээрээ амьдарч, 1999 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2006 оны 05 дугаар сард энэ газрыг өмчлөх эрхийг авсан. Харин С ХХК 2006 оны 10 дугаар сард гэрчилгээ авсан. 38.9 га газрыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2009 онд баталсан гэжээ.
Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хуулийн дагуу БСЗД-ын А/378 дугаар захирамжаар БС-ын 3 дугаар баг, Түшээ гүн гэх газар 2000 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд авч, улсын бүртгэлийн 0002406560 дугаартай гэрчилгээ авсан. С ХХК нь нутгийн ард иргэдтэй хамтарч ажилладаггүй, нутгийн иргэдийг хөөж тууж, амгалан тайван амьдрах эрхийг зөрчин, доромжилж байсан. С ХХК нь Солонгосын хөрөнгө оруулалттай шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд тухайн газар нутагт айлууд байсаар байтал тэднийг оруулан газрын кадастрын зураг хийлгэж маргаан үүсгэж байна. Эдгээр айлууд олон жил энэ нутагт амьдарсан. Бүхэл бүтэн амаар нь авахыг санаархаж байгаа явдал нь хууль дүрэм зөрчиж, ард иргэдийг амгалан тайван амьдрах эрхийг зөрчиж байна. Засаг даргын захирамж, шийдвэрийг зөв гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие төрж өссөн, одоо амьдарч байгаа газрыг өөр байгууллагын эзэмшил болохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хаа хамаагүй, мэдэхгүй компани гарч ирээд газар нутгаас минь хөөгөөд байх ёсгүй. 2006 онд 3069 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан. С ХХК нь Засаг даргын захирамж гараагүй байхад газар өмчлөөд авсан байсан гэжээ.
Гуравдагч этгээд Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би 2009 онд газар эзэмших өргөдлөө өгч, 2011 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 0,7 га газрыг БС-ын нутагт, Түшээ гүний голын урд айлын хамар хашааны хажууд өмчийн газраа шийдвэрлүүлж авсан. С ХХК-ийн үйл ажиллагаа манайхаас нилээд урагшаа учир тэр газар нь тэднийх гэж боддог. Яахаараа иргэн хүнд их хэмжээний байтугай 0,7 га газар ч аймаг, сумын төвд олдохгүй байхад гадны хөрөнгө оруулалттай энэ компанид 100 га газар өгснийг гайхаж байна... С ХХК-ийн 2006 оны шийдвэр гарснаас хойш газрын хууль журмыг хэрэгжүүлэн ажилласныг нарийн шалгаж, иргэн бидний өмчлөлийн газрын шийдвэрийг хэвээр үлдээж, хуулийн дагуу хянан үзэж, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ш.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гшүүхэд гаргасан тайлбартаа: Анх энэ газрыг БС-ийн Баянгол баг, Түшээ гүнд Засаг даргын захирамжаар олгуулж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь үнэн. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Гуравдагч этгээд Ш.А шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 онд Түшээ гүнд газар авч амьдарч байгаа. С ХХК нь ард иргэдийн нутаг усыг авах гэж шүүхэд өргөдөл гаргасан нь хууль бус юм. Тухайн компани нь уг газрын орчимд ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй. Иймээс ард иргэд бидний газар усыг С ХХК-д өгөхгүй байхыг хүсье гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6, 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.4, 35.3.5, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 22.10.1, 22.10.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 38.9 га газарт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ж давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тодруулаагүй, мөн нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, бодит байдалд нийцэхгүй дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэсэн. Үүнд:
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...С ХХК нь ашиглагдаж буй 38.9 га газраасаа бусад 61.1 га газраа 2006 оноос хойш одоог хүртэл зориулалтын дагуу бүрэн ашиглаагүй болох нь тогтоогдож байна... гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт болон бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй болсон байна. ТӨА-ийн БСЗД-ын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 тоот захирамжаар С ХХК-д Түшээ гүний Баянгол амралтын 100 га газрыг хүүхдийн зуслан, жуулчны баазын зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлэх... шийдвэр гаргасан байдаг. Энэ дагуу тус газарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, амралт, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг жил бүр тасралтгүй явуулсан. Шүүхээс ашиглаагүй гэж дүгнээд байгаа газар буюу объектгүй хэсэг бол манай зуслан болон жуулчны баазад амрагчдын чөлөөт цагаа өнгөрөөдөг хэсэг юм. Түүнчлэн энэхүү маргааны зүйл болсон 100 га газар нь анхнаасаа объекттойгоо хамт буюу цогцолбороороо манай компани хууль ёсны эзэмшилд ирсэн. Ийм байхад шүүхээс объекттой хэсгийг нь ашигласанд тооцоод объектгүй буюу эдэлбэр газар /хоосон буюу ашигтай талбай/-ыг ашиглаагүйд тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Үлгэрлэвэл, улсаас иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 газар эзэмшүүлэх шийдвэр гаргачихаад иргэний гэрээ барьсан хэсгийг нь ашигласан гэж үзэж, гэрээ бариагүй хэсгийг /ашигтай талбайг/ нь та ашиглаагүй байна гээд хураан авч байгаатай адил зүйл боллоо.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Дэлхийн Энхтайвны төлөө залуучуудын Монголын холбоо болон С ХХК-д 2008 оноос өмнө 100 га газар олгосон дээрх шийдвэрүүд нь хэлбэрийн төдий байх бөгөөд бодит байдал дээр С ХХК-ийг 100 га газар биш 38.9 га газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хамгийн анх ТӨАБСЗД Дэлхийн Энхтайвны төлөө залуучуудын Монголын холбоо-той 2000 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот Орон нутгийн өмчийн Баянгол амралтын газрын үл хөдлөх хөрөнгийг цогцолбороор нь түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ-г 2000 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 8 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг. Мөн ТӨА-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хувьчлах, худалдах, актын эд хөрөнгийн жагсаалт батлах тухай 53 дугаар тогтоолоор дээрх Баянгол амралтын газрыг цогцолбороор нь Дэлхийн Энхтайвны төлөө Залуучуудын Монголын холбоо-нд түрээсийн давуу эрхээр хувьчилж, худалдах үнийг 250,000,000.00 /хоёр зуун тавин сая/ төгрөгөөр тогтоож, 2005 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 07 тоот Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Улмаар ТӨА-ийн БСЗД-ын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 тоот захирамжаар С ХХК-д 100 га газрын эзэмших эрх шилжсэн. Гэтэл шүүхээс бидний 2000 оноос эзэмшиж, ашиглаж ирсэн 100 га газрыг тодорхой бус үндэслэлээр 38.9 га гэж дүгнээд өмнө нь гарч байсан нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын бүх шийдвэрүүдийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй. Бодит байдал дээр хариуцагч нь 2007 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ТӨА-ийн БСЗД-ын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 тоот шийдвэрийг үндэслэн, С ХХК-д нэгж талбарын 1804 дугаар бүхий 100 га газрыг 60 (жаран) жилийн хугацаатай хүүхдийн зуслан, жуулчны бааз зориулалтаар эзэмшүүлэхээр 0118183 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Иргэн, аж ахуйн нэгжид олгосон газрыг газар дээр нь тэмдэгжүүлэх, кординатжуулах үүрэг нь газар эзэмшигчийн үүрэг үү, эсхүл хариуцагч буюу сумын Засаг дарга, сумын газрын даамал нарын үүрэг үү гэдгийг тодруулах шаардлагатай юм. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл буюу Сумын газрын даамлын хийх чиг үүрэг гэсэн хэсгийн 23.4.3-т эзэмшил, ашиглалтад олгосон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, кординатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэсэн үүрэгтэй байсан бөгөөд уг үүргээ хариуцагч тал буюу захиргааны байгууллага биелүүлээгүй болох нь харагдаж байна.
Эндээс дүгнэвэл хариуцагч тал буюу захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь тогтоогдсоор байтал шүүх уг хариуцлагыг нэхэмжлэгчид халдаан тохсон нь харагдаж байна. Мөн сумын Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0118183 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнд нэгж талбарын 1804 дугаар гэж заасан буюу уг газарт нэгж талбарын дугаарыг олгосон болох нь газрын гэрчилгээнээс харагддаг. Бидний ойлгож байгаа болон Газрын албаны тайлбарлаж буйгаар нэгж талбарын дугаар гэдэг бол уг газрын кадастрын зургийн дугаартай давхцах ёстой дугаар буюу кадастрын зураг хийгдсэнээр уг дугаар тодорхой болдог, нөгөө талаас уг дугаар гэрчилгээнд бичигдсэнээр кадастрын зураг хийгдсэн байхыг шаарддаг байна. Гэтэл шүүх эдгээр нөхцөл байдлуудыг шалгалгүйгээр дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.
3. Шүүхээс ТӨА-ийн БСЗД-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 тоот захирамжийг Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, 40.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн цуцлах шийдвэр гаргасан тухайд хууль зүйн үндэслэл талаас нь дүгнэлт өгөөгүй байх бөгөөд зөвхөн цуцалсан газрын хэмжээнд дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн шүүхээс Засаг даргын энэхүү захирамжид дурдсан хууль зүйн үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, 40.1.6 дахь хэсгийг шийдвэрийнхээ тогтоох хэсэгт үндэслэсэн байна. Энэ нь Засаг дарга захирамжаа гаргахдаа мөн шүүх шийдвэрээ гаргахдаа хуулийн зохицуулалтыг буруу ойлгож, буруу хэрэглэсэн асуудал боллоо. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэх хуулиар хүлээсэн үүргээ шүүх дутуу гүйцэтгэж, мөн нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх хуулийн зохицуулалтыг зөрчсөнөөс үүдэн анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
ТӨАБСЗД 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр А/167 тоот захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, 40.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн цуцлах шийдвэр гаргасан байх бөгөөд захирамжийн үндэслэл болсон дээрх заалтуудыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон бөгөөд үүнийг анхан шатны шүүх мөн л огт анхаарч үзээгүй. Хэргийн материал болон бодит байдал дээр С ХХК нь эзэмшил газраа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хугацаанд ашиглаагүй явдал огт байхгүй бөгөөд энэ нь орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэр болон бусад баримтаар тогтоогдож байхад шүүх нэг талыг илт барьж, Засаг даргын захирамжийн үндэслэл болсон заалтыг огт дүгнэлгүй орхигдуулсан. Харин шүүх маргааны гол зүйл болсон БСЗД-ын 2013 оны А/167 тоот актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ биелүүлж ажиллаагүй. Тухайлбал:
1. Газрын тухай хуулийн 63 дугаар зүйл (хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хэсэг)-ийн 63.1-д заасан нөхцлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, цуцлахаар зохицуулсан болох нь харагдаж байна. Гэтэл шүүх ...нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул Засаг даргын захирамж үндэслэл бүхий байна... гэж дүгнэн шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох, цуцлах тухай үндсэн шаардлагад нийцэхгүй шийдвэр гаргасан нь харагдаж байна.
2. Уг газрыг анх сумын Засаг дарга 2000 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот Орон нутгийн өмчийн Баянгол амралтын газрын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг цогцолбороор нь түрээсээр эзэмшүүлж, ашиглуулах гэрээ-г 8 жилийн хугацаатайгаар байгуулж, улмаар ТӨА-ийн ИТХ-ийн 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолоор амралтыг цогцолбороор нь Энхтайвны төлөө залуучуудын Монголын холбоо ТББ-д 250 сая төгрөгөөр түрээсийн давуу эрхээр хувьчилж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Хавтаст хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараар дээрх газар нь анх түрээсийн гэрээг байгуулахад 400 га байсан бөгөөд сүүлд түрээслэгч талын хүсэлтээр талбайн хэмжээг багасгаж 100 га болгосон байдаг. Дээрх Баянгол амралтыг хувьчилсан болон газрын хэмжээг өөрчилсөн тогтоолуудыг шүүх шалгалгүй дараагийн үйл явц буюу ТББ-аас С ХХК-д шилжүүлсэн хэсгийн баримтын хүрээнд баримтыг бүрдүүлж, дүгнэсэн нь шүүхийн шийдвэр алдаатай, бодит байдалд нийцээгүй гарсан.
Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ажиглавал шүүх нэг талаас С ХХК-д олгосон газар эзэмшүүлэх захирамж нь анхнаасаа үндэслэлгүй, хэлбэрийн төдий олгосон г.м-ээр газар олгосон ажиллагааг хууль бус гэж дүгнэсэн. Нөгөө талаас С ХХК-д олгосон 100 га газар нь анхнаасаа хүчин төгөлдөр буюу тус компани дээрх газраа бүрэн ашиглаагүй, бүхэлд нь үнэлгээ хийлгээгүй буюу газар эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас гэрээг цуцалж буй Засаг даргын захирамж үндэслэлтэй байсан зэргээр шүүх өөрөө өөрийнхөө дүгнэлтийг үгүйсгэсэн, хоорондоо логик холбоогүй дүгнэлтүүдийг хийх замаар шийдвэрийг гаргасан нь харагдаж байна. Эндээс үзвэл С ХХК-д олгосон 100 га газар нь анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсхүл олгоогүй байсан бол хариуцагч Газрын тухай хуулийн 40.1.4, 40.1.6-д заасныг журамлахгүй байсан гэдэг нь тодорхой юм. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Анхан шатны шүүх маргаан бүхий газар дээр үзлэг хийж, мөн холбогдох нотлох баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр С ХХК-д 100 га газрыг тухайн байрлалд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 6.1, 6.2.4, 6.2.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1, Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.6, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 22.10.1, 22.10.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ.
Гэхдээ хариуцагч ТӨАБСЗД нь хуулийн дээрх заалтууд зөрчигдөж байна гэж үзээд өөрийн гаргасан захиргааны акт /захирамж/-аа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ...өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасны дагуу шийдвэрлээгүй, харин ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.6 дахь заалтыг тус тус баримтлан С ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
ТӨА-ийн БСЗД-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 тоот захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэснийг үндэслэжээ. Нэхэмжлэгч дээрх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр ямар шаардлага тавигдсаныг хэрхэн биелүүлээгүй нь тодорхой биш гэж маргаж байна. Гэтэл хавтаст хэрэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ авагдаагүйн дээр ерөөсөө ийм үнэлгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байна.
1998 оны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн Үйлчилгээний салбар гэсэн хэсэгт зааснаар 50 ор хоногоос дээш хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар, аялал, жуулчлал эрхлэх үйл ажиллагаа-нд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхээр заасан байна. Иймд Дэлхийн Энхтайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо болон С ХХК нь хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтээ гаргаж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхийг нэхэмжлэгч талаас тодруулах, шаардлагатай гэж үзвэл ийм хүсэлтийг гаргаж байсан эсэхийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тодруулах нь зүйтэй.
2. Нэхэмжлэгч нь анх Дэлхийн энх тайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо нь Барилгачдын амралтыг цогцолбороор нь 400 га газрын хамт түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан, ...хүсэлт гаргаад 100 га болгосон гэж, мөн Дэлхийн энх тайвны төлөөх Залуучуудын Монголын холбооноос 100 га газрыг эзэмших эрхийг С ХХК шилжүүлэн авсан гэж, шүүхээс явуулсан үзлэгээр анхны барьсан хуучин хашааны хэмжээнээс үзэхэд анхнаасаа 38.9 га газартай байсан болох нь тогтоогдсон гэж, хэргийн 1 дүгээр хавтасны 98 дугаар хуудсанд Мон-тех өрнөл ХХК-иас ТӨА-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн 28 тоот албан бичигт ...БС-ын нутаг Баянголын сав газар, байгалийн үзэсгэлэнт газарт байрласан 85 ортой зочид буудал, томчуудын амралт, 200 хүүхдийн зуслан бүхий 18 га эзэмшил газартай гэж 4 өөр хэмжээг дурдсан байна. Иймд 400 га газартай холбоотой баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах, ямар баримтыг үндэслэн 400 га газартай байсан гэж шүүхэд тайлбарлаж байгаа болохыг тодруулах нь зүйтэй. Мөн маргаан бүхий актын 2 дахь заалтаар дахин гэрчилгээ олгохыг даалгасан. Талуудын маргаан 38.9 га газар уу, 83 га газар уу гэдэг дээр үүссэн байхад шүүх бусдын газар болон ой, гол бүхий газартай хичнээн га газар нь давхцсан талаар тогтоохдоо зөвхөн үзлэгээр тогтоосон байна. Хариуцагчийн 38.9 га газар гэдэг нь ямар үндэслэлтэй болох талаар дахин нотлох баримт цуглуулах нь зүйтэй.
Мөн 18 га газартай гэсэн баримтыг Мон-тех өрнөл ХХК-аас тодруулж нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай. Мөн дээрх компанийн холбогдох гэрчүүдээс 1994 оны Засгийн газрын Өмч хувьчлалын комисс, Дэд бүтцийн хөгжлийн яамны шийдвэрээр уг цогцолборыг Барилга корпорацид шилжүүлсэн тухай тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэв. Ингэснээр Барилгачдын амралт гэсэн энэхүү цогцолбор нь анхнаасаа хэдэн га эдэлбэр газартай байсан болох нь тогтоогдох боломжтой.
3. ТӨА-ийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөр огноолон 07/146 тоот албан бичгийг хариуцагч ТӨАБСЗД д 4 хуудас хавсралтын хамт хүргүүлсэн байна. Гэтэл хэрэгт зөвхөн уг албан тоотыг нотлох баримтаар гаргуулаад, хавсралт 4 хуудас баримтыг гаргуулаагүй байна. Иймд дээрх 4 хуудас баримтыг нотлох баримтаар гаргуулах нь зүйтэй. Учир нь, нэхэмжлэгч тал нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дээрх баримтад үндэслэж байгаа бөгөөд нотлох баримтаар үнэлэх ёстой байсан гэж маргаж байна.
4. Нэхэмжлэгч Дэлхийн Энхтайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо нь ТӨА-ийн БСЗД-ын 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 51 дүгээр захирамжаар анх 100 га газар эзэмших эрхийг аваад 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар захирамжаар С ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа болно. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэхийн тулд 1/ Талуудын гаргасан эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт, 2/ нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 3/ эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 4/ хураамж төлсөн тухай баримт бүрдүүлсэн байх талаар заажээ.
Иймд С ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахын тулд дээрх 4 баримтыг бүрдүүлсэн эсэхийг ТӨА-ийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нэхэмжлэгч С ХХК, хариуцагч БСЗД-ын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь Дэлхийн Энхтайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо нь 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 51 дүгээр захирамжаар анх 100 га газар эзэмших эрхийг авсан гэж тайлбарлаж байна. Гэвч дээрх захирамжаас үзэхэд газар тариалангийн зориулалтаар 88.5 га газар, гэр бүлийн хэрэгцээнд 0.47 га газар, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 0.16 га газар буюу 1648 м.кв газрыг л эзэмшүүлсэн байна. Уг захирамжийн хавсралтад зааснаас үзэхэд нэр бүхий 3 иргэнд сумын төвд төмөр замын зүүн талд байршуулан дэлгүүр, кафены зориулалтаар 0.09 га газар, дэлгүүр, гуанзны зориулалтаар 0.07 га газар, үйлдвэрийн зориулалтаар 0.005 га газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд хавсралтад заасан газрын /0.09+0.07+0.005=0.1650/ нийлбэр хэмжээ нь захирамжид заасан хэмжээтэй тохирч байна.
Иймд, дээрх захирамжаар Дэлхийн Энхтайвны Залуучуудын Монголын холбоонд 100 га газрыг эзэмшүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй тул ТӨА-ийн БСЗД-ын 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 51 дүгээр захирамж болон түүний хавсралт 2 зөрүүтэй байгаа тул тухайн үеийн Засаг дарга байсан Н.Чагнаа, газрын даамал Н.Төмөртулга нарыг гэрчээр асуух нь зүйтэй. Түүнчлэн уг захирамжид газраа үргэлжлүүлэн эзэмших хүсэлтээ ирүүлсэн гэж дурдсан байх тул дээрх байдлыг шалган тогтоох нь зүйтэй.
6. Дэлхийн Энхтайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо нь 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 51 дүгээр захирамжаар хамгийн анх 100 га газар эзэмших эрхийг авсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тухайн газарт иргэн Дашнямын Баярсайхан 1999 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 700 м.кв газрыг, Дамдиндоржийн Дамдинпүрэв 1999 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 500 м.кв газрыг тус тус эзэмшиж байгаад улмаар өмчилж авсан болох нь тогтоогджээ.
Хэрвээ Дэлхийн Энхтайвны төлөөх Залуучуудын Монголын холбоонд 2004 онд 100 га газрыг Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн гэж үзвэл дээрх иргэдийн эзэмшиж байгаа газартай давхцуулан эзэмшүүлсэн гэж дүгнэгдэхээр байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн гэж үзэхүйц байгааг дурдах нь зүйтэй.
Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР