Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхнаран   

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорлоо, /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1642/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батдэлгэр,

шүүгдэгч С.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сольравдангийн Содномцэрэнд холбогдох 201501080072 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч С.Содномцэрэнгийн биеийн байцаалт

      Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Шороотын 4-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Сольравдангийн Содномцэрэн, РДУБ68040911

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч С.Содномцэрэн нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төв Ой Ан ХХК-тай ажил хариуцан туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах үүрэг хүлээн ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлэлгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.6, 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хүүхдийн овоо гэх газарт иргэн Ч.Төмөрбаатар нь Батмөнх, Бат-Эрдэнэ нарын хөрөөдөж байсан модонд дарагдаж нас барсан, Ар гээдэн гэх газарт иргэн Л.Ууганбаяр нь мод бэлтгэж байгаад Л.Отгонбаярын хөрөөдөж байсан модонд дарагдаж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч С.Содномцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг барагдуулсан гэв.

 

Хохирогч Я.Оюунжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би талийгаач нөхөр 01-10 насны 3 хүүхэдтэйгээ Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд амьдардаг юм. Талийгаач нөхөр маань тогтсон ажил төрөлгүй хувиараа барилга компанид туслан гүйцэтгэгчээр ажил хийдэг байсан юм. Өнгөрсөн 2015 оны 01 дүгээр сард талийгаач нөхөр маань Маяа гэдэг 31 машинтай ахыг хөлслөөд Сэлэнгэ аймаг Зүүнхараа руу самарт яваад ирсэн юм. Тэгээд удаагүй байж байхад Маяа ах манай нөхөртэй уулзаад мод бэлтгэх ажил гарчихлаа чи бригад аваад гарах уу гэхээр нь манай нөхөр зөвшөөрөөд би өөрөө бригадаа бүрдүүлчихье гээд өөрийнхөө хамаатан Батмөнх, Бат-Эрдэнэ, Маяагийн дүү Үүрцайх, Бум-Эрдэнэ нарыг цуглуулж нэг бригад болоод гэр орноосоо хоол хүнс хөнжил гудсаа аваад Маяа ахын 31 машинд суугаад 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ой цэвэрлэгээний ажлаар хөдөө уул руу явсан юм. Явсанаасаа хойш холбоо бариагүй байж байгаад 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед манай хамаатны Батмөнх хүний утсаар миний дугаар руу залгаж яриад Ч.Төмөрбаатарын дээрээс мод уначихлаа чи хурдан энд хүрээд ир гэсэн. Тухайн үед надад нас барсан талаар хэлээгүй ба ухаан орохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад талийгаачийн найзын машинаар ах эгч хоёроо дагуулаад мод бэлтгэж байсан газар нь явсаар байгаад очиход талийгаач нөхөр маань нас барчихсан хамар чихнээс нь цус гарчихсан, 2 нүдний зовхи нь хөхөрчихсөн байдалтай байсан. Удалгүй Налайхын цагдаа нар ирж үзлэг хийсэн. Батмөнх ярихдаа талийгаач хоол цайгаа хийхээр отог руугаа ороод байж байхад миний хөрөөдсөн мод унахдаа отог дээр унаад талийгаачийг дарчихсан гэж хэлсэн. Баянмөнх нь талийгаачийн ээжийнх нь төрсөн ах Баярсайханы хүүхэд байгаа юм. Бат-Эрдэнэ нь мөн адил талийгаачийн ээжийн эгч Дарь гэгчийн хүүхэд байгаа юм. Энэ хоёртой төрөл садангийн холбоотой. Бум-Эрдэнэ нь талийгаачийн танил дүү байгаа юм. Үүрцайх нь Маяа ахын дүү нь байгаа юм. Энэ хүмүүс талийгаачтай өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Хоорондоо их эвсэг урьд өмнө нь хэрүүл маргаан зодоон хийж байгаагүй, ямар нэгэн ажил төрөл гарвал манай нөхөр удирдаад энэ хэдтэйгээ хамтраад ажилладаг байсан юм. Энэ ой цэвэрлэх ажлыг нөхөр маань анх олоод энэ хэдийг дагуулаад явсан юм. Хэргийн газарт очиход талийгаачийг нааран дээр дээш харуулаад хэвтүүлчихсэн дээрээс нь хөнжилөөр хучсан байсан. Нөгөө хэд нь бүгд эрүүл байсан. Төв Ой Ан гэсэн компанитай ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй, хоорондоо ярилцаад ажилд гарсан юм билээ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/

 

Хохирогч С.Батдэлгэр мөрдөн байцаатанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 03 дугаар сарын хэднийг гэдгийг сайн санахгүй байна. Мод бэлтгэх ажилд 5 хоног явчихаад ирье гэж хэлээд төрсөн дүү Ууганбаатар, манай эхнэрийн 2 дүү нарын хамт явсан. 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчим талийгаачтай хамт мод бэлтгэж байсан Отгонбаярын аав Бямбасүрэн гэрт орж ирээд талийгаачийг модонд цохиулаад ухаангүй байна гэж манай эхнэр утсаар ярьсан. Тэгэхээр нь манай эхнэрийн дүү Очбаяр, Нямбаяр нар хамт мод бэлтгэж байсан болохоор утас руу залгаж асуухад өнгөрчихлөө гэж хэлэхээр нь шууд мод бэлтгэж байсан газар руу явсан. Тэрэлжийн модны постонд ирэхэд дээшээ жижиг тэрэг явах боломжгүй гээд постон дээр цагдаа нарыг үзлэг хийхийг хүлээсэн. Би Ууганбаярын ээжээс салаад 10 гаран жил болж байгаа. Миний хүү ээжээрээ овлодог боловч надтай хамт амьдардаг байсан. Ард нь үлдсэн эхнэр хүүхдүүдийнх нь амьдрал хэцүү байна... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 34-35 дугаар хуудас/

 

Хохирогч Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Манай талийгаач Ууганбаяр надаар овлодог, эхнэр авч тусдаа гарах хүртлээ над дээр байдаг байсан. Мөн талийгаачийг нас барсны дараа манай салсан нөхөр, талийгаачийн аав надад хэлээгүй. Тэгээд Мөнхбат гэх хүнээс хохиролд 6.000.000 төгрөг авсан гэх боловч бид нарт мөнгө төгрөг өгөөгүй. Би талийгаач хүүгийнхээ нас барахаасаа өмнө авсан 1.000.000 төгрөгний зээлийг төлж барагдуулсан. Батдэлгэр бол аав нь мөн боловч энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох эрхгүй гэж үзэж би өөрөө оролцохоор хүсэлт гаргаж байгаа юм. Талийгаачийг төрөх үед Батдэлгэр бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй байсан учир надаар овоглосон. Мөнхбат гэх хүн анх модонд гаргасан. Батдэлгэрт 6.000.000 төгрөг өгсөн гэдэг боловч Батдэлгэр яг хэдэн төгрөг авсныг мэдэхгүй байна. Надад Батдэлгэр 1.500.000 төгрөг л өгсөн, өөр мөнгө төгрөг өгөөгүй. Би Мөнхбат гэх хүнд гомдолтой байна, учир нь миний хүүг авч модонд гаргачихаад амь насыг хохироосон. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 78-79 дүгээр хуудас/

 

Гэрч Х.Мандалбаяр мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэгтээ Талийгаач Төмөрбаатар бид нар самарт Зүүнхараа Атаг гэх газар руу яваад 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бууж ирээд найз Содномцэрэнтэй уулзахад модны ажил гарсан 4 компани өрсөлдөөд шалгарлаа, Төмөрбаатартай ярихад хүнээ би өөрөө сонгоод бүрдүүлчихье, цагаан сар хүртэл зүгээр байж байхаар явчихаад ирье гээд 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо Хүүхдийн овоо гэх газар руу мод бэлтгэхээр явсан. Очсон өдрөө ажил хйигээгүй. 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2 тэвш мод ачаад ганцаараа явсан. Модоо Улаанбаатар хот цайз захад буулгаад өглөө 07 цаг 30 минутын орчим дуусгаад чиргүүлийн шаариг нурсан байсан болохоор унтаж байгаад өдөр 13 цагийн орчим буцаад Тэрэлж рүү явж байтал Улиастайн замын эхэнд ойн цагдаа Оюундаваагийн гэрийн урд талд байдаг довцогны хажууд 31 маркийн машин байсан. Батсайхан, Ганбаатар бас 2 залуугийн хамт зогсож байсан, уулзахад Ганбаатар надад Төмөрбаатар модонд цохиулаад нас барчихлаа гэж хэлсэн. Би шоконд ороод хэсэг чимээгүй байж байгаад эхнэр хүүхдүүдэд нь хэлсэн үү гэхэд хэлсэн одоо ирж байгаа гэж хэлсэн. Удалгүй Батболд миний араас 31 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн.  18 цаг 50 минутын үед Зоригоо ирээд бид 2 отог байгаа газар руу явсан. Очиход тэд нар гал асаачихсан, чимээгүй сууцгааж байсан. Би ойртоогүй, наана нь сууж байгаад харахад бид нарын зассан нааран дээр талийгаачийг хөнжилөөр хуччихсан, отогны хаалга зүүн тийшээ харсан байсан, унасан гуалин зүүн хойд зүгээс баруун урагшаа чиглэлтэй, унасан байсан, отогны нуруу голоороо хугараад хучлага бирзент урагдсан байсан. 3 бригад гаргасан, манай бригадыг Содномцэрэн ахлаж байсан. Яг ууланд мод бэлтгэхдээ  Т.Бат-Эрдэнэ, Баянмөнх, Э.Үүрцайх, Бумбаа, талийгаач Төмөрбаатар хариуцаж ажилладаг байсан. Би бэлтгэсэн модыг тээвэрлэх үүрэгтэй. Мод бэлтгэх зөвшөөрөл байгаа уг мод бэлтгэх эрхийн бичгийг бид нарыг явуулсан компани тендирт ялаад авсан гэсэн. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг, үгүйг бид мэдэхгүй байна. Бригад дээр модоо бэлтгэдэг би доор хүлээж байгаад мод бэлэн болохоор машинаа дөхүүлж очоод ачдаг надад бол хөдөлмөр хамаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Цаана компаниас цалинжуулдаг нэг машин мод бэлтгэхэд 200.000 төгрөгөөр үнэлдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтаст 36-37 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бум-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Манай талийгаач Төмөрбаатар ах намайг ой цэвэрлэх ажил байна, 5-н хүнтэй бригад болоод хамт ажиллах уу гэсэн юм. Тэгээд би зөвшөөрч бид нар талийгаач, Баянмөнх, Бат-Эрдэнэ, Үүрцайх, бид хэд 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр энд ирцгээсэн. Тэгээд өнөөдөр өдөр 12-ноос 13-н цагийн орчим талийгаач Төмөрбаатар цай уух цаг болсон байна, би цайгаа чанаадахъя гээд отог руу орсон. Тэр хооронд Үүрцайх бид 2 тасалсан мод бөөгнүүлж байсан. Тэгсэн чинь Батмөнх, Бат-Эрдэнэ 2 мод унагааж байгаад намайг ирээд мод түлхэлцээд өг, хүрээд ир гээд дуудсан юм. Тэгээд би очиход нэг талаас хөрөөдчихсөн байсан, тэгэхээр нь би Бат-Эрдэнэтэй цуг түлхээд хөдлөхгүй байхаар нь энэ хаашаа унагах юм бэ гээд асуусан чинь манай хөрөөчин Батмөнх зүгээр чигээр нь түлх гээд түлхүүлж байгаад хөрөөдсөн юм. Тэгээд Бат-Эрдэнэ бид 2 модоо чигээр түлхээд дийлэхгүй алдчихсан юм. Тэгсэн чинь мод унахдаа отогон дээр уначихсан. Мод унах үед хазайхад би талийгаач Улаанаа ахаа холдоорой гэж орилоход яах ийхийн зуургүй мод отогон дээрээс унасан. Талийгаачийн чих, толгой 2-оос цус гарсан хэвтэж байсан. Тэгээд бид нар модыг холдуулаад талийгаачийг гаргаж авахад амьсгалтай байж байсан. Тэгээд Батмөнх ах Үүрцайх хоёрыг машин олоод ир гэхээр нь бид 2 гараад доор зогсож байсан 31 машины жолоочид хэлж дуудаад буцаад отог дээрээ очиход талийгаачийг нас барчихлаа гээд ирж байсан. Тэгээд би дахин очоогүй, манай бригадыг ахлаж байсан талийгаач Төмөрбаатар компаний нэр дээр ажиллана гэж хэлсэн. Гэхдээ ямар компаний нэр дээр ажиллахыг нь мэдэхгүй. Талийгаач хөрөөчин Батмөнхөд л мод унагахдаа хүмүүсээ сайн харж унагаарай, байнга чимээ өгч байгаарай гэж амаараа хэлж байсан. Өөр заавар журам өгч байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 38-39 дүгээр хуудас/

 

Гэрч Ч.Батмөнх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 02 дугаар сарын 05-ны орой Бум-Эрдэнэ, Үүрцайх, Төмөрбаатар бид 5 нэг бригад болоод Маяа гэдэг 31 машинтай жолоочоор дамжуулан ойн цэвэрлэгээний ажил хийхээр ирсэн юм. Тэгээд өчигдөр бага хэмжээний мод бэлтгээд өнөөдрөөс үндсэн ажилдаа орцгоосон юм. Тэгээд өнөөдөр үдээс хойш манай бригадыхан 5-уулаа нийлээд нэг отогт байрлаад гадаа мод бэлтгэж байсан юм. Тэгсэн чинь талийгаач би отогтоо ороод хоол цайгаа бэлдэж байя, гэж хэлээд отог руу орсон байсан юм. Тэгээд бид 4 модоо бэлтгэж үлдээд би модоо түлхэж өгсөн юм. Тэгтэл модоо хөрөөдөөд дуусах үед модоо дийлэхгүй алдаад Төмөрбаатарын байж байсан отог дээр уначихсан юм. Тэр хооронд бид 4 бүгдээрээ мод уналаа гээд дөнгөж хэлж амжаагүй мод унасан. Тэгээд би түрүүлээд гүйгээд Бум-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, 2-той отог руу ороход талийгаач зуухны хажууд модонд дарагдсан байдалтай, тухайн үед Төмөрбаатар амьсгалтай байсан. Тэгэхээр нь бид нар модыг нь тайраад доороос нь гаргаж авсан. Тэгээд би хот руу Улиастай руу хэл хүргэхээр явсан. Тэгээд би аврах анги руу залгаж дуудлага өгөхөд Налайх дүүргийн Цагдаагийн хэвтэст мэдэгдэхэд бид нар очих эсэхээ шийднэ гэж хэлсэн. Дөнгөж сая мод унаад ирэхэд амьсгаатай байгаад бид нар модыг нь аваад нааран дээр хэвтүүлэх үед ухаан алдаж, амьсгал хураасан. Бид нар компаний нэр дээр ажиллаж байгаа. Ажиллахаар тохирохдоо Маяа гэдэг жолоочтой ярьж тохиролцоод зөвшөөрөлтэй компани гэхээр нь бид нар ажилласан. Яг ямар нэртэй компани гэдгийг нь мэдэхгүй байна. Бид нарт ямар ч заавар журам танилцуулаагүй. Энэ газраас мод бэлтгэх ёстой гэж хэлээд буулгасан. Бид нар ямар нэгэн дүрэм журам заавар мөрдөж ажиллаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 40-41 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Үүрцайх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би талийгаач Ч.Төмөрбаатартай эртний танил, Батсүмбэр суманд хамт амьдардаг байсан юм. 2015 оны 02 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. Талийгаач надтай утсаар яриад ууланд мод бэлтгэх цэвэрлэх ажил байна, цалин хөлс нь боломжийн чи хийх үү гэхээр нь би ажилгүй байсан учраас шууд зөвшөөрсөн. Ингээд 2-3 хоногийн дараа уулзаж ярилцаж байгаад 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хотоос талийгаач Ч.Төмөрбаатар бид нарыг ахлаад Бум-Эрдэнэ, Баянмөнх, Бат-Эрдэнэ нарын хамт мод ачдаг Мандалбаяр гэдэг хүний 31 маркийн машинд суугаад Тэрэлжийн төв өнгөрөөд урьд нь би очиж байгаагүй, уулын модонд очоод модон дотроо 5 урц /отог/ бариад хөнжил гудас хоол хүнсээ аваад очсон болохоор тэндээ байрлацгаасан. Очсон өдөртөө мод бэлтгээгүй, ба маргааш нь бид нар босоод хуурай хар моднуудыг тайрч бөөгнүүлсэн, энэ байдлаар ажилласан. Бид нараас Батмөнх мод хөрөөдөөд, Бум-Эрдэнэ, талийгаач бид нар 3 унагасан моднуудыг бөөгнүүлж ийм байдлаар ажилласан юм. Ингээд өдөр цайнд орохын өмнөхөн би цагийг нь сайн санахгүй байна би мод бөөгнүүлээд Баянмөнх мод хөрөөдөөд талийгаач өдрийнхөө цайг хийнэ гээд отог руугаа орчихоод байж байсан. Гэтэл мод унаж байгаа харагдсан ба бид нарын барьж дотор нь байрлаж байсан отогийн дээрээс уначихсан юм. Бид нар бүгд отогт талийгаачийг байсныг мэдэж байсан болохоор бүгд орилолдож дарсан модыг зайлуулаад отогоо бүтээсэн  бризентээ урж тасдаад дотроос нь талийгаач Ч.Төмөрбаатарыг өргөж гаргаж ирэхэд хамар чихнээс нь цус гарчихсан, ухаангүй байсан. Тэгэхээр нь би хүн дуудахаар ойролцоо мод бэлтгэж байсан хүмүүс дээр очоод ирнэ гэж яваад ирэхэд талийгаач өнгөрчихсөн байсан. Тэгэхээр нь тэнд бүтээж тавьсан. Ийм л зүйл болсон доо. Бид нар ойн дундах өгөрч муудсан хуурай хар модыг унагааж ой цэвэрлэгээний ажил хийж байсан. Цаанаасаа дээрх модуудыг унагаж бэлтгэ гэсэн үүрэг чиглэл өгсөн байсан. Бид нарыг талийгаач өөрөө удирдаж ажиллуулж байсан ба аюулгүй байдлыг хангуулж ажиллуулах талаар юу ч яриагүй. Манай отог урдхан талд байсан модыг хөрөөдөхөд отог руу унасан. Би унасан модноос доош бөөгнүүлж байсан. Талийгаач отог дотор хоол цайгаа хийгээд ганцаараа байсан ба Баянмөнх модыг хөрөөдөөд Бум-Эрдэнэ, Бат-Эрдэнэ хоёр түлхэж байсан. Тэд нарын яриагаар бол Бум-Эрдэнэ Бат-Эрдэнэ, хоёр тэр модыг түлхээд дийлэлгүй алдчихсан гэсэн. Бид нар нэг машин хуурай хар мод бэлтгээд явуулчихаад дараагийнхаа модыг бэлтгэж байсан. Нойтон мод хөрөөдөж бэлтгээгүй, дандаа унасан хуурай шатсан модуудыг бэлтгэж байсан. Би тухайн үед ямар компаний ажлыг хийж гүйцэтгэж байгаагаа огт мэдээгүй. Энэ бүгдийг талийгаач сайн мэдэж байсан. Гэрээ хэлэлцээр огт хийгээгүй, хоол хүнсээ өөрсдөө бэлтгэсэн, тэнд ямар ч байсан цагаан сар хүртэл ажиллана гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 42-44 дүгээр хуудас/

 

Гэрч Ч.Батмөнх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Талийгаач Ч.Төмөрбаатар нь миний аавын төрсөн дүүгийн хүүхэд байсан юм. Би 2 төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа юм. 2015 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна. Талийгаач надтай уулзаад зөвшөөрөлтэй ойд цэвэрлэгээ хийх ажил байна, чи хамт явах уу гэхээр нь ажилгүй гэртээ байхаар цагаан сарын мөнгө олъё гээд явсан. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Бум-Эрдэнэ, Үүрцайх, Бат-Эрдэнэ талийгаач Төмөрбаатар бид 5 Мандалбаяр гэх хүний 31 маркийн автомашинаар мод бэлтгэж цэвэрлэгээ хийх газар руу хоол хүнс, хөнжил гудсаа аваа явцгаасан. Тэр газар гачууртаар дайраад Заан тэрэлжийн Хүүхдийн овоо гэх газарт очсон. Очсон өдрөө ажил төрөл хийгээгүй, байрлах отогоо модоор рам зангидаад берзентрээр бүтээж барьж өнжсөн. Маргааш нь буюу 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж хуурай шатсан моднуудыг түүж бэлтгэх машинд ачиж хот руу явуулсан. Ингээд дахин мод бэлтгэсэн ба би модыг хөрөөдөж Бум-Эрдэнэ, Бат-Эрдэнэ 2 миний хөрөөдсөн модыг түлхэж унагааж, ийм байдлаар ажилласан юм. 13 цагийн үед байх талийгаач Төмөрбаатар хоол цайгаа бэлтгэе гээд барьсан отог руугаа орсон ба бид нар энэ хооронд ажлаа хийж байсан. Би отогныхоо ойролцоо мод хөрөөдөд унах дөхөхөр нь Бум-Эрдэнэ, Бат-Эрдэнэ 2-ыг дуудаад хураасан мод руугаа унагахаар түлхүүлсэн юм. Гэтэл нөгөө 2 түлхсэн модоо түлхэж дийлэхгүй барьсан отог руугаа алдчихсан юм. Мод отог дээр унахаар нь бид нар бүгд сандараад гүйж очоод берзентээ урахад талийгаач Төмөрбаатар модонд дарагдчихсан байсан. Тэгээд гаргах гэтэл модонд дарагдчихсан гарч чадахгүй байхаар нь модныхоо үзүүр хэсгийг тайрч модыг зайлуулаад талийгаачийг татаад гаргаж ирэхэд 2 чихнээс нь цус гарчихсан, амьсгаагаа 2 удаа хүчтэй аваад тэгээд чимээгүй болчихсон. Тэгээд мод ачихаа ирсэн жолоочийг ирэхэд би хамт цагдаад мэдэгдсэн юм. Би нарыг талийгаач Төмөрбаатар хариуцаж ахлаж явсан ба ойн дундах өгөрч муудсан хуурай хар моднуудыг унагааж ой цэвэрлэгээний ажил хийж байсан. Бид нар нойтон мод огт унагаагүй, дан муудсан өмхөрсөн шатсан моднуудыг унагаж бэлтгэсэн. Талийгаач өөрөө удирдаж ажиллуулж байсан ба аюулгүй байдлыг хангуулж ажиллуулах талаар юм хэлээгүй. Мод унах үед би мод хөрөөдөөд Бум-Эрдэнэ, Бат-Эрдэнэ 2 хөрөөдсөн мод чиглүүлж түлхэж унагааж байсан. Унасан модноос доош модоо бөөгнүүлж байсан. Талийгаач отог дотор хоол цайгаа хийгээд ганцаараа байж байсан ба Үүрцайх унасан модыг хурааж байсан. Бид 1 машин хуурай хар мод бэлтгээд явуулчихаад дараагийнхаа модыг бэлтгэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 45-47 дугаар хуудас/

 

Гэрч Т.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Талийгаач миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд юм. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шиг санагдаж байна. Талийгаач надтай уулзаад зөвшөөрөлтэй ойд цэвэрлэгээ хийх ажил байна, хамт явах уу гэхээр нь би зөвшөөрөөд хамт явахаар болсон юм. Ингээд 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Бум-Эрдэнэ, Үүрцайх, Батмөнх, талийгаач бид нар модны машинаар мод бэлтгэх газар руугаа явсан юм. Тэр газар нь Тэрэлжийн Хүүхдийн овоо гэх газар очоод байрлах отогоо рам зангидаж барьсан. Маргааш нь буюу 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ойн хуурай шатсан хар моднуудыг түүж бэлтгэж машинд ачиж хот руу явуулсан. Ингээд дахин мод бэлтгэсэн ба модыг Батмөнх хөрөөдөж Бум-Эрдэнэ бид 2 бэлтгэсэн мод руу унагаах санаатай түлхсэн боловч дийлэхгүй отог дээрээс уначихсан байхаар нь берзентийг ураад талийгаачийг гаргах гэтэл модонд дарагдчихаад байхаар нь татаж гаргаж ирэхэд чих, хамраас нь цус гарчихсан ямар ч ухаангүй байсан. Тэгэхээр нь Үүрцайх бид 2 явж хүмүүст хэлж модны машин ирэхээр нь Батмөнх ах явж хэл дуулгасан юм. Бид нарыг талийгаач хариуцаж ажиллаж байсан ба ойн дундах өгөрч муудсан хуурай хар моднуудыг унагааж ой цэвэрлэгээний ажил хийж байсан. Бид нар нойтон мод огт унагаагүй дан муудсан өмхөрсөн шатсан моднуудыг унагаж бэлтгэсэн. Бид нарыг талийгаач өөрөө удирдаж ажиллуулж байсан ба аюулгүй ажиллагааны талаар огт юм яриагүй. Мод бэлтгээд л бэлтгэсэн модыг 31 машин ирж ачиж тээвэрлэж хот руу оруулж байсан... мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 48-50 дугаар хуудас/

 

Гэрч Г.Балданжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би С.Содномцэрэн, А.Доржсүрэн 2-ыг танина. Бид 3 мод бэлтгэх тээвэрлэх ажил хамтарч хийдэг. Бид 3 Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай ойд ой цэвэрлэгээний ажил байгаа талаар мэдээд А.Доржсүрэнгийн компаний нэр дээр энэ ажлыг авсан юм. А.Доржсүрэн бид 3-тай бичгээр Ажил хариуцан туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан юм. Энэ гэрээнд туслан гүйцэтгэгийн буюу бид 3-ын хариуцах үүрэг нь

1. Цэвэрлэгээний огтлолын ажлыг Цэвэрлэгээний огтлол хийх журам, технологийн дагуу хийж гүйцэтгэнэ.

2. Ажиллах хүн хүч, машин техник, мод тээвэрлэлт, борлуулалтын ажлыг бүрэн хариуцаж гүйцэтгэнэ.

3. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, багаж хувцас хэрэгслээр нь хангаж, аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана.

4. Гэрээгээр хүлээсэн ойн нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэнэ.

5. гэрээгээр хариуцан гүйцэтгэж байгаа ажилд шаардагдах зардлыг бүрэн хариуцаж гаргана гэсэн 5 заалт бүхий хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл бид 3 тус тусын бригадынхаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг өөрсдөө бүрэн хариуцна гэж тохирч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Тэгэхээр энэ осол нь А.Доржсүрэнд ямар хамаагүй, гэрээнд зааснаараа өөрсдөө хариуцах ёстой. Энэ байдлыг бид 3 А.Доржсүрэнтэй ярилцаж байгаад хүлэн зөвшөөрч байгуулсан. Болсон явдлын талаар гэвэл С.Содномцэрэнгийн хариуцаж ажиллуулж байсан бригадын хүн унаж байгаа модонд дарагдаж нас барсан. Ер нь бид 3-уулаа өөр өөрсдийн бригадтай тэд нарыгаа хариуцаж ажиллана тус тусдаа санхүүтэй байхаар тохирсон. Ашигаа өөр өөрсдөө л авна. Хэрэг гарах үеэр би хотод байсан ба маргааш нь болсон асуудлыг сонссон. С.Содномцэрэнгийн ажиллуулж байсан бригадын ажилчдыг би огт танихгүй. Урьд өмнө нь мод бэлтгэх ажил хийж байсан эсэхийг мэдэхгүй. С.Содномцэрэн хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилчиддаа өгсөн эсэхийг би мэдэхгүй байна. Би бол зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 51-53 дугаар хуудас/

 

Гэрч С.Мөнхбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ С.Содномцэрэн, Г.Балданжаргал бид 3 Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай ойд ойн цэвэрлэгээний ажил байгаа талаар мэдээд Төв аймагт байдаг А.Доржсүрэнтэй уулзаад энэ ажлын зөвшөөрлийг авч өгөхийг хүсээд Хан Хэнтий тусгай хамгаалалтын газартай гэрээ байгуулж ажил авсан юм. Ингээд бид 3 А.Доржсүрэнтэй ажил хариуцан туслан гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж гэрээнд бид 3-ын хүлээх үүрэг тодорхой тусгасан. Үүнд

1. Цэвэрлэгээний огтлолын ажлыг Цэвэрлэгээний огтлол хийх журам, технологийн дагуу хийж гүйцэтгэнэ.

2. Ажиллах хүн хүч, машин техник, мод тээвэрлэлт, борлуулалтын ажлыг бүрэн хариуцаж гүйцэтгэнэ.

3. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, багаж хувцас хэрэгслээр нь хангаж, аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана.

4. Гэрээгээр хүлээсэн ойн нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэнэ.

5. гэрээгээр хариуцан гүйцэтгэж байгаа ажилд шаардагдах зардлыг бүрэн хариуцаж гаргана гэсэн 5 заалт бүхий хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулсан. Үүнд заасны дагуу бригадынхаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг өөрсдөө бүрэн хариуцна гэж тохирч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Тэгэхээр энэ осол нь А.Доржсүрэнд ямар хамаагүй гэрээнд зааснаараа өөрсдөө хариуцах ёстой. Болсон хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. С.Содномцэрэнгийн хариуцаж ажиллуулж байсан бригадын хүн модонд дарагдаж нас барсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 54-55 дугаар хуудас/

 

Гэрч С.Энхтүвшин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Отгонбаяр модыг хөрөөддөг би хэмжээ тавигч буюу унагаасан модыг 2 метрээр хэмжээ тавьдаг миний тавьсан хэмжээгээр Отгонбаяр хөрөөдөж модыг тайрдаг байсан. Би модыг газрын уруу буюу доошоо унагах гэж доошоо тулаад зогсож байсан. Модыг унагах тал руугаа эхэлж амлаж хөрөөдөөд Отгонбаяр нөгөө талд нь гарч эхлэж хөрөөдсөнийхөө эсрэг талаас нь жоохон дээрээс нь хөрөөдөөд дуусах гэж байтал салхи гэнэт эргээд мод миний тулаад зогсож байсан тал руу хазайхаар нь хажуу тийшээ зайлаад модны чигт харахад 20 орчим метрийн зайнд талийгаач тонгойчихсон мод хөрөөдөж харагдсан. Тэгээд хэсэгхэн зуур холдоорой гэж орилоод мод талийгаачийн дээрээс унасан. Би нар зүгээр бригад болж орж ажилласан. Яг мод бэлтгэх зөвшөөрөл Сокоо гэх хүнд байдаг. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 56-59 дүгээр хуудас/

 

Гэрч Доржсүрэн мөрдөн байцааалтанд өгсөн мэдүүлэхдээ 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байх Балданжаргал гэх хүн Горхи Тэрэлжийн цогцолбор газар улсын хуваарийн дагуу ойн цэвэрлэгээ хийхээр зарлагдлаа та бидэнтэй хамтарч тендерт оролцоод өгөөч гэхээр нь би тухайн үед татгалзсан. Тухайн үед надад хүн хүч машин техник, хөрөнгө мөнгөний чадамж байхгүй байсан тул би оролцохгүй гээд явсан. Тэгээд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байх дахин Балдандорж, Мөнхбат гэх хүнтэй хамт ирээд бид таниас юу ч гаргахгүй бүх зүйлийг хариуцна. Та харин тендерт оролцох хүсэлтээ гаргаад өгөөч гэхээр нь би хүсэлт гаргаж өгч болно, гэхдээ ажил үүрэг, хариуцлагаа заагласан хатуу гэрээ хийнэ, хүн хүч ажиллах техник хэрэгсэл мод борлуулалт, энэ асуудлыг би хариуцахгүй уул хад руу ч явахгүй, мод бэлтгэх асуудалд хамгийн чухал нь мод бэлтгэх аюулгүй ажиллагааны асуудал байдаг, энэ бүгдийг би хариуцахна шүү, хэрэв та 2 зөвшөөрч байвал би хүсэлтээ тавьж өгч болно гэж хэлэхэд зөвшөөрсөн. Би Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар хүсэлтээ гаргаж өгөөд 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газрын хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.Батмөнх гэх хүнтэй очиход Балданжаргал, Мөнхбат бас нэг Содномцэрэн гэх залуу ирцэн бид 3 ажиллана гэрээнд бид 3 хамтдаа орно гээд гэрээ хийсэн. Та нар мод олон жил бэлдэж байгаа хүмүүс учраас мод бэлддэг хүмүүстэй юм байгаа биз би бол тэр хүмүүстэй чинь харьцахгүй, та нар өөрсдөө ажиллах хүч техник хэрэгслээ хангаж ажилла, би мод борлуулах ажилд бас оролцохгүй би үүргээ гүйцэтгэсэн гэдгээ хэлсэн. Балданжаргал, Мөнхбат, С.Содномцэрэн 3 ажлаа эхлүүлсэн. Тэр 3 бүх зохион байгуулалтыг хариуцсан, бусдыг нь мэдэхгүй байна. Би тухайн үед мод бэлтгэж байсан газар руу нэг л удаа очсон. 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Байгаль  орчны яам, Улсын мэргэжлийн хяналтаас шалгалт ороход би очсон тэгэхэд мод бэлтгэх ажиллагаанд Ойн хуулийн зөрчил гараагүй. Би яаж мод бэлтгэх ажлаа явуулж байсан, ямар зохион байгуулалтаар ажиллаж байгаа, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаа эсэх талаар огт мэдэхгүй байна, учир нь Балданжаргал, Содномцэрэн, Мөнхбат 3 хариуцаж гэрээнийхээ үүрэг хариуцлага хуваарийн дагуу тэр 3 бүх ажлыг удирдаж зохион байгуулж байсан. Харин манай компанид мод бэлтгэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага гэсэн байгууллагаас гаргасан үйл ажиллагаандаа мөрддөг зааварчилгаа байдаг энийг та 3-т өгье хариуцаж байгаа хүнд нь хувилан өгч ажилчиддаа зааварчилгаа өгч мөрдөж ажиллагаарай гэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 60-61 дүгээр хуудас/

 

Гэрч О.Тодхүү мөрдөн байцаатанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв ойн ан гэх ХХК-ний ой цэвэрлэх ажилд мод бэлтгэхээр Төв аймгийн Эрдэнэ сум Ар гээдэн гэх газарт очиж Энхтүвшин, Отгонбаяр, Ганболд бид 4 нэг бригад болж ойд мод бэлтгэсэн. 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр машинд модоо ачиж явуулчихаад Ганболд бид 2 отондоо цай чанаж үлдээд Отгонбаяр, Энхтүвшин 2 дээшээ мод бэлтгэхээр явсан. Ганболд бид 2-ыг цайгаа чанаж байхад 13 цагийн орчим дээрээс Энхтүвшин гүйж ирээд Ууганбаяр модонд даруулчихлаа гэхээр нь Ганболд бид 2 дээшээ гүйгээд Энхтүвшин доошоо хүн дуудахаар явсан, мод бэлтгэж байсан газарт очиход талийгаач дээшээ хараад хэвтчихсэн байсан. Ганболд бид 2 ойртож очиж хараагүй, талийгаачийн хажууд нилээд урт 15-20 орчим метрийн мод хөлийнх нь хажууд байсан. Бид нар ойртоогүй цагдаа ирнэ гээд хөдөлгөж болохгүй гээд хүлээж байсан. Би нарт хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй байсан, анх гарахад манай бригадын ахлагчийн дээр нэг хүн байдаг нэрийг нь сайн мэдэхгүй байна, тэр хүн болгоомжтой ажиллаарай гэж хэлж байсан Би урьд нь ийм ажилд огт явж үзээгүй анх удаагаа явж байна, бид нарын дунд маргалдаж муудсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 62-63 дугаар хуудас/

 

Гэрч Б.Дөрвөнжин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би Мөнхбат гэх хүний ачааны Зил-131 гэх машиныг барьж ажилд нь явж өгдөг. 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ойн ан ХХК-ний Төв аймгийн Эрдэнэ сум Ар гээдэн гэх газраас бэлтгэсэн модыг тээвэрлэж татахаар очсон. 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим модоо машинд ачиж дуусаад уулнаа бууж модыг ойн хамгаалалтын постны хажууд буулгаад 14 цагийн орчим отог байгаа уул руу өгсөж явахдаа Зил-131 машин урдаас бууж ирж байсан. Хажуугаар өнгөрөхдөө зогсоод надад дээр хүн модонд цохиулчихлаа гэхээр нь мод бэлгэж байгаа талбай руу очиход талийгаачийг цамцаар нүүрийг нь бүтээцэн хажууд нь нилээн хэвтэж байсан үзүүр хугарцан талийгаач мод унагаж байсан бололтой модонд зоолттой байсан. Тэгээд буцаж уулнаас хэл өгөх гэж бууж ирэхэд Мөнхбат ах ирчихсэн, намайг эндээ байж бай цагдаа нар ирнэ дээшээ гарч чадахгүй чи хүлээж бай гэхээр нь хамгаалалтын постны хажууд цагдаа нарыг хүлээсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 64-65 дугаар хуудас/

 

Гэрч Б.Ганболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 03 дугаар сарын 21-ний өглөө босоод машинд модоо ачиж явуулчихаад Тодхүү бид 2 отогтоо очиж цай чанаж үлдээд Отгонбаяр, Энхтүвшин 2 дээшээ модоо бэлтгэхээр явсан. Цайгаа чанаж сууж байхад 13 цагийн орчим байх хүн орилсон, юу гэж хэлж байгаа нь сонсогдохгүй салхитай байхаар нь отогноос гараад мод бэлтгэж байгаа талбай руу очиход Отгонбаяр, Ууганбаярыг тэвэрчихсэн байж байсан. Би тэрийг хараад модонд даруулчихаж гэж бодоод очиж чадаагүй айгаад зүрх салагнаад байсан. Тэгээд цагдаа дуудсан. Уг модны ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэж ярьж байснаас яг танилцуулж гарын үсэг зуруулж байсан удаа байхгүй. Манай бригадыг Отгонбаяр ахлаж байсан компани талаас бол мэдэхгүй байна. Бид тэнд 3 хоноход маргалдаж муудсан зүйлгүй эвтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 66-67 дугаар хуудас/

 

Гэрч С.Содов мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Би байгаль хамгаалагч ажилтай. Өнөөдөр миний хариуцсан газар нутагт Ойн он ХХК-ний ойн цэвэрлэгээ хийж байгаа юм, өнөөдөр 15 цагийн орчимд би цэвэрлэгээний талбай руу явж байгаад талбай дээр хүн нас барсан байна гэдгийг сонсож цагдаад дуудлага өгсөн. Цэвэрлэгээ эхлээд 4 хонож байна энэ сарын 26-ны өдөр дуусах ёстой... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 70 дугаар хуудас/

 

Гэрч Л.Отгонбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сокоо гэх ах жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна, Ууланд хүмүүс мод бэлтгэж байгаа чи гарч мод бэлтгэх ажилд явах уу гээд би зөвшөөрөөд Төв аймаг Эрдэнэ сумын Ар гээдэн гэх газарт очиж Энхтүвшин, Ганболд нэг залуугийнх нь нэрийг сайн мэдэхгүй байна, бид нар хамт нэг бригад болж ажилласан. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр босоод тал тэвш мод машинд ачиж явуулаад үргэлжлүүлээд Энхтүвшинтэй хамт мод унагаагаад тайраад явж байхад Золбаяр талийгаач Ууганбаяр 2 дээр ирчихсэн мод хөрөөдөж харагдсан үргэлжлүүлээд унагаасан модоо 2 метр хэмжээгээр Энхтүвшин хэмжээд, би тайрч яваад дууссан. Тэгээд дахиад нэг мод хөрөөдөж унагаахаар очиж модыг газрын уруу унагаахаар болж унагах талаасаа эхлээд амлаж тал хүртэл нь хөрөөдөөд газрын дээд талд нь буюу хөрөөдсөн хэсгийнхээ эсрэг талаас нь эхлэж хөрөөдөөд дуусаагүй байж байтал ертөнцийн зүгээр хаашаа гэдгийг нь хэлж мэдэхгүй байна мод унагах гэж байсан тал руу салхи салхилж байгаад гэнэт салхины чиг өөрчлөгдөж эсрэг тал руугаа хүчтэй салхилсан энэ үед мод унагах гэж байсан талын эсрэг тал руу унах үед Энхтүвшин хүн дарчлаа гээд хашгирахаар нь нь хөрөөгөө  унтраагаад дээшээ харахад мод уначихсан харагдсан. Тэгэхээр нь модын нөгөө үзүүр рүү дээшээ гүйгээд очиход талийгаач дээшээ хараад хэвтчихсэн Золбаяр хажууд нь уйлаад зогсож байсан. Би талийгаачийг тэврээд уйлаад орилоод сууж байсан. Тэрнээс хойш санахгүй байна. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэж өгдөггүй байсан, тэр талаар огт мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 71-73 дугаар хуудас/

 

Гэрч С.Мөнхбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Горхи Тэрэлжийн байгалийн ойн цэвэрлэгээний ажилд Төв ойн ан ХХК-ний ойн цэвэрлэгээний ажилд тендерт оролцож ялаад уг компанийн туслан гүйцэтгэгчээр Содномцэрэн, Балданжаргал бид 3 орж бригад тус тусдаа нэг нэг баригад гаргасан. Төв аймаг Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Баянзүрх хайрханд ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэж дуусаад 2015 оны 03 дугаар сарын 18-наас Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Ар гээдэн гэх газарт зөвшөөрлийг аваад дахиад нөгөө 3 бригадаа гаргаж ажиллуулсан. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр над руу мод бэлтгэлийн талбайгаас залгаад модонд хүн дарагдчихлаа гэхээр нь хотоос гараад мод бэлтгэж байсан газарт очиход талийгаач Ууганбаярыг модонд дарагдаж нас барсан гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 74-75 дугаар хуудас/

 

Шинжээч А.Оюунтүлхүүр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Содномцэрэн нь ажилчидад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх болон гарын үсэг зуруулаагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт зааснаар аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн. Л.Отгонбаяр нь модыг хөрөөдөхдөө аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6-д зааснаар ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл хурц хордлогоос сэргийлэх болзошгүй аюул ослын үед анхны тусламж үзүүлэх мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаас үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах гэсэн заалтыг зөрчсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 78-79 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №08шэ/21 тоот дүгнэлт 1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны цөмөрсөн хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины орой болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт, толгойн хуйх, ясны шар суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, толгойн хуйх, ясны шар хальс, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь биед аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 3. Талийгаач нь гавал тархины далд гэмтлийн улмаас нас баржээ. 4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. 5. Талийгаачийн цусанд 1.2 промили спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна. 6. Талийгаачийн цус нь В/3/ бүлэг байна... гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 83-84 дүгээр хуудас/

 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүрийн 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус тус гаргасан дүгнэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 90-91, 94-95 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №08шэ/30 тоот дүгнэлт 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны цөмөрсөн болон шугаман хугарал, баруун зүүн тал бөмбөлөг, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавиргануудын ганцаарчилсан болон хоёрлосон хугаралууд, гялтангийн цус хуралт, баруун зүүн уушигны хамгагдаж урагдсан шарх, цус хуралт, цээжний зүүн хөндийн цусан хураа /1.500грамм/ зүүн бөөрний зөөлөн эдийн цус хуралт, баруун шууны ясны далд, зүүн шилбэний ясны ил хугарал, толгойн хуйх, ясны шар хальс, нүүр их бие, дээд мөчний зөөлөн эдийн цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т, 3.1.12-т зааснар учрах үедээ амь биед аюулай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 3. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. 4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. 5. Талийгаачийн цус нь 0/1/ бүлэг байна. 6. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 99-100 дугаар хуудас/

 

Ажил хариуцан туслан гүйцэтгэх 3. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа багаж хувцас хэрэгслээр хангаж аюулгүй ажилгаагааг бүрэн хариуцаж ажиллана... гэх гэрээ /хх-ийн 1 дүгээр хавтас 154 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч С.Содномцэрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг ойлгож, хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Талийгаач Ууганбаяр нь Мөнхбатын бригадад ажиллаж байсан боловч манай бригадын хөрөөчин Отгонбаярын хөрөөдөж байсан модонд дарагдаж нас барсан байгаа. Компаниас гэрээ хийлгэх талаар хэлж яриагүй, урьд нь ингэж бие дааж бригад гаргаж ажиллуулж байгаагүй учир туршлага дутаад алдаа гаргасан байна. Эхний бригадад ямар нэг зааварчилгаа өгч байгаагүй. Харин сүүлд гаргасан 2 дахь бригадад бол дэвтэр гаргаж өгсөн. Тэрийг баригадын ахлагч өөрөө хөтлөх ёстой. Тушаал шийдвэр бол байхгүй. Хөрөөчин хийж байгаа хүн нь ахлагч гэж явдаг ам яриа байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 217-218 дугаар хуудас тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Содномцэрэн нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төв Ой Ан ХХК-тай ажил хариуцан туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах үүрэг хүлээн ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлэлгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.6, 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хүүхдийн овоо гэх газарт иргэн Ч.Төмөрбаатар нь Батмөнх, Бат-Эрдэнэ нарын хөрөөдөж байсан модонд дарагдаж нас барсан, Ар гээдэн гэх газарт иргэн Л.Ууганбаяр нь мод бэлтгэж байгаад Л.Отгонбаярын хөрөөдөж байсан модонд дарагдаж нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Я.Оюунжаргал, хохирогч С.Батдэлгэр, хохирогч Лхагвасүрэн нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Х.Мандахбаяр, М.Бум-Эрдэнэ, Ч.Батмөнх, Э.Үүрцайх, Ч.Батмөнх, Т.Бат-Эрдэнэ, Г.Балданжаргал, С.Мөнхбат, С.Энхтүвшин, А.Доржсүрэн, О.Тодхүү, Б.Дөрвөнжин, Б.Ганболд, Б.Батболд, С.Содов, Л.Отгонбаяр, С.Мөнхбат нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээч шинжээч А.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн дүгнэлтүүд, Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүрийн гаргасан дүгнэлтүүд, шүүгдэгч С.Содномцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Содномцэрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Содномцэрэн нь гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө төлөхийг илэрхийлсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Содномцэрэнд холбогдох эрүүгийн 201501080072 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Содномцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Сольравдангийн Содномцэрэнийг хөдөлмөр хамгаалалын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар С.Содномцэрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. С.Содномцэрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. С.Содномцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан С.Содномцэрэнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ