Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 757

 

 

 

 

 

 

 

 

 

С.Эын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00321 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 112 445 091 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Н.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: С.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Г

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Я нар оролцов.

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Н.Б  нь надаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 25 000 000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 45 000 000 төгрөг, нийт 70 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний хамт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 3 сарын хугацаагаар, нэг сарын 5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор улсын бүртгэлийн 000432731, Ү-2205056338 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк 302 дугаар байрны 75 тоот дахь 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дээрх 63 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нэг сараар сунгаж өөрчилсөн. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дээрх 63 дугаартай зээлийн гэрээнд хоёр дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг сараар дахин сунгаж өөрчлөн, мөн 3 сарын зээлийн хүү болох 10 500 000 төгрөгийг 05 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр тохиролцсон. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дээрх гэрээнд гурав дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж, өмнө тохиролцсон зээлийн хүү болох 10 500 000 төгрөгийг төлөөгүй учир уг төлбөрийг үндсэн зээлийн төлбөр дээр нэмж тооцон, нийт 80 500 000 төгрөгөөс нэг сарын 5 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ тухай Н.Б гийн саналыг зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөнд өөрийн гар бичмэлээр тусгаж баталгаажуулсан болно. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 63 дугаартай зээлийн гэрээнд дөрөв дэх удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дахин нэг сараар сунгаж өөрчилсөн. Энэхүү гэрээнд зээлийн үндсэн төлбөр 80 500 000 төгрөгөөс нэг сарын 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байсныг хүүгийн хамт нийт 97 270 840 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгдэхэд барьцааны гэрээнд аливаа өөрчлөлт ороогүй. Мөн зээлдэгч зээлийг эгүүлэн төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алдангийг тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тусгасан.

Н.Б  нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн хүүгийн төлбөртөө 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 7 000 000 төгрөгөөр нэг удаа төлбөр хийснээс өөр аливаа төлбөр огт хийгээгүй болно. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу хэтрүүлсэн хугацаанд ногдох гэрээнд тусгагдсан анз төлөх үүрэгтэй тул Н.Б  нь үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 27 270 840 төгрөг, алданги 15 174 251 төгрөг, нийт 112 445 091 төгрөг гаргуулахаар шаардсан.

...Тэр хүн олны танил сэтгүүлч хүн учир нэр төр, албан тушаал нь түүнд чухал байхад иргэн С.Э миний эрүүл мэнд хамаагүй гэж хэлсэнд маш их гомдолтой байна. Тэгсэн ч гэсэн би энэ хүнийг эвлэрэхийг их хүлээсэн. Эвлэрэх гээд Н.Б  руу 30-40 удаа залгасан боловч холбогддоггүй. Мөнгө нэхэхээр “өнгөрсөн 9, 10 сарын хугацаанд орж ирсэн мөнгөөр өөр жижиг зээлээ дарчихлаа, ашиг орж ирэхээр таны мөнгийг өгнө, зээлийн гэрээг сунгаад өг” гэж хэлдэг байсан. Зээлийн гэрээн дээр Вранглер Жийп маркийн машинаа миний нэр дээр шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй байдаг. Анх 2 өрөө байранд 70 000 000 төгрөг гаргах боломжгүй гэхэд бүтэн 7 хоног гуйж байгаад, машинаа таны нэр дээр шилжүүлнэ гээд гуйгаад байсан учир зээл олгосон. Н.Б гаас үндсэн зээлийн төлбөр 70 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 24 500 000 төгрөг, алданги 10 920 000 төгрөг, нийт 105 420 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна”гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлийн гэрээний дагуу эхний 2 сарын хүүг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч 7 000 000 төгрөг төлсөн байдаг. Гэрээнд зааснаар 7 сарын хүү үлдэж байгаа ба 5 хувиар тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хугацаа сунгалтын 3 дахь гэрээнээс алдангийг 0.3 хувиар бодохоор тусгасан байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн алдангийг 52 хоногоор тооцсон. Үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 24 500 000 төгрөг, алдангийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаагаар нийт 52 хоногоор бодож шаардлага гаргасан. Өдрийн алданги нь 210 000 төгрөг болж байгаа ба 52 хоногоор тооцвол 10 920 000 төгрөг болно. Ингээд нийт 105 420 000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Энэ тооцоолол яагаад анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээс зөрүүтэй байна вэ гэвэл анх 70 000 000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлөх үүрэгтэй байсан боловч аваагүй хүүний төлбөр буюу 10 500 000 төгрөгийг үндсэн зээлд нэмж тооцсон байдаг. Гэтэл хуульд зааснаар зөвхөн бодитоор шилжүүлсэн төлбөрийг үндсэн зээлд шаардах тул гэрээний дагуу төлвөл зохих үндсэн зээлийн 70 000 000 төгрөгөөс хүү болон алдангийг тооцсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа. Хариуцагч зээл авсан, мөн зээлсэн үндсэн зээлийн 70 000 000 төгрөгөөс төлөөгүй гэдгээ хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хариуцагч нэг сарын 3 500 000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос, нийт 2 сарын хүүгийн төлбөрт 7 000 000 төгрөг төлсөн байдаг. Зээлийн гэрээний нийт 9 сарын хугацааны хүүгийн төлбөрөөс 2 сарын хүүгийн төлбөр төлсөн. Үүнээс үлдэгдэл буюу төлөгдөөгүй 7 сарын хугацааны хүүд 24 500 000 төгрөг, алдангийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцон 10 920 000 төгрөг, нийт 105 420 000 төгрөгийг хариуцагч Н.Б гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Н.Б  миний бие иргэн С.Этай зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан 70 000 000 төгрөгийн зээл авсан. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 7 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлж байсан. Мөн өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан зохих эрх бүхий байгууллагад нь бүртгүүлсэн байгаа. ...Иргэний эрх зүйн гэрээний харилцааны явцад бий болсон эрсдэл буюу байгалийн давагдашгүй хүч, нийгэм эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсныг харгалзан үзнэ үү. Иймд хууль тогтоомжид зааснаар хэрэг маргааныг шүүхээр үнэн зөв шударгаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б гаас 105 420 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чой овогт Сэрээдагвын Энхжаргалд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720 175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 685 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

           Хариуцагч Н.Б  давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс иргэн миний хуулиар олгогдсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэх боломж нөхцөлийг хязгаарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01494 дугаартай захирамж гарсан ба уг захирамж нь иргэн миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хязгаарлан зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч намайг биечлэн шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж, олон сая төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахгүй болсон тухайгаа “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ байгуулсан өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүхэд уламжилсан, миний бие сэтгүүлч ажилтай бөгөөд эфирийн нэвтрүүлгийн цаг шүүх хуралдаанд болох цаг хугацаатай давхцсан тухайгаа мэдэгдсэн боловч хүлээж аваагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлэн шүүх хурлыг хойшлуулсан, хариуцагч би өмгөөлөгчтэй гэрээ байгуулаад эрх ашгаа хамгаалуулахаар очиход өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүйг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Н.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 112 445 091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 105 420 000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч “үндсэн зээлийг зөвшөөрч, хүү, алдангийг эс зөвшөөрч” маргажээ.

 

            Талууд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж хариуцагч нь 70 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нь өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк Энхтайвны өргөн чөлөө гудамж 302 дугаар байрны 75 тоот дахь 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан, зохигчид дээрх зээлийн гэрээний хугацаа дуусахад талууд уг 63 дугаартай зээлийн гэрээг дүгнэх байдлаар нийт 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд, Хаан банкны орлогын мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг баримтаар тогтоогдсон, дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 4-14/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Н.Б  нь зээлийн гэрээний хугацаанд, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 7 000 000 төгрөг буюу хоёр сарын зээлийн хүүгийн төлбөр төлсөн, үндсэн зээлийн төлбөр болон үлдсэн 7 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгч С.Эыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 70 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 24 500 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болно.

 

Түүнчлэн шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний нэмэлт өөөрчлөлт оруулсан гэрээнд зээлдэгч нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөх талаар заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги буюу 10 920 000 төгрөг /210 000 төгрөг х 52 хоног/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч Н.Б  нь “нийгмийн амьдрал, зах зээлийн хямрал, мөнгөний ханшийн уналт зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөвлөж байсан ажил хэрэгт саад бэрхшээл учирснаар гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна.

 

Шүүх хариуцагч Н.Б д 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн, мөн хариуцагч талын хүсэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад болох шүүх хуралдаан хойшилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ган-Очирт 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ган-Очир нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Иймд шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00321 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН