Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00544

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр шийдвэр,

          Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Б-

          Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

          Орон сууц битүүмжилсэн болон албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жадыра, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг, ..-р хороолол ..-р байрны .. тоотод оршин суудаг ба дээрх үл хөдлөх хөрөнгө нь миний болон манай охин Н.Ө-ы өмчлөлд бүртгэлтэй байдаг юм. Охин Н.Ө- нь 2018-06-27-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 55,047,988 төгрөг төлөхөөр болсон ба энэ мөнгийг төлүүлэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ирсэн байна гэж сонслоо. Гэтэл 2019-09-30-ны өдрийн Сэлэнгэ аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотоор миний өмчлөлийн 3 өрөө байрыг 39,842,600 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах шийдвэр гарсан байна. Үнэлгээний байгууллагын үнэлгээ 56,918,000 төгрөг гарсан бөгөөд энэ эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дараа шүүхэд гаргаж өгч болохоор заасны дагуу гомдлоо шүүхэд гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан байдаг энэ хугацаанд шүүхэд гомдлоо удаа дараа гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Ер нь энэ байр зөвхөн Н.Ө-ы нэр дээр биш миний өмчлөлд байгаа учраас надад энэ асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэх ёстой байсан. Миний өмчлөлийн байрыг битүүмжилсэн тогтоолыг би одоо болтол мэдээгүй, дуудлага худалдаанд орох гэж байгаа талаар ч албан ёсоор мэдэгдээгүй учраас өмчлөгч хүний хувьд гомдолтой байна.Тиймээс иргэн хүнийхээ эрхийн хүрээнд мөн өмчлөгч хүнийхээ эрхийн хүрээнд тус байгууллагын шийдвэрт гомдолтой байна. Дархан сумын ..-р баг, ..-р хороолол ..-р байрны .. тоот 3 өрөө байрыг битүүмжилсэн тогтоол, 2019-09-30-ны өдрийн дуудлага худалдаа явуулах болсон тогтоол зэргийг хүчингүй болгож битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулахаар даалгаж өгнө үү. Мөн ШШГТХ-н 27.1.1 д...битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хуулийн хүчин төгөлдөр болтол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: 2019-01-08-с шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдэн явагдаж, төлбөр төлөгч Н.Ө-д 20019-01-30-ны өдөр шийдвэр биелүүлэх мэдэгдлийг өгсөн. Гүйцэтгэх хуудсанд заагдсан барьцаа хөрөнгийг ШШГТХ-н 22.1-д зааснаар битүүмжилсэн ба уг ажиллагаа явагдахад төлбөр төлөгч Л.Б-, түүний хадам ээж-байрны өмчлөгч Б.Б- нар байсан байна. Заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг 2019-06-11-ний өдөр хураах ажиллагаа явуулж, хөрөнгийг хадгалалт хамгаалалтыг иргэн Н.Билэгсайханд хууль сануулан хариуцуулсан..хөрөнгийн үнийн саналаа Б.Б- 85 сая төгрөг, төлбөр төлөгч-өмчлөгч Н.Ө- 75 сая төгрөг, төлбөр төлөгч Л.Б 80сая төгрөгөөр тус тус өгсөн..төлбөр авагч ХААНбанк 50 сая төгрөгийн санал ирүүлсэн тул ШШГТХ-н 55.2-т зааснаар шинжээч томилж үнэлгээг 56,918,000 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээг Л.Б-, Б.Б- нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн, Н.Ө-ы цахим хаягаар явуулж энэ талаар Н.Ө-тай 9488.. дугаарын утсаар холбогдон баталгаажуулахад “..үнэлгээг ойлгосон, мэдэгдлийг Дарханы хаягаар хүлээн авсан.” гэж ярьсан ба ШШГТХ-н 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэдгийг ойлгосон болно гэсэн. 2019-07-29-ний өдөр Н.Ө- нь... дугаарын утаснаас шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдон үнэлгээний талаарх гомдлоо 2019-07-26-ны өдөр шүүхэд гаргасан гэснийг хүлээн авч 2019-07-19-с 08-30-н хүртэл ажиллагаа явуулаагүй болно. 2019-08-08-ны өдөр шүүхэд албан тоот бичгээр хандан гомдол гаргасан талаар лавлахад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэсэн хариу өгсөн тул 2019-08-30-ны өдөр Албадан дуудлага худалдаа зохион байгуулах 08/01 тоот тогтоол гарч сонинд дуудлага худалдаа 2019-09-16-ны өдрийн 11 цагт ..хурлын танхимд болно гэж зарласан ба уг тогтоолыг бүртгэлийн байгууллага, төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч, төлбөр авагч нарт хүргүүлсэн..үнэлгээ тогтоосон үнийн 70% болох 39,842,600 төгрөгөөр доод үнийг тогтоож, худалдан борлуулах ажиллагаа явуулахыг мэдэгдсэн.. хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдах 09/02 тоот тогтоол 2019-09-19-ний өдөр гарсан ба хоёр дахь албадан дуудлага худалдаа 2019-10-04-ний өдөр болно..шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

       Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 501 дүгээр шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, .. дугаар хороолол .. дугаар байр .. тоот орон сууцыг битүүмжилсэн 2019-06- 04-ний өдрийн 19180101/04 тоот тогтоол, 2019-09-30-ны өдрийн дуудлага худалдаа явуулах тухай 08/01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсан байна.

      Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Б.Б-ын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар гомдол гаргагч Б.Б-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг, ..-р хороолол ..-р байрны .. тоотод оршин суудаг ба дээрхи үл хөдлөх хөрөнгө нь миний болон манай охин Н.Ө- болон миний нэрийн өмчлөлд бүртгэлтэй байдаг юм. Охин Н.Ө- нь Хаан банкнаас зээл авсан ба 2018-06-27-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 55,047,988 төгрөг төлөхөөр болсон ба энэ мөнгийг төлүүлэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ирсэн байна гэж сонслоо. Гэтэл 2019-09-30-ны өдрийн ..Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотоор миний өмчлөлийн байрыг 39.842.600 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах шийдвэр гарсан байна. Энэ талаар өөрийн охиноос лавлаж асуухад ...Уул нь Үнэлгээний байгууллагын үнэлгээ 56.918.000 төгрөг гарсан энэ тал дээр нэхэмжлэл гаргахад Мөнхзул гэдэг шүүгч ...хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар хүлээж авахаас татгалзсан ба үүний дараагаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн хаягаар нэхэмжлэл гаргахад... гомдлоо Мэргэжлийн салбар зөвлөлд гаргах ёстой гээд мөн хүлээн авахаас татгалзсан байна. Уул нь охин Н.Ө-д 2019-07-19-ний өдөр ирсэн Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Алтанцэцэгийн явуулсан албан бичгээр ...үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дараа шүүхэд гаргаж болно гэсэн... ба энэ хугацаанд шүүхэд улсын тэмдэгтийн хураамж холбогдох баримтуудаа удаа дараа гаргасан боловч хүлээж авахгүй байна гэсэн. Ер нь энэ байр зөвхөн Н.Ө-ы нэр дээр биш миний өмчлөлд байгаа учраас надад энэ асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэх ёстой байсан. Миний өмчлөлийн байрыг битүүмжилсэн тогтоолыг би одоо болтол мэдээгүй, дуудлага худалдаанд орох гэж байгаа талаар ч албан ёсоор мэдэгдээгүй учраас өмчлөгч хүний хувьд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хууль буруу хэрэглэж миний хуулиар олгогдсон эрх,ашиг сонирхолд хохирол учруулж буй үйлдлийг анхаарч үзээгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч нь ...охин Н.Ө-д мэдэгдэх хуудсыг гардуулж өгсөн гэх ба миний бие нь энэ байрны өмчлөгч мөн байхад надад яагаад гардуулж өгөөгүй юм бэ, үнийн саналаа өгсөн гэдгийг би мэдэхгүй байна, ер нь 85саяаар намайг үнэлсэн гэж байхад яагаад 39.842.600 төгрөг үнэлж байгаа юм бэ, үнэлгээ тогтоох шаардлагатай. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Б- 2019-09-13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, орон сууц битүүмжилсэн 2019-06-04-ний өдрийн 19180101/04 тоот тогтоол, 2019-09-30-ны өдрийн дуудлага худалдаа явуулах тухай 08/01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулахыг шаардсан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй байна.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018-06-27-ны өдөр 311 дугаартай захирамж гаргаж, ХААН банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Н.Ө-, Л.Б- нарт холбогдох  “..зээлийн төлбөрт нийт 54.831.934 төгрөг гаргуулах..” нэхэмжлэлийг зөвшөөрснийг баталж, уг захирамжийг эс биелүүлвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг заажээ. /хх 22/ 

         Н.Ө-, Л.Б- нар нь төлбөрөө төлөөгүй тул гүйцэтгэх хуудас бичигдсэн байх бөгөөд хариуцагч Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 311 дугаартай захирамжийг албадан биелүүлэх явцдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, .. дугаар хороолол .. дугаар байр .. тоот, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах ажиллагаа явуулж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. 

         Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч Н.Ө-, Л.Б- нарт холбогдох төлбөр барагдуулах ажиллагаа явуулахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд нийцээгүй байна. 

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна. Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна. Мөн төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна.

     Албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй шүүхийн шийдвэрт төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулахаар тухайлан заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шууд орон сууцнаас төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь буруу юм. 

         2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018-06-27-ны өдрийн 311 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаанд Б.Б-ыг төлбөр төлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

         Иймд “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2019-06-04-ний өдрийн 19180101/04 тоот /хх 35/ тогтоол, “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2019-09-30-ны өдрийн 08/01 тоот /хх 5/ тогтоолыг тус тус хүчингүй болгох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5., 122 дугаар зүйлийн 122.1, 122.3., 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт нийцнэ. 

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, Б.Б-ын нэхэмжлэлийг шүүхэд гаргасан шаардлагынх нь хэмжээнд хангав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт заасныг баримтлан  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2019-06-04-ний өдрийн 19180101/04 тоот тогтоол, “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2019-09-30-ны өдрийн 08/01 тоот  тогтоолыг тус тус хүчингүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ