Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0163/з |
Дугаар | 85 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 85
С.Бямбасайханы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0003 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор С.Бямбасайханы нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бямбасайханы “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нөхөн олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1150 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0003 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасныг үндэслэн ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон шийдвэр нь захиргааны байгууллагыг хууран мэхэлж гаргуулсан тухай гомдол гаргахад шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн. Ингээд захиргааны байгууллага өөрийг нь хууран мэхэлснийг тогтоож захиргааны актаа хүчингүй болгохгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж “Эрхэс майнинг” ХХК-ны захирал Ч.Өлзийбаярын захиргааны актыг гаргуулахдаа "хаясан" гэж захиргааны байгууллагыг хуурч захиргааны акт гаргуулсныг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан үндэслэлээр хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Захиргааны акт гаргуулахдаа захиргааны байгууллагыг “Тусгай зөвшөөрлийг хаясан, үрэгдүүлсэн” гэж хууран мэхэлсэн нь:
1. Нэхэмжлэгч С.Бямбасайханы шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тусгай зөвшөөрлүүд хавсралтуудын хамтаар, 2009 оноос хойш тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлсөн баримтуудаар, УБЕГ-ын лавлагаагаар, 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №01 тоот гэрээгээр.
2. Шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн А.Оюунсүрэнгийн “2009.04.10-ны өдрийн №01 тоот гэрээний төслийг бэлтгэсэн, Ч.Өлзийбаяр нь С.Бямбасайханд тусгай зөвшөөрлүүдийг хавсралтын хамт өгснийг мэдсэн, гайхаж байсан” гэх мэдүүлгээр.
3. Гуравдагч этгээд “Эрхэс майнинг” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын “тухайн лицензүүдийг өгөөд 3 жил өнгөрсний дараа нөгөө лицензүүдийг авах гэсэн боловч С.Бямбасайхан олдохгүй байсан учраас “Эрхэс майнинг” ХХК-ны зүгээс өөрийн эзэмшлийн лицензүүдээ өргөдөл гаргасны үндсэн дээр ашигт малтмалын газраас зохих журмын дагуу гаргуулж авсан юм” гэх мэдүүлгээр С.Бямбасайханд байгааг мэдсээр байж захиргааны акт гаргуулахдаа захиргааны байгууллагыг хууран мэхэлж авсан нь тус тус нотлогдож байна.
С.Бямбасайхан нь 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөрүүдийг төлж байсан, хайгуулын ажил хийлгэсэн зэргээр их хэмжээний зардал гаргаж байсныг атлаа Ч.Өлзийбаяр нь гэрээгээ зөрчиж захиргааны байгууллагыг хууран мэхлэх замаар шинээр гэрчилгээ гаргуулан авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдаж байгаагаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны №83 дугаар тогтоолоор, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 2 дугаар зүйлийн 2.1-д заасан үндэслэлээр захиргааны шүүхийн харьяалах хэрэг маргаан болох нь тогтоогдож байна. Иймд хэргийг бүхэлд нь дахин хянаж, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэснийг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Бямбасайхан нь Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919 дүгээр шийдвэр, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1150 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Маргаан бүхий шийдвэрүүдээр “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр” ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь захиргааны байгууллагыг хууран мэхэлсэн байхад захиргаа өөрөө дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгох боломжтой” гэх үндэслэлээр маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дахин олгох чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий тусгай зөвшөөрлийн эзэмшигч биш бөгөөд захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг эзэмшигч этгээд болох “Эрхэс майнинг” ХХК-ийн “тусгай зөвшөөрөл үрэгдүүлсэн” тухай хүсэлтээр холбогдох баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг дахин олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, хайгуулын ажил хийж, их хэмжээний зардал гаргасан” гэх боловч энэ байдал захиргааны байгууллагын шийдвэрийн үр дагавартай шууд холбоогүй, “Эрхэс майнинг” ХХК-тай байгуулсан гэрээтэй шууд холбоотой байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгчид үр дагавар учраагүй, иргэд хоорондын гэрээний маргаан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
“Эрхэс майнинг” ХХК нь захиргааны байгууллагыг хууран мэхэлсэн, гэрчилгээ үрэгдүүлээгүй, нэхэмжлэгч С.Бямбасайханы эзэмшилд хадгалуулсан тухай маргааны үйл баримт нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй хамааралгүй, захиргааны байгууллагыг “гэрчилгээ үрэгдүүлсэн” нь үнэн эсэх үйл баримттай холбогдуулан буруутгах боломжгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ