Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1379

 

 

 

 

    2021        12          10                                 2021/ШЦТ/1379

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Я.Амарзаяа,

Шүүгдэгч Т.Г,

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Н-ын М, Б овогт М-ын Г нарт холбогдох эрүүгийн 2106 00000 2371 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

 Шүүгдэгч М.Г нь 2021 оны 10 дугаар сарын 12-13-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41в байрны 4 тоотод иргэн Н.М-ыг “уурласан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаас маргалдаж улмаар хүч хэрэглэн халдаж гараараа нүүрэн тус газар нь цохиж Н.М-ын биед завжинд язарсан шарх, сарвуунд зулгаралт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 10 дугаар сарын 12-13-ны  шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41в байрны 4 тоотод иргэн М.Г-ийг “хэрүүл хийсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хүч хэрэглэн халдаж гараараа нүүрэн тус газарт цохих зэргээр М.Г-ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны далд хугарал, дух, хамарт язарсан шарх, дух, нуруу цээжинд зулгаралт, дух, дагзны хуйх, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                     

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Г-ийн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Б.Тунамалын мэдүүлэг /хх-20-21/, хохирогч Н.Мын мэдүүлэг /хх-17-18/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 9907 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28-29/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 9982 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-33-34/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч М.Г нь 2021 оны 10 дугаар сарын 12-13-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41в байрны 4 тоотод иргэн Н.М-ыг “уурласан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаас маргалдаж улмаар хүч хэрэглэн халдаж гараараа нүүрэн тус газар нь цохиж Н.Мын биед завжинд язарсан шарх, сарвуунд зулгаралт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 10 дугаар сарын 12-13-ны  шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41в байрны 4 тоотод иргэн М.Г-ийг “хэрүүл хийсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хүч хэрэглэн халдаж гараараа нүүрэн тус газарт цохих зэргээр М.Г-ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны далд хугарал, дух, хамарт язарсан шарх, дух, нуруу цээжинд зулгаралт, дух, дагзны хуйх, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Гийн өгсөн “2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн үед би наяз охинтойгоо хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 41в байрны 4 тоотод М--ынд очсон. Тэднийд очих үедээ бид нар эрүүл байсан. Тэгээд тэдний гэрт манай найз охин бид 3 пиво ууцгаасан. М бид 2 дэлгүүрээс гараад дахин 2 пиво 21 цаг өнгөрч байх үед авсан. Тэгээд тэр пиво ууж сууж байгаад бид 2 бага зэрэг маргалдаж М бид 2 харилцан зодолдсон. Тухайн үед М миний нүүр, толгой руу гараараа их олон удаа цохисон.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тунамалтажийн өгсөн “Тухайн үед манай найз залуу намайг цохиж зодоогүй. Тухайн үед М, Г тэр 2 нэлээн их уусан нэлээн согтуу байсан. Би нээх их уугаагүй байсан. Тэр 2 тухайн үед 4 том пиво, 1 шил архи хувааж уусан байсан. Тухайн үед манай найз залуугийн толгой нь хагараад бас хамар хэсэг нь шалбарчихсан цус гарч байсан.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Мын өгсөн “Битгий хэрүүл хийгээд бай гэж хэлсэн чинь Г уурлаад миний нүүр рүү 1 удаа гараараа цохиод авсан. Тэгээд тэрнээс болж бид хоёрын дунд хэрүүл маргаан болоод бид хоёр манай гэрт харилцан зодолдсон. “/хх-17-18/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны 9907 дугаартай шинжээчийн “Н.М-ын биед завжинд язарсан шарх сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэжээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-28-29/ гэх дүгнэлт,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 9882 дугаартай шинжээчийн “М.Г-ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны далд хугарал, дух, хамарт язарсан шарх, дух нуруу, цээжинд зулгаралт, дух, дагзны хуйх, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдадтанд нөлөөлөхгүй.” /хх-33-34/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч М.Г, Н.М нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч М.Г, Н.М нар нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн үндэслэл бүхий саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Г, Н.М нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч М.Г, Н.М нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч М.Г, Н.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Б овогтой М-ын Г, Х овогт Н-ын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Н.М нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Н.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Н.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                М.Г, Н.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

             6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г, Н.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                          

             8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Г, Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА