Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/01866

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг,  “Ө*******” ХХК-ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Ж овогтой Г.Ж /РД:*******/ холбогдох,

Гэм хорын хохиролд 13.293.621 /арван гурван сая хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д*******, хариуцагч Г.Ж*******, шинжээч Ц.Т*******, иргэдийн төлөөлөгч Х.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 4 сарын 28-наас 29-нд шилжих шөнөөс эхлэн Г.Ж******* нь орон сууцны 50 дугаар байр болон манай компанийн эзэмшлийн дундах зайнд 15 давхар барилга барихаар хүчээр дайран орж ирэн манай цахилгааны шугам, утсыг ил гарган тасдаж дахин ашиглагдахгүй болгон манай өмч хөрөнгийг санаатайгаар устгасан үйлдэл хийсэн ба 2014 оны 9 сарын 09-ны өдөр манай барилгын 20 ширхэг бетон хашааг санаатай нурааж устгасан үйлдлийг дахин гаргасан. Энэ мэтчилэн 2014-2015 оны хугацаанд манай компанид их хэмжээний хохирол учруулах үйлдэл удаа дараа гаргасан тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Нийслэлийн прокурорын газрын орлогч Д.Б******* 2015 оны 9 сарын 14-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын хяналтанд ирүүлсэн Г.Ж*******өд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхб******* дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.М хянаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2015 оны 11 сарын 20-нд 779 тоот прокурорын тогтоол гаргаж, Г.Ж******* нь Ө******* ХХК-ийн эд хөрөнгийг устгаж гэмтээсэн нь тогтоогдож байх боловч яллагдагч нь гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөр төлөх талаараа прокурорын шатанд хүсэлт гаргасан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд гэм буруугаа хүлээн хохирол төлбөр төлөх талаараа прокурорын шатанд хүсэлт гаргасан тул манайд учирсан хохирол 13.293.621 төгрөгийг Г.Ж*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн эзэмшлийн болон 50 байрны дунд хариуцагч нь барилга барихдаа кабелийн утас тасалсан, бетонон хашааг нураасан тул цагдаагийн байгууллагад хандаж, Ж******* гэм буруугаа хүлээсэн, хохирлыг барагдуулна гэсэн тул Прокурор Өршөөлийн тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд бид шинжээчээр дүгнэлт гаргуулсан тул цахилгааны шугам татахад 9.260.966 төгрөг, бетон хашааны 3.697.685 төгрөг, хуванцар вакум цонх, ган хоолойн материалд 935.000 төгрөг, нийт 13.293.621 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ө******* ХХК-ны нэхэмжлэж буй 13,293,621 төгрөгийг би хариуцах ёсгүй. 2014 оны 4 сарын 28-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлэхдээ өөрийн газар дээр цахилгааны утас байгаа эсэхийг мэргэжлийн байгууллгаар шалгуулсан. Гэтэл манай газар дээгүүр хөндлөн гарсан 2 кабелийн утас илэрсэн. Нэг нь Ө******* ХХК-ны үндсэн тэжээлийн кабель байсан одоо ч байрандаа байгаа. Нөгөө нь Ө******* ХХК-ны өөрсдийн тавьсан /ямар нэгэн байгууллагад харъяалагддагүй/ нь манай газрын тэг дундуур нь хөндлөн ил гарсан байсан. Бид уг кабелийг таслахаас өмнө Ө******* ХХК-д кабелийн утсаа холдуулах талаар 2 ч удаа албан бичиг хүргүүлж байсан ч хариу өгөөгүй. Бид газар шорооны ажлаа эхлүүлэхийн тулд таслахаас өөр арга байгаагүй. Тус компани кабелийн утсаа өөрсдөө татаж авсан. Кабелийн утсыг тухайн үедээ ашиглаж байсан гэж бодохгүй байна. Компани нь нэхэмжлэлдээ 20ш бетон хашааг санаатайгаар нураан устгасан гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа ч тэр үед ямар ч бетон хашаа нураагаагүй, бетон хашаа байгаагүй, төмөр хашаа байсан. Анхнаасаа тус компани нь ажлыг явуулахгүй саад учруулах, зогсоох, хаалт хийн цагдаагийн байгууллага, иргэний болон захиргааны хэргийн шүүх гэх мэтээр өнөөдрийг хүртэл саад учруулсаар 2 жил болж байна. Би холбогдох байгууллагуудаас зөвшөөрлөө бүрэн аваад барилгаа барих гэтэл кабелийн утас саад болосон. Тэгээд нэхэмжлэгч компанид кабелиа авах талаар 3 удаа албан тоотоор мэдэгдсэн ч аваагүй тул ил гарсан, ашигладаггүй утсыг тасалсан, энэ талаар маргахгүй. Харин бетон хашаа байгаагүй, нураагаагүй нь анх барилга барихдаа авсан зургаар нотлогдоно. Прокурорт миний кабель тасалснаа л хүлээн зөвшөөрсөн талаар хүсэлт гаргасан нь байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Ө*******” ХХК нь Г.Ж*******өд холбогдуулан гэм хорын хохиролд 13.293.621төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, шаардлагын үндэслэлээ хариуцагч гэм буруугаа хүлээн, хохирлыг барагдуулна гэсэн үндэслэлээр Өршөөлийн тухай хуулиар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хохирол төлөх үндэслэлтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь албан тоотоор мэдэгдсэн ч аваагүй тул ил гарсан, ашигладаггүй утсыг тасалсан гэж маргаагүй, харин бетон хашаа байгаагүй, нураагаагүй гэж мэтгэлцэж байна.

 

2014 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.Ж******* нь барилга барихдаа нэхэмжлэгч компанийн цахилгааны утсыг тасалсан, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 20 ширхэг бетон хашааг нураасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Нийслэлийн Сүхб******* дүүргийн Прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 779 тоот прокурорын тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/520 тоот албан бичиг, Улсын ерөнхий Прокурорын газрын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 5/145 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэндэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан нь хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

Хариуцагчийн хууль бус үйлдэл буюу утас тасалсан, хашаа нураасан нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон, нэхэмжлэгчид гэм хор учирсан байх тул Г.Ж******* нь хохирлыг арилгах үүргийг хүлээнэ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн “Хөрөнгө-эстимейт” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 09/47 дугаар Хохирлын үнэлгээний тайлангаар 13.293.621 төгрөг гэж хохирлыг тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, “Вендо” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр нийт хохирлыг 6.754.163 төгрөгөөр үнэлжээ.

 

Хэргийн үйл баримтаар хуванцар вакуум цонх, ган хоолойг гэмтээсэн талаархи үйл баримт тогтоогдохгүй байх тул дээрх үнэлгээнээс шууд гарах зардал 4.974.096 төгрөгийг хангаж, үлдэх 8.319.525 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах талаар дүгнэлт гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 94.536 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан /РД:/  Ж овогтой Г.Ж-сөөс гэмт хэргийг улмаас учирсан гэм хорын хохиролд 4.974.096 /дөрвөн сая есөн зуун далан дөрвөн мянга ерэн зургаа/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Ө*******” ХХК-д /РД:*******/ олгож, шаардлагаас үлдэх 8.319.525 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 94.536 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                   ШҮҮГЧИД                                                 Б.МӨНХЖАРГАЛ   

 

                                                                                       Ц.ОЮУНБИЛЭГ