Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1058

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн, улсын яллагч Б.Энхбат, хохирогч И.Учрал, шүүгдэгч Л.Д, Д.Т, тэдний өмгөөлөгч Д.Амаржаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2714) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Т.Л.Д, ТД.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0433 61341 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Т.Л.Д Монгол Улсын иргэн, .........ны өдөр ......... төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:..........

Т.Д.Т Монгол Улсын иргэн, ........ны өдөр ...... төрсөн, ..., эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...../.

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) Шүүгдэгч Л.Д, Д.Т нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн гудамжны 2/27 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн орчимд иргэн И.Учралыг зодож, эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, хуйханд зулгаралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Л.Д, Д.Т нараас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч И.Учрал мэдүүлэхдээ: Би хэрэг гардаг өдөр 16 цагийн үед дүү Дорждэрэм болон бага хүү Бат-Ирээдүй нарын хамт гадаа хүүхдийн тоглоомын талбайд салхилаад сууж байсан. Манай дүү хөлбөмбөгийн бөмбөгөөр дэлгүүрийн хана оносон. Улмаар дэлгүүрийн эзэн Л.Д гарч ирээд манай дүүг загнасан. Би тэгэхэд дүүгийн буруу болохоор юм хэлээгүй. Гэрийн үүдэнд очсоны дараа дүүдээ учирлаж хэлсэн. Тэгээд гэрээс манай эхнэр гарч ирээд дөрвүүлээ буцаад хүүхдийн тоглоомын талбай руу явсан. Манай дүү бөмбөгөө залаад явж байсан чинь Л.Д дахин загнахаар нь би “яах гээд хүүхэд дахин дахин доромжлоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Гэтэл урдаас “чи мангар бацаан яах гээд байдаг юм” гэж хэлээд маргалдсан. Л.Д ахын эхнэр нь гарч ирээд дэлгүүр рүүгээ чирээд орох гэтэл Л.Дгийн хүүД.Т гарч ирсэн. Энэ хоёр нийлээд над руу дайрсан.Д.Т над дээр ирээд шууд нүүрэнд цохисон. Амаа дараад доошоо тонгойтол 2 талаас намайг цохисон. Л.Д толгойн ар тал, чих рүү цохисон. Надаас цус гарсны дараа салаад гэр рүүгээ орсон. “Мөнгөн гүүр” эмнэлэгт очиж уруулдаа оёдол тавиулсан. Миний чих шуугиад байсан, эмнэлэгт үзүүлэх гэтэл хаасан байсан. Уруулд тавиулсан оёдол, эм тарианы мөнгийг Л.Д,Д.Т нар өгсөн. Маргааш өглөө нь Л.Дгийн хамт өрхийн эмнэлэг ороход зураг авахуулах шаардлагатай гэсэн. Би “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлж, сонсголын бичлэг хийлгэхэд чихний хэнгэрэг цоорсон байна, цаашид хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Л.Д мөнгө төгрөг хэцүү байна, өөрийн нийгмийн даатгалаараа 3 дугаар эмнэлэгт хагалгаанд оруулж өгнө гэж хэлж байсан. Хэнгэрэг нөхүүлэх эмчилгээ 1.250.000 төгрөг, 7 хоног эмнэлэгт хэвтэхэд 1.400.000-1.500.000 төгрөг болно гэсэн. Одоо баримтаар 603.200 төгрөг гарсан. 435.000 төгрөг авсан, үлдэх хохирлыг болон хагалгааны зардлыг нэхэмжилнэ гэв.

Хоёр. Эрүүгийн ..... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд

1.Хохирогч И.Учралын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрийнхээ гадаа эхнэр, хүүхдээ салхилуулаад байж байхад манай 7 настай дүү бөмбөгөөр тоглож байгаад байрны гадаа байдаг “Таван Эрдэнэ” дэлгүүрийн хана руу бөмбөг өшиглөсөн чинь дэлгүүрийн худалдагч ах дүүг бөмбөг өшиглөлөө гэж загнасан. Би юм хэлээгүй. Дүүг бөмбөгөө залаад тоглоомын талбай руу явж байхад худалдагч ах дүүг маань дахиад бөмбөгөө аваад яв гээд загнаад байхаар нь би “дүүдээ учирлаад хэлчихсэн байхад яагаад хүүхэд загнаад байгаа юм бэ” гэсэн чинь намайг мангар бацаан минь гэхээр нь би “хүнд гай бололгүй зүгээр ор” гэхэд амжихгүй шүү гээд над руу салаавч гаргасан. Тэгээд хэрэлдээд байж байхад эхнэр нь гарч ирээд нөхрийгөө загнаад цаашаа чирээд явж байсан чинь хүүхэд нь гэрээсээ гарч ирээд яасан гэсэн чинь нөгөө ах хүүгээ хараад омогшоод над руу томроод байсан. Тэгтэл хүү нь над дээр ирээд шууд нүүрэн тус газар гараараа цохиж, бид хоёр харилцан заамдалцсан. Ээж нь дундуур салгахаар ороход аав нь хажуунаас зүүн талын чих, толгой руу гараараа цохиод, хүүхэд нь урдаас цохиод, хоёулаа нийлээд зодсон. Би нүүрээ хамгаалаад доошоо харсан. ...Миний амнаас цус гарахад нөгөө хоёр салаад гэртээ орсон. ...Эмнэлэг орж уруулдаа оёдол тавиулсан. Миний зүүн талын чих шуугиад байсан. Эмчилгээний зардалд 400.000 төгрөг авч чихээ үзүүлэхээр тохирсон. Маргааш нь намайг зодсон ахтай өрхийн эмнэлэг дээр очиход зураг авахуул гэсэн. “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлж, зураг авахуулахад хэнгэргэн хальс цоорсон байна гэсэн. Миний биед учирсан уруулд шарх гэмтлийгД.Т цохиж учруулсан. Дагз, зүүн талын чих рүү Л.Д цохиж гэмтэл учруулсан. Би гомдолтой байна. 10 гаран хоног ажлаа алдаж эмнэлгээр явлаа, хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд ороогүй байгаа, орно гэсэн, ер нь эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

2. Гэрч С.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “... Манайх байрны өргөтгөлд “Таван Эрдэнэ” гэх 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нөхөр дэлгүүртээ сууж байсан. 16 цагийн үед намайг гэртээ байхад манай нөхөр хүнтэй хэрэлдээд байх шиг байсан. Гарсан чинь “Учралын дүү цонх руу бөмбөг өшиглөснөөс болж хэрэлдсэн, намайг хөгшин төгцөг” гэж хэлсэн гэсэн. Би нөхрийгөө хэрүүл хийгээд яахав гээд салгасан чинь хүүД.Т гараад ирсэн Учралтай ярилцаж байснаа гэнэт барьцалдаж аваад харилцан зодолдсон. Манай нөхөр Л.Д салгах гэж очоод гурвуулаа зодолдсон. Учралын уруулнаас цус гарсан байсан учраас эмнэлэг яваад үзүүлээд ир гэж хэлсэн. ...Чих сонин байна гэхээр нь маргааш нь эмнэлэгт үзүүлэхээр тохирсон. Маргааш нь манай нөхөр дагуулж явж эмнэлэгт үзүүлээд орой нь ирэхдээ хэнгэрэг цоорсон байна гэнэ ...гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

3. Гэрч Д.Айнурын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “... 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нөхөр хүүхдийн хамт бага хүүхдээ салхилуулаад тоглоомын талбай дээр сууж байхад 7 настай дүү Дорждэрэм бөмбөг тоглоод явж байхад дэлгүүрийн ах гарч ирээд удаа дараа хэлээд байгаа юм биш үү гэж дүүг хөөгөөд байхаар нь ...яасан бэ, зүгээр байгаа хүүхэд хөөлөө гэсэн чинь сахилгагүй хүүхэд, түрүүнээс хойш хэллээ гэсэн. Нөхрөөсөө асуусан чинь намайг гарч ирэхээс өмнө дүү бөмбөгөөр тоглож байгаад дэлгүүрийг оносон чинь уг хүн гарч ирээд загнаж, хөөгөөд байхаар нь тэр ахад юм хэлээгүй, дүүгээ загнаж, хэлээд орхисон гэсэн. Тэр дэлгүүрийн ахад хандаж манай нөхөр дүүдээ хэлсэн байна, хүүхэд тоглох газраа тоглож байна гэсэн чинь амандаа үглээд цаашаа явсан. Тэгтэл манай нөхөр дүүдээ учирлаж хэлчихээд байхад яасан олон юм ярьдаг юм бэ гэсэн чинь цонх хагалвал яах юм бэ гээд маргалдсан. Дэлгүүрийн ах манай нөхөр дээр ирээд амжих уу гэхэд, манай нөхөр та гай болно гэж хэлсэн. Бие биедээ томроод хэрэлдэж байхад эхнэр нь гарч ирээд нөхрийгөө дуудаад гарнаас нь татаад цаашаа аваад явсан. Цаашаа явж байхад цаанаас хүүхэд нь бид хоёр дээр ирээд яагаад байгаа юм бэ гэснээ нөхрийг босоод ир гэсэн. Манай нөхөр босоод очсон чинь нөгөө залуу өөдөөс нь шууд цохиж уруулнаас нь цус гаргасан, харилцан зодолдсон. Цаанаас аав нь орж ирээд хүүхдийнхээ хажуунаас нөхрийн толгой руу цохисон. Нөхөр эмнэлэгт уруулдаа оёдол тавиулсан. Нөхрийн чих шуугиад байна гэсэн Маргааш нь нөхөр дэлгүүрийн ахтай эмнэлэг яваад удаагүй буцаж ирээд ...чихээ үзүүлэхэд хэнгэрэг нь цоорсон байна, зураг авахуул, сонсголын бичлэг хийлгэ гэсэн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

4. Гэрч Н.Энэбишийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... 2019 оны 8 дугаар сард байсан, өдрийг нь сайн санахгүй байна, үдээс хойш байсан, манай тэнд байдаг дэлгүүрийн худалдагч Л.Д дэлгүүрийнхээ гадаа үл таних залуутай хэрэлдээд байхаар нь юу болсныг асуухад сааданд сууж байсан залуугийн дүү нь бөмбөгөөр дэлгүүр рүү өшиглөөд байна гэсэн. Тэр залуу сааданд эхнэр, хүүхэдтэйгээ сууж байсан, Л.Д дэлгүүрийнхээ үүднээс нэлээн зайнаас хэрэлдсэн. Тэр залуу “хөгшин хүн байж үхэж гай болов” гэж хэлж байсан. Л.Д чичрээд, уурлаад хэрэлдээд байсан. Тэгтэл эхнэр нь салгаад аваад явсан чинь Л.Дгийн хүү нь гарч ирээд настай хүнийг яагаад дээрэлхээд байгаа юм бэ гээд аавыгаа өмгөөлж, хохирогчтой барьцалдсан. Нэг харсан чинь Л.Д очсон гурвуулаа зууралдаад ноцолдсон. ...хохирогч залуугийн амнаас цус гарсан байсныг харсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

5. Шүүгдэгч Л.Л.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 2-27-2 тоот байрандаа үйл ажиллагаа явуулдаг “Таван эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүрт эхнэр Пүрэвсүрэн, хүүД.Т нарын хамт байж байхад үл таних хүүхэд гаднаас сараалжин төмөр тортой цонх руу бөмбөг өшиглөж цохиод байхаар нь боль, хол очиж тогло гэж хэлсэн. ...Учрал эхнэрийн хамтаар “та одоо юун сүртэй юм бэ, наадах чинь хүүхэд юм байгаа биз дээ” гэсэн. “Энд тоглож болохгүй, дэлгүүрийн цонх хагалвал яах юм бэ” гэтэл Учрал “юун сүртэй юм бэ, хөгшин төгцөг минь, гарын ая даахгүй гай болов” гэсэн. Тэр үгийг манай хүүД.Т сонсоод миний араас гарч ирээд Учралыг “чи хөгшин настай хүнийг юу гэж доромжлоод байгаа юм бэ” гээд тэр хоёр барьцалдаж авсан. Хүү Учралын урууланд гараараа нэг цохиод авсан, ...би хүүгээ салгаж татаж авахдаа Учралын чих рүү гараараа нэг удаа цохисон. Хэсэг хугацааны дараа Учрал доод урууландаа 6 оёдол тавиулсан, 400.000 төгрөг болсон, төл гэхээр нь мөнгө олж өгсөн чинь маргааш нь чих өвдөөд байна, эмчид хамт очиж үзүүлнэ гэсэн. Би хамт явж үзүүлж, дараа нь нарийвчилсан хувийн эмнэлэгт үзүүлж зургийг нь авахуулсан чинь чихнийх нь хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн. Зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий гэмтлийг би гараараа нэг удаа цохиж байхдаа учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

6. Шүүгдэгч Д.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн 2-27-2 тоот байранд үйл ажиллагаа явуулдаг “Таван эрдэнэ” хүнсний дэлгүүртээ аав Л.Д, ээж Пүрэвсүрэн нарын хамт байж байгаад би хойд талынх нь өрөөнд унтаж байтал аав Л.Д гадаа хүнтэй маргалдаж байгаа чимээ гарсан чинь манай аавыг Учрал “хөгшөн төгцөг, чи миний гарын аяыг даахгүй шүү, үхэж гай болно шүү” гээд доромжлоод байхаар нь би гарч очоод чи настай хүнийг дээрэлхээд яах гээд байгаа юм бэ гэж хэлтэл өөдөөс “чи юмны учир мэдэхгүй байж аавыгаа аваад зайл” гэж хэлэхээр нь би өөдөөс нь маргалдаж байтал Учрал тулж ирээд гараа далайгаад цохих хөдөлгөөн хийх үед би цохих гэж байна гэж бодоод Учралын эрүү орчимд нэг удаа цохисон. Надаас зуурч, заамдаж, гараараа нүүр, гаранд цохих үед аав бид хоёрыг салгаж байх үедээ Учралын чихэнд гараараа нэг удаа цохисон. Учралын биед доод уруулд шарх бүхий гэмтлийг би гараараа нэг удаа цохиж байхдаа учруулсан гэмтэл байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Аав бид хоёр Учралаас уучлалт гуйж баримтаар 438.200 төгрөг төлсөн чинь Учрал аав руу утсаар залгаад 7 сая төгрөг төл, үгүй бол цагдаагаар явна гэж сүрдүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10072 дугаар дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Доод уруулын гадна хэсгээс дотор салст руу үргэлжилсэн мэс заслын оёдол бүхий 2.1х0.2см шархтай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, дагзны хуйханд 0.9х0.5см хүрэн өнгийн тав бүхий зулгаралттай. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ЭМЖЖ эмнэлгийн үзлэгт: онош: хэнгэргэн хальс цоорох. Хамрын таславч мурийх. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ЭМЖЖ эмнэлгийн үзлэгт: онош: хэнгэргэн хальс цоорох. Хамрын таславч мурийх. Хамар ясны хуучин хугарал гэжээ. ЭММЖ эмнэлгийн чамархай ясны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн КТГ-н шинжилгээнд дүгнэлт: Зүүн хэнгэргэн хальс бага зэрэг зузаарсан, цоорхой. /Дүгнэлт бичсэн эмч Мягмарсүрэн/ ...” гэжээ. ДҮГНЭЛТ: 1.И.Учралын биед доод уруулд шарх, дагзны хуйханд зулгаралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. /шинжээч эмч О.Болороо/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар тал),

8. Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “... Доод уруулд шарх болон зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дагзны хуйханд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд бүгд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

9. “ЭМЖЖ” эмнэлгийн олон зүслэгт компьютер томографийн шинжилгээний хуулболон хохирлын баримтууд (хавтаст хэргийн 75-81 дүгээр тал), Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд. 10. Шүүгдэгч Л.Л.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 83 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал), 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дугаар тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар тал), Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 188 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 64-65 дугаар тал);

-Шүүгдэгч Д.Төгөлдөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 82 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 66 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Л.Д, Д.Т нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн гудамжны 2/27 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн орчимд иргэн И.Учралыг зодож, эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, хуйханд зулгаралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тустус гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг, Шүүгдэгчдийн өмгөөлөгч Д.Амаржаргалаас “хэргийн үйл баримт, зүйлчлэлээр, шүүгдэгч Л.Л.Д нь гэм буруугийн талаар” маргаагүй болно. Харин шүүгдэгч Д.Төгөлдөрөөс “...Аав Л.Л.Д бид зүгээр байсан хүнийг зодоогүй. Юуны учир шүүх цагдаагийн байгууллагаар явсныг ойлгохгүй байна. Хохирогчийн буруутай үйлдэл бас байгаа, өөрөө ч мэдэж байгаа” гэсэн тайлбарыг гаргаж, гэм буруугийн талаар маргасан. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Д, Д.Т нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Шүүгдэгч Л.Л.Д, шүүгдэгч Д.Төгөлдөр нар нь эцэг, хүү байх ба, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хохирогч И.Учралын дүү нь гудамжинд бөмбөгөөр тоглохдоо шүүгдэгч Л.Л.Дгийн ажиллуулж байсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн гудамжны 2/27 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн хана руу бөмбөгөөр цохисноос маргаан үүссэн байх ба, улмаар шүүгдэгч Л.Л.Д нь хохирогчийн дүүг загнасан, И.Учрал нь дүүгээ өмөөрөх зэргээр шүүгдэгч Л.Л.Д, хохирогч И.Учрал нар хоорондоо маргалдахад үед шүүгдэгч Д.Төгөлдөр нь эцэг Л.Л.Дг өмөөрч хохирогч И.Учралтай зууралдаж, түүний нүүрэнд нь цохисон, энэ үед эцэг Л.Л.Д нь хохирогчийн толгой чих рүү нь цохих зэргээр зодож, шүүгдэгч нар нь бүлэглэн иргэн И.Учралыг зодож, Л.Л.Д нь түүний эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий хөнгөн гэмтэл, Д.Төгөлдөр нь “доод уруулд шарх, хуйханд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь: -хохирогч И.Учралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүүг бөмбөгөө залаад тоглоомын талбай руу явж байхад худалдагч ах дүүг бөмбөгөө аваад яв гээд загнасан. ... би яагаад хүүхэд загнаад байгаа юм” гэсэн чинь намайг мангар бацаан гэхээр нь би “хүнд гай бололгүй зүгээр ор” гэхэд амжихгүй шүү гээд салаавч гаргасан. ...хэрэлдээд байж байхад эхнэр нь гарч ирээд нөхрийгөө загнаад цаашаа чирээд явсан. Энэ үед хүүхэд нь гэрээсээ гарч ирсэн. Ах хүүгээ хараад омогшоод над руу томроод байсан. Тэгтэл хүү нь над дээр ирээд шууд нүүрэн тус газар гараараа цохисон, бид хоёр харилцан заамдалцсан чинь ...аав нь хажуунаас зүүн талын чих, толгой руу гараараа цохиод, хүүхэд нь урдаас цохиод, хоёулаа нийлээд зодсон. Миний амнаас цус гарсан. ...эмнэлэг орж урууландаа оёдол тавиулсан. Миний зүүн талын чих шуугиад байхаар нь “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлэхэд хэнгэргэн хальс цоорсон байна гэсэн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал), -гэрч С.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхрийгөө хэрүүл хийгээд яахав гээд салгасан чинь хүүД.Т гараад ирсэн Учралтай ярилцаж байснаа гэнэт барьцалдаж аваад харилцан зодолдсон. Манай нөхөр Л.Д салгах гэж очоод гурвуулаа зодолдсон. Тэгтэл Учралын уруулнаас цус гарсан. ...Чих сонин байна гэхээр нь маргааш нь эмнэлэгт үзүүлэхээр тохирсон. ...манай нөхөр дагуулж явж эмнэлэгт үзүүлээд орой нь ирэхдээ хэнгэрэг цоорсон байна гэнэ, гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал), -гэрч Д.Айнурын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дүү Дорждэрэм бөмбөг тоглоод явж байхад дэлгүүрийн ах гарч ирээд удаа дараа хэлээд байгаа юм биш үү гэж дүүг хөөгөөд байхаар нь зүгээр бөмбөг залаад явж байхад яасан бэ, зүгээр байгаа хүүхэд хөөлөө гэсэн чинь сахилгагүй хүүхэд, түрүүнээс хойш хэллээ гэсэн. ...Тэр дэлгүүрийн ахад хандаж манай нөхөр дүүдээ хэлсэн байна, хүүхэд тоглох газраа тоглож байна гэсэн. ...дэлгүүрийн ах манай нөхөр дээр ирээд амжих уу гэхэд манай нөхөр та гай болно гэсэн. Ингээд бие биедээ томроод хэрэлдэж байхад ...цаанаас хүүхэд нь ирээд яагаад байгаа юм бэ гэснээ нөхрийг босоод ир гэсэн. ...нөгөө залуу өөдөөс нь шууд цохиж уруулнаас нь цус гаргаад, харилцан барилцаж зодолдсон. ...цаанаас аав нь орж ирээд хүүхдийнхээ хажуунаас нөхрийн толгой руу цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал), -гэрч Н.Энэбишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Д дэлгүүрийнхээ гадаа үл таних залуутай хэрэлдээд байсан. ...юу болсныг асуухад сааданд сууж байсан залуугийн дүү нь бөмбөгөөр дэлгүүр рүү өшиглөөд байна гэж хэлсэн. ...Л.Д чичрээд, уурлаад хэрэлдээд байсан. ...Л.Дгийн хүү нь гарч ирээд настай хүнийг яагаад дээрэлхээд байгаа юм бэ гээд аавыгаа өмгөөлж, хохирогч залуутай барьцалдаад авсан. Нэг харсан чинь Л.Д очсон гурвуулаа зууралдаад ноцолдсон. ...хохирогч залуугийн амнаас цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-шүүгдэгч Л.Л.Дгийн мардөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...үл таних хүүхэд гаднаас сараалжин төмөр тортой цонх руу бөмбөг өшиглөж цохиод байхаар нь дэлгүүрээс гарч ирээд боль, хол очиж тогло гэж хэлтэл ...Учрал эхнэрийн хамтаар та одоо юун сүртэй юм бэ, наадах чинь хүүхэд юм байгаа биз дээ гэж хэлсэн. “Энд тоглож болохгүй, дэлгүүрийн цонх хагалвал яах юм” гэсэн. Учрал “юун сүртэй юм бэ, хөгшин төгцөг минь, гарын ая даахгүй гай болов” гэж доромжилсон. Тэр үгийг манай хүүД.Т сонсоод миний араас гарч ирээд ...тэр хоёр барьцалдаж авахад хүү Учралын урууланд гараараа нэг цохиод авсан. ...би хүүгээ салгаж татаж авахдаа Учралын чих рүү гараараа нэг удаа цохисон. ...Зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий гэмтлийг би гараараа нэг удаа цохиж байхдаа учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал), -

шүүгдэгч Д.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...манай аавыг Учрал “хөгшөн төгцөг, чи миний гарын аяыг даахгүй шүү, үхэж гай болно шүү” гээд байхаар нь би гарч очоод чи настай хүнийг дээрэлхээд яах гээд байгаа юм бэ гэсэн. ...Учралын эрүү орчимд нэг удаа цохисон. Надаас зуурч, заамдаж, гараараа нүүр, гаранд цохих үед аав бид хоёрыг салгаж байх үедээ Учралын чихэнд гараараа нэг удаа цохисон. Учралын биед доод уруулд шарх бүхий гэмтлийг би гараараа нэг удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал), -шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10072 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 27 дугаар тал), шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Доод уруулд шарх болон зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал), “ЭМЖЖ” эмнэлгийн олон зүслэгт компьютер томографийн шинжилгээний хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Д, Д.Т нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч шууд санаатай үйлдлээр хохирогчийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн байна. Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь бие биенээ үл хүндэлсэн байдал, үл ойлголцол, ёс суртахуун зэрэг нь нөлөөлжээ. Шүүгдэгч Л.Д, Д.Т нарын бүлэглэж И.Учралыг зодож, эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, дагзны хуйханд зулгаралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Д, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хэргийн баримтаар хохирогчийн хууль бус, буруутай үйлдлээс гэмт хэрэг гарсан гэж үзэж гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Д.Төгөлдөрийн мэдүүлгийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. Шүүгдэгч Л.Д, Д.Т нар нь хохирогч И.Учралын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч И.Учрал нь 603.200 төгрөгийн баримт хэрэгт ирүүлсэн, мөн хагалгааны зардал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоногийн төлбөрийг нэхэмжилсэн, шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 435.000 төгрөг нөхөн төлжээ. Мөн шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлоос үлдэх 168.200 төгрөгийг шүүгдэгч нар нь хохирогч И.Учралд нөхөн төлсөн болно.

Хохирогч И.Учрал нь тус гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан буюу чихний хэнгэрэг нөхөх хагалгааны болон бусад зардлыг холбогдох баримтыг ирүүлээгүй тул энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй, харин хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Д, Д.Т нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Дг 1.500.000 төгрөгөөр торгох ял, Д.Төгөлдөрийг 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг, Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Амаржаргалаас: “шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж дуудсан, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. Шүүгдэгч Л.Д, Д.Т нар нь цагдаагийн байгууллагын лавлагаагаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас баримтаар гарсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Л.Л.Дгийн хувийн байдал буюу нас, тогтмол ажил эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг түүний цалин хөлс, орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв. Мөн шүүгдэгч Д.Төгөлдөрийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг бүрэн арилаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчдийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т.Л.Д, ТД.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял;

-Шүүгдэгч Д.Т-ийг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй. 3

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Дд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчинД.Т болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төгөлдөрт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Д, Д.Т нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч И.Учралд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч И.Учрал нь тус гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.Д, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчинД.Т болтол Л.Д, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА