Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        01          04                                    2022/ШЦТ/49

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: Я.Мөнхзаяа;

 

Шүүгдэгч: Д.Б;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Алтанчулуу;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

                Хэргийн дугаар:  ;

 

Шүүгдэгч Д.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт   урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Д.Б нь хэт согтолтын улмаас 2021 оны 09 дүгээр сарын 25-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “CU” /Си Юу/ сүлжээ дэлгүүрийн гадна иргэн Б.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох барим-

туудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Зодсон нь үнэн учраас нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг болсон өдөр өвөөгөө таксинд суулгачихаад “CU” дэлгүүрийн гадна сандал дээр сууж байтал шүүгдэгч ирээд “ахын дүү утсаараа яриулаач” гэхээр нь яриулсан. Нэг эмэгтэй хүнтэй яриад “ирж аваач” гэж байсан. Энэ хүн нэг хайрцагтай ачаатай явж байсан. Надтай яриа үүсгэж охиныхоо талаар яриад “миний охиныг хүн алсан” гэх шиг утгатай юм яриад намайг буруутгаад байсан. Юу яриад байгааг нь ойлгоогүй. Надаас “аавтай юу” гэж асуухаар нь “аавгүй” гэж хэлтэл гэнэтхэн сугадаад зодож эхэлсэн. Сандал нь дугуй хэлбэртэй болохоор намайг жийж унагаасан. Миний ухаан балартаж цааш юу болсныг мэдэхгүй, намайг зодож байсан. Одоо толгой, нуруу өвддөг, цээжээр хатгадаг. Гар утасны дэлгэц хагарсан, хувцас урагдсан. Би оюутан болохоор 1 кредит цагийн хичээл тасалдсан. Гар утасны дэлгэц 120.000 төгрөг, эм тариа 70.000 төгрөг, хувцасны мөнгө 200.000 төгрөг, 1 кредит цагийн хичээлийн төлбөр 100.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэв.  

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Т /хх-ийн 29/, Б.Тийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9166 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/, Б.Тийн эрүүл мэндтэй холбоотой баримт /хх-ийн 22/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-39/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 40/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42/, Д.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-47, 49, 54/, Д.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5, 7-8/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь архи ууж согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 25-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “CU” /Сиюу/ сүлжээ дэлгүүрийн гадна иргэн Б.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Тийн /хх-ийн 29/: “...би 2021 оны 09 дүгээр сарын 25-ны орой Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU”-ийн үүдний сандал дээр сууж байхад нэг танихгүй хүн ирээд “утсаараа яриулаач” гэхээр нь яриулсан. Тэр хүн эхнэртэйгээ ярьж байгаад миний утсыг өгөөд хажууд сууж байгаад надаас юм асуугаад охиныхоо талаар ярьсан. “Аавтай юу” гэж асуухаар нь би “аавгүй” гэхэд намайг сугадаж авч байгаад цохисон. Би хэдэн удаа хаана цохисныг нь санахгүй байна. “CU” /СиЮу/-ийн сандал нь бөөрөнхий намайг дотор нь оруулж байгаад өшиглөсөн. Тэгтэл нэг хүн ирээд салгасан. Би гэр лүүгээ орох гээд явж байхад тэр залуу миний араас дагаж явж байсан. Иргэний бүртгэлийн тэнд тэр залуу намайг газар унагааж байгаад дээр гарч сууж байгаад зодсон. Тэгтэл нэг хүн ирээд намайг салгахаар нь би “CU” /СиЮу/-ийн тийшээ явж цагдаа дуудсан. ...нөгөө залуу таксинд суугаад явсан. Цэнхэр цахилгаантай малгайтай цамцтай, хар саарал өнгийн өмдтэй байсан. 170 см орчим өндөртэй, бүдүүн хүн байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Тийн биед “духанд цус хуралт, зулгаралт, тархи доргилт, баруун чамархайн хуйх, хүзүү, цээжинд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, зүүн гарын алга, баруун өвдөг зүүн өвдөгт зулгаралт, хамар, цээжинд зөөлийн эдийн няцрал” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9166 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 20-21/,

 

Д.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 7-8/: “...Би утсаар яриулсан залуутай юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд тэр залуутай ноцолдоод дээр нь гараад суусан байсан. Тэр хавьд явж байсан хүн намайг салгасан. Тэгтэл нөгөө залуу босоод гүйгээд явсан. Би хойноос нь алхаад явж байхад буцаад өөдөөс гүйгээд ирсэн. Тэр залуугийн араас нь барьж байгаад баруун хөлөөрөө хавирч газар унагаасан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Д.Бд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь өөрийн санаатай үйлдлээрээ хохирогчийг зодсон, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүгдэгчийн хүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч гэмтсэн үр дагавар бий болсон, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.Б нь Б.Т-ийг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Д.Бгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ял шийтгэлийн төрлөөс дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн;

хохирогчид төлөх төлбөргүй;

 

гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа;

 

урьд ял шийтгэлгүй;

 

Д.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “гар утасны дэлгэц 120.000 төгрөг, эм тариа 70.000 төгрөг, хувцасны мөнгө 200.000 төгрөг, 1 кредит цагийн хичээлийн төлбөр 100.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна” гэх боловч энэ талаарх нотлох баримтыг хэрэгт хавсарган өгөөгүй тул уг нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна. Иймд хохирогчийн дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Шүүгдэгч Д.Б энэ тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хохирогч Б.Тийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ