Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2020

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020          12           08                                        2020/ШЦТ/2020

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч Б.Ганзориг,   

Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д холбогдох эрүүгийн 2006 02743 2633 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

М.Д , Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын буудлын Цагаан яндангийн хажууд хохирогч Б.О эзэмшлийн “Samsung Galaxy A6” маркийн гар утсыг хүнтэй яриад өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар шилжүүлэн авч 350.700 (гурван зуун тавин мянга долоон зуу) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

                         

Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 11 цагт ажлаасаа буугаад ганцаараа 4 жижиг пиво аваад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Дондогдуламын Рашааны” наахан талд уугаад сууж байтал үл таних цагаан малгайтай, саарал пудвольктай, 2 гарынхаа шуун дээр хээ шиг шивээстэй нэг залуу хүрч ирээд надаас гал асуугаад надтай цуг суугаад бид хоёр нэг шил архи, 2-3 пиво аваад хувааж уугаад сууж байсан. Тэгээд байж байтал дахиад үл таних 2 залуу ирсэн. Нэг нь саарал пудвольктай, 168 см орчим өндөр, шаравтар царайтай, нөгөө залуу нь 173 см орчим өндөртэй, бараан хар өнгийн ханцуйтай цамцтай байсан бөгөөд бид хоёр дээр хүрч ирээд танилцаад надаар нэг шил архи авхуулаад уусан... Анх танилцсан залуу миний утсыг аваад ярьчхаад өгөхгүй байхаар нь би гараас нь шүүрч авсан. Тэгээд тэр залуу яваад өгсөн. Буцаж ирээгүй... тэгээд байж байтал сүүлд ирсэн 2 залуу миний утсаар хоёулаа ээлжлээд хүн рүү яриад байсан. Бид 3 архи, пиво ууж дуусчхаад тэндээсээ ганцаараа харих гээд явж байтал замд миний зүс таньдаг эмэгтэй ус аваад явж байхаар нь усыг нь дамжилцаад гэрт нь оруулж өгөөд сууж байтал гол дээр танилцсан нөгөө 2 залуу араас дагаад ороод ирсэн. Тэр хоёр намайг дагасан гэж бодож байна. Голын эрэг дээрээс салсан. Орж ирээд тэр 2 залуу архи уумаар байна гэхэд нь би картаа өгч явуулаад нэг шил авхуулаад би, тэр 2 залуу, миний зүс таньдаг эмэгтэй, нөхөртэйгөө бид нар хувааж уусан. Тэгж байтал нэг залуу нь утсаар чинь яриадахъя гээд миний утсыг аваад гарсан. Араас нь нөгөө залуу гарахаар нь би дагаад гартал утас авсан залуу зугтаад гүйхээр нь би нөгөө залууг нь барьж аваад цагдаад өгсөн. Тэр 2 залуу миний биед халдаагүй. Зодож цохисон асуудал байхгүй. Миний барьсан залууг цагдаа нар эрүүлжүүлсэн. Утас аваад зугтсан залуу баригдаагүй. Тэр чигтээ зугтаад алга болсон... Манай эхнэр 2018 онд 1.200.000 төгрөгөөр лизингээр авч байсан, хүрэн өнгөтэй, нээхэд кодгүй, цуурч хагарсан зүйлгүй... миний карт сүүлд орсон зүс таньдаг эмэгтэйд үлдээсэн... тэр 2 залуу найзууд юм гэсэн. Миний утсыг аваад зугтсан гэх залуу өөрийгөө Дархан Уул аймгийн Шарын голын унаган хүүхэд гэж байсан. Одоо барилгын ажил хийж байгаа гэсэн... гар утас аваад зугтсан залууг харвал танина...” гэх мэдүүлэг[1],

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Утасны хохирлыг Д гэх хүнээс нөхөн төлүүлж авсан. Надад бэлэн 400.000 төгрөг өгсөн. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг[2],

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гараад Долоон буудал орох гээд автобусны буудалд дээр өмнө нь нэг газар хамт ажиллаж байсан Д гэх залуутай санаандгүй таарсан. Тэндээ хэсэг юм ярьж байгаад автобусны буудлын ойр байх дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн архи аваад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дондогдуламын рашаан дээр ирээд архиа хувааж уугаад дуусчхаад манай гэр лүү явах гээд алхаж байхад рашааны зах дээр 2 эрэгтэй архи ууж байхаар нь хажуугаар нь гартал бид хоёроос тамхи гуйхаар нь өгсөн. Тэгтэл арай настай ах хоёр дүү пиво уух уу гэсэн. Тэгэхээр нь бид 2 нэг пиво уусан. Тэгтэл тэр ах нэг шил архи аваад ир гээд хамт байсан залууг архинд явуулсан. Би тэр залуутай хамт яваад дэлгүүрээс 1 нэг шил 0.75 литрийн “Цагаан” гээд архи, 4 ширхэг лаазтай пиво авсан. Тэр ах ганцаараа 4 пиво уусан. Би Д, танихгүй залуу бид 3 архиа хувааж уусан. Нөгөө ах нэг эмэгтэйн усыг гэрт нь оруулж өгсөн.  Бид нар хамт ороод 0.5 литрийн “Цагаан” гээд архи уусан. Тэгтэл манай найз Д тэр ахаас утсаар нь ярья гэж гуйж аваад гадаа гараад яриад байсан. Тэр үед нөгөө ах намайг архинд яв гээд банкны картаа өгсөн... би картын аваад дэлгүүр явж байхад Д намайг гудамжны булангаас дуудахаар нь очиход цаашаа зугтаагаад гүйсэн. Энэ үед утасны эзэн ах араас ирээд намайг бариад картаа аваад цагдаа дуудсан... би 2019 онд Баруун Хараа хотод хувь хүний хадлангийн  ажил хийж байхдаа Д танилцсан...” гэх мэдүүлэг[3],

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өөрийн цахим иргэний үнэмлэхээр “Samsung Galaxy A6” маркийн гар утсаа 150.000 төгрөгөөр тавьсан байсан. Тэгээд 1-2 удаа хугацааг нь сунгасан байсан. Одоо энэ гар утас манай ломбардад байхгүй. Хугацаа нь дууссан тул хууль журмын дагуу өөр хүнд худалдсан. Ямар хүнд худалдсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг[4],

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан[5],

“Сайн интернэшнл” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зарлагын падаан[6],

Шүүгдэгч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр найз Баасанбатын хамтаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуу архи ууж явж байгаад Дондогдуламын рашааны хажууд Отгонтулга гэх ахтай холбогдоод тэгээд тэр хүний гар утсыг нь аваад явсан. Маргааш нь ломбардад тавьж архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг[7],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[8],

Жолоодох эрхийн лавлагаа[9],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10] зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар, санал хүсэлт гаргаагүй болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын буудлын Цагаан яндангийн хажууд хохирогч Б.О эзэмшлийн “Samsung Galaxy A6” маркийн гар утсыг хүнтэй яриад өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар шилжүүлэн авч 350.700 (гурван зуун тавин мянга долоон зуу) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч М.Д нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Мөн шүүгдэгч М.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.Д нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын буудлын Цагаан яндангийн хажууд хохирогч Б.О эзэмшлийн “Samsung Galaxy A6” маркийн гар утсыг хүнтэй яриад өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож шилжүүлэн авч 350.700 (гурван зуун тавин мянга долоон зуу) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгж байтал нэг залуу нь утсаар чинь яриадахъя гээд миний утсыг аваад гарсан. Араас нь нөгөө залуу гарахаар нь би дагаад гартал утас авсан залуу зугтаад гүйхээр нь би нөгөө залууг нь барьж аваад цагдаад өгсөн. Тэр 2 залуу миний биед халдаагүй. Зодож цохисон асуудал байхгүй. Миний барьсан залууг цагдаа нар эрүүлжүүлсэн. Утас аваад зугтсан залуу баригдаагүй. Тэр чигтээ зугтаад алга болсон... Манай эхнэр 2018 онд 1.200.000 төгрөгөөр лизингээр авч байсан, хүрэн өнгөтэй, нээхэд кодгүй, цуурч хагарсан зүйлгүй... миний карт сүүлд орсон зүс таньдаг эмэгтэйд үлдээсэн... тэр 2 залуу найзууд юм гэсэн. Миний утсыг аваад зугтсан гэх залуу өөрийгөө Дархан Уул аймгийн Шарын голын унаган хүүхэд гэж байсан. Одоо барилгын ажил хийж байгаа гэсэн... гар утас аваад зугтсан залууг харвал танина...” гэх мэдүүлэг[11],

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Утасны хохирлыг Д гэх хүнээс нөхөн төлүүлж авсан. Надад бэлэн 400.000 төгрөг өгсөн. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг[12],

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл манай найз Д тэр ахаас утсаар нь ярья гэж гуйж аваад гадаа гараад яриад байсан. Тэр үед нөгөө ах намайг архинд яв гээд банкны картаа өгсөн... би картын аваад дэлгүүр явж байхад Д намайг гудамжны булангаас дуудахаар нь очиход цаашаа зугтаагаад гүйсэн. Энэ үед утасны эзэн ах араас ирээд намайг бариад картаа аваад цагдаа дуудсан... би 2019 онд Баруун Хараа хотод хувь хүний хадлангийн  ажил хийж байхдаа Д танилцсан...” гэх мэдүүлэг[13],

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өөрийн цахим иргэний үнэмлэхээр “Samsung Galaxy A6” маркийн гар утсаа 150.000 төгрөгөөр тавьсан байсан. Тэгээд 1-2 удаа хугацааг нь сунгасан байсан. Одоо энэ гар утас манай ломбардад байхгүй. Хугацаа нь дууссан тул хууль журмын дагуу өөр хүнд худалдсан. Ямар хүнд худалдсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг[14],

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан[15],

“Сайн интернэшнл” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зарлагын падаан[16],

Шүүгдэгч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр найз Баасанбатын хамтаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуу архи ууж явж байгаад Дондогдуламын рашааны хажууд Отгонтулга гэх ахтай холбогдоод тэгээд тэр хүний гар утсыг нь аваад явсан. Маргааш нь ломбардад тавьж архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг[17] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох зэргээр  үйлдэгддэг.

 

Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үедээ 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын буудлын Цагаан яндангийн хажууд хохирогч Б.О эзэмшлийн “Samsung Galaxy A6” маркийн гар утсыг хүнтэй яриад өгнө гэж худал хэлж, өөртөө шилжүүлэн авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн байна.

 

Иймд шүүгдэгч М.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар гэм хор учирсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй.

 

            Хохирогч Б.О “Samsung Galaxy A6” загварын гар утасны үнийг “Дамно” ХХК нь 350.700 төгрөгөөр тогтоосон байх ба шүүгдэгч М.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 400.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч М.Д нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Д гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч М.Д “Хэлэх  тайлбаргүй” гэсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч М.Д урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.

 

Шүүгдэгч Д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “...хохирогчид...учирсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Д залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзсэн.

 

Иймд шүүгдэгч М.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Д нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Мөн шүүгдэгч Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2006 02743 2633 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Д нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Отгонтулгад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ        

 

[1] Хавтас хэргийн 13-14 дүгээр хуудас

[2] Хавтас хэргийн  19-20 дугаар хуудас

[3] Хавтас хэргийн  15 дугаар хуудас

[4] Хавтас хэргийн  16 дугаар хуудас

[5] Хавтас хэргийн  22-23 дугаар хуудас

[6] Хавтас хэргийн  37 дугаар хуудас

[7] Хавтас хэргийн  30 дугаар хуудас

[8] Хавтас хэргийн  45,46 дугаар хуудас

[9] Хавтас хэргийн  47 дугаар хуудас

[10] Хавтас хэргийн  33 дугаар хуудас

[11] Хавтас хэргийн 13-14 дүгээр хуудас

[12] Хавтас хэргийн  19-20 дугаар хуудас

[13] Хавтас хэргийн  15 дугаар хуудас

[14] Хавтас хэргийн  16 дугаар хуудас

[15] Хавтас хэргийн  22-23 дугаар хуудас

[16] Хавтас хэргийн  37 дугаар хуудас

[17] Хавтас хэргийн  30 дугаар хуудас