| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0403/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/456 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням
Улсын яллагч: Ц.Батбямба
Шүүгдэгч: Д.Д, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1911 0084 80319 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 17-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лифтчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, , урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийтгэгдсэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, хорих 435 дугаар ангиас 2005 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Д.Д
Холбогдсон хэргийн талаар:
Д.Д нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний орой 20-21 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн .....дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л.... авто” засварын газрын орчимд насанд хүрээгүй хохирогч Б.Ц Самсунг Эс-7 загварын гар утсыг чихэвчний хамт хүч хэрэглэж, авахаар довтлон авч 312.300 төгрөгийн хохирол, мөн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын чигчий хурууны алга ясны далд хугарал, эрүү, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээсэээ гараад найзуудтайгаа уулзсан. Ингээд пиво уугаад энэ хэрэгт холбогдсон. Энэ талаар сайн санахгүй байгаа боловч өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэн ийм үйлдэл гаргасан нь миний буруу гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Чингэлтэй дүүргийн .....дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Д худалдааны төвийн ард талд байх 12а дугаар байрны .....тоотод түр оршин суудаг. Тэгээд хичээлээ хийж байгаа 20:30 цагийн орчимд өөрийн гэрээсээ гараад салхилах санаатай 32-н буудал чигтээ явж байсан юм. Тэгэхэд 32 талст нэртэй пабын хажуугаар явж байхад үл таних надаас ахимаг настай 30-35 настай хар өнгийн савхин куртиктай, эрээн өнгийн даавуун өмдтэй, пүүзэн гуталтай хүн намайг аймар хараад би хажуугаар нь өнгөрсөн юм. Тэгээд би цаашаа Содмонгол колонкын замын эсрэг талд Чингэлтэй дүүрэг талд явган хүний замаар төв замын дагуу өөрийн гар утсаараа дуу сонсоод чихэвчээ хийгээд түр зогсоод гар утасныхаа дууг солих гээд гартаа бариад явж байхад миний араас үл таних эрэгтэй хүн гараараа хүзүүг боогоод, нэг гараараа миний гар утсыг авах гээд булаацалдахад нь би гар утсаа тавихгүй гэж ноцолдож байхад намайг боосон хэвээрээ газарт унагаад миний гар утсыг авахаар нь би эргэж хараад тэр хүнийг харахад намайг эхлээд талст 32-н үүдэнд зөрөхөд аймаар хараад байсан эрэгтэй хүн гар утсыг минь аваад цаашаа явах гэж байсан тэгэхээр нь би араас нь өмднийх нь ар хэсгээс татаж ноцолдоход гутлаараа миний өмднөөс зуурч байсан гар руу өшиглөөд цаашаа гэр хорооллын гудамж өгсөөд зугтаагаад явахаар нь би хамгийн ойрхон хүн харагдсан газар болох Л....авто засвар гэх газрын хүмүүс хашааныхаа гадна зогсож байхаар нь очоод тэр хүмүүсээс тус болоод цуг яваад өгөөч би гар утасаа дээрэмдүүлчихлээ гэж хэлээд уйлаад очиход тэр засварын газрын нэг хүнтэй нь цуг гар утсыг дээрэмдэж авсан ахын зүгт араас нь яваад очиход далангийн хажуу талын хашааны булан дагаад алхаж байсан юм тэгээд би тэр хүнийг хараад таньсан юм. Яагаад гэвэл би тэр хүнтэй нэлээд их ноцолдсон болохоор мэдсэн юм. Тэгээд би нөгөө ахад энэ намайг дээрэмдсэн хүн мөн байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр засварын газрын хүн тэр ахыг таниад өө энэ хүн чамайг гүйгээд явж байхад араас чинь гүйгээд явж байсан хүн мөн байна ш дээ чиний таньдаг хүн юм биш үү гээд хэлсэн юм. Тэгээд тэр залууг нөгөө ахыг дагуулаад засварын газар дээр нь дагуулж очоод цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд тэр залуу ах нь утсыг нь гаргаж өгөөд тохиролцъё цагдаад дуудлага өгөөд яах юм бэ гэж хэлсэн юм. Тэгээд би нүүр амаа маажуулаад эрх чөлөөндөө халдуулсан болохоор цагдаад заавал өгнө гэж хэлсэн юм ...миний эрүүний доод хэсэгт хумсаар маажигдсан шарх, баруун гарын долоовол хурууг маажсан шарх, баруун гар руу хөлөөрөө өшиглөсөн, тэгээд намайг газарт унагаасан эдгээр гэмтлийг учруулсан ...миний дээрэмдүүлсэн гар утас нь Самсунг эс-7 загварын хар өнгийн арын шилэн хэсэг цуурсан, уг гар утсыг 2019 оны 2 дугаар сард Теди худалдааны төвөөс 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /хх-н 14-16-р хуудас/
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 3 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л.....авто сервис” авто засварын газарт ажлаа хийгээд байж байхад орой 20-21 цагийн орчимд засварын газрынхаа гадна талд машин оруулах гээд зогсож байхад хар бараан өнгийн хувцастай эмэгтэй зам дагаад доошоо гүйгээд явсан юм. Тэгээд би өөрийн хоёр найз М, З, Б бид нар дөрвүүлээ зогсож байсан юм. Тэр үед манай найзууд тэр эмэгтэйгийн араас нэг залуу гүйгээд явчихлаа гэж хэлсэн. ...нөгөө залуу араас нь гүйгээд явчихлаа гэж хэлээд ярилцаад зогсож байхад нөгөө залуу араас нь гүйж очоод гүйцээд авсан тэгснээ уг эмэгтэйг газар унагаачихаад гүйгээд явчихлаа гэж хэлээд бид нар ярилцаж байсан. Харин газар унасан, доошоо гүйж явсан хар бараан өнгийн хувцастай эмэгтэй бид нар дээр уйлаад гүйж ирээд ахаа саяны залуу намайг боож унагаад утас дээрэмдээд явчихлаа гэж хэлсэн юм ...зугатаасан залуугийн араас охины хамт очиход нөгөө охиныг дээрэмдсэн гэх залуу бид хоёрын өөдөөс гараад ирсэн юм. Тэр үед уг охин энэ хүн мөн байна гээд өөдөөс нь зуураад бариад авсан. Ахаа битгий тавиарай гэж хэлэхээр нь би хажуунаас нь бариад ажлынхаа үүдэнд дагуулж ирэхэд манай ажлын газрын хүмүүс болон засварын газар машинаа засуулах гэж байсан хүмүүс чи ийшээ зугатаасан хүн мөн байна гэж хэлээд манай нэг ажилтан цагдаагийн 102 дугаарт залгаж энэ талаар дуудлага өгсөн ...хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн савхин хүрэм, ногоон эрээн өнгийн десант өмдтэй залуу байсан. Үсээ ардаа боосон, 30-35 орчим насны залуу байх шиг байсан. Тухайн залуугын гарын алганаас цус гарч байсан, тухайн залууг манай ажилчид утсыг нь аваад явсан юм бол гаргаад өгчөөч гэж хэлэхэд заза тэгье гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 24-25-р хуудас/
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 3 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Л авто сервист ажилладаг найз Б, З нарын ажил дээр орой 17-18 цагийн орчимд ирсэн юм. Тэгээд бид нар засварын газрын гражинд байж байгаад засварын газрын үүд рүү гарч салхилж таарсан. Тэр үед бид нарын урдуур явган хүний замаа дагаад нэг охин доошоо гүйгээд явсан. Тэгээд удаагүй байж байтал тэр охины араас нэг залуу гүйж явсан. Тэгээд би араас нь харсан чинь түрүүлээд гүйж явсан охины араас хойноос нь гүйж явсан залуу барьж авах шиг болоход охин газар унасан, тэгээд уг залуу буцаад хойд зүг рүү манай найзын засварын урд зүг рүү гэр хорооллын гудамж руу явж орсон юм. Харин анх доошоо гүйж явсан охин буцаад бид нар дээр ирээд ахаа намайг дээрэмдчихлээ утас аваад явчихлаа гэж манай найз Б дээр ирчихээд тусламж гуйж ирэхээр нь манай найз Б уг охиныг дагуулаад нөгөө залуугийн гүйж явсан газар луу хамт явсан юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа манай найз нөгөө залууг барьчихсан хохирсон охины хамт гарч ирсэн. Тэгээд найз Б яасан юу болсон гэж асуухад миний өөдөөс гараад ирсэн охин мөн байна гэж хэлэхээр нь бариад авлаа гэж хэлээд засварын газар дээр авч ирсэн юм ...би эхлээд найз охин нь юм байхдаа гэж харсан тэгсэн чинь араас нь гүйж түлхээд газар унагаах шиг болоод гарнаас нь цүнх шиг зүйл зулгаагаад чирэгдээд байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа уг залуу баруун хойд зүгт чиглээд бид нарын өөдөөс гүйгээд алга болсон юм” гэх мэдүүлэг /хх-н 29-30/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн №3202 дугаартай дүгнэлтэнд: “1. Б.Ц биед тархи доргилт, баруун гарын чигчий хурууны алга ясны далд хугарал, эрүү, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь 2019 оны 3 дугаар сарын 09-ны өдөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-н 32-р хуудас/
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Samsung S7 маркийн гар утас 285.000 төгрөг, гар утасны Awel загварын чихэвч 27.300 төгрөг, үнэлгээний дүн 312.300 төгрөг” гэх үнэлгээ /хх-н 36-37-р хуудас/
Яллагдагч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-н 44-45-р хуудас/
Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 22-23-р хуудас/
Гэрч И.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 27-28-р хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Б.Ц хохирлын баримт /хх-н 74-р хуудас/
Шүүгдэгч Д.Д-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47, 56-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48-р хуудас/
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...нийт 564.800 төгрөг хүлээн авч, хохирогч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Д.С нарт хүлээлгэн өгөв” /хх-н 19-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Д нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний орой 20-21 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн .....дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ла.....вто” засварын газрын орчимд насанд хүрээгүй хохирогч Б.Ц Самсунг Эс-7 загварын гар утсыг чихэвчний хамт хүч хэрэглэж, авахаар довтлон авч 312.300 төгрөгийн хохирол, мөн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын чигчий хурууны алга ясны далд хугарал, эрүү, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Ц гэрч Ж.Б, гэрч Э.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн №3202 дугаартай дүгнэлт, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос Д.Д-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтэндээ: Дээрэмдсэн гэх эд зүйл Д.Д-н биенээс болон өөр бусад газраас олдоогүй. Д.Д нь ашиг олох зорилгоор утас авсан тохиолдолд авсан эд зүйл Д.Дид байх ёстой. Хэргийг зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоосон боловч гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь Д.Дид гэмт хэрэг үйлдэх талаар зорилго, сэдэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж мэтгэлцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад Д.Д нь насанд хүрээгүй хохирогч Б.Ц өмчлөх эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэж довтолсон үйлдэл хийсний улмаас Б.Ц биед тархи доргилт, баруун гарын чигчий хурууны алга ясны далд хугарал, эрүү, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан. Мөн Д.Д нь Б.Ц эсрэг хүч хэрэглэсэн довтолгоон хийж эд зүйлийг нь авсан талаар насанд хүрээгүй хохирогч Б.Ц болон гэрчүүд болох Ж.Б Э.М нар тодорхой мэдүүлдэг. Д.Д-н биеэс хохирогчийн гар утас, чихэвч зэрэг эд зүйл гарч ирээгүй болох нь хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн эсэх тал дээр маргах үндэслэл болохгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь довтолгоон эхэлснээр бүрдэл төгсдөг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.Д нь насанд хүрээгүй хохирогч Б.Ц өмчлөх эрхийн эсрэг буюу халдлагын зүйл болох Самсунг Эс-7 загварын гар утсыг чихэвчний хамт авахаар хохирогчийн эсрэг хүч хэрэглэж довтлохдоо хохирогчийн эсэргүүцлийг дарах, эд зүйлийг өөрийн эзэмшилд хууль бусаар, илээр шилжүүлэн авахаар хүч хэрэглэхдээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийн эсрэг халдаж Б.Ц биед тархи доргилт, баруун гарын чигчий хурууны алга ясны далд хугарал, эрүү, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан хэд, хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэснийг журамлах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Ц Д.Д-д дээрэмдүүлсэн гар утас, чихэвч зэрэг эд зүйлийн үнэлгээ нь 312.300 төгрөг болохыг үнэлгээний дүгнэлтээр мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоосон, насанд хүрээгүй хохирогч Б.Ц эрүүл мэндэд учирсан хохирлын талаар 200.000 төгрөгний баримт хавтаст хэрэгт авагдсан байна. 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд тусгагдсанаар Д.Д-с 564.800 төгрөгийг хүлээн авч, насанд хүрээгүй хохирогч Б.Ц түүний хууль ёсны төлөөлөгч Д.С нарт хүлээлгэн өгсөн баримт авагдсан байна. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардал зэргийг нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах зохицуулалтыг баримтлан шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тс бүрд ял оногдуулж нэмж, нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Д-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Д нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан мөн зүйл, хэсгийн 1.3 дахь заалтанд зааснаар хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухай зүйл, хэсэг, заалтанд заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэсний дагуу Д.Д-н гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хүнд гэмт хэрэг байна. Д.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс доош нь ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР