Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/445

 

 

   2021        04          01                                   2021/ШЦТ/445   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Б.Тулга,

шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд *** тоот дахь Р.Эын хашаанд аж ахуйн ажил хийхээр тохиролцон, түр хугацаагаар байрлаж байхдаа гагнуурын аппарат, гар дрилл, Кен маркийн гараар таслагч, уртасгагч, түлхүүр багаж, 32 инчийн Sony маркийн телевизор зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 775.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б*** цэгт ажилд орсон боловч 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус цэгээс борлуулсан сайжруулсан түлшний болон түлээний модны орлогыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Б-д 810.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

              /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Л.А нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

1. Хохирогч Р.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

“...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хашаандаа очиход А байхгүй, хашаа эзэнгүй, гэрийн хаалга онгорхой байхаар нь гадагшаа гаргасан юм байх гэж бодоод хүлээж байсан ба ирэхгүй удаад байхаар нь өөрийн багаж хэрэгслийг шалгаж үзэхэд контейнерт байсан гагнуурын аппарат, таслагч, гар дрилл, уртасгагч, түлхүүр багажийн хэрэгсэл мөн гэрт байсан 32 инчийн Сони маркийн телевизор зэргийг хулгайлж авч явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

 “Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн БЗД3-20-014 дугаартай:

“2014-2015 онд Наран дэлгүүрээс авч байсан, ажиллагаа хэвийн 32 инчийн Сони маркийн телевизорыг 195.000 төгрөгөөр үнэлэв” гэх үнэлгээний тайлан /хх 22-23/,

 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ“ ХХК-ийн 2019 оны 06 сарын 05-ны өдрийн 15 дугаартай:

“гагнуурын аппарат 1 ширхгийг 320.000 төгрөгөөр, гар дрилл 1 ширхгийг 50.000 төгрөгөөр, Кен маркийн гар таслагч 1 ширхгийг 120.000 төгрөгөөр, уртасгагч 1 ширхгийг 60.000 төгрөгөөр, түлхүүрүүд 30.000 төгрөгөөр, нийт 580.000 төгрөгөөр үнэлэв” гэх үнэлгээний тайлан /хх 27/,

 

Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:

...зарын дагуу Э гэх ахтай холбогдож ажил хийхээр болсон. Намайг *** өнгөрөөд голын захад байрлах хашаанд аваачиж ажлын гэртээ байрлуулж газар шороо, мод тарих зэрэг ажил хийлгэхээр сарын 600.000 төгрөгөөр тохирсон. Би 3 хоног ажиллаж байх үед Э ах хүнсээ аваарай гээд 50.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр архи авч уугаад архины халуундаа ажлын гэр болон контейнерт байсан таслагч, гагнуурын аппарат, уртасгагч, гар дрилл, түлхүүр багаж, телевизор зэрэг эд зүйлсийг хулгайлж авч яваад зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 36/

 

2. Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:

“2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зараар А гэх залууг ажилд авсан. Тэгээд маргааш нь өдрийн 13 цагийн орчим *** гэх буудал дээр байрлах нүүрсний цэгээс борлуулагчаар урд өдөр нь ажилд орсон А гэх залуу орлого аваад явсан байсан. Гар утас руу нь залгахад “одоо очлоо” гэж хэлээд алга болсон. Аын явахдаа хулгайлсан мөнгөн дүн 810.000 төгрөг болж байна” гэх мэдүүлэг /хх 63-67/,

 

- зөрчлийн талаар гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх 08-10/,

- эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 54-55, 57/,

- хохирлын баримт /хх 71-72/,

 

Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн:

...*** сайжруулсан түлш борлуулах цагт ажилд ороод 2 хоног ажилласан ба 2 дахь өдрөө ганцаараа түлш борлуулах цэг дээр ажилласан. Миний хувьд ажилдаа шантраад ганцаараа байх үедээ архи авч уугаад тэр өдрийн орлогыг аваад явсан. Би орлогын мөнгийг хулгайлж авч явахдаа тоолж үзээгүй, ер нь 810.000 төгрөг байсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх 84/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Л.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47, 90/, ургийн овог, эцэг, эхийн нэр өөрчилсөн тухай лавлагаа /хх 85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 104/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Аын хохирогч Р.Эын хашаанд аж ахуйн ажил хийхээр тохиролцон, түр хугацаагаар байрлаж байхдаа гагнуурын аппарат, гар дрилл, Кен маркийн гараар таслагч, уртасгагч, түлхүүр багаж, 32 инчийн Sony маркийн телевизор зэрэг 775.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хулгайлан авсан,

Б*** цэгт ажилд орсон боловч 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус цэгээс борлуулсан сайжруулсан түлшний болон түлээний модны орлого 810.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч өөрийн болгон захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Л.Аын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эдэлж байгаа эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Л.Ааас 1.585.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Эад 775.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 810.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч түүний өмгөөлөгч гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлөөгүй байдал, гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, хялбар аргаар өөрийн хэрэгцээ болон амин зуулгыг залгуулах гэсэн санаатай үйлдэл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг тодорхой хэмжээгээр оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Аын цагдан хоригдсон 09 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Л-ийн А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аыг 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ааас 1.585.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Э /***/-д 775.000 төгрөг, хохирогч Б.Б /***/-д 810.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ