| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0459/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/429 |
| Огноо | 2017-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2017/ШЦТ/429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Д.Дэлгэрмаа,
шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт О.От холбогдох эрүүгийн 1711006130104 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт О.О, 1995 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хадам эх, хадам эгч, түүний 2 хүүхэд өөрийн 1 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 20-5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП95120351.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.О нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Долоон буудлын автобусны буудлын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний болон бусад зардлыг төлж барагдуулсан. Торгуулын ялыг биелүүлнэ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын гэртээ байж байхад манай найз Амартүвшин над руу байн байн залгаад гараад ир, уулзах уу гээд залгаад байхаар нь манай гэрийн гадаа нэг микро автобустай архи уучихсан ирсэн. Жолооч залуу нь архи уугаагүй эрүүл, харин Амараа, О гэдэг найзтайгаа хамт архи уучихсан согтуу байсан. Ингээд би уулзаад машинд нь 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи хувааж уусан. Ингээд архи дуусаад байж байтал манай найз Маралаа залгаад “хаана байгаа юм” гэхээр нь би “гэрийнхээ хажууд байна, манай найз ирчихсэн архи ууж байна” гэтэл Маралаа хүрээд ирсэн. Тэгээд байж байтал мөн манай найз Нараа гэдэг охин залгаад тэгээд Нараагийнд очихоор болоод тэр машинтай нь Чингэлтэй рүү Нараагийн гэрт нь очсон. Тэгтэл Нараа гарч ирээд тэгээд бид нар бүгдээрээ нийлээд нэг шил архи аваад хувааж ууцгаасан. Тэгээд тэр архиа ууж дуусгаад доошоо Долоон буудал ороод “Анар” нэртэй дэлгүүрээс пиво авчихаад машин дээрээ иртэл О намайг ямар ч шалтгаангүй үгийн зөрөөгүй гараараа нүд рүү цохиод унагаасан. Тэгээд би От цохиулаад газар унаад хэсэг ухаан манарсан байсан. Нэг сэрэхэд миний баруун нүд огт нээгдэхгүй, тагларчихсан байсан ба Маралаа, Нараа 2 От “Чи зүгээр байгаа хүнийг яагаад зодож байгаа юм бэ” гээд байсан ба би Маралаад хэлээд өөрийн найз Аминбаатарыг дуудуулаад удалгүй Аминбаатар ирээд намайг аваад цагдаагийн хэлтэст ирж мэдэгдээд шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь “Нүд чинь бүлтэрсэн байна” гээд 1 дүгээр эмнэлэг явуулаад би 1 дүгээр эмнэлэгт үзүүлчихээд гэртээ харьсан …” гэжээ /хх-9-11/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11271 дүгээр дүгнэлтэд:
“1. Б.Мы биед баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-25/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-33-35, 38х/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, Хохирогч Б.Мы “…1.350.000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлүүлж өгнө үү …” гэсэн хүсэлт /хх 42/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.О нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Долоон буудлын автобусны буудлын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч Б.М нь шүүгдэгч О.Оаас эмчилгээний зардалд 1.350.000 төгрөг хүлээн авсан тул гомдол, саналгүй гэх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт О.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН