Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0639/З |
Дугаар | 819 |
Огноо | 2019-11-21 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 819
2019 оны 11 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2019/0819 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК /РД:*******/,
Хариуцагч: БОАЖС
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэлийн үндэслэл: Манай “Т” ХХК нь анх 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж байсан ба өнөөдрийг хүртэл дүрэм болон гэрчилгээнд заасан үйл ажиллагааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Бид Х дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн бүс, Х ам нэртэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлт болон хэрэгжүүлэх төслийг 2016 онд Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасныг тус газар хянан үзээд, тухайн газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд нийцэж байна гэж үзэн Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Х дүүргийн Засаг даргын саналын хамт Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байдаг. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүлээн авсан дээрх материалуудыг хянаад мөн л хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзсэн учир “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ”-г тус тус хийлгэж батлуулсан.
Ингээд хууль журамд заасан бүхий л нөхцөл шаардлагыг хангасан учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар манай компанид Х дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Х ам нэртэй газарт 3.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгож, ******* тоот гэрчилгээг авсан байдаг. Үүний дараагаар Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Х дүүргийн Засаг дарга, “Т” ХХК хооронд 2017/149 тоот “улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан. (Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 37.1)
Ийнхүү бид дээр дурдсаны дагуу Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай болон бусад хууль журамд заасан нөхцөл болзлыг хангасны үндсэн дээр газар ашиглах ******* тоот гэрчилгээг авсны дараагаар өнөөдрийг хүртэлх хугацаанд бид газар ашигласны төлбөрөө төлж, холбогдох хууль тогтоомж болон гурвалсан гэрээ, батлагдсан төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулан барилгын ажил 95 хувийг гүйцэтгэж төвийн инженерийн шугам сүлжээнд холбон автомашины бүрэн хучилттай зам барин дулаан, цэвэр болон бохир ус, цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж өнөөдрийн байдлаар 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаараа манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг олж мэдмэгц Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан түүний А/355 тоот тушаалын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээж өгөхийг хүссэн. Бидний хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас хүсэлтийг хангахаас татгалзсан болно. Сайдын уг тушаалын үндэслэл нь манай компанийн зүгээс Тусгай хамгаалалтын газрын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах газар ашиглах зөвшөөрөл хуулийн дагуу гарсан бөгөөд бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хууль, гэрээний нөхцлийг чанд мөрдөж ажиллаж байсан тул газар ашиглах эрхийг хүчингүй гэрээг цуцпах хууль зүйн үндэслэл огт байгаагүй гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын10-ны өдрийн А/355 тоот тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоож манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид анхнаасаа холбогдох баримт сэлт, үнэлгээ, төслөө батлуулж тусгайлан эрх үүрэг олгогдсон Б-н хамгаалалтын захиргаа гэх мэт бүхий л Төрийн захиргааны байгууллагуудтай хамтарч хуульд заасан дүрэм журмын хүрээнд уг газрыг ашиглах зөвшөөрлийг авч, шат дарааллын дагуу гурвалсан гэрээгээ байгуулж, үнэлгээгээ батлуулж, уг гэрээнд тусгагдсан үүргийнхээ дагуу болон бусад холбогдох хууль дүрмийн хүрээнд уг газартаа хөрөнгө оруулалт оруулж эко аялал жуулчлалын газрыг нэмэгдүүлэх зорилгоор явж байсан. Бидний хувьд ямар нэгэн хууль дүрэм журам зөрчөөгүй, процессын дагуу тусгай зөвшөөрлийг авсан байсан юм. Тушаалд дурдагдсаны дагуу хууль зөрчиж хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан зүйл байхгүй. Тийм учраас тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжиж байгаа.
Гүүглэ Өэрт /Google earth/-ийн хамгийн сүүлийн зургаар Х амны урд хэсэгт манай 6 байшин, 1 суурь харагдаж байна. Я гүүр даваад Т хорооллын эсрэг талд Х-с урагшаа, Я-н эхний автобусны буудлаас урагшаа, Х аманд урд хэсэгт. Хамгаалалтын захиргаа солбицолд өөрчлөлт оруулж ойн хамгаалалтын бүсээс гаргасан. 6 байшин, 1 суурь, нийт 7 Финлянд модон байшин барьж байгаа.
Газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон 2015 оны тогтоол нь шүүхээс түдгэлзээд, шинэ тогтоол гаргана гэж байсан. Энэ талаар Х дүүргийн Газрын албанаас бидэнд газрын төлбөрийн итгэлцүүр нь тодорхойгүй байгаа учраас төлөгдөөгүй хүлээгдсэн байдалтай байсан юм гэсэн. Газрын төлбөр нэг бол их төлөгдөх гээд, нэг бол бага төлөгдөх гээд байсан учир хүлээгдэж байсан.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “2017 оны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгосон. Энэ зөвшөөрөл хууль ёсны дагуу олгогдсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 128 дугаар “Тусгай хамгаалалттай газар нутагт гаар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу дархан цаазат газарт газар ашиглах эрх авахын өмнө тухайн газарт хэрэгжүүлэх байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгээд, холбогдох баримтуудыг нь төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, төрийн захиргааны байгууллага эдгээр баримтуудыг хянаж баталсны үндсэн дээр зөвшөөрөл олгогддог. Ингэж зөвшөөрөл олгогдож байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг бий болгож байгаа захиргааны акт гэж үзэж байгаа. Иймээс захиргааны актад хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэх ёстой. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлээс харахад захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулсан гэх боловч сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдагдсан 71 аж ахуйн нэгжээс 43 аж ахуйн нэгж, илүү нарийвчилбал "Т" ХХК-ийг ямар үндэслэлээр сонгож хүчингүй болгосон нь тодорхойгүй.
Мөн бодит нөхцөл байдлыг захиргааны байгууллага шалгаж тогтоох үүрэгтэй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлахад “нийтийн эрх ашиг сонирхол эсхүл бусдын эрх, ашиг сонирхолд харшилсан бол” гэсэн үндэслэлийг захиргааны байгууллага шалгаж тогтоосны үндсэн дээр уг актаа гаргасан бол зөв болох байжээ. Хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой, захиргааны акттай холбоотой газар ашиглагчийн хувьд гаргасан зардал болон бусад хууль ёсны итгэл, захиргааны актын хууль зүйн үр дагаврыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд шалгаж тогтоох ёстой байсан. Дээрх үндэслэлүүдийн хувьд хариуцагч тал ямар нэгэн нотлох баримт гаргаагүй, зөвхөн аман хэлбэрээр тайлбарлаж байгаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт юм уу эсхүл хамгаалалтын захиргааны санал дүгнэлтэд үндэслээгүй байгаагаараа хууль зөрчиж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа манай талаас үндэслэж байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газар ашиглах эрх олгох, цуцлахад хамгаалалтын захиргааны саналыг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шийдвэр гаргахаар хуульчилсан. Хуулийн энэ агуулгаас харвал дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэсэн мэргэжлийн байгууллага байгаль орчин, экологи талаасаа саналаа гаргаад дээрх актад дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тайлбарлаж байгаа үндэслэлүүдийг нэг бүрчлэн тогтоож нотлох, эсхүл шалгаж тогтоох үүрэг нь байгаа. Иймээс дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ямар нэгэн санал гаргаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хийсвэр байдлаар тодорхойлж шийдвэрлэх нь нэг талаасаа дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны эрхэд халдсан, эрх хэмжээгээ хэтрүүлсэн акт гаргасан байна гэсэн үг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий актын "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Газрын төлбөрийн хувьд Х дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Газрын төлбөрийн итгэлцүүр, хил зааг, хэмжээ хязгаар” тогтоох тухай тогтоолыг Захиргааны хэргийн шүүх шинэ акт гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн. Үүнтэй холбоотой шинэ акт гаргаж, газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоох хүртэл түр хүлээ, тодорхой болсны дараа төлнө гэсний дагуу аж ахуйн нэгжүүд хүлээсэн байдалтай байсан. Энэ талаар Х дүүргийн Газрын алба, дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ямар нэгэн мэдэгдэл, итгэлцүүрийг тодорхой болгох зэрэг ажиллагаа хийгдээгүй учраас хүлээсэн байдалтай байж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийн асуудлаас зайлсхийсэн, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй. Газрын тухай хуулиар газрын төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцох хуулийн зохицуулалт байдаг. Энэ нь маргаан бүхий захиргааны акттай шууд хамааралгүй боловч хэрвээ газар ашиглах эрхээ сэргээлгээд, захиргааны байгууллагаас итгэлцүүрийн хэмжээг нь тодорхой болгочихвол энэ алдангийг төлөөд явахад татгалзах зүйлгүй.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27.1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17.3 дахь хэсэгт заасан заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин “Т” ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосугай гэсэн хууль бус тушаал гарсан гэж үзэж байгаа. Уг тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох гэсэн үйл ажиллагааг захиргааны байгууллага биелүүлээгүй. Өөрөө хэлбэл уг маргаан бүхий актыг гаргахдаа өмнө нь гаргасан 2017 оны 14 дүгээр тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ямар байдлаар зөрчсөнийг тогтоогоогүй. Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа захиргааны акт гаргахад шаардлагатай нөхцөл байдлыг нэг бүрчлэн тогтоох үүргээ биелүүлээгүй. Уг үүрэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам буюу хариуцагчид өөрт нь байгаа.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй. Сонсох ажиллагаа явуулаагүйгээс нэхэмжлэгч “Т” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Х ам нэртэй 3,4 га талбайд газар ашиглах зөвшөөрөл аваад эко аялал жуулчлалын бааз байгуулахаар бүх бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлээд, төслөө хэрэгжүүлээд явж байсан. Энд ямар нэгэн байдлаар Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас олгосон газар ашиглах гэрээний үүргээ зөрчсөн, түүнээс давсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, уг газар хэрэгжүүлэх төсөл, бусад менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу хамгаалалтын захиргаагаар дамжуулаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар хянуулсан учраас энэхүү төслийг хэрэгжүүлээд энэ үйл ажиллагаа явагдаж байсан.
Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг бүхэлд нь барьсан, 27 дугаар зүйлийн 27.1 гэсэн заалтуудыг үндэслээд тушаал гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл энэ агуулгаар нь харахаар ямар хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн, газар ашиглагчийн хувьд ямар үйл ажиллагаа явуулсан бэ эсхүл анхнаасаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам уг газрыг олгохдоо хууль зөрчиж олгосон гэсэн юм шиг агуулга харагдаад байгаа. Захиргааны байгууллага хууль зөрчсөн шийдвэрээ засаж залруулах, зөвтгөж байгаа бол үүнтэй холбогдуулан дээрх нөхцөл байдлуудаа шалган ямар хуулийн зүйл заалт зөрчсөн нь тогтоогдсон гэдгийг тогтоох үүргээ биелүүлээгүй. Иймээс Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа бол тэдгээрт мэдэгдэх, оролцоог нь хангах, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах гэх мэт захиргааны үйл ажиллагааны ерөнхий зарчмууд зөрчигдөх замаар нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн. Тиймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хангаж өгнө үү гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байгаа.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...“Т” ХХК-ийн ашиглаж байсан Б дархан цаазат газрын Х аманд байрлах 3,4 га газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгох заалтыг зөрчин Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг зөрчсөн гэж үзэн “Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар дуусгавар болгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаал гарах болсонтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасны дагуу Байгаль, орчин аялал жуулчлалын яамны mne.mn сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 тоот тушаал хүчингүй болгох тухай тушаалын гол үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл /дархан цаазат газар хориглох үйл ажиллагаа/, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг үндэслэн Тусай хамгаалалттай газар нутаг буюу Богдхан уулын дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгох заалтыг хэрэглэж Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн учраас анх олгосон тушаалыг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 тушаалаар хүчингүй болгосон. Анх олгосон тушаалыг харвал аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон байдаг буюу газар ашиглах гэрчилгээнд аялал жуулчлалын зориулалтаар гэдэг агуулгаар нь бичсэн байдаг. Энэ зориулалтын дагуу газраа ашиглахаар хуулиа зөрчөөд Б дархан цаазат газарт байшин барилга барих үр дагавар үүсээд байгаа. Тиймээс сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 тушаал нь хуулийг үндэслэсэн тушаал гэмээр байна. Байгалийн цогцолбор газарт авсан бол аялал жуулчлалын зориулалтаар байшин, барилгаа барих эрх нь нээлттэй байгаа.
Хуулиндаа тусгай хамгаалалтын талаар дархан цаазат газарт байшин барилга барихгүй гэж тодорхой заасан байдаг. Эсрэгээр нь байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар байшин барилга барихыг нь зөвшөөрсөн байдаг. Нөөц газар болон бусад газарт мөн хориглосон байдаг. Иймэрхүү тодорхой зүйлийг зөрчиж хуулийг хэрэгжүүлээд, нийслэлээс нь зөвшөөрөөд байшин барилгаа барьчихсан байгаа нь харагдаж байгаа. Гэхдээ практикийн хувьд ийм байна гэж явах нь бас боломжгүй.
Газрын төлбөрийн асуудлаар маргах зүйл байхгүй. Тушаалын үндэслэлтэй хамааралгүй. Угаасаа тушаалын үндэслэл бол хуулийн заалтыг зөрчөөд хууль бусаар газар олгосон гэсэн асуудал байгаа. Газрын төлбөрийг төлсөн, төлөөгүй эсэх нь дараагийн асуудал байх. Хүчингүй болгохдоо тусгай хамгаалалттай газрын захиргаа, дүүргийн Засаг даргаас санал аваагүй. Тодорхой баримттай захиргааны акт нь байгаа болохоор бусад байгууллагын дүгнэлт шаардлагагүй. Тиймээс энэхүү акт шууд гарсан. Хуулийнхаа тодорхой заалтыг үндэслээд аялал жуулчлалын зориулалтаар дархан цаазат газарт газар олгохгүй гэдэг үндэслэлээр цуцлахаар болсон. Анх олгосон тушаалыг буруу байна гээд “Т” ХХК-ийг цуцлъя гэсэн санал дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирээгүй, захиргааны байгууллага өөрөө өөрийнхөө буруу тушаалыг хуульд нийцүүлж хүчингүй болгож байгаа.
Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн горимыг шилжүүлье гэж яригдаж байсан ч энэ асуудал шийдэгдэхгүй яваад л байна. Одоогийн сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.7 дэх хэсэгт заасны дагуу хуульд нийцүүлж аялах зөвшөөрөл бүхий этгээд түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу сууц барих гэдэг байдлаар нь олгож байгаа. Газар ашиглах гэрчилгээнд нь хуульд заасан зориулалтыг нь бичиж байгаа. Газрын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаанд газрыг ашиглах зохицуулалттай байгаа. Газрыг өмчилсөн зүйл байхгүй. Хэзээ нэгэн цагт аж ахуйн нэгжүүд газраа төрдөө буцааж өгөх ёстой.
Мэдээж хуульд нийцүүлж хуулийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ нэгэнт барилга баригдсан асуудлын хувьд Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулаад явж байгаа юм байна лээ. Засгийн газраар дэмжигдсэн байна лээ. Үл хөдлөх хөрөнгийн хувьд илүү татвар төлөөд явах зэргийн зүйлс яригдаж байгаа. Суурьшлын бүсрүү шилжүүлэх эсхүл нүүлгэх зэрэг асуудал мөн яригдаж байгаа. Яваандаа цэгцлээд нэг тийш нь болгох үйл ажиллагаа явагдана. Түүнээс биш “Т” ХХК-ийг санаатай, санамсаргүй байдлаар сонгож хүчингүй болгосон явдал байхгүй. Цаашдаа цуцлах ажиллагаа явагдах байх.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Анх “Т” ХХК-д Байгаль орчны сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Х ам гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 3,4 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, Х дүүргийн Засаг дарга болон Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Т” ХХК 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрээ байгуулжээ.
“Т” ХХК-д ашиглах эрх олгосон 3,41 га талбай нь 4 нэгж талбар байсныг Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1170 тоотоор өгсөн саналыг үндэслэн 27 эргэлтийн цэг бүхий 1 нэгж талбар болгон нэгтгэсэн болохыг газар ашиглах гэрчилгээний хавсралтад тэмдэглэж, яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс баталгаажуулжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь “байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу барих үйл ажиллагаа явуулж болно” гэсэн хэсгийг баримтлан “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон” үндэслэлээр 46 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хавсралтаар хүчингүй болгосон, хавсралтын 5-д нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх анх олгосон сайдын 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч компанид анх газар ашиглах эрх олгосон Байгаль орчны сайдын 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1 дэх “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн заалтыг үндэслэн Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар ашиглах эрх олгосны дотор нэхэмжлэгчид “аялал жуулчлал”-ын зориулалтаар Б дархан цаазат газрын Х аманд 3.4 га газрыг 5 жилийн хугацаагаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдан мөрдөгдсөн, энэ хууль нь байгалийн болон түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, судлах зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, тэдгээрийн бүс, бүсийн дэглэм, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн байгууллагуудын, тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг зохицуулдаг, энэ хугацаанд эдгээр зохицуулалтад өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид анх дээрх шийдвэрээр дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон шийдвэр гаргах үеийн болон одоогийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалт өөрчлөгдөөгүй байна.
Энэ хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийг “дархан цаазат газар”, “байгалийн цогцолборт газар”, “байгалийн нөөц газар”, “дурсгалт газар” гэж ангилж, дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хувааж, тэдгээрийн дэглэмийг тогтоосон байна. Байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор газар нутгийг “дархан цаазат газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтад авдаг бөгөөд Б дархан цаазат газрын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан, нэхэмжлэгчийн 2017 онд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан газар нь Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхой зохицуулсан, тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг”, харин 12 дугаар зүйлийн 5, 9-д зааснаар “дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог” байна. Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар байр сууц барихаас өөрөөр барилга байгууламж барих боломжгүй байна.
Гэтэл Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой 33 дугаар зүйлийн 1 “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1 “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн зохицуулалтыг үндэслэн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгодог байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт зааснаар яам нь “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хянан батлах, зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг тогтоох” эрхтэй бөгөөд энэ хүрээнд Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан, энэ журам нь “дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд болон байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгох харилцааг зохицуулах”-аар байна. Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглуулах хуулийн болон журмын зохицуулалтаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосоор иржээ.
Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буюу .... зэрэг газруудад нэхэмжлэгчтэй адилхан нөхцлөөр буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг энэ хугацаанд буюу 1996 оноос хойш олгосон, цаашлаад Б дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүс нэрийн дор хязгаарлалтын бүсэд суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг холбогдох газар боловсруулж баталсан, улмаар ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн барилга байгууламж баригдахаар төлөвлөгдөж, барилгажиж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, сууршлын бүс болсон зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт юм. Тухайлбал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хууль тогтоомжийн хэрэгжилтийг Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүс З аманд шалгаад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 0-02/2193 тоот албан бичигт дээрх байдлын талаар “Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн нутаг дэвсгэрт газар олгохдоо төлөвлөлтгүйгээр газрыг олгосон, ... Төрийн захиргааны төв байгууллагын буруу үйл ажиллагаанаас болж хотын нэг дүүргийн хэмжээний суурьшлын бүс болон хувирчээ.” гэж дурьдагдсан байна.
Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичгийг баталсан, энэ баримт бичгээр Ш орон сууц, олон нийтийн ажил хэргийн бүс байхаар төлөвлөгдөж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор дээрх “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д нийцүүлэн тодорхой байршлуудын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан, энэ дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Х дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хороо Н орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг зөвшөөрсөн, хэдийгээр нэхэмжлэгчид ашиглах эрх олгогдсон байсан маргаан бүхий газар ороогүй ч үүнд Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн тодорхой хэсэг багтаж, олон нийтийн суурьшлын бүс байхаар төлөвлөгдсөн, энэ дагуу барилгажиж орон сууцны хорооллууд, олон нийтийн барилга байгууламжууд баригдсаар байна.
Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага” MNS 6426 : 2013 стандарт батлагдсан, энэ стандартын тусгай хамгаалалттай газар нутагт дархан цаазат газар хамаарахаар нэр томьёонд тусгагдсан бөгөөд стандартын 5.3.3-т байр сууц, байгууламж нь “аялал жуулчлалын бүтээгдэхүүний үндсэн шинж чанарыг хадгалсан, тухайн орчны байгаль ландшафтын дүр төрхөд нийцсэн, түүхийн соёлын өвийг хүндэтгэсэн хийц загвартай байх” гэсэн шаардлагыг тавьж, “барилгын газар дээрх давхар 2 давхраас өндөргүй байна” гэж өндрийн хязгаарлалтыг заасан ч “нийслэлийн төвийн дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагдах тусгай хамгаалалттай газар нутгийн хил зааг дахь суурин газрын бүсийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламжид давхрын өндрийн хязгаарлалт хамаарахгүй” гэсэн нэмэлтийг Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолоор оруулсан байдаг.
Энэ хугацаанд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхтэй холбоотой “газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу хуулиар тогтоосон хугацаанд ашиглаагүй, шугам сүлжээний газартай давхцалтай” гэх олон үндэслэлүүдээрх маргаануудыг захиргааны хэргийн шүүх “нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэн” буюу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн байдаг.
Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий стандарт тогтоосон Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 48 дугаар зүйлийн 2-т захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн өөрийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ч иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийн хувьд хүчингүй болгоход тодорхой хязгаарлалт тавьсан, тухайлбал, “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” бол хүчингүй болгож болохоор заасан байдаг.
“Т” ХХК-д Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд “аялал жуулчлал”-ын зориулалтаар 5 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчны сайдын 2017 оны А/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож буй сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын үндэслэл нь эерэг үйлчлэлтэй шийдвэрийг хүчингүй болгох хуулиар тогтоосон эдгээр хязгаарлалтад хамаарахгүй байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн төрийн үйл ажиллагаанд итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим мөн хангагдах учиртай.
Газар ашиглах гэрээнд “газрын төлөв байдлыг чанарын улсын хянан баталгаанд хамруулахаар, газар дээр хэрэгжүүлэх төслийн зориулалтын дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий этгээдээр батлуулсан, энэ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах үүрэг газар ашиглагч хүлээж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульд болон гэрээнд тодорхой заасан, шүүх хуралдааны явцад “Google earth”-ын агаарын зургаас судлахад нэхэмжлэгч тухайн газартаа Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын 2018 онд баталсан “Х” аялал жуулчлалын барилга, амрагчдын байрны эскиз зургийн дагуу модон бүтээцтэй мансардтай 6 байшин болон 1 байшингийн суурийг барьсан байдаг.
Нэхэмжлэгч “Т” ХХК-д анх газар ашиглах эрх олгоход Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 54 тоотоор санал өгсөн байдаг бөгөөд харин 2019 оны А/355 дугаар тушаалаар тус компанид газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгоход Б дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас аливаа санал хүргүүлээгүй талаар тус захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1883 тоотоор шүүхэд тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл газар ашиглагч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд заагдсан ажиллагааг хэрэгжүүлээгүй гэх газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй, мэргэжлийн байгууллага болох дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас аливаа санал хүргүүлээгүй байх тул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй байдаг.
Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 –д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстойн дээр төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим.
Дээрхээс дүгнэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт, тэр дундаа Б дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглах эрх олгосон ерөнхий зохицуулалт болох 33, 36 дугаар зүйлийг баримтлан “аялал жуулчлал”-ын зориулалтаар газар ашиглах эрх олгож, “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам” болон “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага” стандартын “дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүс” гэх ойлголтод “дархан цаазат газрын хязгаарлалтыг бүс”-ийг хамааруулан, хуулиар тогтоосон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчиж ирсэн, бодит нөхцөл байдалд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууц, олон нийтийн суурьшлын бүс бий болсон байхад нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах”, “захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх”, “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмуудад нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах газрын хил залгаа болон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бусад этгээдэд олгогдсон газар ашиглах эрх хэвээр, тэдгээр нь үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэх боломжгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА