Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2013/0358/З |
Дугаар | 221/МА2015/0087 |
Огноо | 2015-02-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2015/0087
2015 оны 2 сарын 12 өдөр Дугаар ДЗШ/МА2015/087
МОХНН
УТЗ ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Н, Д.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, МОХНН УТЗ ын нэхэмжлэлтэй ГЕГБДШГ-ын гаалийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МОХНН УТЗ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монгол Улсын гадаад харилцааны яам 1997 оны 03 дугаар сарын 28-нд ГЭ-581 тоотоор МЗХН УТЗ нийгэмлэг байгуулах тухай болон түүний үйл ажиллагаатай холбогдсон Засгийн газар хоорондын 20 гэрээ хэлэлцээр байдаг. БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн ж, 10 дугаар зүйлд дурдсан татвараас чөлөөлөх тухай заалтыг Олон улсын гэрээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын яам тусгай газар болон тухайн гэрээгээр зохицуулж байгаа асуудлын хүрээнд хамрагдах бусад байгууллага, монголын талаар гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах ёстой. 2008 оны 12 дугаар сарын 22-нд 07/5427 дугаар УТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд олон улсын гэрээнд хамаарна гэсэн тоотуудаар энэхүү хэлэлцээрийн дагуу УТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь ямар нэгэн татвар хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлийг нотлож байна... Мөн ГЕГ-ын 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/192, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/05 тоот МУХН УТЗ нийгэмлэгийн хэрэгцээнд импортлосон тоног төхөөрөмж, эд материалыг БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлж 401 горимоор гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн байгааг анхааран үзэхийг хүсч байна... Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 тоот хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Гаалийн улсын байцаагч нарын 28/13 дугаар бүхий захиргааны актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу захиргааны маргаан бүхий акт гэж үзэж, түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж буй үндэслэл нь 28/13 дугаар бүхий акт нь Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлан гарсан байгаа юм... гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шалгалтын явцад тус нийгэмлэгийн дээрх төвүүд нийт 2,537,845,787.47 төгрөгийн бараа, материал импортлож, үүнээс зөвхөн 594,488,882.12 төгрөгийн бараа, материалыг гаалийн байгууллагад мэдүүлж 92,145,776.7 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн бөгөөд үлдсэн 1,943,356,905.35 төгрөгийн бараа, материалыг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй зөрчил илэрсэн. Энэ зөрчилд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 тоот төлбөрийн актаар 391,586,416.43 төгрөгийн нөхөн төлбөрийг тогтоосон. БНМАУ, ЗСБНХУ хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу тус нийгэмлэгийн нэр дээр импортлож буй бүх бараа, материал гаалийн болон бусад татвараас чөлөөлөгддөггүй... гэжээ.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа: ...Гаалийн улсын байцаагч нарын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Маргаан бүхий акт гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна. Уг зүйлд Маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол... бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана гэж заасан. Энэ зүйлд нэг талаас маргаан бүхий акт бүрийг хүчингүй болгоно гэж заагаагүй, нөгөө талаас маргаан бүхий актыг хүчингүй болгох тохиолдлыг тодорхой заасан бөгөөд энэ зүйлийн дагуу гаалийн улсын байцаагч нарын 28/13 тоот актыг хүчингүй болгуулах үндэслэл шалтгааныг нэхэмжлэгч талаас тодорхойлж гаргаагүй байна... Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 523 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 293 дугаар зүйлийн 293.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УТЗ нийгэмлэгийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч гаалийн улсын байцаагч Д.Н, Д.Д нар давж заалдах гомдолдоо: ...Шийдвэрийн үндэслэх хэсгийн эхэнд УТЗ нийгэмлэг байгуулах тухай 1949 оны хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу олон улсын гэрээнд хамаарч буйг дурдаад ...энэхүү хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн ж-д Төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг шалган үзэх ба татвар хураагүйгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлж оруулж байх...-ыг зөвшөөрнө. Түүнчлэн төмөр замын орлого хийгээд мөн замаар болон 8 дугаар зүйлийн д-д заасан гол мөрнүүдээр ачаа тээш ба хүмүүсийг тээвэрлэх явдал болон төмөр замын өмчид буюу ашиглалтад байгаа газруудын хийгээд төлбөрийн эд хогшил Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор байгаа буюу ирээдүйд бий болж болох ямар нэгэн албан татварыг үл ногдуулна гэж УТЗ нийгэмлэгийн аливаа татвар хураамжтай холбоотой асуудлыг хуульд зааснаас өөрөөр зохицуулсан байх тул УТЗ нийгэмлэг нь актад дурдаад буй гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй байсан байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Учир нь, уг хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн ж-д зөвхөн Төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материал-ын талаар заасан, тухайн актад холбоотой худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийн импортолсон бараа, материалтай ямар ч хамааралгүй юм. Түүгээр ч зогсохгүй, хэлэлцээрийн 10 дугаар зүйл бол импортын барааны гаалийн болон НӨАТ-тай ямар ч хамааралгүй заалт бөгөөд энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа болон ирээдүйд бий болох УБТЗ-ын салбар буюу ул хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой заалт болох нь цагаан дээр хараар тодоос тод бичигдсэн байгаа. Нийгэмлэг байгуулах тухай 1949 оны хэлэлцээрийн дагуу УБТЗ-ын импортлосон бүх бараа гаалийн болон бусад татвараас бүрэн чөлөөлөгддөггүй, зарим үүрэг чиглэлийн нэр төрлийн бараанд гаалийн болон НӨАТ-ыг төлдөг, төлсөөр ч байна. УТЗ нь 1998 онд 1949 оны хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн ж болон 10 дугаар зүйлийн талаар тайлбар гаргуулахаар Монгол Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Уг хусэлтийн хариуг Монгол Улсын Дээд шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3847 тоотоор тус нийгэмлэгт хүргүүлсэн бөгөөд уг тоотын сүүлийн догол мөрөнд УБТЗ ХНН-ийн импортолсон бараа нь зөвхөн өөрийнх нь үйл ажиллагаанд хэрэглэгдэх, ашиг олох зорилгогүй байх бөгөөд тийм барааг албан татвараас чөлөөлөх асуудлыг нэгэнт ОУ-ын гэрээ, хэлэлцээр болон МУ-ын хуулиар зохицуулсан байгаа тул Дээд шүүхийн тайлбар гаргах шаардлагагүй гэж дурдсан байдаг.
УБТЗ-ын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүд нь зочид буудал, хүнсний болон тавилгын дэлгүүр, талхны үйлдвэр гэх мэт үйл ажиллагаа явуулдаг цэвэр ашгийн төлөө байгууллага бөгөөд тухайн жилд олох ашгийн төлөвлөгөөг нийгэмлэгээс жил бүр батлан өгч, жилийн эцэст олсон цэвэр ашгаа нийгэмлэгт төвлөрүүлдэг зарчимтай. Иймээс УБТЗ-ын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүд 2009-2012 оны хооронд гаалийн байгууллагад мэдүүлсэн бараандаа нийт 92,145,776.7 төгрөгийн гаалийн болон НӨАТ-ыг төлсөн байна. УТЗ өмнө нь төлөх ёстой гэж үзэн гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, материалдаа холбогдох татварыг төлсөөр ирсэн хирнээ шалгалтын явцад татвар төлж байсан бараатай холбоотой ямар нэг алдаа дутагдал гарангуут 1949 оны хэлэлцээрийн зүйл, заалтыг дур мэдэн тайлбарлаж байна. Гэтэл дээрх нотолгоонуудын алийг нь ч шүүгч анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт УБТЗ-ын хэрэгцээнд импортлох бараа, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөхийг зөвшөөрч байсныг ГЕГ-ын даргын 2009-2013 онд гаалийн газар, хороодод хүргүүлж байсан албан тоотоор нотолсон гэсэн нь албан тоотын утга агуулгыг ойлгоогүй зүйл болсон байна. Учир нь, ГЕГ-ын дарга жил бүрийн эхэнд гаалийн газар, хороодын дарга нарт зориулж хөнгөлөлт чөлөөлөлтийн горимын код, хэлцлийн кодыг гаалийн бүрдүүлэлтэд хэрхэн ашиглах талаар арга зүйн зөвлөмж хүргүүлдэг. Шийдвэрийн үндэслэх хэсэгт энэхүү зөвлөмжийг дурдсан бөгөөд энэ зөвлөмжид зөвхөн УБТЗ-ын асуудлыг тусгаагүй, бусад аж ахуйн нэгж, байгууллагын нийт хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой горимын болон хэлцлийн кодын талаар тусгасан байдаг. Энэхүү арга зүйн зөвлөмж нь өөрөө импортын барааг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх ямар ч эрх зүйн үндэслэл болж чадахгүй. УТЗ ын бүх импортын бараа, материал 1949 оны хэлэлцээрийн дагуу гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгддөгтүй, зарим бараа нь гаалийн болон НӨАТ төлдөг, төлсөөр ч ирсэн, төлж ч байгаа. Монгол Улсад татвар төлөх эрх зүйн зохицуулалтыг зөвхөн хуулиар тогтоодог байсаар байтал албан тоотын агуулгыг өөрчилж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хууль хэрэглээний томоохон алдаа болж байна. Мөн гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг зөвшөөрсөн байдлыг дээрх арга зүйн зөвлөмжөөр нотолгоо болгож байгаа нь тухайн арга зүйн зөвлөмж өөрөө ямар эрх зүйн хүчин чадалтай бичиг болох, түүнийг ямар зорилгоор хэн, хэнд зориулж үйлддэг болохыг бүрэн судлаагүй, өөрөөр хэлбэл, тухайн баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан байна. Түүнчлэн ямар ч хамааралгүй 239 дугаар зүйлийн 239.2 дахь заалтыг дурдсан нь тухайн хэргийг нягтлан сайн судлаагүй, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг харсан төдий үндэслэл болсон.
Бүрдүүлэлтийн дараах шалгалт нь УБТЗ-ын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийн өөрсдийнх нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн бичиг баримтад үндэслэсэн. Шалгалтын явцад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн бичиг баримтуудыг нягтлан шалгаж, холбогдох тооцоолол дүнг нягтлан бодогч нартай тулган шалгасны үндсэн дээр 28/13 тоот акт үйлдэгдсэн. Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Гаалийн тухай хуулийн 293.1, 293.2 дахь заалтын дагуу хариуцлага хүлээлгэдэг бөгөөд уг заалтууд гэм буруугийн субъектив талаараа өөр хоорондоо ялгаатай. УБТЗ-ын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдэд хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын явцад гэм буруугийн санаатай үйлдэл нотлогдоогүй тул Гаалийн тухай хуулийн 293.2 дахь заалтыг үндэслэн 28/13 тоот актыг үйлдсэн. Гаалийн тухай хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдээгүй л бол тус хуулийн 293.2 дахь заалтын дагуу зүйлчилнэ.
Шийдвэрийн дүгнэлт хэсэгт гаалийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлт, мэдүүлэгч гэсэн тодорхойлолтуудыг дурдаад үүнээс үзэхэд дээрх шалгалтыг хуулийн хүрээнд явуулаагүй байна гэж үзжээ. Гаалийн байгууллага үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийг мөрдлөг болгон ажилладаг. Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд гол хэрэглэгддэг конвенци бол Гаалийн горимыг уялдуулах, хялбарчлах тухай Киото конвенци бөгөөд энэ конвенцид Дэлхийн 100 гаруй улс орнууд нэгдэн орсон нь дэлхийн хэм хэмжээг зохицуулж байгааг харуулж байна. Киото конвенц болон Гаалийн тухай хуулийн 55.1-д заасны дагуу мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад ямар ч горим харгалзахгүйгээр мэдүүлнэ гэж заасан. Мөн Киото конвенц болон Гаалийн тухай хуулийн 57.2.1-д мэдүүлэгч гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй гэж тус тус заасан. Хэдийгээр УБТЗ нь 1949 оны хэлэлцээрийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч түүний дагуу УБТЗ-д Монгол Улсын хилээр оруулах барааг гаалийн байгууллагад дутуу буюу буруу мэдүүлэх эрх олгогдоогүй. Өөрөөр хэлбэл, УБТЗ улсын хилээр оруулах бүх төрлийн барааг үнэн зөв мэдүүлэх хуулиар олгосон үүрэгтэй. УТЗ нийгэмлэг нь Монгол Улсын хууль тогтоомж төдийгүй Олон Улсын конвенцийг зөрчсөн. Гагцхүү тэд импортолж байгаа бараагаа үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэйг Гаалийн тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын конвенц болох гаалийн горимыг уялдуулах, хялбарчлах тухай Киото конвенцид маш тодорхой заасаар байтал шүүгч олон улсын хэм хэмжээг зөрчиж шийдвэр гаргасан байна.
Гаалийн тухай хуулийн 249.4-т Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална гэж заасан бөгөөд ГЕГ-ын даргын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 тоот тушаалаар Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам батлагдсан. Дээрх журмын 2 дугаар хавсралтаар Гаалийн улсын байцаагчийн актын загвар-ыг баталсан. Уг журмыг Хууль зүйн яам 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 3217 дугаарт бүртгэж, бүх нийтээр дагаж мөрдөх эрх зүйн харилцааг бий болгосон тул 28/13 тоот акт үйлдэгдсэн нь ямар нэг хэм хэмжээг зөрчөөгүй. Иймээс шүүх маргаан бүхий 28/13 тоот акттай холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ яг ямар үндэслэлээр тухайн актыг гаргасан болох, горимын кодуудын ялгаа эрх зүйн үндэслэл юу вэ гэдгийг хянаж үзэлгүй, тэс өөр өнцгөөс 1949 оны хэлэлцээрт байхгүй ойлголтыг гарган ирж, түүний холбогдох зүйл заалтуудад хамруулсан нь тухайн хэргийг бодитой бус байдлаар шийдвэрлэснийг харуулж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн сүүлд ГЕГ-ын даргын 2008 оны 676 дугаар тушаалын дагуу олон улсын гэрээний дагуу гаалийн болон бусад татвараас чөлөөлөх бүрдүүлэлтийн 401 горимын кодыг дурдаж, УБТЗ энэ тушаалын дагуу 401 горимыг сонгон барааг мэдүүлж, татвараас чөлөөлөгдөж байсныг татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж, барааг дутуу мэдүүлсэн эсхүл болгоомжгүй үйлдсэн зөрчилд хамаарахгүй болох нь тогтоогдож байна гээд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т заасныг үндэслэн горим буруу сонгосон хариуцлага тооцох үндэслэлгүй байхад нөхөн татвар ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Тухайн акт нь горим буруу мэдүүлсэн гэсэн ямар ч утга байхгүй бөгөөд зөвхөн барааны нэр төрөл, тоо хэмжээг дутуу мэдүүлсэн гэж тогтоогдсон акт юм. Энэ нь гаалийн бүрдүүлэлтийн горимын кодтой холбоотой эрх зүйн үндэслэлийг бүрэн судлаагүй, маргаан бүхий акттай холбогдох хэрэгтэй бүрэн танилцаагүй, 1949 оны хэлэлцээрийн дагуу бүх төрлийн импортын бараа гаалийн болон бусад татвараас чөлөөлөгддөг мэт буруу ойлголттойгоор шүүхийн шийдвэр гаргасан нь харагдаж байна. ГЕГ-ын даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 676 тоот тушаалаар батлагдсан Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам-ын нэгдүгээр хавсралтад заасны дагуу Олон улсын Киото конвенцийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөх барааг 401 горимын кодоор бүрдүүлэлт хийнэ. УБТЗ нь 1949 оны хэлэлцээрийн дагуу гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх зарим нэр төрлийн барааг дээрх журмын дагуу гаалийн бүрдүүлэлтийн 401 кодоор бүрдүүлэлт хийдэг. Гэхдээ УБТЗ-ын импортлож байгаа бүх бараа 1949 оны хэлэлцээрт хамаарахгүй бөгөөд холбогдох гаалийн болон бусад татварыг төлж, гаалийн бүрдүүлэлтийн горимын 400 кодоор бүрдүүлэлт хийдгийг нэхэмжлэгч тал ч ойлгож, гаалийн бүрдүүлэлтийн 400 горимын кодоор бүрдүүлэлт хийж татвараа төлсөн, харин дутуу мэдүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон талаар хатуу анхаарах ёстой байсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч талаас дараах баримтыг албадан гаргуулахаар хүсэлт гаргаж байсан ч шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, шаардлагатай гэж үзвэл гаалиар бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэхдээ бүрдүүлдэг бичиг баримтуудаа өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй гэж үзсэн байна. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад тухайн актыг үгүйсгээгүй бөгөөд зөвхөн актын дүн дээр илүү, дутуу зөрүү байна гэж хүлээн зөвшөөрч байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд үлдсэн байгаа. Энэ үүднээс захиргааны хэрэгт шинжилгээ хийлгэхээр шүүгчийн захирамж гаргаж, Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн гаалийн мэдүүлгүүдийг тайлагнагдсан байна гээд нэхэмжлэгч тал УТЗ нийгэмлэгээс гаргаж өгсөн санхүүгийн баримтууд нь санхүүгийн тамгатай, эх хувиар биш хуулбар, мөн зарим баримтууд дутуу байна гэдгээр тухайн актын дүнг санхүүгийн баримтаар тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд шинжээч нь ЗХХШТХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шинжлүүлэхээр өгсөн материал хангалтгүй гэж үзээд дүгнэлт өгөхөөс татгалзаж болох байсан ч шууд дүгнэлт гаргасан. Шүүгч ЗХХШТХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасан үүргээ хангалттай биелүүлээгүйгээс дээрх санхүүгийн баримтуудыг эх хувиар нь, байхгүй баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргуулах бүрэн боломжтой байсан ч гаргуулаагүй, шүүх хуралдааны эхэнд дүгнэлтийн талаар хариуцагч талаас тайлбар аваагүй, өөрийн эрхийн хүрээнд гүйцэт танилцуулалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн, шүүх хурал хаасны дараа Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгээс анхан шатны баримтын эх хувийг ирүүлэх тухай албан бичгээр хангасныг танилцуулсан нь хуулийн процессын алдаа гаргасныг нотлож байна. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалт болон Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэсэн заалтыг баримтлах ёстой байсныг мөн зөрчсөн байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр нь олон улсын конвенци болон дээр дурдсан хуулийн олон заалтуудыг зөрчиж, процесын алдаа гаргасан тул хүчингүй болгож, гаалийн улсын байцаагчийн хууль ёсны 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 тоот актыг хэвээр батлаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай гэж үзэж, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 3570 дугаар захирамжаар шинжээчийг томилсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүхийн тодруулахыг хүссэн нөхцөл байдлыг баталсан, үгүйсгэсэн ямар нэгэн дүгнэлт гараагүй байхад шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэжээ.
Шүүхээс өмнө нь шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байснаа дараа нь шинжээчийн дүгнэлт шаардлагагүй гэж үзэх болсон нөхцөл байдал нь тодорхойгүй байна.
Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд уг актыг гаргахдаа Замын-Үүд дэх Жинчин төв, Зүүнхараа, Сайншанд дахь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төв, Улаанбаатар хот дахь Бизнес худалдааны төв гэсэн 4 салбарын санхүүгийн баримтаас Эрээн хотоос татан авсан материалын жагсаалт гэх хүснэгтийг үндэслэн бүх импортын барааны үнийг тодорхойлж, гаалийн мэдүүлгээр тодорхойлогдсон барааны үнийн дүнгийн зөрүүгээр зөрчлийг тооцсон байна. Гаалийн улсын байцаагчийн акт нь санхүүгийн анхан шатны баримтад тулгуурлан хийгдээгүй байна гэж дүгнэсэн байхад хариуцагч талаас ...гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хуулийн дагуу явуулсан, ...санхүүгийн анхан шатны баримтыг үзэж шалгасан, ...нягтлан бодогч нараар гарын үсэг зуруулсан... гэж тайлбар гарган маргажээ.
Шүүх дээрх байдалд болон гаалийн улсын байцаагч нарын шалгалт хуулийн дагуу явагдсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.
Хэдийгээр шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.12, 3.1.8 дахь заалтуудыг иш татаж, ...дээрх шалгалтыг хуулийн хүрээнд явуулаагүй байна гэж дүгнэсэн боловч чухам яагаад хуулийн хүрээнд явуулаагүй гэж үзсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал, гаалийн зорилгоор явуулсан бүрдүүлэлтийн дараах шалгалт бүхэлдээ хуулийн хүрээнд явагдаагүй, эсхүл Жинчин төв гэх мэт тодорхой салбарт явуулсан шалгалт нь хуулийн хүрээнд явагдаагүй алин болох нь тодорхойгүй байна.
Шүүх 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр БНМАУ-ын Засгийн газар, Зөвлөлт Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн ж, д-д заасныг үндэслэн УТЗ нийгэмлэгийн аливаа татвар хураамжтай холбоотой асуудлыг хуульд зааснаас өөрөөр зохицуулсан байх тул УТЗ нийгэмлэг нь актад дурдаад байгаа гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй байсан байна... гэж дүгнэжээ.
Гэтэл уг хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн ж-д төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг ...гааль татвар хураахгүйгээр хэмээн заасан байтал импортолсон бараа нь чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материал эсэх талаар шүүх огт дүгнэлгүй, аливаа татвар хураамжтай холбоотой бүх асуудлыг хуульд зааснаас өөрөөр заасан, ...гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй байсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Тухайлбал, импортолсон барааны жагсаалтаас үзвэл хөзөр гэх мэт бараа орсон байх бөгөөд хэлэлцээрт заасанчилан төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтанд чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалууд гэдэгт ямар учраас хөзөр мэтийн бараа багтах болсон, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас ямар үндэслэлээр чөлөөлөгдөх талаар шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас 13 сая төгрөгийн үнийг дүнг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Гэтэл гаалийн улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 28/13 дугаар актад дурдсан 391.586.416 төгрөгийг төлөх эсэх талаар ямар ч тооцоолол хийгээгүйгээс гадна нэхэмжлэгчийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн 13 сая төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь буруу болжээ.
Иймд, анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэв.
Түүнчлэн шинжээч томилсон захирамжид илэрсэн зөрчлүүд холбогдох хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэх гэсэн асуулт тавьсан нь ойлгомжгүй, ийм асуултыг
шинжээчид тавих нь зохисгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР