Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Д.Буянтогтох нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан  

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,  

иргэдийн төлөөлөгч Ж.Уранцэцэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ариунцацрал,

шүүгдэгч Б.Арсланбаатар, Э.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхбаярын Мөнхтөр, Батбаярын Арсланбаатар нарт холбогдох 201519000565 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч Э.Мөнхтөрийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн 4-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхбаярын Мөнхтөр, /РД:НМ90030638/

 

Шүүгдэгч Б.Арсланбаатарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Шүүшин хайрхан гэх газар эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баяд овогт Батбаярын Арсланбаатар, /РД:НМ94081115/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Э.Мөнхтөр ялтай байх хугацаандаа шүүгдэгч Б.Арсланбаатартай бүлэглэн согтуугаар Төв аймгийн Жаргалант сумын төвд 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Өөдөлийн Iphone 5-s маркийн гар утас болон түрүүвчинд байсан 350 юаныг дээрэмдэж бусдад 909,200 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                           

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болсон өдөр Б.Арсланбаатар бид хоёр архи уусан. Тэгээд хохирогч гэх хужаа залуу дээр очоод гарт нь байсан түрүүвчийг нь би булааж аваад түрүүвчинд байсан 350 юаныг аваад буцаагаад түрүүвчийг нь өгөөд машиндаа суугаад явсан. Б.Арсланбаатар гар утсыг нь булааж аваад цаашаа ганцаараа явсан. Сүүлд нь Б.Арсланбаатарын найз Соронзонболд мотоцикльтой очиж авсан гэсэн. Ийм л юм болсон ямар нэгэн байдлаар бид тэр хужааг цохиж зодсон, айлгасан зүйл байхгүй гэжээ.

 

Шүүгдэгч Б.Арсланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Мөнхтөр бид хоёр тэр хужаа залуу дээр очоод Э.Мөнхтөр түрүүвчнээс нь мөнгө аваад буцаагаад  түрүүвчийг нь өгсөн. Харин би гар утсыг нь аваад Э.Мөнхтөрөөс салаад тусдаа ганцаараа явж байхад манай найз Соронзонболд ирээд намайг авч явсан гэжээ.  

 

            Биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт: Э.Мөнхтөрийн гадна биед үзлэг хийхэд Э.Мөнхтөр нь дээгүүрээ юүдэнтэй ногоон өнгийн куртектэй, куртикны баруун халааснаас 200 юань, 1000 төгрөгний дэвсгэрт байх ба доогуураа саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, дотуураа эрээн өнгийн дотоожтой, хөлөндөө ногоон саарал өнгийн кейттэй, дотуураа саарал өнгийн оймстой байв....гэх тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/

 

            Мөнгөн дэвсгэрт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Баясгалан овогтой Мэндбаяраас 1 ширхэг 100 юань, 1 ширхэг 50 юань хураан авав... гэх тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: Хохирогч Өөдөлийн Iphone 5-s маркийн гар утас болон 350 юанийг хүлээлгэн өгөв... гэх тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: Таньж олуулах ажиллагаанд доорхи 6 нэр бүхий хүнийг оролцуулж ширээн дээр тавьсан 1-6 дугаарын тоог авахуулж, хүмүүсийг дурын байрлалд зогсоов. Миний гар утас болон 350 юаныг авсан гэх хүмүүс энэ 6 хүний дунд байна. Би тэр 2 хүнийг зүс царай, бие галбираар нь таньж байна. Миний гар утсыг авсан хүн 3 дугаарын тоог барьсан сэжигтэн Б.Арсланбаатарыг заав. 350 юаныг авсан хүн гэж 5 дугаарын тоо барьсан сэжигтэн Э.Мөнхтөрийг заав... гэх тэмдэглэл /хх-ийн 10-13 дугаар хуудас/

 

Хохирогч Өөдөл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг хүмүүс Өөдөл гэж дууддаг. Миний нэрийг Монгол бичгээр бичихдээ Өөдөл гэж бичдэг юм. Үл таних 2 залуу ирээд хятадууд байна, архи авч өг гэхэд нь би Монгол хэлээр бага зэрэг ярьдаг учир хотоос хүн ирэхээр архи авч өгье гэсэн юм. Тэгтэл тэр 2 над руу ирэхээр нь бид 5 цаашаа явсан, намхан нуруутай, бие бялдарын хөгжил сайтай залуу миний баруун гарт байсан Iphone 5-s маркийн гар утсыг булааж аваад, харин миний зүүн гарт байсан түрүүвчийг халзан толгойтой залуу нь булааж аваад түрүүвчинд байсан 350 юаныг аваад буцааж түрүүвчийг минь өгсөн. Тухайн үед тэр 2 залуу миний биед ноцтой халдсан асуудал байхгүй, боловч архи авч өг гээд архи ууж байгаа юм шиг хөдөлгөөн гаргахаар нь би тэр хүмүүсээс аятайхан зодуулж нүдүүлэхгүй явчих юмсан гэж бодоод түрүүвчээ гаргахад тэр 2 залуу миний түрүүвч, гар утсыг авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/

 

Гэрч Б.Мэндбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ жорлон ухаад байж байтал Мөнхтөр над руу яриад хаана байна гэхээр нь би гэрээ зааж өгсөн юм. Удалгүй Мөнхтөр машинтайгаа ирээд 2.5 литрийн Боргио нэртэй пиво гаргахаар нь бид 2 хамт уугаад дэлгүүр дээр очоод 0.5 литрийн Ерөөл нэртэй архи худалдаж аваад манай гэрийн хашаанд ирээд хувааж уусан. Мөнхтөр надад 100 юань өгөөд 2 пиво авчих, гэхээр нь би өөрөөсөө мөнгө гаргаад 2 ширхэг 2.5 литрийн Боргио нэртэй пиво аваад рамын уулан дээр очиж уусан. Мөнхтөр надад тамхи авч татаарай гээд 50 юань өгсөн. Мөнхтөр буцаад явахдаа Арсланбаатарыг гоё утастай болсондоо гээд байсан ба Мөнхтөр хятад залуугаас 350 юань авсан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

Гэрч Б.Соронзонболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Хятад хүмүүстэй муудалцах гээд байхаар нь би боль гээд салгасан юм. Арсланбаатар, Мөнхтөр нар тус хятад хүмүүсийн араас явсан. Хэл амаар доромжлоод зогсож байхаар нь би очиж салгасан юм. Хятад хүмүүсийн орчуулагч нь гэх нэг залуу ирээд сая манай хятад залуугийн мөнгө утсыг нь дээрэмдээд авсан байна гэхээр нь Мөнхтөр, Арсланбаатар 2 нэг хятад залуугийн мөнгийг нь утастай нь авсан талаар мэдсэн. Мөнхтөр тэр хятад залуугаас архи аваад өг гээд нилээд зандрангуй хэлж байсан. Урьд өмнө Арсланбаатар бид 2 тус бүр 2 шил Нийслэл нэртэй пиво уусан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-84 дүгээр хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Төв аймгийн Прокурорын Газраас Э.Мөнхтөр ялтай байх хугацаандаа шүүгдэгч Б.Арсланбаатартай бүлэглэн согтуугаар Төв аймгийн Жаргалант сумын төвд 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Өөдөлийн Iphone 5-s маркийн гар утас болон түрүүвчинд байсан 350 юаныг дээрэмдэж бусдад 909.200 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.

 

Харин Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нарыг бусдын эд хөрөнгө булаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хохирогч Өөдөлийн- “Үл таних 2 залуу ирээд хятадууд байна, архи авч өг гэхэд нь би Монгол хэлээр бага зэрэг ярьдаг учир хотоос хүн ирэхээр архи авч өгье гэсэн юм. Тэгтэл тэр 2 над руу ирэхээр нь бид 5 цаашаа явсан, намхан нуруутай, бие бялдарын хөгжил сайтай залуу миний баруун гарт байсан Iphone 5-s маркийн гар утсыг булааж аваад, харин миний зүүн гарт байсан түрүүвчийг халзан толгойтой залуу нь булааж аваад түрүүвчинд байсан 350 юаныг аваад буцааж түрүүвчийг минь өгсөн. Тухайн үед тэр 2 залуу миний биед ноцтой халдсан асуудал байхгүй....Миний амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон асуудал байхгүй... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /17-18 дугаар хуудас/,  гэрч Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Тан Кө Үй-гийн “ Би Төв аймгийн Жаргалант сум руу Жоу Жон Чи, Ли Вэн, Жао Ши, Өөдөл нарын хамт Дэлгэр-Тур амралтын газар амрахаар явсан юм. Замд бидний машин эвдэрсэн ба нэрийг нь мэдэхгүй газар байж байтал 2 Монгол залуу ирсэн. Нэг нь халзан толгойтой, нөгөө нь махлаг биетэй залуу байсан Тэгээд би Монгол хэл мэдэхгүй учир тэр 2 хүнтэй уулзаагүй ба тэр 2 хүнтэй Монгол хэл бага зэрэг мэддэг Өөдөл уулзсан. Тэгээд би Жоу Жон Чи, Ли Вэн, Жао Ши нарын хамт зайдуу очоод зогссон ба харин тэр 2 залуу Өөдөлийн Iphone 5s маркийн гар утас, түрүүвчтэй мөнгийг нь булаад аваад түрүүвчийг нь өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч Б.Мэндбаяр- “Тухайн үед хятад залуучууд зүгээр байсан ба Б.Арсланбаатар, Мөнхтөр нар нь хятадуудыг зодож, цохисон талаар хараагүй. Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нар бага зэргийн согтуу байсан гэх мэдүүлэг хх-ийн 23 дугаар хуудас/ гэрч Б.Соронзонболдын  “Тухайн үед Өөдөл гэх хохирогч залуу зүгээр зогсож байсан ба түүний биед ил харагдах шарх, сорви байгаагүй, Б.Арсланбаатар, Э.Мөнхтөр нар нь хятад залууг цохисоныг би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/ гэрч Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Хүбей- “Бидний автомашиныг Жоу Жон Чи жолоодож явсан ба нэрийг нь мэдэхгүй газар машин эвдэрээд зогсож байтал 2 монгол залуу ирсэн. Нэг нь халзан залуу, нөгөө нь махлаг биетэй, залуухан хүн байсан. Би монгол хэл мэдэхгүй учир тэр 2 хүнтэй уулзаагүй, би Жоу Жон Чи, Ли Вэн, Тан Кө Үй нарын хамт зайдуулхан очоод зогссон. Харин бидэнтэй хамт явж байсан Өвөрмонгол Өөдөл тэр 2 хүнтэй уулзсан ба харин тэр 2 залуу Өөдөлийн iphone 5s гар утас түрүүвчтэй мөнгийг нь булааж авааад түрүүвчийг нь өгсөн. Тэр 2 залуу Өөдөлийг зодож цохисон асуудал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/ зэргээр шүүгдэгч Э.Мөнхтөр ялтай байх хугацаандаа шүүгдэгч Б.Арсланбаатартай бүлэглэн согтуугаар Төв аймгийн Жаргалант сумын төвд 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Өөдөлийн Iphone 5-s маркийн гар утас болон түрүүвчинд байсан 350 юаныг булааж бусдад 909,200 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

 Иймд Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар “ Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно “ гэсэн зарчмын дагуу Эрүүгийн байцаан шийтэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ..” гэж зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Э.Мөнхтөр нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүгдэгч Э.Мөнхтөрийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь түүний эрх зүйн байдалд илүү тохирно гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Арсланбаатар, Э.Мөнхтөр нар 2015 оны 09 дүгээр 14-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сэжигтнээр 14 хоног цагдан хоригдож, шүүгдэгч Б.Арсланбаатар нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгч Э.Мөнхтөр нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож өнөөдрийн байдлаар нийт 69 хоног цагдан хоригдсон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхтөрийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нарыг тус бүр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нарыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дах хэсэгт зааснаар ялтан Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай. 

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Мөнхтөр нь 69 хоног, ялтан Б.Арсланбаатар нь 14 хоног цагдан хоригдсон хоногийг баривчлах ялд тус тус оролцуулан тооцсугай.

8. Ялтан Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  дурдсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Э.Мөнхтөр, Б.Арсланбаатар нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                           ШҮҮГЧИД                                 Ю.ЭНХМАА

                                                                                           

                                                                                         Д.БУЯНТОГТОХ