Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 758

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Б.Т гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00211 дүгээр шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Г.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М банкинд холбогдох,

М банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б553 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Б г ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, М банкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 6 601 500 төгрөг, “М банкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журам”-д заасны дагуу 2 сарын үндсэн цалинтай тэнцэх 3 300 750 төгрөг, нийт 9 902 250 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр М банкинд холбогдуулж Г.Б  нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.Б  нь 2013 оноос эхлэн М банкинд гүйцэтгэлийн хяналт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. М банкны ерөнхийлөгчийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б467 дугаар тушаалаар Олон нийтийн мэдээллийн төвийн Мэдээллийн албаны төлөөлөгчийн албан тушаалд томилон ажиллуулсан байдаг. Уг тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Г.Б  нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож байгаа талаар дуудаж мэдэгдсэн. Үүний дараа 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу ажлаас халсан гэж мэдэгдсэн мөртлөө мэргэжлийн хувьд тэнцэхгүй байна гэж тушаал гаргасан байдаг. Хэрэв ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд 1 сарын өмнө энэ тухай мэдэгдэх үүрэгтэй байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б553 тоот тушаал гаргахдаа 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан байдаг. Мэдэгдэл өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлийг баримталсан атлаа тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталсан нь хууль зөрчсөн байна. М банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан "Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүул мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд заасан. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг тогтоох талаар комисс томилогдож ажиллаагүй мөртлөө ажлаас халсан нь хууль бус шийдвэр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу ээлжийн амралттай байх хугацаанд ажилтныг ажлаас халж болохгүй талаар хуулийн зохицуулалт байдаг. Г.Б  нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд амралттай байсан.

Ажил олгогчийн хууль бус тушаалын улмаас Г.Б  нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, цалин хөлсөө авахгүй байх нөхцөл байдал үүссэн байна. Хэрэв нэхэмжлэгч нь ажил, үүргээ гүйцэтгэж байсан бол өнөөдрийг хүртэлх хугацааны цалин болон М банкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын дагуу үндсэн ажилтан бүрт улирал тутам олгодог нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг авах боломжтой байсан.

Г.Б  нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ хугацаанд нь гүйцэтгэл сайтай, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байсан бөгөөд М банкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын 4.1-т заасны дагуу ажлаа дүгнүүлэн, М банкны ерөнхийлөгчийн тушаалаар 2016 оны нэгдүгээр улиралд 1 318 300 төгрөгийг, хоёрдугаар улиралд 1 697 390 төгрөгийг урамшуулал болгон Г.Б  нь авч байсан байна. М банкны Ерөнхийлөгчийн Б553 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Б г Мэдээллийн алба, Хэвлэлийн төлөөлөгч албан тушаалд эгүүлэн тогтоож, 4 сарын үндсэн цалин болох 6 601 500 төгрөг, урамшуулал буюу 2 сарын үндсэн цалин болох 3 300 750 төгрөг, нийт 9 902 250 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ажилгүй байсан хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар тооцсон. Нийт 4 сарын үндсэн цалинг нэхэмжилж байгаа. Нэг сарын цалин нь 1 350 375 төгрөг юм. Урамшуулал нь 2 удаагийн урамшуулал ба 2016 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал авах ёстой" гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...М банк бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх гэж байгаатай холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүх ажилтнуудад Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн.

М банкны ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинэчлэн батлах А235 дугаар тушаал гарсантай холбогдуулан Г.Б г Мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгчийн ажлаас чөлөөлсөн. Бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажилчдын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орсон ба Г.Б гийн ажиллаж байсан Мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгч гэдэг ажлын байрны тодорхойлолтод мэргэжил, боловсролын хувьд сэтгүүлч байх шаардлага тавьсан. Ажлын мэргэжлийн шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хуульд заасны дагуу тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн. Г.Б  ажлын 6 сарын хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хүлээж авсан нь ажлаас халах тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Бүтцийн өөрчлөлт орсны дараа тухайн ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдөж, ажлын байранд тохирохгүй байсан тул ажлаас халах тушаал гаргасан. Энэ нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. М банк бүтцийн өөрчлөлт хийгдсэн, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөний дараа тухайн ажлын байрны шаардлагад тохирохгүй, ажлаас халах тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх 4 сарын цалинг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. М банкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын дагуу М банкинд ажиллаж байгаа ажилтанд урамшуулал олгодог бөгөөд М банкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журамд урамшуулал олгохгүй байх үндэслэлийг заасан. Тус журамд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд урамшуулал олгохгүй байх үндэслэл хамаарч байгаа. Иймд урамшууллыг хүлээн зөвшөөрөхгүй байна" гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б г М банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар М банкнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9 671 913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230 337 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг "М банк"-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Баярмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173 390 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар М банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 239 901 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан давж заалдах гомдолдоо: “...Өөрчлөгдсөн бүтцийн хүрээнд шинээр бий болсон ажлын мэргэжлийн чиглэлийн шаардлагыг хангахгүй байгаа гэсэн үндэслэлээр, нөгөөтэйгүүр хуульд заасан холбогдох тэтгэмжийг олгож ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар. болгосон. Г.Б  нь албан тушаалын 6 сарын тэнцэх хэмжээний тэтгэмжийг хүлээн авсан нь ажлаас чөлөөлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. М банкнаас бүтцийн өөрчлөлт хийгдсэн, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулсаны дараа тухайн ажлын байранд тавигдах шаардлага болох мэргэжлийн чиглэл нь тохирохгүй гэж үзэж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 4 сарын цалинг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. М банкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын 2.4, 2.5, 4.1, 4.2 дахь заалтын дагуу М банкинд ажиллаж байгаа ажилтанд ажлыг нь дүгнэж, сайн ажиллаагүй нөхцөлд урамшуулал бууруулах, эсвэл олгохгүй байх, сайн ажилласан тохиолдолд урамшуулал олгодог бөгөөд 4.3 дахь заалтад урамшуулал олгохгүй байх үндэслэлийг дурдсан байгаа боловч шүүхээс шийдвэрлэхдээ М банкинд ажилласан нөхцөлд олгох байсан гэдэг үндэслэлээр олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч М банкинд холбогдуулан “М банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б553 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, М банкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, М банкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журамд заасны дагуу 2 сарын үндсэн цалинтай тэнцэх 3 300 750 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Б  нь М банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б467 дугаар тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Олон нийтийн боловсрол, мэдээлллийн төвийн мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдон М банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б553 дугаар тушаалаар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон уг ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 6-8, 37, 85, 90, 106-110/

 

            Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг хянан үзэж. хариуцагч М банк нь ажилтныг хууль бусаар халсан талаар зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгч Г.Б г урьд эрхэлж байсан М банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилсоныг буруутгах боломжгүй байна.

 

            Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, “М банкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох” журмын дагуу урамшуулал гаргуулах тухай хэсгийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар өөрчилж, зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох учиртай.  

 

            Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаагаар авагдсан нэхэмжлэгч Г.Б гийн 2016 оны 6, 7, 8 дугаар сарын цалингийн нийлбэр 7 085 377 төгрөгөөс, нэг сарын дундаж цалин нь 2 361 792 төгрөг байх ба нэг өдрийн цалин 107 354 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт ажлын 83 хоногт харьцуулан ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 8 910 382 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож буй ажил олгогч буюу хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэгч нь бодитойгоор ажиллаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас урамшуулал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна .

 

            Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00211 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...9 671 913 төгрөг...” гэснийг “...8 910 382 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН