Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/01955

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЛП ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э С Д Г ХХК-д холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 48.017.945 /дөчин найман сая есөн зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгсбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат, Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь Э С Д Г ХХК-тай 2014.11.12-ны өдөр “Бараа нийлүүлэх гэрээ” байгуулан, 2 дугаар зүйлд заасны дагуу 60 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс худалдан авагч буюу хариуцагчийн хүсэлтийн дагуу 2014 онд 28,817,945 төгрөгийн, 2015 оны 1 сард 19,200,000 төгрөгийн, нийт 48,017,945 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, тус тус тооцоо нийлсэн. “Э С Д Г” ХХК-иас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж байсан боловч тус үнийн дүнг “Бараа нийлүүлэх гэрээ”-ний тусгай нөхцөлийн 17-д заасны лагуу ЛП ХХК-ийн “Номин Моторс” ХХК-с худалдан авсан автомашины төлбөрт 2015.11.27-ны өдөр шилжүүлсэн гэж хариу өгсөн. Гэрээний 17 дугаар зүйлд зааснаар “Захиалагч нь бараа хүлээн авсан тухай актыг үндэслэн үлдэгдэл 58,200,000 төгрөгийг нийлүүлэгч болон “Номин Моторс” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны ... сарын ... ны өдрийн Авто машин худалдах, худалдан авах тухай тоот гэрээний төлбөрт “Номин моторс” ХХК-ийн банкны тоот дансанд 2014 оны 4 сарын 30-ны өдөр шилжүүлнэ” гэсэн заалтаас харахад нэхэмжлэгч болон “Номин Моторс” ХХК нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл анх “Бараа нийлүүлэх гэрээ” байгуулах үедээ автомашин худалдан авах гэрээ өмнө нь байсан мэтээр талууд төөрөгдсөн байсан нь тэрхүү автомошин худалдах, худалдан авах гэрээ мөн гэж хариуцагчийн зүгээс хэлдэг. 2014.08.18-ны өдрийн огноотой дөрвөлсөн “худалдах худалдан авах гэрээ”-ний 1-р зүйлээр Л П ХХК нь Сика брэндийн болон бусад барилгын матөриалыг Номин констракшн ХХК-д нийлүүлэх, Номин моторс салбар нь шэвролэт маркын автомашиныг Ноббл ложистикс ХХК-д нийлүүлэх, Номин констракшн ХХК нь хүлээн авсан барилгын материалын үнийг Номин моторс ХХК-нд нийлүүлэхтэй холбогдсон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна гэсэн. Өөрөөр хэлбэл энд Л П ХХК нь Номин моторс-с автомашин өөрөө худалдаж авна гэж огт заагаагүй. “Номин констракшн” ХХК нь “Э С Д Г” ХХК-с тусдаа хуулийн этгээд болно. Иймд дөрвөлсөн гэрээнд “Э с д г” ХХК нь хуулийн этгээдийн хувьд огт оролцоогүй тул гэрээг үндэслэн хэн нэгэнд мөнгө шилжүүлэх эрхгүй. “Бараа нийлүүлэх гэрээ” нь 2014.11.12-ны өдөр байгуулагдсан, дөрвөлсөн Худалдах, худалдан авах гэрээ нь 2014.08.18-ны өдөр буюу өмнө нь байгуулагдсан. Хэрэв Бараа нийлүүлэх гэрээгээр үнэхээр дөрвөлсөн гэрээний төлбөрийг барагдуулах тухай зохицуулсан байсан бол өмнө нь байгуулсан дөрвөлсөн гэрээг огноотой нь тусгай нөхцлийн 17-д тусгасан байх ёстой ч тусгаагүй. Бараа нийлүүлэх гэрээний 17-д зааснаар “Номин моторс” ХХК-тай гэрээ байгуулсан байх ёстой. Гэтэл дөрвөлсөн “Худалдах худалдан авах гэрээ”-д “Номин трейдинг” ХХК гэрээний тал болон оролцсон болохоос “Номин моторс” ХХК гэж заагаагүй. Номин констракшн” ХХК нь Э С Д Г ХХК-иас тусдаа хуулийн этгээдүүд гэдэг нь өмнөх шүүх хуралдаанууд дээр тогтоогдсон. Өмнө нь манай групп нэг гэсэн тайлбар тавьдаг байсан бол хувьцаа эзэмшигч, регистрийн дугаар тусдаа хуулийн этгээдүүд юм. Тэгэхээр энэ дөрвөлсөн гэрээнд Э С Д Г ХХК нь огт оролцоогүй, талууд өөрсдийн хийж буй хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн байсан. Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх Иргэний хуулийн 58.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог, 58.2.2-т заасны дагуу хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үздэг. “Бараа нийлүүлэх гэрээ” нь дөрвөлсөн “Худалдах, худалдан авах гэрээ”-тэй огт холбогдохгүй, нэхэмжлэгч нь ямар ч автомашин худалдаж аваагүй тул талууд “Бараа нийлүүлэх гэрээ” байгуулах үедээ хэлцлийхээ агуулгыг эндүүрсэн тул 58.2.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул 48,017,945 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас 48,0 сая төгрег гаргуулах тухай Л П ХХК өмнө нь тус шүүхэд 2016 онд нэхэмжлэл гаргаж байсан. Тус компани нь нэхэмжлэгчид төлбөр төлөх ямар ч үндэслэлгүй болохыг нотолж байна. Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Бараа нийлүүл гэрээ”-ний тусгай нөхцлийн 17-д Захиалагч нь бараа хүлээн авсан тухай актыг үндэслэн үлдэгдэл 58,200,000 төгрөгийг нийлүүлэгч болон “Номин моторс” ХХК”ийн хооронд байгуулсан 2014 оны ... сарын ... өдрийн Автомашин худалдах худалдан авах тухай ... тоот гэрээний төлбөрт "Номин моторс” ХХК-ийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу бид 50,0 сая төгрөгийг 2015 оны 11 сарын 27-нд Номин моторс ХХК-д шилжүүлснээр Л П ХХК-д төлөх төлбөр бүрэн төлөгдөж дууссан. Мөн дээр 50,0 сая төгрөгийг бид Номин моторс ХХК-д шилжүүлэхдээ Номин констракшн ХХК, Номин трейдинг ХХК, Ноббл ложистик ХХК, Л П ХХК-иийн хооронд 2014 оны 8 сарын 18-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ ”-ний /3,3/ Номин констракшн XXК нь Л П ХХК-иас худалдан авсан барилгын материалын үнийг Номин моторс ХХК-д шилжүүлэх үүрэгтэй. Номин констракшн XXК нь Номин моторс-ийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр Л П болон Ноббл ложистик-д барилгын материалын үнийг мөнгөн болон бартерийн хэлбэрээр шилжүүлэхгүй байх үүрэгтэй заалтуудын дагуу гэрээний үүргээ биелүүлсэн. Талууд 2015 оны 12 сарын 25-нд хоорондын тооцооны үлдэгдлээ баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актад Э с д г ХХК нь үлдэгдэл төлбөргүй гэсэн нь дээрх гэрээнүүдийн заалтууд хэрэгжээд дуусгавар болсны, төлбөр тооцоо дууссаны нотолгоо болно. Гэрээн дээр ЛП ХХК гарын үсэг зурсан, дөрвөлсөн гэрээ байгааг мэдсэн, “Номин моторс” ХХК-д шилжүүлнэ гэдгийг зөвшөөрсөн, гэрээ хүчин төгөлдөр болж, Л П ХХК бараагаа шилжүүлсэн. Төлбөрийг “Номин моторс” ХХК-д шилжүүлсэн. Гэтэл энэ бол ноцтой төөрөгдөл үүссэн гэж үзэх ямар ч  үндэслэл байхгүй. Дээр дурдсан гэрээнүүд болон тооцоо нийлсэн актад Л П ХХК-ийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан, эдгээр гэрээнүүдийн дагуу төлбөр төлөлт явагдсан, гэрээний биелэлтээ талууд тооцож тооцоогоо нийлж дуусгасан нь тодорхой учраас Л П ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Харин нэхээд байгаа мөнгө нь өөрсдийнх нь байгуулсан гэрээний үүргийн дагуу Номин моторс ХХК-д шилжсэн тул тооцоогоо шийдвэрлэх нь зөв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л П ХХК нь хариуцагч Э С Д Г ХХК-иас бараа нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 48.017.945 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ дөрвөлсөн гэрээнд нэхэмжлэгч оролцоогүй, талууд өөрсдийн хийж буй хэлцлийнхээ агуулгыг эндүүрэн ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлав.

Хариуцагч нь нэхэмжлэгч тал гэрээнд үсэг зурсан, дөрвөлсөн гэрээ байгааг мэдсэн, өөрсдөө хүлээн зөвшөөрч, “Номин моторс” ХХК-д шилжүүлнэ гэдгийг зөвшөөрсөн, гэрээ хүчин төгөлдөр болж, ЛП ХХК бараагаа шилжүүлсэн, төлбөрийг “Номин моторс” ХХК-д шилжүүлсэн нь ноцтой төөрөгдөл гэж үзэх  үндэслэлгүй гэж маргалаа.

Нийлүүлэгч Л П ХХК нь захиалагч Э С Д Г ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр NB/14/0748 тоот бараа нийлүүлэх гэрээ байгуулж, 60.000.000 төгрөгийн уур тусгаарлагч зуурмагийг 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор хариуцагчид нийлүүлэх, гэрээний тусгай нөхцлөөр бараа хүлээн авсан тухай актыг үндэслэн захиалагч нь үлдэгдэл 58.200.000 төгрөгийг нийлүүлэгч болон Номин моторс ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрт “Номин моторс” ХХК-ийн дансанд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлэхээр тохиролцжээ.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.  

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөл, хэргийн үйл баримтаар худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Энэхүү эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах харилцан үүргийг зохицуулжээ.

Хэргийн үйл баримт болон зохигчийн тайлбараар худалдагч нь хөрөнгийг шилжүүлсэн, худалдан авагч нь хөрөнгөө хүлээн авсан талаар маргахгүй байна.

Хариуцагч тал дээрх барааны төлбөр 50 сая төгрөгийг гэрээний 17-д заасны дагуу “Номин моторс” ХХК-д шилжүүлсэн гэж “Номин трейдинг” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 02/567 тоот албан бичгийг үндэслэж байх боловч дөрвөлсөн гэрээний 3.3, 3.4 дэх заалтын дагуу “Номин констракшн” ХХК нь “Номин трейдинг” ХХК-д 50 сая төгрөгийг шилжүүлсэн талаар мэдэгдсэн байна.

 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах тухай гэрээгээр ЛП ХХК нь Сика барилгын матөриалыг “Номин констракшн” ХХК-д нийлүүлэх, “Номин моторс” салбар нь шэвролэт маркын автомашиныг “Ноббл ложистикс” ХХК-д нийлүүлэх, “Номин констракшн” ХХК нь хүлээн авсан барилгын материалын үнийг “Номин моторс” ХХК-д нийлүүлэхээр тохиролцжээ.

Хариуцагч Э С Д Г ХХК нь энэхүү гэрээний оролцогч биш байх бөгөөд “Номин констракшн” ХХК нь “Номин трейдинг” ХХК-д шилжүүлсэн 50 сая төгрөгийг хариуцагч тал шилжүүлсэн гэж үзэхгүй юм.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцлийн 17-д “үлдэгдэл төлбөрийг хариуцагч нь нийлүүлэгч болон “Номин моторс” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрт “Номин моторс” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр заасан нь худалдан авагч нь худалдагчид худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүргийг тодорхойлохгүй байна.

Учир нь нийлүүлэгч буюу ЛП ХХК болон “Номин моторс” ХХК-ийн хооронд 2014 онд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаархи баримтгүй байгаа, түүнчлэн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэж тогтоосон зэргээс дүгнэхэд гэрээний тусгай нөхцлийн 17 дахь заалтаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүлээн авсан хөрөнгийн үнийг худалдагчид төлөх худалдан авагчийн үүргийг тодорхойлсон гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үзэж, 58.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэжээ.

Хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд хүлээн авагч талыг өөр этгээдтэй андуурсан бол төөрөгдсөн гэж үзэх бөгөөд тухайн тохилдолд Э С Д Г ХХК-ийг “Номин моторс” ХХК-тай андуурсан буюу төөрөгдсөн нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдсон гэж үзлээ.

 ЛП ХХК болон “Номин моторс” ХХК-ийн хооронд 2014 онд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байхад ЛП ХХК болон Э С Д Г ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөрийг Э С Д Г ХХК нь  “Номин моторс” ХХК-д шилжүүлэхээр тохиролцон хүсэл зоригоо илэрхийлсэн нь агуулгын хувьд төөрөлдсөн байна.

Өөрөөр хэлбэл 2 талын харилцан үүрэг үүсэх гэрээний хувьд нэг талын үүрэг гүйцэтгэх этгээд нь нөгөө талдаа гүйцэтгэх үүргийг гэрээний оролцогч бус этгээд рүү үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдсөн гэж үзэн, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаах боломжгүй тул үнийг гаргуулна гэж тайлбарлах ч шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд үр дагаврыг арилгах талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан байх тул хариуцагчаас 48.017.945 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398.040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 398.040 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасныг баримтлан Э С Д Г ХХК болон ЛП ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн NB/14/0748 дугаар бүхий “Бараа нийлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан /РД:5696119/ “Э с д г” ХХК-иас 48.017.945 /дөчин найман сая арван долоон мянга есэн зуун дөчин тав/ төгрөг гаргуулан, ЛП ХХК-д /РД:5306795/ олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398.040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 398.040 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ