Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/02078

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ээчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А Ф Г Б ХХК-д холбогдох,

15 хувийн хувьцаанд ногдох ашиг 28.479.924 төгрөг, 2015 оны 9 сараас 2016 оны 7 сар хүртэлх цалин 26.159.000 төгрөг, нийт 54.638.928 /тавин дөрвөн сая зургаан зуун гучин найман мянга есөн зуун хорин найм/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Д*******, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А Ф Г Б ХХК-ийг үүсгэн байгуулж, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 164 дүгээр тогтоолоор зээл, гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 167 дугаар тушаалаар дүрмийн сангийн хэмжээг 1 тэрбум төгрөгт хүргэсэн. БНХАУ-ын иргэн У ******* /*******/ нь манай компанид 10 тэрбумын хөрөнгө оруулалт авч өгнө. Хөрөнгө оруулалт авахын тулд компанийн ихэнх хувийг эзэмшдэг байх шаардлагатай гэж итгүүлсэн. Ингээд би А Ф Г Б ХХК-ийн 1 бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8500 ширхэг, нийт 850 сая төгрөгийн энгийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр түүнд шилжүүлж, дүрмийн сангийн бүтэц, хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн. Би компанийн 15 хувийг эзэмшдэг бөгөөд ерөнхий захирлаар ажиллаж байсан. 2015 оны 9 сараас хойш цалин гэж 1 төгрөг ч гар дээрээ аваагүй. Компанийн зүгээс сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг 3 сая төгрөгөөс бодон 2016 оны 7 сар хүртэл төлж, 8 сараас миний нийгмийн даатгалыг төлөхөө зогсоосон. Бидний дунд эд хөрөнгийн болон бусад таарамжгүй харилцаа үүссэн бөгөөд намайг компанид ажиллуулахгүй байгаа болно. 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл нийт 11 сараас 2015 оны 9 сард 1 сая, бусад саруудад 3 сая төгрөгөөс нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлсөн. Өөрөөр хэлбэл нийт 31 сая төгрөгийн цалин авах ёстойгоос нийгмийн даатгал 3.100.000, Хүн амын орлогын албан татвар 2.713.000 төгрөгийг хасаад гарт олгох цалин 25.187.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. А Ф Г Б ХХК нь "Д*******” ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн 38 тоот хараат бус аудитын тайлангаар 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 189.866.160 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан болохыг тогтоосон тул өөрийн эзэмшлийн 15 хувьд ногдох ногдол ашиг 28.479.924 төгрөгийг А Ф Г Б ХХК-аас гаргуулан авах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд А Ф Г Б ХХК-аас миний 15 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг 28.479.924 төгрөг, 2015 оны 9 сараас 2016 оны 7 сар хүртэлх 25.187.000 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А Ф Г Б ХХК-ийн дүрмийн 12.13-д хувьцаа эзэмшигчид нь жилд нэгээс доошгүй удаа ногдол ашиг хүртэх эрхтэй. Ингэхдээ орлого олсон мөнгөн тэмдэгтээр, компанид эзэмшиж буй хувь хэмжээгээр ногдол ашиг хүртэнэ.Хэрэв компани алдагдалтай ажилласан тохиолдолд компанийн алдагдлыг нөхөн төлөх хүртэл хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй гэж заасан. 2015 онд компани ашигтай ажилласан болох нь “Д*******” ХХК-ийн хараат бус аудиторын тайлангаас харагдана. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 16.1-д банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт, материалаа аудитын байгууллага /аудитор/-аар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна гэж заасан. Үүний дагуу “Д*******” ХХК-д хүсэлт гарган 2015 оны санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн дүгнэлтээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх санхүүгийн байдал, тухайн өдрөөр дуусгавар болгосон орлогын болон мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн тайлан нь Санхүүгийн тайлагнал болон НББОУС, НББ-ийн хуулийн дагуу үнэн зөв бодитой илэрхийлэгдсэн болохыг тогтоосон. Компанийн тухай хуулийн 46.8-д ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж зохицуулсан ба 2015 онд хариуцагч нь 189.866.190 төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан. Өөрөөр хэлбэл О.Э нь өөрийн эзэмшиж буй 15 хувьд ногдох 28.479.928 төгрөгийн ногдол ашгийг авах эрхтэй. Хариуцагч талын тайлбарт О.Э нь манай компаний 15 хувийн хувьцааг эзэмшигч тул нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлсөн гэсэн нь О.Эд цалин хөлс өгч байгаагүй, харин нийгмийн даатгалыг төлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах, компанийг татан буулгах үед энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх эрхтэй гэжээ. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч болохоор нь нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлнө гэсэн ойлголтгүй. Тус компанид тодорхой ажил үүрэг гүйцэтгэж байсан учраас нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг төлж байсан гэсэн үг. А Ф Г Б ХХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 001/ТЗХ дугаар Зээлийн хороо байгуулах тухай хурлын шийдвэрээр О.Эийг Зээлийн хорооны даргаар томилсон ба түүний өмнө эрхэлж байсан албан тушаалд О.Д-ийг томилсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн газарт 2015 оны 10 сарын 02-ны өдөр өргөдөл гаргаж, 10 сарын 07-ны өдөр бүртгэгдсэн. О.Э нь 2015 оны 10 сараас эхлэн Зээлийн хорооны даргаар ажиллаж байсан учир цалин хөлс авах эрхтэй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 61.1-д ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг мөнгөн хэлбэрээр олгоно гэж заасан. О.Э нь 2015 оны 9 сараас 2016 оны 8 сарын 01 хүртэлх 11 сарын хугацаанд цалин аваагүй. Учир нь А Ф Г Б ХХК-иас дараа бөөнд нь өгье түр хүлээж байгаач гэсэн санал тавьсан. Тухайн үед өөрөө дотор нь ажилладаг, 15 хувийн хувьцааг эзэмшдэг хүний хувьд итгээд ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй. Гэтэл эд хөрөнгийн болон бусад таарамжгүй харилцаа үүссэнээс О.Э-н нийгмийн даатгалыг ч төлөхөө зогсоож хөлсийг нь өгөөгүй. О.Э-ийг байгууллагын анхан шатны санхүүгийн баримтууд дээр цалин авч байсан гэж гарын үсгийг нь хуурамчаар зурсан байсан. Үүнийгээ хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн хэдий ч цалин хүлээн авсан гэх баримтууд дээрх гарын үсэг нь Эийнх биш болохыг 2017 оны 4 сарын 18-ны өдрийн 2005 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. О.Э нь 2015 оны 9 сард гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 1 сая төгрөгийн цалин авснаас нийгмийн даатгалын шимтгэл 100.000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 83.000 төгрөгийг хасаад гарт олгох цалин 817.000, 2015 оны 10 сарын 01-нээс Зээлийн хорооны даргаар томилогдон сард 3 сая төгрөгийн цалин авахаар болсон. 2015 оны 10 сарын 01-нээс 2016 оны 8 сарын 01 хүртэл нийт 10 сарын хугацаанд сар бүр 3 сая төгрөгөөс нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлсөн. Нийт 10 сард ногдох 30 сая төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 1.920.000, хүн амын орлогын албан татвар 2.738.000 төгрөгийг хасаад гарт олгох цалин 25.342.000 төгрөг, нийт 26.159.000 төгрөгийн цалинг авах ёстой. 2015 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас 2016 оны 7 сард ногдох цалинг авах шаардлагыг хэвээр үлдээж, бусад хэсгээс нь татгалзаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ээ нь 2015 оны 10 сарын 02-ны өдөр А Ф Г Б ХХК-ийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөн О.Д*******ийг томилох тухай өргөдлийг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлд гарган өгч компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлтийг оруулсан. О.Э нь манай компанийн 15 хувийн хувьцааг эзэмшигч тул түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж байсан. Ээ нь компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан гэдэг бөгөөд компанийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн удирдлагаар хэрэгждэг бөгөөд Ерөнхий захирал гэсэн нэр томьеог хэрэглэдэггүй. О.Э нь А Ф Г Б ХХК-ийн 2016 оны 2 сарын 04-ний өдрийн 38 тоот хараат бус “Д*******” ХХК-ийн аудиторын 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 189.866.160 төгрөгийн ашигтай ажилласан гэж өөрт ноогдох 15 хувь буюу 28.479.924 төгрөг гаргуулна гэсэн нь үндэслэлгүй. Тэр Компанийн санхүүгийн анхан шатны бүх баримтуудыг эх хувиар нь авч явсан ба аудит хийлгэх ямар ч боломжгүй нөхцөл үүсээд байгаа билээ. Ээ нь 2015 оны 10 сараас компанид ажиллаагүй бөгөөд манай компани ямар нэг байдлаар “Д*******” ХХК-д хандаагүй ийм тайлан гаргуулаагүй, шүүхэд гаргаж өгсөн баримтаас уг тайланг анх удаа харсан. Манай компанийн зээлдэгч Г*******ээс шүүхийн шийдвэрээр авах ёстой 35 сая төгрөг, “П*******” ХХК-с шүүхийн шийдвэрээр авах ёстой 624 сая төгрөгийг хуурамч бичиг баримт үйлдэн хувьдаа авсан асуудал нь шалгагдаж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. О.Э нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлээр компанийн захирал гэдэг албан тушаалаас чөлөөлөгдөөд О.Д- гэдэг хүнийг томилсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж, компанийн баримт бичиг, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Захирлаар ажиллаагүй байж бүртгэлээс хасагдчихаад цалин нэхээд байгааг нь ойлгохгүй байгаа. Бүртгэлтэй холбоотойгоор 1 сая төгрөгийн цалинтай байгаад О.Д-ийг томилж, О.Э-ийг 3 сая төгрөгөөр цалинжуулсугай гэсэн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн шийдвэр дээр зөвхөн О.Э гэдэг хүн гарын үсэг зураад тамга дарагдсан, нөгөө хувьцаа эзэмшигч У Жиан Гу нь гарын үсэг зураагүй. Яагаад өөрийнхөө цалинг нэмэгдүүлж нэг хүний гарын үсгээр гаргасныг мэдэхгүй байна. 2016 оны 1-6 дугаар сар хүртэлх цалингийн хүснэгтийг хуурамч гарын үсэг үйлдээд гаргасан. Түүнчлэн нийгмийн даатгалын тайлангаа өгөхдөө мөн О.Э гэдэг гарын үсгээр өгсөн. А Ф Г Б ХХК захирал нь байгууллагынхаа  цалингийн хүснэгт, тайлан мэдээгээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл захирал нь биш байж тайлан гаргаж, цалингийн хүснэгт дээр гарын үсэг зурж баримтууд гаргаад, сүүлд нь аудитын тайлан гаргуулах хүсэлт гаргасан байна. Цалингийн тухайд хуурамч нотлох баримт их байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. Үүнтэй холбоотойгоор тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Ө гэдэг хүнийг оролцуулах шаардлагатай гэсэн хүсэлтийг тухайн үед тавьж байсан бөгөөд хэн гарын үсэг зурсныг нотлох ёстой хүн. Ногдол ашиг хуваарилах асуудал дээр О.Э нь 2015 оны 10 сарын 07-ны өдөр захирлын албан тушаалаас чөлөөлөгдчихөөд аудитын дүгнэлт гаргуулахаар 2016 онд өөрөө хүсэлт өгсөн. “Д” ХХК-д тавьсан хүсэлт дээрээ өөрийгөө захирал гэж оруулаад гарын үсэг зурж, тамга дарж, гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага болсон аудитын дүгнэлт нь үнэхээр хуулийн дагуу гарсан гэдэг нь тодорхой биш байна гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

О.Э нь энэ өдрийн шүүх хуралдаан дээр 2016 оны 8 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагаасаа татгалзан, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч А Ф Г Б ХХК-д холбогдуулан 15 хувийн хувьцаанд ногдох ашиг 28.479.924 төгрөг, 2015 оны 9 сараас 2016 оны 8 сар хүртэлх цалин 26.159.000 төгрөг, нийт 54.638.928 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагаа дэмжиж байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Компанийн тухай хуулийн 46.8-д зааснаар ногдол ашгийг, Гүйцэтгэх захирал, Зээлийн хорооны даргаар ажиллаж, ажил олгогч даатгалыг түүний ажилласан хугацаанд төлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 61.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь “Д*******” ХХК-д хандаж тайлан гаргуулаагүй тул ногдол ашгийг хүлээн зөвшөөрөхгүй, Ерөнхий захирал гэсэн нэр томьеог хэрэглэдэггүй, өөр хүн бүртгэгдэж, бүртгэлээс хасагдсан, Захирлаар ажиллаагүй, 15 хувийн хувьцааг эзэмшигчийн хувьд даатгалыг төлж байсан, 3 сая төгрөгөөр цалинжуулах шийдвэрт зөвхөн О.Э гэдэг хүн гарын үсэг зураад тамга дарагдсан, нөгөө хувьцаа эзэмшигч У Жиан Гу нь гарын үсэг зураагүй, цалингийн хүснэгт хуурамч нотлох баримт, захирал биш байж тайлан гаргаж, гарын үсэг зураад цалин нэхээд байгаа нь үндэслэлгүй гэж маргалаа.

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ гэж заасан байна.

 А Ф Г Б ХХК-ийн 15 хувийн хувьцааг О.Э, 85 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэн У ******* /*******/ нар эзэмшдэг, компанийн Захирлаар О.Э нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан, энэ талаар маргахгүй байна.

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан хариуцагчийн компанийн дүрмийн 8.1-д эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд хурал нь 8.7.5-д зааснаар компаний ашгийг хуваарилах асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж, Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээний 6.1-д ногдол ашиг хуваарилах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна.

А Ф Г Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Э нь хувьцаа эзэмшигчийн хувиар “Д*******” ХХК-иар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ногдол ашгаа тооцуулахын цэвэр ашгаа тодорхойлуулж дүгнэлт гаргуулсан байх бөгөөд аудитын дүгнэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан боловч шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ.

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж заасан ба дээрх цэвэр ашгаас нэхэмжлэгч О.Эд ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хуваарилаагүй байна.

Мөн хуулийн 46.13-д “ногдол ашгаа аваагүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг түүнд төлөх өр болгон нягтлан бодох бүртгэлд хувьцаа эзэмшигчийн нэрээр тусгайлан бүртгэж хадгалах бөгөөд хувьцаа эзэмшигчийн анхны шаардлагаар ногдол ашгийг компани олгох үүрэгтэй” гэж, 34.1.2-т энгийн хувьцаа эзэмшигч нь давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах авах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь ногдол ашгаа хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч компанийн цэвэр ашгийг 189.866.190 төгрөг гэж тодорхойлсон “Д*******” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшлийн 15 хувийн хувьцаанд ногдох 28.479.928 төгрөгийг А Ф Г Б ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч компанийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр нь О.Д-ийг Гүйцэтгэх захирлаар томилж, Захирал О.Э-ийн цалинг 3.000.000 төгрөгөөр тогтоосон байна.

 

Хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргаж,  хуулийн этгээдийн Захирлаар О.Э-ийг томилсныг хасаж, О.Д-ийг томилсныг бүртгэжээ.

 

А Ф Г Б ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөөлийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ТЗХ дугаар шийдвэрээр Зээлийн хороог байгуулж, О.Эийг Зээлийн хорооны даргаар томилсон байна.

 

Хариуцагч байгууллага нь 2015 оны 9 дүгээр сар хүртэл нэхэмжлэгчийн нийгмийн даатгалыг 1 сая төгрөгөөр, 2015 оны 10 дугаар сараас 3 сая төгрөгийн нийгмийн даатгалыг төлсөн болох нь Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд дээрх баримтуудаар О.Э-ийг 2015 оны 10 сараас тус компанид ажиллаагүй гэсэн хариуцагчийн татгалзлын үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн байгууллагын анхан шатны санхүүгийн баримтны цалингийн хүснэгтүүд дээр гарын үсэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2005 дугаар дүгнэлтээр О.Э-ийн гарын үсэгтэй тохирохгүй талаархи дүгнэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг мөнгөн хэлбэрээр олгоно гэж, 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин, олговрыг олгох үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч нь ажилласан хугацааны олгогдоогүй цалин, олговроо шаардах эрхтэй байна.

 

О.Э-ийн 2015 оны 9 дүгээр сард захирлаар ажиллаж авах байсан 1.000.000 төгрөгийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл 100.000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 83.000 төгрөг төлснийг хасч, 817.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Зээлийн хорооны даргаар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 10 сарын хугацаанд ажиллаж, авах байсан 30.000.000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 1.920.000, хүн амын орлогын албан татвар 2.738.000 төгрөг төлсийг хасч, 25.342.000 төгрөг буюу нийт 26.159.000 төгрөгийн цалин олговрыг хариуцагч нь олгоогүй буруутай байх тул гаргуулан шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 488.500 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 431.145 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 1151, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.13, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ногдол ашигт 28.479.928 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан цалин, олговорт 26.159.000 төгрөг буюу нийт 54.638.928 /тавин дөрвөн сая зургаан зуун гучин найман мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг хариуцагч А Ф Г Б ХХК-иас /РД:5742382/ гаргуулан, нэхэмжлэгч М овогтой Оын Ээд /РД:/ олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 488.500 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 431.145 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид сугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ