Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/882

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,   

           улсын яллагч Д.Ганчимэг,   

            шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :   

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М-т холбогдох эрүүгийн  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, түргэн хоолны газар тогоочоор ажилд орсон гэх, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух  хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы ** дүгээр гудамж, ** тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-гийн О /РД:*******/,     

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :   

Шүүгдэгч А.М нь 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс .....д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн ХАСУ нэрийн барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан бараа, орлогын мөнгөнөөс үргэлжилсэн үйлдлээр завшиж, бусдад 2.275.953 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:   

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч А.М нь 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн ХАСУ нэрийн барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан бараа, орлогын мөнгөнөөс үргэлжилсэн үйлдлээр завшиж, бусдад 2.275.953 төгрөгийн хохирол учруулсан болох нь :      

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1-8/,

- хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Н-ы:…“А.М нь манай “Х” ХХК-ийн 5 шард байрлалтай Хасу нэрийн барааны дэлгүүрт ........... 20/01/** тоот Хөдөлмөрийн гэрээ  байгуулан худалдагчаар ажилд орсон. Манай компани нь Хасу нэрийн барааны дэлгүүртээ сар бүрийн сүүлийн 7 хоногт тооллого хийдэг. 2020 оны 2-р сарын 29-ний тооцоо нийлсэн актаар А.М нь 169.058 төгрөгийн авлага гаргаж 2-р сарын цалингаас 120.000 төгрөг суутгуулсан. 3 сарын сүүлээр тооцоо нийлсэн байдлаар 227.068 төгрөгийн авлага үүсгэсэн. 4 сарын сүүлийн тооцоогоор 505.700 төгрөгийн авлага, 5-р сарын 31-ний тооцоогоор 781.826 төгрөгийн авлага үүсгэсэн. Энэ хугацаанд бид сануулга өгсөн бөгөөд дахин авлага гаргавал ажлаас чөлөөлнө гэсэн байгаа. 6-р сарын 10-ны гэнэтийн тооллогоор 915.291 төгрөгийн авлага үүсгэсэн. Иймээс бид тооллого хийж дэлгүүрээ хаасан. Нийт 2.275.953 /хоёр сая хоёр зуун далан таван мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийн авлага үүсгэж, энэ мөнгийг хувьдаа хэрэглэн тус компанид хохирол учруулсан болно. Энэхүү мөнгийг хувьдаа авч ашигласнаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бэлнээр төлөх боломжгүй байгаагаа илэрхийлсэн...Тэрээр манай компанид өдрийн 4 цагаар ажиллана өөр газар үлдсэн цагаар нь ажил хийж байгаа гэж дахин хүсэлт бичиж өгсөн ба хүсэлтийг хүндэтгэн ажиллуулсан. Гэвч тохирсон ёсоор ажиллаагүй бөгөөд 9-р сарын 8-наас хойш ажилдаа ирээгүй. А.М-ийн ажилласан хугацааны 6-р сараас 9-р сарын 8-ны өдөр хүртэлх цалин болох 1.102.177 төгрөгийг суутган авсан...Цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгснөөс хойш А.М нь холбогдож 1.000.000 /нэг сая / төгрөгийг 2020 оны 10-р сарын 29-ний өдөр тус компанийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 173.776 төгрөгийг 11 сард багтаан өгч дуусгана гэж харилцан тохиролцсон байгаа. Цаашид байгууллагын зүгээс А.Мт ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-78-79/,    

- А.М-ийг “Хатан сүйх Экспорт” ХХК-нд худалдагч ажилтнаар томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ /хх-9-10, 65-70/,   

- өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-11-15, 16-20, 33-34, 37-38, 45-46, 50-52, 61-63/, төлбөрийн акт /хх-15, 23-25, 47/, хурлын тэмдэглэл /хх-21-22/, бараа материалын товчоо тайлан /хх-30-32, 35-36, 48, 53-60/, бараа материалын тооллого /хх-39, 40-43, 44, 49, 64/, 

- шүүгдэгч А.М-ийн...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна. Х компаниас тогтоосон акт болон хохирлын дүнг хүлээн зөвшөөрч байна. Надад хэн нэгэнд зээлээр өгсөн бараа материал, мөнгө төгрөг байхгүй, бүгдийг өөрөө өөртөө зарцуулсан тухай мөрдөн байцаалт /хх-87-88/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч худал мэдүүлсэн, хуурамч нотлох баримт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.     

Шүүгдэгч А.М нь хөрөнгө завшихдаа гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд нэг эх сурвалжид зохих завсарлагатайгаар үргэлжилсэн  нэг төрлийн үйлдлүүд хийсэн байх тул үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг гэж үзнэ. Тодруулбал, үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн гол онцлог нь нэгэнт эхэлсэн гэмт ерөнхий, нэгдмэл санаа үргэлжлэх өвөрмөц үе шат болдог учраас үргэлжилсэн үйлдэл тус бүртээ бие даасан гэмт хэргээр зүйлчлэгдэхгүй байх үндэслэлтэй болно.   

Иймд шүүгдэгч А.М-ийг хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.         

Тус гэм хэргийн улмаас учирсан нийт 2.275.953 төгрөгийн хохирлоос 2.102.777 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 173.776 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-79/, шүүгдэгчийн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ээр тогтоогджээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувьдаа тээврийн хэрэгсэлтэй, өмнө хөдөлмөр эрхэлж байсан зэрэгт хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /хх-91, 93, 98, 100-101, 103-104/, шүүгдэгч нь шүүх хуралдаанд 2007, 2010, 2014 онуудад төрсөн бага насны 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, мөн нэг хүүхэд нь өвчтэй тухай эмчийн баримт гаргаж шинжлүүлсэн, нөхрөөсөө 1 жилийн гаруй өмнө салсан, түргэн хоолны газар тогоочийн ажилд орсон тухайгаа мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын үлдэгдэл 173.776 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв. 

Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан  /хх-89-90/, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А.М-ийг хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай,         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-т хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ээс 173.776 төгрөг гаргуулж, хохирогч “Х” компани (төлөөлөгч Г.Н)-д олгосугай.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.         

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТА