Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/299

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0277/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Г.Бд холбогдох эрүүгийн 1918002030321 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт Г.Б /РД: /, Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...................” ХХК-ийн алтны уурхайд механикч ажилтай, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ..... аймгийн ..... сумын ..... дүгээр багийн ..... дүгээр хорооллын ..... дүгээр байрны ..... тоотоос иргэн Д.Жын Хуавэй Пи смарт загварын гар утсыг авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...тухайн үед би гэртээ ганцаараа байсан болохоор дэлгүүр орох ажил гарахаар нь Б гэх залууг гэртээ үлдээгээд яваад ирсэн чинь Б явсан байсан. Тэгээд гайхаад байж байгаад гар утсаа хартал миний гар утас алга болсон байсан. Хуавэй пи смарт загварын шилэн наалттай хар өнгийн шинэвтэр гар утас байсан... гэх хохирогч Д.Жын мэдүүлэг /хх-ийн 14, 33-35/,

- ...Д.Ж унтаж байхаар нь ил байсан Хуавэй Пи смарт загварын гар утсыг нь авч гараад захын замын эсрэг талд нэрийг нь сайн санахгүй байна нэг барьцаалан зээлдүүлэх газарт 100.000 орчим төгрөгөөр барьцаалаад тэгээд шууд Баруунхараа руу гэр рүүгээ явсан... гэх шүүгдэгч Г.Бн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

- Хохирогч Д.Ж нь “Юнител” ХХК-аас Хуавэй Пи смарт загварын гар утсыг 640.000 төгрөгөөр худалдан авсан тухай урт хугацааны гэрээ /хх-ийн 11-12/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Хуавэй пи смарт загварын хэрэглэж байсан гар утас 550.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Жад 550.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь улсын яллагч Г.Уянгын хохирогч Д.Жтай 99376606 дугаарын утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 90/, хохирогчид шүүх хурлын товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хариу өгсөн тухай шүүхийн мэдэгдэх хуудас /хх-ийн 99/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Бн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 23 тоотоос иргэн Д.Жын Хуавэй Пи смарт загварын гар утсыг авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Бд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг Дархан-уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР