| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/02038/И |
| Дугаар | 183/ШШ2017/02142 |
| Огноо | 2017-10-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2017/02142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Б-т холбогдох,
Байрны түрээс, СӨХ, цахилгаан, орон сууцны төлбөрт 1.128.281 /нэг сая нэг зуун хорин найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 2 сарын 03-ны өдрөөс эхлэн О.Ж*******д өөрийн өмчлөлийн *******, *******, *******, 25 тоот, 2 өрөө байрыг сарын 360.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байгаад 2016 оны 7 сараас эхлэн түрээсийн төлбөр болон байр, цахилгааны мөнгөө алдаг оног төлдөг болсон. Ингээд сүүлдээ түрээсийн төлбөрөө төлөхгүй, утасдаж асуухад “Би тэнд амьдрахгүй байгаа манай эгч О.Б- амьдарч байгаа 99927846 гэсэн утасны дугаарыг өгсөн. Түүний эгч О.Б-тэй холбогдож, байр, цахилгааны төлбөр болон түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад түрээсийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байсан. Энэ хугацаанд Ж*******, О.Б- нарын утас руу нь залгахаар авдаггүй, сүүлдээ би өөрийн биеэр түрээсийн байрандаа очиж уулзан, түрээсийн төлбөр болон бусад төлбөр өгөхийг шаарддаг байсан. Түрээсийн гэрээний хугацаа нь 2017 оны 2 сарын 03-ны өдөр дуусгавар болсон ч түрээслэгч нь өвлийн хүйтэн гээд гэрээгээ сунгах хүсэлт тавьж, ахиад 1 жилийн хугацаатай сунгагдсан. Бид гэрээгээ албан ёсоор нотариатаар орж баталгаажуулаагүй. Учир нь тухайн үед О.Ж*******гийн эгч О.Б- хэлэхдээ “түрээсийн гэрээгээ Солонгос явж ирээд сунгаад, түрээсийн төлбөрөө төлье” гэхэд нь би итгэсэн. Ингээд 2017 оны 5 сарын 19-нд байрандаа очоод төлбөрөө төлөхийг шаардтал надад мэдэгдэлгүй нүүж явсан. О.Ж*******гийн ээж Ц.М******* гэгч эмэгтэйгээс 2017 оны 5 сарын 24-нд байрны түлхүүрээ олж авсан. Аргаа барсандаа миний бие Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараа нь Баянзүрх дүүргийн шүүхэд О.Ж*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, эрэн сурвалжлах захирамж гаргасан. Нэгэнт түрээсийн гэрээг О.Ж*******гийн эгч О.Б- нь үргэлжлүүлэн сунгая гээд хэлцэл хийж, О.Ж*******тай болон үргэлжлүүлэн түрээсийн байранд амьдарч байсан учир миний бие О.Б-ээс түрээсийн төлбөрт 598.712 төгрөг /2017 оны 4, 5 сар/, 2017 оны 5 сарын орон сууцны төлбөр 48.905, цахилгааны төлбөр 35.460 төгрөг /2017 оны 4, 5 сар/, СӨХ-ийн төлбөрт 445.204 төгрөг /2016.02.03-2017.06.03 хүртэл/ нийт 1.128.281 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч О.Б-ээс түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 1.128.281 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ О.Ж*******тай түрээсийн гэрээ байгуулж, О.Б-ийн хамт амьдарсан, ам хэлцлээр тохирч байрыг О.Б үргэлжлүүлэн хөлсөлсөн гэж тайлбарлав.
Шүүх хариуцагчийг албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гардуулж, эрх, үүрэг тайлбарлан өгч, хариу тайлбарыг 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор гаргахыг үүрэг болгосон ч тайлбар ирүүлж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс өөрийн өмчлөлийн *******, *******, *******, 25 тоот, 2 өрөө байрыг сарын 360.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр О.Ж*******тай гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д гэрээгээр эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй гэжээ.
Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд Б.У нь О.Ж*******д орон сууцыг 1 жилийн хугацаанд хөлслөхөөр хүлээлгэн өгсөн, О.Ж******* нь хөлсийг гэрээний хугацаанд төлсөн, энэ талаар маргахгүй байна.
Хөлслөгч нь 1 жилээр сунгах хүсэлт гаргаснаар гэрээний хугацааг сунгасан, түүний эгч О.Б хөлслөх талаар хөлслүүлэгчид мэдэгдсэн, хөлслөгч О.Б нь өөрийн эзэмшлийн ХААН банкны дансаар Б.У-т хөлс төлж байсан үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 772 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т хөлслүүлэгч нь хөлслөгчөөс хөлсөө шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.У нь О.Б-ээс 2017 оны 4, 5 дугаар сарын хөлс 598.712 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлс төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зохицуулсан ба ээ олж О.Б нь 2017 оны 5 сарын орон сууцны төлбөр 48.905, 2017 оны 4, 5 дугаар сарын цахилгааны төлбөр 35.460 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны СӨХ-ийн төлбөр 445.204 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байрны түлхүүр буюу эд хөрөнгөө хүлээн авсан, О.Б-ийн орон сууц хөлсөлсөн хугацааны ашиглалтын зардлыг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд хариуцагч О.Б-ээс эд хөрөнгө хөлсөлсний хөлсөнд 598.712 төгрөг, ашиглалтын төлбөрт 529.569 төгрөг, нийт 1.128.281 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.У-т олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 78.712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 78.712 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагчид энэ өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасныг баримтлан О.Б-ээс гэрээний үүрэгт 1.128.281 /нэг сая нэг зуун хорин найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөг гаргуулан, Д.У-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 78.712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 78.712 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ