Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/02141

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МСПК-ид холбогдох,

Б/33 тоот тушаалыг хүчингүйд тооцож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би компьютер техникийн инженер мэргэжилтэй, 2008 оны 8 сарын 26-нд МСПК-д компьютерийн багшаар ажилд орсон, 2013  оноос компьютер хариуцсан техникийн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллаж, 2015-2017 он хүртэл цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтнаар ажилласан, мэргэжлээрээ тасралтгүй 9 жил сургуульдаа ажилласан. Программист, хэвлэлийн эх бэлтгэгч, хэрэглээний багш нэртэй ч компьютерийн багш нар техник талаасаа оношилгоо, засвар үйлчилгээ үзүүлэх боломжгүй хүмүүс гэж мэргэжлийн бус хүмүүст тооцогдоно гэж байгаа. Хамгийн гол ажилтнуудаа цомхтгосны эцэст сурагчдын сурлагад нөлөөлнө, техник талаасаа хариуцах эзэнгүй л болж байгаа гэж бодож байна. Цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэдэг мэргэжил хасагдсан байна гээд 2017 оны 3 сарын 20-ны өдөр халагдах тушаалаа авсан. Хэрэв өмнөх ажлын байр нь цомхтгогдсон бол өөрийнхөө мэргэжлийн дагуу дүйцэх ажилдаа ормоор байна. Би ажилгүй 124 хоног байсан, 1 өдрийн 26.240 төгрөг, нийт 3.225.760 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ. Сургууль нь зөвхөн 8 дугаар анги төгссөн сурагчдад мэргэжлийн боловсрол олгох зорилготой сургалт, нөгөө нь их, дээд сургууль төгссөн хүмүүсийг давтан сургах зорилгоор 2 хэсэгт хуваагдаж элсэлт авдаг. Тус сургууль компьютерийн чиглэлээр хэвлэлийн эх бэлтгэгч, техник, сүлжээ хариуцсан ажилтан, график дизайн зэрэг анги бэлтгэдэг нь компьютерийн мэргэжлийн хүн зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулж байна. С.О-ийн хувьд аль ч тал руу нь хөрвөөд ажиллах чадвартай, өөрөө сургуульдаа үлдэх тухай хүсэл сонирхлоо илэрхийлж байхад ажил олгогчийн зүгээс хүлээж авахгүй шууд хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 болон 2017 онд батлагдсан сайдын тушаалаас харахад 2016 оны тушаал дээр багш нь 90 ажилтан байхаар, С.О-ийн ажиллаж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэсэн орон тоо нь 2 байхаар заасан. Харин сүүлд баталсан 2017 оны тушаалаар нийт багшийн орон тоо 98 болж өсөөд, сүлжээ хариуцсан ажилтан буюу захиргаа хариуцаж байгаа ажилтны орон тоо нь техникийн туслах ажилтан болон хувирч ирсэн байна. С.О-ийн ажиллаж байсан орон тоон дээр 2 хүн ажиллаж байгаад, нэг нь өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. С.О-э нь өрөө ажиллах сонирхолтойгоо илэрхийлж захиргаандаа өргөдлөө өгсөн. Үнэхээр тоног төхөөрөмж хариуцсан ажилтны орон тоо нь байхгүй болсон бол техникийн туслах ажилтан болон багшийн орон тоон дээр ажиллуулах боломжтой байхад халсанд бухимдаж шүүхэд хандсан. Энэ тушаал батлагдсанаас хойш 8 хүний хөдөлмөрийн гэрээг цуцалсны 4-т нь би өмгөөлөгчөөр ажиллаж байгаа, үлдсэн нь шүүхэд хандсан эсэхийг мэдэхгүй. Бөөнөөр нь ажилтныг халж байгаа тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг зөрчиж 30 хоногийн өмнөөс мэдэгдсэн нь процессын алдаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар ажилтныг бөөнөөр халах тохиолдолд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тухайн ажилтнуудыг бүртгүүлэх үүрэгтэй ба ажил олгогч нь ажилгүй болж байгаа хүмүүсээ ажилтай болгох үүднээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн тус заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байгаад гомдолтой байна. Төр засаг солигдох болгонд орон тоо баталж байгаа нэрийдлээр танилаа ажилд авах зорилгоор ажлын байрнуудын нэршлийг өөрчлөөд өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн эрх ашгийг хохироож байгаагийн нэг нь нэхэмжлэгч болж байна. Ямар ч мэргэжил, мэдлэггүй хүн байсан бол ажил олгогчийн зүгээс ажиллахад хэцүү гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсныг ойлгох байсан. Гэтэл С.О-э нь магистрын зэргээ хамгаалсан, багшлах эрхийнхээ үнэмлэхийг авсан, анх багшаар ажилд орж байсан гэдэг нөхцөл байдлыг харгалзаж, багшийн ажилд авч энэ олон компьютерийн чиглэлээр бэлтгээд байгаа ангиуддаа багшлуулах боломжийг ажил олгогч харахгүйгээр шууд хөдөлмөрийн гэрээг цуцалж гомдолтой байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анх нэхэмжлэл гаргахдаа өөрийн ажиллаж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтнаас чөлөөлөгдсөн учраас уг ажлын байранд эгүүлэн томилуулах байсан ч хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өмнө нь ажиллаж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалтанд тогтоолгохоор өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх С.О-ийг 2008 оны 8 сарын 28-ны өдөр С.О-ийг компьютерийн багшаар ажилд авч, 2016 оны 2 сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн Яамнаас бүтэц, орон тоог дахин шинээр баталсантай холбогдуулан компютерийн багшийн албан тушаалаас цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан хариуцсан албан тушаалд томилж тушаал 2016 оны 5 сарын 06-ны өдөр гаргасан. Үүнээс хойш УИХ-ын сонгуулийн дүнд Засгийн Газар шинээр байгуулагдсантай холбоотой 2017 оны 1 сарын 27-ны өдрийн НХХЯ-ы сайдын тушаалаар С.О-ийн ажиллаж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэдэг албан тушаал цомхтгогдон орон тоог нь татан буулгасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа шалтгаан нь ажлын байртай үлдэх, ижил дүйцэхүйц ажлын байртай болох хүсэл сонирхлоо илэрхийлж байгааг ойлгож байгаа ч эдийн нөхцөл байдлаас шалтгаалж шилжүүлж ажиллуулах ямар нэгэн орон тоо байхгүй. Ажилчдынхаа цалин болон өмнө нь ажлаас чөлөөлөгдсөн, ажилд эгүүлэн томилогдсон хүмүүсийн цалин тавьж чадахгүй хүнд нөхцөл байдалд байгааг шүүх харгалзан үзэх байх. 2017 оны 3 сарын 20-ны Б-33 дугаартай тушаалаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр С.О-ийг ажлаас чөлөөлсөн. Түүнээс биш сургуулиас бөөнөөр нь олон ажилчдыг халаагүй, нотолсон баримт хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд орон тоо хасагдвал ажлаас нь чөлөөлөх зохицуулалт бий. Дээд шатны газраас буюу яамнаас бүтэц, зохион байгуулалт хийж албан тушаал байхгүй болгосон хүний ажлын байрыг өөр бусад орон тоонд шилжүүлэх боломжгүй байхад тухайн хуулийг баримталж ажлаас чөлөөлөхөөс өөр арга байхгүй. Түүнээс биш энэ хүн мэдлэг боловсрол муутай, байхгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. Гэхдээ багш нарын орон тоон дээр энэ асуудал хөндөгдөөгүй, багшийн орон тоо хасагдаж, багш нараас бол ажлаас чөлөөлөгдсөн хүн байхгүй. Зөвхөн энэ байгууллагын техникийн болон захиргааны аж ахуйн ажилчдаас чөлөөлж буй асуудал яригдаж байгаа. Тус сургууль зөвхөн компьютерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, элсэлт авдаг сургууль биш, политехник гэдгээрээ машин механизм, техник технологитой холбоотой учраас техникийн боловсон хүчин бэлтгэдэг сургууль. Техникийн боловсон хүчин, шинэчлэгдсэн тоног төхөөрөмж, компьютертой харилцдаг, тоног төхөөрөмжүүдийг ашигладаг учраас компьютерийн багш болон цахим тоног төхөөрөмжийн ажилтнуудаар тухайн тоног төхөөрөмжтэй холбоотой хичээлүүдийг оруулдаг. Гол үндсэн чиглэл нь техник технологи, машин механизмтай холбоотойгоор ажилтнууд бэлддэг. Төгсөж гарч ирж байгаа нийт оюутан сурагчдын дийлэнхи хувь нь “Оюу толгой”-д хүнд машин механизмын оператораар томилогдож гэрээ байгуулаад олон жил болж байна. Техникийн туслах ажилтан гэдэг орон тоо нь хүнд машин механизмын мэргэжлийн хүний л хийх ажил. Машин механизмын үйл ажиллагаатай холбоотой туслах ажилтан болохоос биш компьютер болон цахим тоног төхөөрөмжийн ажилтан ажиллах бололцоо байхгүй, мэдлэг боловсролын хувьд хүрэхгүй, одоо А******* гэдэг эрэгтэй ажиллаж байгаа. Учир нь авто засвар, техникийн асуудлууд бий. Өмнө нь техникийн туслах ажилтан биш, туслах ажилтны орон тоо байсан нь байхгүй болсон тул шилжүүлэн ажиллах ямар нэгэн бололцоо байхгүй, хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэж чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Урд нь нэхэмжлэгчийн техникийн туслах ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргасантай холбогдуулж яамнаас техникийн туслах ажилтан гэдэг нь ямар албан тушаал, ямар мэргэжлийн боловсон хүчин ажиллах бололцоотой гэдэг мэргэжлийн чиг үүргийн талаас нь лавлагаа авсны дагуу ирсэн албан бичигт цахим техник, технологиос бусад гэж тодотгож өгсөн техникийн туслах ажилтан нь машин механизм, инженерийн асуудал ба нэхэмжлэгч бол компьютерийн инженер, харин техникийн туслах ажилтан бол автын инженерийн чиглэлийн мэргэшсэн боловсон хүчин гэдгээрээ инженерээс өөр агуулгатай гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч МСПК-д холбогдуулан тушаал хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд дүйцэх албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ бүтцийн өөрчлөлтөөр багшийн орон тоо 90 байсныг 98 болгож нэмэгдсэн, техникийн туслах ажилтан 2 байсны нэг нь хүсэлтээр чөлөөлөгдсөн, 1 орон тоон дээр нь ажиллуулах боломжтой байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь албан тушаал цомхтгогдон орон тоог нь татан буулгасан, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан шилжүүлж ажиллуулах ямар нэгэн орон тоо байхгүй, ажилчдын цалин болон өмнө нь ажлаас чөлөөлөгдөн эгүүлэн томилогдсон хүмүүсийн цалин тавьж чадахгүй байгаа, техникийн туслах ажилтан гэдэг нь хүнд машин механизмын үйл ажиллагаатай холбоотой туслах ажилтан ажиллахаас компьютер, цахим тоног төхөөрөмжийн ажилтан ажиллах бололцоогүй гэж маргав.

 

МСПК- нь С.О-ийг 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс компьютерийн багшаар, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс лаборатори хариуцсан ажилтан, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтнаар томилон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан нийцүүлэн гэрээ байгуулж, 650.000 төгрөгөөр цалинжиж ажиллуулсан байна.

 

Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалаар МСПК-ийн Сургалтын албаны орон тоог баталжээ.

 

Тухайн албанд ажиллах техникийн 2 ажилтны орон тоог 1 орон тоотой баталсан  байх бөгөөд ажил олгогч нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг үндэслэн С.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан байна.

 

“Орон тоо хасагдсан” гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ажилтны орон тоо хасагдсан бол 38.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах юм.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Сургалтын албаны 2 орон тоог 1 болгон цөөрүүлсэн, С.О-ийг тухайн ажлын байранд ажиллуулах боломжтой байтал орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь эрхийн акт хууль зүйн үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй гэж үзнэ.

 

Хэдийгээр хариуцагч тал нь хүнд машин механизмын үйл ажиллагаатай холбоотой туслах ажилтан ажиллах ажлын байр тул шаардлага хангасан Н.А*******г томилсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаанд гэж тайлбарлах ч түүнийг жолоочийн ажилд томилсон тушаалаар хариуцагчийн татгалзлын үндэслэл няцаагдаж байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дүйцэхүйц ажилд эгүүлэн тогтоолгох гэж тайлбарласан, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо нь хасагдсан гэж тайлбарлан орон тоо батлах тухай тушаалыг хавсралтын хамт ирүүлсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажилд, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасныг зөрчсөн байх тул С.О-ийг урьд эрхэлж байсан албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрээр түүнд сүүлийн 3 сард олгогдсон цалингийн дундаж /486.494+507.694+698.300/ 564.163 төгрөг байх бөгөөд ажилгүй байсан 124 өдрийн цалин олговорт /564.163:21.5/ 3225.760 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 66.562 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх байдлаа нотлоогүй тул нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг баримтлан С.О-ийг МСПК-ийн Сургалтын албанд урьд эрхэлж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтны албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.                                       

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3.225.760 /гурван сая хоёр зуун хорин таван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулан С.О-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 66.562 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ