Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/522

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч У.Солонго,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржгон овгийн А.Ад холбогдох эрүүгийн 1702001670091 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржгон овогтой А.А, 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 25 дугаар гудамж 556 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 10-589 тоотод оршин суух хаягтай гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УШ89101337.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.А нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвч гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн улмаар 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10-589 тоот өөрийн гэртээ уг бодисоос 2.4 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ 3.07 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-453 тоотод өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай цэнхэр өнгийн гялгар уутны хамт 5 грамм жинтэй Каннабис гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Гэрч Ц.Дашзэвэг нь мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 24-ний орой эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрхэмбаатарын хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэгт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хайлаастын 20-453 тоот хаягаар ороход гэрт нь А.А, Г.Бүрэндэлгэр, Т.Зул, Д.Түвшинтөгс нарын хүмүүс хашаан дотор байх 2 байшингийн зүүн талын байшин дотор байсан. Байшинд орсны дараа цагдаагийн байгууллагаас явж байгаа талаараа хэлж үнэмлэх бичиг баримтаа үзүүлж байшинд байсан хүмүүсээс биед нь хүйтэн зэвсэг болон хар тамхи мансууруулах бодис, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл байгаа бол гаргаж ширээн дээр тавина уу гэхэд А.А нь өөрийнхөө өмдний халааснаас цэнхэр өнгийн гялгар ууттай хатсан өвс мэт зүйлийг гаргаж ширээн дээр тавьсан. Үүний дараа мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Сайнжаргал ирж тухайн газарт хэргийн газрын үзлэг хийж ширээн дээрээс цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт зүйлийг хурааж авсан ба цахилгаан жин дээр жинлэхэд 5 грамм болж байсан...” гэжээ /1-р хх 56-57/.

Шинжээч Б.Цогбаяр мэдүүлэхдээ: “...Шинжилгээнд ирүүлсэн 4 хүний шээснүүдээс дээж авч стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд А.А, Т.Зул нарын шээснээс метамфетамины агууламж илэрсэн. Г.Бүрэндэлгэр, Д.Түвшинтөгс нарын шээснээс тетрагидроканнабинолын агууламж илэрсэн тул үр дүнг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Шинжилгээнд хүргүүлсэн өдөр хүлээн авч тэр даруй стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийсэн. Энэ хугацаанд шээснээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж гадагшлах боломжгүй. Хүний шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд хэдий хугацаанд хадгалагдана гэсэн тодорхой заасан цаг хугацаа байхгүй. Тухайн хүний идэж уусан зүйл, унтаж амарч байгаа байдал, бие организмын онцлог, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх боломжтой. Тийм болохоор энэ талаар нарийвчлан тогтоосон судалгаа, үр дүн байхгүй. Тиймээс дээрх 4 хүн нь хэзээ ямар цаг хугацаанд ямар хэмжээтэй хэрэглэснийг тогтоох боломжгүй...” гэжээ /1-р хх72-73/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №3559 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон материалаар хийсэн гаансны тамхи хийх хэсэгт шатсан зүйлийн үлдэгдэл, цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1.7945 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтсан болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон материалаар хийсэн гаансны тамхи хийх хэсэгт байсан шатсан зүйлийн үлдэгдэлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэжээ /1-р хх 59/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн №3666 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “А 2018.03.25 гэж хаягласан, “Т.Зул” гэж хаягласан, “Г.Бүрэндэлгэр 2018.03.24 гэж хаягласан, “Д.Түвшинтөгс 2018.03.25 гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2.3. Шинжилгээнд ирүүлсэн “А 2018.03.25 гэж хаягласан, Т.Зул” гэж хаягласан шээс тус бүрт метамфетамин илэрч байна. Г.Бүрэндэлгэр 2018.03.24 гэж хаягласан, Д.Түвшинтөгс 2018.03.25 гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол илэрч байна.

Шинжилгээнд илэрсэн метамфетамин, тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно” гэжээ /1 хх 66/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №3421 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “А.А ИШ89101337 2018.03.20 20 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ.

2.3. Шинжилгээнд ирүүлсэн А.А ИШ 89101337 2018.03.20 20 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно” гэжээ /1-р хх 245/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №3423 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 86, 87 гэж дугаарласан ургамал мэт зүйлүүд шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн 86, 87 гэж дугаарласан ургамал мэт зүйлүүдэд делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно.

3.4. Шинжилгээнд ирүүлсэн 86 гэж дугаарласан ногоон өнгөтэй, нунтаг ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 3.3807 грамм, цэнхэр гялгар ууттай жин нь 3.0780 грамм, цэвэр жин нь 2.9080 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 2.7379 грамм болно. Шинжилгээнд ирүүлсэн 87 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2.4495 грамм, цэвэр жин нь 2.1722 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1.9526 грамм болов.” гэжээ /1-р хх-248/.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №219 дугаартай дүгнэлтэнд:

1. А.А нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх
баримт мэдээлэл үгүй байна.

2. А.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. А.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. А.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. А.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. А.А нь сэтгэцэд нөлөөт эм бодисын донтой эсхүл хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. А.А нь сэтгэцэд нөлөөт эм бодисын донтой эсхүл хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Хэрэв сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэж оношлогдсон тохиолдолд Монгол улсад, СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.

8. А.Ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах
шаардлагагүй байна.

9. Сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай, донтолттой гэх нэршлүүд нь утга нэг ойлголт болно.” гэжээ /1-р хх 87-88/.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 12-19, 229-234/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх 21, 26, 30, 33, 235/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 46, 239/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх 48, 241/.

        Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-9/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-14/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвч гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн улмаар 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10-589 тоот өөрийн гэртээ уг бодисоос 2.4 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ 3.07 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-453 тоотод өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай цэнхэр өнгийн гялгар уутны хамт 5 грамм жинтэй Каннабис гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүх шүүгдэгч А.Аг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, мөн эд мөрийн баримтаар ирүүлсэн 4.6 грамм жинтэй хатсан, зиплок түгжээ бүхий уутан дотор цэнхэр эрээн өнгийн 26.5 см урттай, цэнхэр эрээн өнгийн гялгар уутанд боосон уутны хамт 3.2 грамм жинтэй хатаж, нутагласан өвч мэт зүйлийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогтой А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Ад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 4.6 грамм жинтэй хатсан, зиплок түгжээ бүхий уутан дотор цэнхэр эрээн өнгийн 26.5 см урттай, цэнхэр эрээн өнгийн гялгар уутанд боосон уутны хамт 3.2 грамм жинтэй хатаж, нутагласан өвч мэт зүйлийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН