Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа Д.Буянтогтох /и/

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

             улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд

            иргэдийн төлөөлөгч Ц.Зояа

            шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан

            хохирогч С.Туваансүрэн

 шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Золбоотын Мөнх-Эрдэнэд холбогдох 201519000720 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн 4 дүгээр хэсэг, задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

2005 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 566 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын шийдвэрээр эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан Харчу овогт Золбоотын Мөнх-Эрдэнэ /РД:НН81112978/ гэв.

 

Холбогдсон гэмт хэрэг:

            Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг “Шинэ хороолол” гэх газарт С.Туваансүрэнгийн хэвлийн тус газарт нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 10 дугаар сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байхад Туваансүрэн гаднаас Буянбатын хамт 1 шил архитай согтуу орж ирсэн. Орж ирэхэд нь би утсаар яриад сууж байсан. Туваансүрэн намайг “чи хүн орж ирэхэд тоосонгүй” гэж над руу агсамнаж намайг сууж байхад нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Туваансүрэн бид архи ууж сууж байгаад хоорондоо хэрэлдээд Туваансүрэнг хутга барьж айлгах санаатай байсан боловч хутгалсан байсан. Туваансүрэнг хутгалуулны дараа Ганболд, Мөнхзул нар эмнэлэг авч явсан. Туваансүрэнтэй хэрэлдэж байхдаа миний зүүн гар талд сууж байсан бөгөөд ширээн дээр саванд хийсэн махтай хамт байсан шар өнгийн иштэй хутга байсныг аваад Туваансүрэнгийн баруун хөхний нь доод талд буюу цээжинд нэг удаа хутгалсан. Уур бухимдлаа барьж чадалгүй хутгалснаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Туваансүрэн мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Заамар суманд найз Мөнх-Эрдэнийн гэрт орой 21 цагийн орчимд орсон. Мөнх-Эрдэнэ бид хоёр гэрт нь байж байтал гаднаас Ганболд ах, Мөнхзул нар орж ирсэн. Би тэднийд орохдоо айлын найрнаас гарч ирсэн болохоор согтуу байсан. Мөнх-Эрдэнэ гэртээ бас л архи уусан байсан. Би Мөнх-Эрдэний гэрт ороод 1 шил “Ерөөл” архи уусан санагдаж байна. Уг архийг хэн нь авч ирснийг мэдэхгүй. Архи ууж байгаад юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Ганболд ах “хутгалуулчихлаа, эмнэлэг явья” гэж хэлэхийг сонссон. Тэгээд Мөнх-Эрдэний гэрийн гаднаас машинд сууж эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт ирээд шархаа харахад баруун хөхний доод талд зүсэгдсэн шарх байсан. Эмч үзээд яаралтай хот яв гэхээр нь Улаанбаатар хот руу явсан. Ганболд ах хэлэхдээ “Мөнх-Эрдэнэ чамайг хутгалчихсан” гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэтэй юунаас болж хоорондоо маргалдсанаа санахгүй байна. Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д 2015 оны 10 сарын 20-ны өдрөөс 10 сарын 26-ны хооронд хэвлийн хавсарсан гэмтлийн 2 давхарын тасагт эмчлүүлж хагалгаанд орсон. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Адилхан архи уучихаад юундаа ч гомдох вэ дээ. Би энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч байна. Хутгалуулсанаас болж элэг зүсэгдсэн, өрц цоорсон байна гэж эмч хэлсэн. Хагалгаанд орж эмчлүүлсэн ч гүйцэд эдгээгүй, тэнийж болохгүй байна. Нэхэмжлэх зүйлийн талаар эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсон эмчилгээний зардалд баримтаар 2.120.244 төгрөг одоогоор зарцуулсан. Бусад зардлуудын хувьд баримтгүй байгаа. Төв аймгийн Заамар сумаас хэрэг болсон өдөр 80.000 төгрөгөөр таксидаж Улаанбаатар хотод ирсэн. Эмнэлэг рүү байнга хоол зөөж байсан. Унаа тэрэг гээд бодоход 1.800.000 төгрөг болж байна. Дээрх зардлуудыг нэгтгэн тооцоход 3.920.240 төгрөг болж байна. Энэ бүхний төлбөрийг миний эцэг, эх, ах, дүү нар минь миний эрүүл мэндийн төлөө зарцуулсан. Гэмт болсноос хойш Мөнх-Эрдэнэ нь надад хохирол төлбөрийг төлөөгүй, эмчилгээний зардлаа Мөнх-Эрдэнээс нэхэмжилж байна. Надад гомдол санал байхгүй. Хохирол төлбөрөө төлүүлмээр байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг Мөнх-Эрдэнээс нэхэмжлэхгүй гэв.

 

Мөн мөрдөн байцаалтанд гэрч Э.Маналжав мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Мөнх-Эрдэний гэрт очсон юм шиг байгаа юм. Маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад сэрэхэд Мөнх-Эрдэний баруун орон дээр би унтсан, зүүн орон дээр Буянбат унтсан, Мөнх-Эрдэнэ хоймортоо сууж байсан. Мөнх-Эрдэнэ надад “Би урд шөнө хүнтэй маргаад хутгаар хатгасан юм шиг байна юу болсоноо мэдэхгүй байна” гэж хэлсэн. Түүний дараа Буянбат сэрсэн, харин би гэр рүүгээ явлаа гээд Мөнх-Эрдэнийн гэрээс гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

 

Гэрч С.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Улаанбаатар хотод байхад над руу охин Мөнхзаяа утсаар залгаж “Мөнх-Эрдэнэ Туваансүрэнг хутгалсан байна, хутгалуулсан хүн нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт байна гэж хэлсэн. Манай гэрт шар иштэй бугын эвэртэй юм шиг 1 ширхэг хутгатай байсан. Тэр хутга байхгүй байсан тэр хутгаар л хутгалсан юм шиг байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/

 

Гэрч Ц.Мөнхзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:”...2015 оны 10 дугаар сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байхад хөдөөнөөс Ганболдын хамт төв рүү орж ирээд шууд Мөнх-Эрдэний гэрт очсон. Тэдний хажуугаар гарч яваад гэрэлтэй байхаар нь орсон юм. Мөнх-Эрдэний гэрт ороход Маналжав баруун хойморийн орон дээр, зүүн орон дээр Буянбат унтаж байсан. Ганболд бид хоёр ууж байсан архинаас нэг нэг хийж өгөхөд нь уусан. Туваансүрэн, Мөнх-Эрдэнэ нар хоорондоо хэрэлдэж Мөнх-Эрдэнэ нь Туваансүрэнд “Чи пизда минь намайг хөл гар муутай болохоор битгий дээрэлхээд байгаарай” гэж хэлээд хоёр биенээ “битгий солиороод бай, пизда” гэх зэргээр хэлж хэрэлдээд байсан. Мөнх-Эрдэний хажуу талд ширээн доорх савтай мах идэж байсан шар иштэй хутгыг аваад Туваансүрэн газарт суусан. Мөнх-Эрдэнэ мөн суусан байдалтай байхдаа баруун хөхний хэсэг рүү нь 1 удаа хутгалсан. Ганболд Мөнх-Эрдэнээс хутгыг нь булааж авсан. Туваансүрэн хутгалуулсаны дараа доошоо эвхэрээд суусан. Ганболд бид хоёр гүйж гарч Ходоохүү гэх залууг гуйж машинаар нь Туваансүрэнг сумын эмнэлэгт хүргэсэн. Ганболд бид хоёрыг ороход л хэрэлдээд сууж байсан. Юунаас болсоныг нь мэдээгүй. Ярианы утганаас нь согтуу хүмүүс бие биенийхээ үгийг даахгүй л хэрэлдээд байгаа байдал ажиглагдсан. Газар сууж хэрэлдэж байгаад л хутгалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/

 

Гэрч С.Энхнаран мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагаас жижүүрийн ээлжинд ажилтай хонож байсан. 22 цаг 35 минутын үед таньдагаас түүний найз Ганболд, хоёр залуу, Туваансүрэнтэй дөрвүүлээ эмнэлэг рүү Туваансүрэнг 2 талаас нь сугадсан байдалтай орж ирсэн. Ирэх үеийн биеийн байдал царай цонхигор, хэвлийн баруун дээд талд 2.5-3 см орчим хөндлөн зүсэгдсэн шархтай, цус маш ихээр гарч байсан тул цусыг нь арилгаж шархыг цэгцэлж эмч Энхээг дуудсан. Артерийн даралт нь баруун талдаа 90/60, зүүн талдаа 110/70-тай даралт унасан байдалтай, шархны орчимд маш их эмзэглэлтэй байсан. Эмч Энхээ ирж шархны гүнийг зоонт тавьж үзтэл 6 см-ээс дээш гүнтэй байсан. Зонт дагаж цус гарч байсан. Дахин шархыг шалгаж шархны гүнд 2 ширхэг оёдол тавьсан. Оёдол тавьсны дараа шарх гадагшаа овоож байсан. Шарх гүн байна гэж үзээд цус тогтоох яаралтай эмчилгээ хийж өвдөлт намдаах аналгин, демидрол, новокайнтай булчинд хийсэн. Артерийн даралт өгсөхгүй байсан учраас 02 цаг 30 минутын орчимд Туваансүрэнгийн дүү сувилагч Цэрэнхандын хамтаар 13А маягтаар яаралтай тусламж үзүүлсэн эмчилгээний хуудасны хамтаар явуулсан. Тухайн үед Туваансүрэнгээс архи тэгтлээ их үнэртэж байгаагүй. Биеийн байдлаас болсон уу шархнаас болсон уу нэг удаа бөөлжсөн. Согтуу гэхээр зүйл миний хувьд мэдэгдээгүй. Хүргэж ирсэн хүмүүсийг харахад айж сандарсан л хүмүүс байсан. Архи уусан эсэхийг нь анзаараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/

 

Гэрч Д.Энхээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Намайг гэртээ амарч байхад сувилагч С.Энхнаран утсаар “хутгалуулсан хүн эмнэлэг дээр ирлээ” гэж 23 цаг өнгөрч байх үед хэлсэн. Эмнэлэг дээр ирэхэд сувилагч Энхнаран, хутгалуулсан гэх Туваансүрэнтэй хамт сууж байсан. Ороод хутгалуулсан гэх хүнийг үзэхэд баруун хөхний доохон талд 2-3 хавирганы завсраар хутгалуулсан цус бага хэмжээтэй гарч байсан. Шарх руу зонт хийж үзэхэд өргөн нь 3 см, гүн нь ойролцоогоор 8 см нэвтэрсэн байсан санагдаж байна. Хутганы чиглэл нь өрц рүү орсон нилээн гүн байсан учир зоонт цааш хийж чадаагүй авсан. Тухайн шархан дээр 2 ширхэг оёдол тавьж 13А маягт бичиж Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг явуулсан. Архи үнэртэж байсан. Харахад согтуу байна л гэж харсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/

 

Гэрч Г.Ганболд мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 19-ний орой Мөнхзул бид хоёр манай гэрт айраг ууж байгаад 22 цаг 00 минутын орчимд гарч Мөнх-Эрдэний гэрт орсон. Мөнх-Эрдэнийд Туваансүрэн, Манжаа нар 0.75 литрийн талаас дээгүүр Ерөөл архи уугаад сууж байсан. Орон дээр Буянбат гэдэг залуу унтаж байсан. Би Мөнх-Эрдэний хажуугаар газар хэвтсэн. Мөнх-Эрдэнэ, Туваансүрэн хоёр хоорондоо бие биенээ “гөлөгөө, бандиа” гэж дуудалцаад хэрэлдээд байгаа юм уу мэдэхгүй, ам зөрсөн хоёр юм л байсан. Намайг буруу хараад хэвтэж байхад гэнэт Туваансүрэн “намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Босоод хартал Мөнх-Эрдэнэ хутга барьчихсан зогсож, Туваансүрэн цээжээ дараад “ёо хутгалчихлаа” гээд газарт сууж, Мөнхзул орон дээр хараад сууж байсан. Мөнхзул бид хоёр гарч гүйгээд Туваансүрэнгийн ах, дүү нарт нь хэл өгье гэтэл ах нь гэртээ байгаагүй. Тэр газартай ойрхон байсан Ходоохүү гэдэг найзыгаа машинтай нь гуйж Туваансүрэнг авч эмнэлэгт хүргэсэн. Шар эрээн иштэй уртаараа 25 см орчим хутга л байсан. Эмнэлэгт очсон хойноо хувцсыг нь сувилагч тайлахыг харахад баруун талаас нь хөхнийх нь доод талд хутгалсан байсан. Мөнхзул сүүлд нь ярихдаа 2 биенийхээ өөдөөс хараад сууж байсан хутгатай гэдгийг нь ч мэдээгүй нэг мэдсэн чинь л хутгалсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №15731 тоот актанд:

1. С.Туваансүрэнгийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч, элэгний баруун дэлбэн болон өрцийг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийд хатгагдсан шарх, хэвлийн хөндий дэх хурц цус алдалт /1.2 литр/, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс бүрэн хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-ийн 50 тал/

- Эд мөрийн баримтаар эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, схем зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 тал/

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-75 тал/

- Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн ял шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-ийн 79 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг “Шинэ хороолол” гэх газарт С.Туваансүрэнгийн хэвлийн тус газарт нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч С.Туваансүрэнгийн мэдүүлэг, гэрч Э.Маналжав, С.Алтанцэцэг, Ц.Мөнхзул, С.Энхнаран, Д.Энхээ, Г.Ганболд нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №15731 тоот акт, шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

 

     Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар “шүүх гэмт хэргийн нийгмийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулан өөрчилж болно” гэж заасан байх тул шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж үзэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч С.Туваансүрэн нь шүүгдэгч З.Мөнх-Эрдэнээс 3.920.240 төгрөгийг эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжилснээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2.120.425 төгрөгийг гаргуулж хохирогч С.Туваансүрэнд олгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт шар иштэй 1 ширхэг хутга хураагдан ирснийг устгах, шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Туваансүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286 ,296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Харчу овогт Золбоотын Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийг 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан З.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 5  жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Ялтан З.Мөнх-Эрдэнийг цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц устгасугай.

 

              6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан З.Мөнх-Эрдэнээс 2.120.245 төгрөг гаргуулж хохирогч С.Туваансүрэнд олгосугай.

 

              7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, З.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Туваансүрэн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

              8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан З.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                                    ШҮҮГЧИД                                Ю.ЭНХМАА

 

                                                         Д.БУЯНТОГТОХ