Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 780

 

 

 

 

 

 

 

 

 

Э.А-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00371 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Ад холбогдох,

Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4а хэсэг сургуулийн гудамж, 1581 тоотод байрлах газрын орц, гарцыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Т

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Алтантуяагийнх хашаагаа 2009 онд сунгаж машин замыг хаасан тул бид гэртээ орох боломжгүй болсон. Би орц, гарц гаргуулахаар газрын албанд хандсан. Урдуур гарц гарах боломжтой. Өөр арга байхгүй гэсэн. 2 удаа шаардах хуудас өгөөд хашааг нь буулгасан боловч дахиж хашаагаа хадсан. Бид хуулийн өмнө үнэн зөв мэдүүлэх ёстой. Гэтэл энэ хүмүүс яагаад худал хэлээд байгааг ойлгохгүй байна. Хуулийн дагуу газрын албаны бичгийн дагуу манай орц, гарцыг гаргаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд үзлэг хийх хүсэлт тавьж, шүүх хөндлөнгийн гэрч болон хэргийг оролцогч нартай очиж үзлэг хийсэн. Хариуцагч Алтантуяагийн 1570 тоот хашааг сунгаж сагсны самбарын хажуугаар хуучин машин зам явсан мөртэй хэсгээр хашаагаа сунгаж нийтийн эзэмшлийн замыг хаасан тул нэхэмжлэгч гэртээ орох гарцгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлага бол Алтантуяа гэж иргэний 1570 тоот 2 тал хашааг буулгаж, орц, гарцыг гаргуулахыг даалгах тухай байгаа. Үүнтэй холбоотойгоор өмчлөгчийн эрх зөрчигдөж байгаа гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 1581 тоотыг хааж буугаагүй. Урд нь байсан хашаанд буусан. Өдийг хүртэл газрын бичиг баримтаа авч чадахгүй байгаа. Газрын албанд хандахаар ард айл чинь маргаантай байгаа гэдэг шалтгаанаар гэрчилгээ өгдөггүй, бид энд 10 гаруй жил амьдарч байгаа. Анх би н.Баянзул гэдэг хүнээс энэ газрыг худалдаж авсан 2009 онд хашааг сунгаж барьсан зүйл байхгүй, хашаанд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Яг л ийм байдалтай байсан. Ямар нэгэн орц, гарц байгаагүй гэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтантуяа нь Ариунболдын эрхийг зөрчөөгүй. Хариуцагч 2005 онд кадастрын зургаар иргэн н.Баянзулаас авсанаас хойш 10 жил амьдарч байгаа. Хууль ёсны бичиг баримгүй ч гэсэн 10 жил амьдарч байгаа. 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ариунболдод 700 м.кв гэрчилгээ авсан. 2008 оноос 2013 он хүртэл орц, гарцын талаар маргаан байгаагүй. Тэгэхээр 2008 онд н.Г, н.О, н.О, Э.Ашилжих үед орц гарц хаасан зүйл байхгүй байсан. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөөгүй. Орц, гарцыг хойшоо гаргах боломжтой байна гэж үзэж байна. Алтанутяа 2005 оноос хойш өдийг хүртэл амьдарч байгаа нь хорооны хүн амын бүртгэлийн баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч задгай байсан гээд байгаа. Барьсан хашаа худалдаж авсан болохоос уг газар дээр Н.А шинээр хашаа бариагүй. Газрын харилцаа геодизи, зураг зүйн газраас асуултад хариулсан н.Баянзулын газар өөрчлөгдөөгүй.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 1581 а тоот гээд байгаа, 1581 а, б болж хуваагдсан. 1581, 1582 бол нэг том хашаа байсан. Орц, гарц нь хойшоо гарсан байсан гэж нэхэмжлэгч ч мэдүүлсэн. Орц, гарцаа нэхэмжлэгч өөрөө хаасан. Амьдрал дээр хэдий хэмжээний газраа н.Төгсжаргалд өгсөн эсэх нь тодорхойгүй. Өөрөө бол кадастрын зурагтай гээд байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 700 м.кв талбайгаас илүү газар эзэмшээд бусдад худалдаж байгааг үгүйсгэхгүй. Иргэний хуулийн 106 зааснаар өмчлөх эрх зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Аг Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4а хэсэг сургуулийн гудамж 1581 тоотод байрлах газрын орц, гарцыг чөлөөлөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маахүүхэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Агаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч Д.Маахүүхэнд олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч Н.А нь 2005 онд Баянзул гэдэг иргэнээс хашаатай, хашаандаа жижиг шавар байшинтай 540 м.кв талбайтай, 18652311641016 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, газар эзэмших 77022861 дугаар гэрчилгээтэй газрыг худалдаж аваад 12 жил амьдарч байгаа ба тухайн хашааг өргөтгөх, өөрчлөх ямар нэгэн засвар хийгээгүй анх худалдаж авахад ямар хэмжээтэй ямар хашаа байсан тэр л хэвээрээ хашааны хаалга нь урагшаа харсан байрлалтай тухайн газрын хэмжээ нэмэгдэж өөрчлөгдөөгүй, хашааны газраа сунгаагүй болох нь Газрын харилцаа барилга геодези зураг зүйн газрын дүгнэлтээр тогтоогдсон билээ. Н.А нь 2009 оноос Баянзүрх дүүргийн газрын албанд газраа эзэмших, өмчлөхөөр хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн 23-р хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамжны 1570 тоотод байршилтай, 540 м.кв талбайтай газрын өмнөх эзэмшигчийг байлцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахгүй буцаасан тул 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр газраа худалдсан н.Батзулыг уулзаж, газрын албатай уулзуулан бичиг хийлгэж аваад дахин хүсэлт гаргахад "маргаан"-тай байгаа гээд 12 жил амьдарч газрыг өмчлүүлэх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлээгүй хүлээгдэж байгаа билээ. Шүүх: "...Газрын харилцаа барилга геодези зураг зүйн газрын иргэн Д.Гэрэлчулууны өмчилж буй нэгж талбарын орц гарц гэх хаалгыг иргэн Ж.Баянзулын эзэмшиж буй нэгж талбар бүхэлд нь хаасан" гэх дүгнэлтээр тогтоогдож байна гэжээ. Гэтэл энэхүү дүгнэлт гарахаас өмнө 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Э.А иргэн С.Оргилоос тухайн газрыг худалдан авахад орц, гарцны маргаан байгаагүй.  

...Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанаас хариуцагч Н.Ад шаардах хуудас хүргүүлж байсан тухай баримт байхгүй, 2008 оны 02 дугаар сард Д.Гэрэлчулуунаас С.Оргилд, 07 дугаар capд С.Оргилоос Э.Ариунболдод тухайн газар шилжих үеийн кадастрын зураг байхгүй, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа урагшаа сунгаж Н.Агийн эзэмшиж байгаа хашаатай тулгаж урьд талынхаа гудамжийг хааж битүүлсний дараа шинжээчийн дүгнэлт гарсан зэрэг илтэд зөрүүтэй бичгийн баримтуудыг шинжлэн судлахгүйгээр шүүх "...хариуцагч нь нийтийн эзэмшлийн газар руу хашаагаа сунгаснаас нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан гэж үзэх үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1\144 тоотоор ирүүлсэн дүгнэлтээр Н.Агийн эзэмшиж буй Баянзүрх дүүргийн 23-р хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамжны 1570 тоотод байршилтай, 540 м.кв талбайтай газрын хэмжээ байршил өөрчлөгдөөгүй болохыг нотолсон байхад шүүх "...хариуцагчийн газрын хэмжээ байрлал өөрчлөгдсөн мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дээрх дүгнэлтээр үгүйгэгдэж байна.

Хариуцагч талаас маргаантай асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн газрын албыг гуравдагч этгээдээр оролцуулах, өмнө шийдвэрлэсэн хэргээс зарим нотлох баримтуудыг хуулбарлан авах, хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан боловч шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу ажиллагаа хийгээгүй нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гзж үзэж байна.

Зохигчдын нарын хооронд 2008-2013 онуудад газрын орц, гарцын маргаан байгаагүй, нэхэмжлэгч нь 2013 оноос хашааныхаа ар талд 1582 тоот эзэнгүй хашаа үүсгэж, хойшоо гарах орц гарцаа хаасан, урьд хэсгийн хашаагаа хариуцагчийн хашаатай тулгаж сунгаад урьд талын гудамжийг хаасан нь Газрын харилцаа барилга геодези зураг зүйн газрын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1\144 тоот болон дүгнэлтийн хавсралт зургаар тодорхой гарсан байдаг ба ар талын 1582 тоот хашааны эзэмшигч, өмчлөгчийн талаар дүүргийн газрын мэдээллийн санд бүртгэл байхгүй, хэн амьдардаг нь тодорхойгүй тул энэ асуудлыг тодруулах хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа боловч шүүх шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөөгүй, түүнийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагчаас ямар нэгэн саад учруулсан үйлдэл хийгээгүй, харин дүүргийн өмч газрын харилцааны газрын хууль бус ажиллагаанаас маргаан үүссэн, шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгч хашаагаа урагшаа сунгаад, урьд гудамжаа хааж битүүлсний дараа 2014 оны 02 дугаар сард гарсан зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр "хариуцагчийн хашаанд бүдэг машин замтай, уг зам дээр сагсан бөмбөгийн самбар байрлуулсан" гэх ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж хариуцагчийг хашаагаа сунгаж нэхэмжлэгчийн орц, гарцийг хаасан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Н.Ад холбогдуулан Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4а хэсэг сургуулийн гудамж, 1581 тоотод байрлах газрын орц, гарцыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2017/001353 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 7469 дугаартай хэргийг шүүхийн архиваас татан авахуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ уг нотлох баримтаар татаж авахуулсан хэргээс 20 хуудас материалыг хуулбарлан авч, өөрийн хуулбар үнэн тэмдэг дарж хэрэгт хавсарган, уг хуулбар үнэн дарсан баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 44.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ. /хх 31-32, 34-54/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь мэтгэлцээнд оролцож буй хэргийн оролцогч талуудад хамаарахгүй, харин шүүхийн журмаар бүрдүүлэх нотлох баримтад хамаарах ойлголт болохыг шүүх анхаараагүй, тэдгээрт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй.

 

Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байтал шүүх дээрх баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Мөн шүүхийн архиваас нотлох баримтаар татан авахуулсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон Д.Маахүүхэний нэхэмжлэлтэй Н.Ад холбогдох иргэний хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Учир нь хэргийн оролцогчдоос шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаснаар шүүх зохих журам, шаардлагын дагуу шинжээчийг томилж, уг шинжээчийн дүгнэлт нь тухайн маргааны үйл баримтад хамааралтай эсэх тохиолдолд шүүх үнэлдэг журамтай.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Агийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                                                                   

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН