Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2015/0119

 

2015 оны 3 сарын 05 өдөр   Дугаар 221/МА2015/0119

 

 

НКС ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Х, хариуцагч татварын улсын байцаагч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 480 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, НКС ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын татварын улсын байцаагч Г.Б , О.Б , Н.Ч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч НКС ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компанийн 2008-2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч нар шалгалт хийж, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 980057 тоот актаар 286,862.5 мянган төгрөгийн зөрчил тооцоолон, 44.,297.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 57.2 мянган төгрөгийн хүү, 15.862.7 мянган төгрөгийн торгууль, 3,210.6 мянган төгрөгийн алданги, нийт 63,428.3 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Уг зөвлөл гомдлыг хэлэлцээд 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоолоор ...актаар 286,862.5 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 63,428.3 мянган төгрөгийн төлбөрөөс 20,216.0 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,040,3 мянган төгрөгийн төлбөрийг хасч, 266,646,5 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 61,388.0 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөн тогтоосон. Бид уг тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... Иймд, улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 980057 тоот актын 1.1.1, 1.1.2, 1.1.6, 1.2, 2.1, 2.2, 2.5 дахь заалтуудыг хүчингүй болгож, 1.1.4, 1.1.5, 2.4 дэх заалтуудын төлбөрийн хэмжээг бууруулж өгнө үү... Тухайн актын 1.2 дахь заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: НКС ХХК нь актын тогтоох хэсгийн 1.1.1, 2.1-д: ...барилгын материалын Тэх худалдааны төвд павильон, агуулах, контейнер байрлуулах талбай түрээслүүлснээс олсон орлого 103,367.7 мянган төгрөгийн, 1.1.2, 2.2-д: 2009 онд Ди Си Эйч ХХК-д 395.0 м.кв вакум цонх борлуулсны орлого 30,522.7 мянган төгрөгийн, 1.1.4, 1.1.5, 2.4-т: 2011 онд БНСУ-аас 02 дугаар сарын 20, 22-ны өдөр импортолсон ачааны автомашин /16,500.0/, тусгай зориулалтын автомашин болон чиргүүл /23,000.0/-ийг Эрдэнэ энх трейд ХХК-тай борлуулсны орлого нийт 39,500.0 мянган төгрөгийн, 1.1.6-2.5-д: 2011 онд Делика болон Истана маркийн суудлын автомашинуудыг Барилга ХК-д шилжүүлж, тус компани 2 автомашиныг хүлээн аваад төлөх өглөгөө бууруулсан 15,000.0 мянган төгрөгийг тус тус орлогын санхүүгийн тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, албан татвар ногдох орлогод тооцоогүй, албан татвар ногдуулан төлөөгүй..., мөн актын 1.2-т: 2009, 2011 онд, вакум хаалтны үнэ, бараа гэх үндсэн баримтгүй 14,329.6 мянган төгрөгийн зардлыг санхүүгийн тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн... Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 480 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2, 17.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч НКС ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ...ТЕГ-ын татварын улсын байцаагч Г.Б . О.Б , Н.Ч нарын тогтоосон 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 980057 дугаар актын тогтоох хэсгийн 1.1.1, 2.1 дэх хэсгийн 103,367.7 мянган төгрөгийн зөрчлөөс 20,793.1 мянган төгрөгийн зөрчлийг хасч, үлдэх 82,574.600 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 4,474.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 1,536.9 мянган төгрөгийн торгууль, 655.7 мянган төгрөгийн алданги, НӨАТ-ын 8,257.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 4,128.7 мянган төгрөгийн торгууль, 24.8 мянган төгрөгийн хүү, нийт 19,077.9 мянган төгрөг ногдуулсан, актын 1.1.6, 2.5 дахь хэсгийн 825.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 247.6 мянган төгрөгийн торгууль, 51.1 мянган төгрөгийн алданги, НӨАТ-ын 1,500.0 мянган төгрөгийн нөхөн татвар 750.0 мянган төгрөгийн торгууль, 4.5 мянган төгрөгийн хүү, нийт 3,378.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан-ыг тус бүр хүчингүй болгож, үлдэх ...1.1.2, 2.2, 1.1.4, 1.1.5, 2.4 дэх хэсгийг хүчингүй болгон, төлбөрийн хэмжээг бууруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч НКС ХХК нь 980057 дугаар актын тогтоох хэсгийн 1.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар давж заалдах гомдолдоо: ...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө гэсний дагуу аж ахуйн нэгж нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.1-д заасан нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь-иар мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг... хүлээн зөвшөөрч бүртгэх юм. Татварын улсын байцаагч нар түрээсийн орлогын тооцооллыг түрээслэгч нарын гэрээ цуцлах хүртэлх хугацаанд хийсэн, мөн компанийн захирлын тушаалаар чөлөөлсөн, хөнгөлсөн бүх төлбөрийг хасч тооцон зөрчлийг гарган төлбөр ногдуулсан. Гэтэл шүүх түрээсийн гэрээний хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой захирлын тушаал, түрээслэгчдийн хүсэлт, барьцаа болон урьдчилгааг буцаан олгосон байхад хариуцагч анх байгуулсан түрээсийн гэрээгээр тооцож орлого олсон гэж хариуцлага тооцсон нь үндэслэлгүй гэж дүгнэжээ.

 

...Тус компани нь 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн 3 ширхэг тээврийн хэрэгслийг Барилга ХК-д түрээслүүлэхээр гэрээ хийсэн байх бөгөөд 2011 оны 06 дугаар сарын 15-нд SSАNGYONG болон Mitsubishi Delica маркийн 2 микро автобусны түрээсийн хугацаа дуусахад түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Компани дээрх нэмэлт, өөрчлөлтийн дагуу үнэ төлбөргүйгээр 2 автомашиныг шилжүүлсэн гэх боловч Барилга ХК-ийн 2011 оны үндсэн хөрөнгийн орлогын журналд Delica автомашиныг 7000.0 мянган төгрөгөөр, Istana автомашиныг 8000.0 мянган төгрөгөөр авсныг НКС ХХК-д өгөх өглөгөөр бүртгэсэн байсан. Иймд дээрх 2 автомашиныг 15,000.0 мянган төгрөгөөр худалдан борлуулсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл шүүх дүгнэхдээ нэг тал нь балансдаа бүртгэсээр байхад нөгөө тал нь тайландаа бүртгээгүй байгаад дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг барьж актыг тогтоосон гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэл бүхий байж чадахгүй байна. Иймд, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож /өөрчлөлт оруулж/ шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 үндэслэлийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

 

1.    Татварын улсын байцаагч нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 980057 дугаар актын 1.1 болон 2.1 дэх хэсэгт З.Т, Б.Ц, Б ХХК, БГ ХХК зэрэг 2008 онд 12 хувь хүн, 1 аж ахуйн нэгж, 2009 онд 36 хувь хүн, 7 аж ахуйн нэгж, 2010 онд 7 хувь хүн, 6 аж ахуйн нэгж, 2011 онд 9 хувь хүн, 13 аж ахуйн нэгж, нийт 64 хувь хүн, 27 аж ахуйн нэгжтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын материалын ТЭХ худалдааны төвд павильон, агуулах, контейнер байрлуулах талбай түрээслүүлснээс олсон орлогыг 103,367.7 мянган төгрөгөөр дутуу тооцсон зөрчил гаргасан гэж үзээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 6,136.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 1,841.0 мянган төгрөгийн торгууль, 754.5 мянган төгрөгийн алданги, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар 10,336.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5,168.4 мянган төгрөгийн торгууль, 31.0 мянган төгрөгийн хүү ногдуулсныг үндэслэлгүй болсон гэж шүүх дүгнээд багасгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Учир нь, нэхэмжлэгч НКС ХХК нь хэдийгээр дээрх иргэд, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулсан боловч дээрх гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр орлого олоогүй, олсон орлогыг 103,367.7 мянган төгрөгөөр дутуу тооцсон бус, харин 20,793.1 мянган төгрөгийн түрээсийн орлогыг тайландаа дутуу тусгасан болох нь шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар, талуудын хийсэн тооцоолол, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд, анхан шатны шүүх зөрүү 82,574.6 мянган төгрөгийн зөрчилд ногдох төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтыг иш татаж байгаа боловч хуулийн дээрх заалтууд нь нэхэмжлэгчийг дээрх хэмжээгээр татвар төлөх ёстойг нотлохгүй байна. Харин ч олсон орлогодоо ногдох татвараа төлөх нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар төлөгчийн үүрэгт нийцнэ.

2.  Татварын улсын байцаагч нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 980057 дугаар актын 1.6 болон 2.5 дахь хэсэгт 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 91-61 УБМ, 29-49 УБК улсын дугаартай Истана болон Делика маркийн суудлын автомашинуудыг Барилга ХК-д шилжүүлж, 2 автомашиныг хүлээн аваад төлөх өглөгөө бууруулсан 15,000.0 мянган төгрөгөөс үлдэгдэл өртөг 6,750.0 мянган төгрөгийг хасч, үлдэх 8,250.0 мянган төгрөгийн зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 825.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 247.6 мянган төгрөгийн торгууль, 51.1 мянган төгрөгийн алданги, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар 1,500.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 750.0 мянган төгрөгийн торгууль, 4.5 мянган төгрөгийн хүү ногдуулсан байна. Татварын улсын байцаагч нарын актын энэ хэсэгт нь Барилга ХК тухайн 2 автомашиныг бүртгэж авахдаа НКС ХХК-д 15,000.0 мянган төгрөгийн өглөгтэй гэж бүртгэсэн баримтанд үндэслэсэн байна.

Гэвч бодит байдал дээр дээрх автомашинуудыг үнэ төлбөргүй шилжүүлсэн болох нь талуудын хооронд байгуулсан гэрээнүүдээр /хавтаст хэргийн 185-189 дүгээр хуудас/ тогтоогдсон төдийгүй Барилга ХК нь НКС ХХК-д 15,000.0 мянган төгрөгийн өглөгтэй мэтээр буруу бүртгэсэн болохоо өөрөө хүлээн зөвшөөрч 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр огноолсон 01/133 тоот албан бичгийг Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР