Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/422

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул

Улсын яллагч: Н.Булганчимэг

Иргэдийн төлөөлөгч: Б.Нэргүй

Шүүгдэгч: Ч.Б, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх /ШТЭД: 1898/, Ж.Уранчимэг /ШТЭД: 0809/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч  түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ШТЭД: 0747/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох рүүгийн 1911 0034 10089 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1979 оны 2 дугаар сарын 26-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Н....... худалдааны төвд дайвар бүтээгдэхүүн ангилан ялгах ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн                  ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  Ч.Б

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да.....т” хүнсний дэлгүүрийн замын эсрэг талын төв зам дээр Б.Быг цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр би зах дээр хонины гэдэс зарах зорилгоор таньдаг жолооч нар дээрээ очсон. Танихгүй хүмүүс машинаас нь муухай үнэр үнэртэнэ гээд гэдэс ачих дургүй байдаг. Ийм учраас би өмнө нь хүргүүлж байсан 5-6 таньдаг жолооч нар дээрээ очдог. Тэгээд яваад очиход жолооч нараас нэг нь ч байхгүй байхаар нь би ирэхийг нь хүлээгээд жолоочгүй саарал машины ард зогсож байсан. Гэтэл талийгаач миний хажуугаар өнгөрөөд машины урд талаар кабин руу нь өнгийж харснаа над дээр буцаж ирээд чи муу пиздаа юу хийгээд хулгайч царайлаад зогсож байгаа юм бэ? Зайл эндээс гэж хэлээд зуураад авсан. Би хүмүүстэй огт хэрүүл, зодоон хийдэггүй болохоор холдоод цаашаа явсан. Гэтэл араас дахиж ирж бариад авахаар нь та нас намбандаа бай гэж хэлээд гарыг нь тавиулааад дахиад зугтаагаад явахад дахиад миний араас ирж зууралдсан. Тэр үед портерийн жолооч ах ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би салахын тулд  цаашаа зугтаагаад зогсож байтал араас ирээд миний шилбэ рүү өшиглөсөн. Тухайн үед би цохино гэж бодоогүй. шилбэ рүү өшиглөчихөөд заамдаж аваад цохих гэхээр нь би биеэ хамгаалж дальдчаад түлхсэн. Миний ард талд портер тулчихсан, миний урд талд талийгаач байсан болохоор надад зугтаж явах боломж байгаагүй. Намайг түлхсний дараа талийгаач унаад тэнцвэр алдаж хагас суугаад дахиж тэнцвэрээ алдаад замын хажуу талын тэгш гадаргуу дээр бөмбөрч байгаад цаашаа далангийн хажууд талын хазгай хэсэг рүү өнхрөөд унасан. Би хүний амь насанд хүрнэ гэж бодоогүй. Би хүний амь насанд хүрэх нь битгий хэл талийгаачтай хэрүүл хийх нь битгий хэл юм ярих ч сонирхол байгаагүй. Тэгээд уначихаад хөдлөхгүй байхаар нь араас нь буугаад харахад тархи нь хагарсан, цус гарч байсан. Тухайн үед би хараад айсан. Талийгаачийг дээш нь өндийлгөөд цусыг нь арчсан. Тэгээд хажууд байсан 2 гэрчээр түргэн тусламж дуудуулсан. Түргэн тусламж ирэх хүртэл би талийгаачийн цусыг арчаад зогсож байсан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирсэн. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэг рүү хамт явсан. Тэгээд тэндээ цагдаад бүртгүүлээд мэдүүлэг өгсөн гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Энэ хэрэг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө болсон байх. Би 17:30 гээд хүүхдээ аваад гэртээ орох гээд явж байхад манай ээж над руу ах чинь толгойдоо гэмтэл аваад Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн эмнэлэгт хэвтэж байна гэж залгасан. Тэгээд хүүхдээ гэрт нь хүргэж өгөөд 19:00 гээд эмнэлэгт очсон. 2, 2 цагийн зайтай сэхээн амьдруулах тасагт оруулж байсан. Тэгээд ороод харах үед манай ах ухаан байхгүй, толгойндоо боолттой, цус болчихсон байсан. Миний ахыг яагаад ингэсэн юм бол гэж би дотроо их боддог. Би маш их гомдолтой байна. Миний ах 60 настай, ээж маань 80 настай. Энэ хоёр цуг өтөлж байсан. Миний ах одоо тэтгэвэртээ гарах болж байсан. Манай ээжийг ах маань асардаг байсан. Шүүгдэгч залуу хүн өөрт нь биеэ хамгаалах олон арга байсан. Бичлэгийг үзэхэд шууд шанаа руу нь цохиж байсан. Тийм аюултай газар эрсдэлтэй байхад тийм үйлдэл яагаад хийсэн юм бэ? Миний ах төлөв даруу хүн. Би ахыгаа харамсалтайгаар зуурдаар өнгөрнө гэж бодоогүй. Дүү нь ийм хэрэг хийсэн байхад түүний эгч болон ар гэрийн хүмүүс, өмгөөлөгч нар нь сэтгэл зүйн дарамт үзүүлсэн. Ж.Уранчимэг өмгөөлөгчийг би гайхаж байна. Хүн чанарын асуудал яригдаж байна. Манай ахыг өмссөн хувцасаар нь дүгнээд аминд нь хүрсэн. Өөр хүн байсан бол ийм зүйл гарахгүй байсан. Прокурорын шатанд эгчтэй нь уулзахад мөнгө өгсөн. Түүнээс хойш манай ээж 10 удаа эмнэлэг явж, 2 удаа цус алдсан. Ээжтэй нь уулзаачээ гэж эгчид  нь хэлэхэд хохирол барагдуулна гэж хэлсэн ч тэндээс гараад бид нарыг тоогоогүй. Хүний аминд хүрчихээд яагаад сэтгэлээсээ уучлалт гуйхгүй байгаа юм бэ? Өнөөдөр би эхнэрийг нь анх удаа харж байна. Хүн бол сэтгэлийн амьтан.  Настай хүнээс нэг ч удаа уучлалт хүсээгүй. Өмгөөлөгчөөр дамжуулж шаардлага хүргүүлсэн. Үлдэгдэл мөнгөө авна гэвэл гомдолгүй гэсэн бичиг хийж өг гэж хэлсэн. Хэрвээ үгүй гэвэл хохирол төлөхгүй. Хэрвээ гомдолгүй гэвэл хүнээ гаргаж авмаар байна гэж хэлээд намайг загнасан. Оршуулгын зардал гэж миний ахын амь насыг хохироосноос болж бид нараас гарсан зарлдыг нэхэмжилж байгаа болохоос та нар өөрөөр нэг ч төгрөг өгөөгүй. Та нар нэг баян айлын нэг адууг дайраад алсан бол өнөөдөр хэдэн зуун саяар яригдаж байх байсан. Хэрвээ уучлалт гуйсан бол өөр байсан. Ар гэрийн хүмүүс нь яагаад нөхрийнхөө өмнөөс уучлалт гуйхгүй байгаа юм бэ? Бид нар хэдийгээр ахынхаа амь насыг алдсан ч гэсэн та нар руу орилж, чарлаагүй. Хүнд наад захын харьцааны соёл гэж байх ёстой. Манай ах өнгөрөөд 4 сар болж байна. Гэтэл оршуулгын зардлын хагасыг өгсөн. Нийт 8.633.000 төгрөг нэхэмжилснээс 5.400.000 төгрөг эхлээд өгсөн. Үлдэгдэл 2.233.000 төгрөг нь дээр өмгөөлөгч авсан хөлс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Манай ах жижүүр хийж өдрийн 30.000 төгрөг авдаг байсан. 24 цаг гарж, 48 цаг амардаг байсан. Нийт 35 хоногийн гарааны 1.050.000 төгрөг нэмж нэхэмжилж байна. Одоо нийт 4.283.000 төгрөг нэхэмжилж байгаагаас өнөөдөр 2.000.000 төгрөг өгсөн. Сэтгэл санааны хохирлыг мөн нэмж нэхэмжлэнэ” гэв.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...үерийн усны далангийн налуу хэсэг нь шороотой, 40-45 градус орчим налуутай, засмал замын явган хүн явах шороотой гадаргуугаас далан доторх газар хүртэл 280-310 см өндөртэй байна. Хоёр ширхэг нүхэн гүүрний өндөр нүхэн гүүрний дээд талын бетоноос далан доторх мөстсөн газар хүртэл 230-250 см байна. Үерийн усны далангийн урд талын бетон хаалтны зүүн урд, нам талын үзүүрээс чанх хойшоо 70 см зайд далан доторх газрын гадарга нь мөстсөн, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож, далан доторх мөстэй барьцалдаж хөлдсөн байна ...далан доторх улаан, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон газрын гадарга нь мөстөж хатуурсан, мөсөн дээгүүр нь энд тэнд жижиг, том олон тооны чулуутай мөстсөн хэсгийн хойд талд газрын гадаргын хөрс нь гарсан, улирлын шинж чанараас шалтгаалан газрын хөрс нь хатуу, нягтаршиж хөлдсөн байна. ...эрүүгийн мөрдөгч “Д.....мт” гэх хүнсний дэлгүүрийн гадна талыг харах, хянах зориулалттай хяналтын камерын бичлэгийг хянаж, шалгаж үзэхэд хэрэгт ач холбогдол болохуйц 4 гб хэмжээтэй, цагаан өнгийн ЛМ гэх бичигтэй хүмүүсийн ярьж заншсанаар флашинд хуулбарлан зөөвөрлөн авч хяналтын камерын бичлэгт үзлэг хийн эд мөрийн баримтаар тооцохоор болов /хх-н 3-9-р хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”манайх эцэг эхээс арван нэгүүлээ бөгөөд одоо байгаа нь гурван хүн үлдэж байна. Манай ах дүү нараас дээрээсээ хоёр дахь нь Б.Б ах байгаа юм ...2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед намайг цэцэрлэгээс хүүхэд аваад явж байхад манай ээж миний утас руу залгаж ах Б.Б чинь тархиндаа хүнд гэмтэл аваад Гэмтэл согог судлалын эмнэлэг дээр хагалгаанд орж байна би эмнэлэг дээр нь ирээд сахиад сууж байна гэж хэлсэн. Гэрийнхээ тэндээс тархиндаа гэмтэл аваад л ирсэн байна. Одоо хагалгаанд орж байна чи ирэх үү гэж хэлсэн. Би гэртээ харьж хүүхдээ хүргэчихээд орой 19 цагийн үед эмнэлэг дээр очсон ...Манай талийгаачийн оршуулгын зардлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар оршуулгын зардал болон бусад зардалд 5 сая 438 мянган төгрөг гараад байна ...49 хоногийн зардал болон өмгөөллийн нөхөрлөлтэй байгуулсан гэрээний төлбөр зэрэг нь ороогүй болно” гэх мэдүүлэг  /хх-н 9-10-р хуудас/

 

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад би Чингэлтэй дүүргийн ....дугаар хороо төв замын дагуу байх “Д.....мт” гэх дэлгүүрийн үүдэнд өөрийн эзэмшлийн 2....9 УНҮ улсын дугаартай суудлын автомашинтайгаа нүүрс, тамхи авах санаатай гарч ирээд машинаа зам дээр байрлуулж тавьчихаад портер руу нүүрс асуух санаатай алхаж явсан ...10 минутын дараа буцаад машин дээрээ ирсэн тэгэхэд манай “Да....омт” дэлгүүрийн хажуугийн жалга руу нэг хүн уначихсан байхаар нь гайхаад очоод харсан чинь манай тэнд байдаг зүс таних миний үеийн насны нэрийг нь мэдэхгүй хүн доор хэвтэж байсан. Намайг очиход таксинд явах уу ахаа гэж асууж байсан саарал өнгийн куртиктай залуу болон өөр зүс мэдэх портертой, миний насны Б билүү тиймэрхүү л нэртэй хүн цуг зогсож байсан. Юу болсон юм бэ гэхэд Б нь энэ залуу тэр унасан хөгшинтэй муудалцаад түлхчих шиг боллоо яг цохисон юм уу түлхсэн юм уу мэдэхгүй байна. Муудалцаад л байсан гэж хэлсэн. Тэгэхлээр нь хараад зогсоод байхаар нь чи юугаа хараад байгаа юм бэ орж наад хүнээ татаж гаргаач гэж хэлээд тэр саарал куртиктай залууг араас нь жалга руу оруулаад 103 дуудуулсан юм. Ингээд 103 ирээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-н 59-61-р хуудас/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр байсан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн 27..УНА улсын дугаартай портер машинтайгаа Чингэлтэй дүүргийн ..... дугаар хорооны нутаг “Д....омт” дэлгүүрийн замын эсрэг талд шуудайтай нүүрс, мод зараад зогсож байсан  ...миний урд нь зүс таних настай эрэгтэй хүн ирсэн. Яг хаанаас ирсэнг нь сайн мэдэхгүй байна ...хүнгүй байсан учраас яриаг нь сонсоод асуулт асуухаар нь хариулаад л байж байсан. Тэгтэл надтай юм ярьж зогсож байгаад намайг нэг их ярихгүй болохоор нь надаас зөрөөд урагшаагаа зам дагаад явсан. Миний машинаа урагш 5 орчим метрийн зайд нэг жижиг тэрэг зогсож байсан. Тэр машиныг тойроод урд тал нь гарч жолоочийнх нь талаар хараад байсан. Энэ үед тэр жижиг тэрэгний хойд талд нь зам дагуу машин барих гээд нэг саарал куртиктай залуу зогсож байсан. Нөгөө согтуу өвгөн машины урд талаар нь очиж харчихаад буцаж араар нь тойрч гарч ирээд тэр машин барих гэж байсан залуу руу очоод барьцалдаж авч байхаар нь би очиж салгасан юм. Би машиныхаа хажууд зогсож байхад машин барих гээд зогсож байсан саарал куртиктай залуу нь та настай хүн байж намбатай байгаач гээд хойш ухарч байхад нь би очоод тэр настай хүнийг татаж салгасан. Салгачихаад би машин руугаа явах гэтэл тэр настай хүн дахиад л тэр залуу руу дайраад муу хулгайч минь чи зайл гэж хэлээд дайрахаар нь би дахиад гарнаас нь татаж салгасан. Салгачихаад өөрийнхөө машин руу эргээд алхсан. Намайг машин руугаа алхад байхад л тэр настай хүн дахиад нөгөө саарал куртиктай залуу руу дайраад нөгөө залуу нь ухраад зайлаад зугтаасан боловч араас нь хөөгөөд барьж авах үед цохисон уу түлхсэн үү мэдэхгүй нөгөө настай хүн газар унаад шууд өнхрөөд замын хажуугийн далангийн шороон дээр унаж өнхрөөд цаана байсан далангийн 2 метр орчим өндөртэй цементэн хашлагыг даваад доош газар уначихсан юм. Доош унахдаа толгойгоороо унасан. Араас нь харсан чинь толгойн хэсгээс нь цус гараад би тархи нь хагарчихсан юм байна гэж бодсон. Яг ийм асуудал болж байхад цаанаас Баатар гэж өвгөн ирээд юу болж байгаа юм бэ та нар түргэн дуудаач гэж хэлэхээр нь би түргэн дуудсан юм ...тэр саарал куртиктай залуу доош бууж унасан өвгөнийг ороолтоор нь толгойн цусыг нь арчиж байгаа харагдсан ...тэр залуу ч мөн түргэн дуудаарай гэж хэлж байсан ...тэнд зодоон болох ямар нэг шалтгаан байхгүй, намайг хараад зогсож байхад талийгаач урд байсан саарал машины урд талд очоод буцаж эргээд гарч ирэхдээ л шууд нөгөө саарал куртиктай залуу руу дайрсан. Ямар шалтгаанаар дайрсанг мэдэхгүй байна. Тэр саарал куртиктай залуу бол зүгээр л зогсож байсан“ гэх, “...миний хажуугаар талийгаач тэр саарал куртиктай залууг хөөгөөд барьж авах үед л цохисон түлхсэнг сайн мэдэхгүй байна. Талийгаач өнхрөөд л явчихсан. Маш богино хугацаанд болсон учраас би харж чадаагүй. Ямар ч байсан л тэр залуугийн үйлдлээс болоод талийгаач газар унасан. Унаад шууд өнхрөөд үерийн далангийн цементэн хашлагыг даваад уначихсан юм” гэх мэдүүлгүүд /хх-н 62-64, 65-66-р хуудас/

Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би болсон асуудлын талаар анх 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед манай дүү Ч.Бийн эхнэр нь болох Н.Н над руу утсаар ярьж хэлэх үед мэдсэн. Тэр хэлэхдээ Ч.Б өнөөдөр өглөө “Да....омт” дэлгүүрийн хажууд зам дээр машин барих гээд зогсож байгаад согтуу хүн ирээд хоргоогоод хэл амаар доромжлоод хөлийн шилбэ хэсэгт гуталтай хөлөөрөө өшиглөөд дайраад байхаар нь түлхсэн чинь жалга руу унаад толгойноос нь цус гараад байхаар нь түргэн дуудаж эмнэлэгт хүргүүлсэн гэнэ. Одоо өөрөө гэмтлийн эмнэлэг дээр байна гэнэ. Цагдаад болсон асуудлыг хэлэх гээд хүлээгээд сууж байна гэж хэлсэн. ...нэг хоногийн дараа тэр хүн нь нас барсан талаар сонссон. Би өөрөө болсон асуудлыг хажуугаас нь хараагүй. Яг мэдэх зүйл бол байхгүй. Дүүгийнхээ ярьж хэлснийг л хэлж байна” гэх мэдүүлэг /хх-н 67-69-р хуудас/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 96-99-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн Дугаар 385 тоот дүгнэлтэнд: 1. Талийгаачийн зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хугарлаас доош зүүн чулуулаг, хөхлөг сэртэнг чиглэсэн хугарал, баруун, зүүн тал бөмбөлөгийн дарагдал, баруун, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /45мл/, тархины зүүн чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн чамархай зулай хэсгийн хатуу хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ 3. Талийгаач нь О/I/ бүлгийн цустай байна 4. Талийгаачийн цусанд согтууруулах ундааны зүйл илрээгүй байна 5. Талийгаач нь дээрх тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болно 6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-н 108-110-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар 1638 тоот дүгнэлтэнд: “1. Ч.Б-н биед зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-н 104-р хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №384 дугаар дүгнэлтэнд: “1.Ч.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ч.Б нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна 2. Ч.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ч.Б нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна 3. Ч.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна 4. Ч.Б нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-н 116-117-р хуудас/

 

Шинжээч эмч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйл хөдөлгөөн буюу цаашид амьд явах боломж байхгүй. Тухайн үед авсан энэ гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ ..яаралтай эмчилгээ хийгдсэн ч амь насыг нь аврах боломжгүй амь хохирогчийг шууд үхэлд хүргэх хүнд гэмтэл байсан ...амь хохирогч Б.Быг хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзэж болохгүй. Учир нь амь хохирогчийн тархинд учирсан гэмтэл нь аваад шууд үхэлд хүргэх амь насыг нь аврах боломжгүй гэмтэл учраас шууд үхэлд хүргэсэн гэж үзнэ” гэх мэдүүлэг /хх-н 130-131-р хуудас/

 

Яллагдагч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад ...Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 15..... гэх тоотод байх ажлын байрандаа хөлдүү гэдсүүдээ гэсгээчихээд авч явахад бэлэн болгож бэлдчихээд Нарантуул-2 зах руу зарахаар авч явах байсан. Өөрийн гэсэн унаа байхгүй учраас замаас машин барих санаатай ажлын байрнаас гарч  “Да.....омт” дэлгүүрийн хажуугийн такси зогсдог газар руу очсон юм. Зам дээрээс машин бариад гэдэс ачина гэхээр хүмүүс муухай үнэртэй, сүүлд нь үнэр нь гарахгүй гээд дургүйцээд явдаггүй учраас би “Да....омт” дэлгүүрийн таксины зогсоол дээр байнга зогсдог зүс таних жолооч нарыг гуйж явах санаатай очсон. Тухайн үед намайг очиж явахад Б гэдэг таксинд явдаг ах тэнд зогсож байхаар нь би та таксинд явах уу гэхэд ах нь ажил гараад гэр рүү явах болчихлоо гэж хэлээд машинаа түгжээд өөрөө буугаад явсан. Өөр машинд суугаад явчихаар нь би машиных нь ар талд өөр таньдаг жолооч ирэхийг хүлээгээд зогсож байсан. Энэ машины ар талд нь ойрхон зайд цэнхэр өнгийн портер машины жолооч махлаг настайвтар хүн мод, нүүрс машин дээрээсээ зараад зогсож байсан. Би ч таньдаг машин ирэх болов уу гэж хараад зогсож байтал үл таних  50 гаран болов уу насны эрэгтэй хүн миний хажуугаар гарч Б ахын машины зүүн талаар нь тойрч өнгийн харчихаад буцаад эргээд ирсэн. Над руу ирээд пизда минь чи энд юу хийгээд зогсоод байгаа юм бэ ална шүү гээд намайг шууд заамдаад авсан. Энэ үед би архи уусан хүнтэй юу ярихав гэж бодоод хойш ухрах үед хажууд байсан портерын жолооч ах чи хүүхэдтэй юу ярих гээд байгаа юм бэ гэж хэлээд хувцаснаас нь татаад надаас салгасан. Нөгөө согтуу ах дахиад намайг барьж авах гээд зүтгэхэд нөгөө портерын жолооч дахин татаж салгасан юм. Энэ үед би жаахан холдож зогсох санаатай хойш эргэж портер машины зүг явж байхад араас нөгөө согтуу ах ирээд намайг барьж авах гээд хөөхөөр нь би ухарч зугтсан боловч араас гүйж ирээд миний зүүн шилбэ рүү хөлөөрөө өшиглөөд заамдаж авсан. Намайг цохих гээд далайхаар нь нүүр рүү цохьчих байх гэж бодоод биеэсээ холдуулан, хамгаалах зорилгоор өрсөөд нэг удаа нөгөө хүний нүүр хэсэг нь цохисон. Энэ үйл явдал маш богино хугацаанд болсон учираас би айж сандарч балмагдсан байсан. Намайг цохиход нөгөө хүн хойш тэнцвэр алдаад унасан. Унасан хүчиндээ замын хажуугийн үерийн далангийн уруу бөмбөрч далангийн хоёр метр орчим өндөртэй цементэн хамгаалалтыг давж газар унасан. Тэр үед би араас нь очиж харахад толгой нь хагарчихсан чихнээс нь цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байхаар нь очиж өндийлгөөд цусыг нь арчсан. Энэ үед би айсандаа портерын жолооч ахаар түргэн дуудуулж түргэн ирээд үзээд уг хүнийг авч явахаар машинд оруулсан ...миний зүүн талын шилбэ хэсэгт талийгаач өшиглөсний улмаас шалбарч хөхөрсөн гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хх-н 153-155-р хуудас/

 

Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-н 135-137-р хуудас/

 

Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 57-58-р хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн тодорхойлолт /хх-н 10-р хуудас/

 

Хохирол төлбөр, оршуулгын зардалтай холбоотой баримтууд /хх-н18-37, 39, 213-228-р хуудас/

 

Б.Бы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41-56-р хуудас/

 

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 76-77-р хуудас/

 

 Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 78-79-р хуудас/

 

Гэрч Т.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 80-81-р хуудас/

 

Гэрч Ш.Бмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 82-83-р хуудас/

 

Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 70-71-р хуудас/

 

Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 72-73-р хуудас/

 

Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 74-75-р хуудас/

 

Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 86-88-р хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 89-90-р хуудас/

 

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 91-92-р хуудас/

 

Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 93-95-р хуудас/

 

Кий пропертиз энд констракшн ХХК-ийн тодорхойлолт /хх-н 209-р хуудас/

 

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Гэрэлмаагийн тодорхойлолт /хх-н 157-р хуудас/

 

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 158-р хуудас/

 

Ч.Б, Н.Н нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар /хх-н 160-р хуудас/

 

Б.Х Б.Д, Б.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 161-164-р хуудас/

 

Ч.Бийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-н 165-р хуудас/

 

Хохирол нөхөн төлсөн баримт /хх-н 234-р хуудас/

 

Шүүгдэгч Ч.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 175-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 179-р хуудас/

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан SOMEI гэх бичиглэлтэй шар өнгийн DVD дискэнд бичигдсэн AVI формат бүхий 1_01_R_190121114000 гэсэн нэрээр хадгалагдсан 19:59 минутын хугацаа бүхий  хяналтын камерын бичлэг зэргийг шинжлэн судаллаа.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой гэж үзлээ.

            Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Ч.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да....т” хүнсний дэлгүүрийн замын эсрэг талын төв зам дээр Б.Быг цохисны улмаас хохирогч үерийн усны далан руу унаж тархиндаа зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, хугарлаас доош зүүн чулуулаг, хөхлөг сэртэнг чиглэсэн хугарал, баруун, зүүн тал бөмбөлөгийн дарагдал, баруун, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа /45мл/, тархины зүүн чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн чамархай зулай хэсгийн хатуу хальсны урагдал гэмтэл бүхий хүнд гэмтэл авч амь насаа алдсан, Ч.Б нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Г.Б н мэдүүлэг, гэрч Д.Б мэдүүлэг,  гэрч Ч.Б мэдүүлэг,  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн Дугаар 385 тоот дүгнэлт, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн SOMEI гэх бичиглэлтэй шар өнгийн DVD диск /хяналтын камерын бичлэг/, Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн  нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд зориуд хүргэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна гэж заасан ба 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заажээ.  

Ч.Б-н үйлдлийн шинж, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн хэлбэрт дүгнэлт хийж үзэхэд Ч.Б нь хохирогч Б.Бы эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас хохирогч Б.Б газарт унаж, улмаар цааш хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар 40-45 градус орчим налуутай гадаргуу руу өнхөрч  280-310 см орчим өндөртэй далан руу унаж тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан болох нь тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад шүүх бүрэлдэхүүнээс дүгнэлт хийхэд Ч.Б нь хохирогч Б.Быг алах санаа, зорилго агуулаагүй, өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсэж үйлдсэн шинж тогтоогдохгүй байх боловч Ч.Бийн үйлдлийн улмаас хохирогч Б.Б газарт унаж улмаар цааш өнхөрч далан руу унаж тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан хохиролд хүргэсэнд шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Ч.Б нь хохирогч Б.Бы нүүрэн тус газарт цохисон үйлдэлдээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, ухамсарлаж үйлдсэн, өөрийн үйлдлийн улмаас учрах хохирол, хор уршгийг хүсээгүй боловч түүний үйлдлийн шууд үр дагавар нь хохирогч Б.Б нас барсан хохиролд зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэр байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгч Ж.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтэндээ Ч.Бийн үйлдлийг гэм буруугийн хэлбэрийн хувьд болгоомжгүй үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй гэж өмгөөлөгч З.Хүрэлсүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар аргагүй хамгаалалт буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байна гэж хууль зүйн үндэслэлүүдийг гарган шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцжээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч Г.Б, Д.Б нарын мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан SOMEI гэх бичиглэлтэй шар өнгийн DVD дискэнд хадгалагдсан хяналтын камерын бичлэг, энэхүү бичлэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Ч.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шүүх бүрэлдэхүүн үнэлж, дүгнэж үзэхэд шүүгдэгч Ч.Бийн үйлдэлд болгоомжгүй гэм буруугийн хэлбэр агуулагдаагүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинж нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон шинжтэй байдаг.

Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийн хувьд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохироосон гэсэн бүрэлдэхүүний шинжийг хуульчилжээ. Ч.Бийн хувьд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр үүрэг хүлээсэн хүн биш байна. Харин Ч.Бийн хохирогч Б.Бы нүүрэн тус газарт цохисны улмаас хохирогч газар унаж улмаар налуу газар руу өнхөрч далан руу унасны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч амь насаа алдсан хохиролд хүрсэнд Ч.Б нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх ашигт халдаж хохирогч Б.Быг цохисон. Энэхүү цохиж буй үйлдэл нь Ч.Бийн ухамсарлаж үйлдсэн үйлдэл болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэхүү үйлдлийн улмаас учрах хохирол, хор уршгийг Ч.Б нь зориуд хүсэж үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх боловч хохирогч Б.Быг ухамсарласан үйлдлийн улмаас цохисон, энэхүү цохилтын улмаас хохирогч газарт унаж өнхөрч далан руу унасны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан хохиролд шууд хүргэсэн шалтгаант холбоотой. Учирсан хохирол болоод шалтгаант холбооны дагуу холбогдож буй үйлдэлд Ч.Б нь Б.Быг цохихдоо сэтгэхүйн хувьд үйлдлээ өөрийн ухамсраар удирдан жолоодож хохирогч Б.Бы үйлдлийн хариуд тодорхой этгээдийн эсрэг буюу хохирогч Б.Бы эсрэг чиглүүлэн хийж байх тул гэм буруугийн хувьд санаатай үйлдэл болно. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй гэдэгт ухамсар болоод мэдэх, хүсэх сэтгэхүйн түвшинд ердийн хийгээд өдөр тутмын амьдралын явцад анхаарал, болгоомжтой байх үүргээ хангалтгүй биелүүлсэн, хэт хайхрамжгүй үйлдлийн үр дүнд эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдаж хохирол учруулах шинжтэй байх бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой этгээдийн эсрэг чиглээгүй буюу хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учирах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн шинжтэй байдаг. Ч.Бийн хувьд хохирогч Б.Быг цохисон үйлдлийг ердийн буюу өдөр тутмын амьдралын явцад анхаарал болгоомжтой байх үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдсан, хууль бус шинжтэй болох нь илэрхий үйлдэл юм. Мөн үүнээс гадна Ч.Бийн гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн шинж нь учрах хохирол, хор уршгийг урьдчилан тооцсон, мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэсэн шинжүүдийг хангахгүй байх тул болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж үзэх боломжгүй юм. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар 1638 тоот дүгнэлтэнд Ч.Бийн биед зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн гэрч Д.Б мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан SOMEI гэх бичиглэлтэй шар өнгийн DVD дискэнд хадгалагдсан хяналтын камерын бичлэг, энэхүү бичлэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Ч.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр хохирогч Б.Б нь Ч.Бийн зүүн шилбэнд өшиглөж гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

Ч.Б-н өмгөөлөгч З.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтэндээ: Миний хувьд гэмт хэрэг биш гэсэн хууль зүйн дүгнэлт хийж байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Харин бусдыг түлхсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар аргагүй хамгаалалт буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байна Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад агуулгын хувьд өөрт ирсэн үйлдлийг няцаах зорилгоор үйлдэл хийсэн. Өөрийн эрх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийсэн үйлдэл юм. 2 хүний хооронд болсон асуудлыг харсан гэрч Д.Б байдаг. Гэрч Д.Б 1 дүгээр сарын 22-ны өдөр 2 удаа мэдүүлэг өгөхдөө маш тодорхой хэлсэн байдаг. Амь хохирогчийн дайралт, довтолгооны тухай хэлсэн. Салгасны дараа өөрөө дахин очиж ийм хэрэг гарсан гэдгийг мэдүүлэгтээ хэлж нотлосон байдаг гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэг дэх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, 4.1 дүгээр зүйлд аргагүй хамгаалалтын талаар хуульчилжээ. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Аргагүй хамгаалалт хийх тохиолдлыг хуульд өөрийн ...амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийх, мөн бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийхээр хуульчилжээ. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд хохирогч Б.Б нь Ч.Бийн биед халдаж хөлөөрөө зүүн шилбэ орчим өшиглөсний улмаас зүүн шилбэнд гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч энэхүү гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн байна. Мөн эрүүгийн хуулиар хамгаалагдсан амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалтыг хийх боломжтой. Гэтэл хохирогч Б.Бы Ч.Бийн эсрэг хийсэн үйлдэл нь түүний амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус үйлдэл гэж үзэх боломжгүй байна. Аргагүй хамгаалалт нь хуульд нийцсэн байх нь нэг талаас довтолгоонд хамаарах, нөгөө талаас хамгаалах ажиллагаанд хамаарах хоёр талын нөхцөлүүдийг нэгэн зэрэг хангасан эсэхээс шууд хамаарна. Халдлагад хамаарах нөхцөлүүд нь халдлага өөрийн оъбектив шинжээрээ нийгэмд аюултай, довтолгоон нь бодитой, өөрөөр хэлбэл нэгэнт эхэлсэн, дуусаагүй байх зэрэг шинжүүдийг шаарддаг. Хохирогч Б.Бы үйлдэл нь объектив шинжээрээ нийгэмд аюулгүй, халдлага нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан бодит шинжтэй биш байх тул аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, төлбөрийн талаарх дүгнэлт:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол төлбөртэй холбоотой 8.633.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч хохирогч Б.Б 35 хоногийн гарааны цалин 1.050.000 төгрөг  өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол нэмж нэхэмжилнэ гэсэн байна.

Хохирол төлбөрт шүүгдэгчээс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 5.400.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг нийтдээ 7.400.000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйл, уг зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйл, уг зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн  эрхийг эдлэхдээ  гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж, нэхэмжлэх эрхтэй ба гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэсний дагуу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд заасныг баримтлан  гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогч Б.Б-г оршуулахтай холбогдон гарсан зардал болох 8.633.000 төгрөгийн зардал гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч  Өмгөөллийн Сүлд Эм Жи Легал ХХН-тэй байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэргийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-н 39/ хавтаст хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан байна. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлд үйлчлүүлэгчээс 2 сая төгрөг төлөхөөр тохиролцсон, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч дээрх төлбөрийг нэхэмжилсэн байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иймд нийт хохирол, төлбөр, зардал 10.633.000 төгрөг байна.  Үүнээс шүүгдэгч 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 5.400.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг нийтдээ 7.400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Төлбөл зохих 3.233.000 төгрөг байна.

            Хохирогч Б.Бы 35 хоногийн гарааны цалин 1.050.000 төгрөгийг нэхэмжилсэн нь эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх иргэний нэхэмжлэлд хамаарахгүй тул Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.  Мөн сэтгэл санааны хохиролыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн нь холбогдох баримтыг ирүүлээгүй, сэтгэл санаанд учирсан хохирол нотлогдон тогтоодохгүй байх тул шүүх нэхэмжлэлийн дээрх хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2019 оны 5 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл завсаруулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийн дагуу эрүүгийн хариуцлагын хуралдааныг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр завсарлуулаад 2019 оны 5 дугаар сарын 21-ны өдөр хуралдав.

Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгчээс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3.233.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг: Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн зүйлийн 1.2-д зааснаар хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн буюу учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах заасан байдаг. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг оногдуулах энэхүү заалтыг хэрэглэж өгнө үү гэв.

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх: Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгааг шийтгэх тогтоолд дурдаж өгөхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гаргасан Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял буюу 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлэн үзэж болох тохиолдол байх тул шүүх үүнийг харгалзан үзнэ үү гэв.

Шүүгдэгч Ч.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаарх өмгөөллийн дүгнэлтэнд дурьдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж,  учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан зүйлийн ялын доод хэмжээнээс доош буюу хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт тухайн зүйл, хэсэг, заалтанд заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэсэн хэмжээний дотор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан, 2019 оны 1 сарын 24-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, нийтдээ 119 хоонг цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан SOMEI гэх бичиглэлтэй шар өнгийн DVD диск 1 ширхэгийг улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5

дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б-н цагдан хоригдсон 119 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол болон хохирогчийн олох байсан цалин, орлогтой холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан SOMEI гэх бичиглэлтэй шар өнгийн DVD диск 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар хэрэгт хадгалах болохыг тус тус дурьдсугай.
  6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Б-д урьд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР

 

                            ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН

 

                   ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН