Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/362

 

2018.03.16

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

хохирогч Б.Алтантуяа,

шүүгдэгч Ц.Х /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Шонхор овогт Цэндбазарын Ц.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0016 00273 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Шонхор овогт Цэндбазарын Ц.Х, 1958 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ***************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/*****************/,

Шүүгдэгч Ц.Х нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Төвийн 172 тоотод Б.Алтантуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Баянзүрх дүүрэгт амьдардаг. 2017 оны 12 дугаар сарын 16-ны орой гэртээ халамцуу ирсэн. Би тэгээд гэрлүүгээ ороод байж байгаад Алтантуяагийн гэрт нь утсаа мартчихсан юм байна гээд гэрт нь ороод авах гэтэл байхгүй гээд уурлаад над руу хайч бариад ирэхээр нь би цохьсон.  Гэм буруу болон 450 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулын ялыг төлөх 1 сарын хугацаа олгож өгнө үү” гэв.

Хохирогч Б.Алтантуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Тагнуулын газар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. Би Ц.Хтай хөршийн харицлаатай. Тэр орой Ц.Х манай гэрт согтуу орж ирээд намайг Завханыхан дандаа хятадууд байдаг гээд доромжлоод байхаар нь би гэрээсээ хөгөөд гаргатал эргэж орж ирсэнээ танайд би утсаа мартсан байна гэхээр нь би дэвтэр дээрээсээ утасны дугаарыг нь хараад утас руу нь залгатал утас нь дугарахгүй байна гэж хэлтэл намайг цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би галын хайч тааралдахаар нь цохих гээд далайтал хайчийг надаас аваад намайг цохисон. Уржигдар Ц.Х манайд ирээд хэлэхдээ “шүүх хурал дээр орохдоо үгээ мэдэж яриарай” гээд намайг дарамтлаад байсан” гэв.

Хохирогч Б.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 172 тоотод гэртээ байж байтал хөрш айлын Ц.Х архи уучихсан орж ирээд маргалдан зодолдсон...” гэх мэдүүлэг. /хх-16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №307 дугаартай дүгнэлт:

  1.  Б.Алтантуяагийн биед эрүүний зүүн тал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 
  2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-18/,

Яллагдагч Ц.Х мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хөрш айлын Алтантуяаг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, би Алтантуяагаас уучлал гуйсан. Тэр өдөр би архи уучихсан байсан ба Алтантуяагийн гэрт ороод гарахдаа гар утсаа тэднийд мартаад гарсан юм шиг санагдаад эргэж Алтантуяагийн гэрт орсон. Юунаас болж маргасан юм бол бүү мэд Алтантуяа намайг галын хайчаар миний бие рүү цохих гэхээр нь би уур хүрээд нүүр рүү нь гараараа цохьсон санагдаад байна. Гэхдээ би Алтантуяаг цохиж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хх-30/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Х нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Төвийн 172 тоотод Б.Алтантуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Алтантуяа нь гэм буруутай этгээдэд гомдолтой гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба хавтаст хэрэгт эмчилгээнд зарцуулсан баримт гаргаж өгөөгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Ц.Хд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Х нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шонхор овогт Цэндбазарын Ц.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Хыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Хд оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР