Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор Н.Гэрэлмаа,

          шүүгдэгч Г.М-,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,       

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Г.М-д холбогдох 1806 0507 41660 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овгийн Г-гийн М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, автомашин угаалгын газар ажилладаг гэх, ам бүл 1, ...................тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../;

Г.М- нь 2018 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт өөрийн “Facebook” хаягаар “бүртгэлгүй диплом гаргана” гэсэн зар нийтэлж, Хөдөө аж ахуйн их сургуулийн D201802675 дугаартай бакалаврын дипломыг хуурамчаар үйлдэж, иргэн К.А-д худалдсан буюу “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.М-ыг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-ыг ялаас чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 3 дугаартай шийтгэх тогтоолоор Г.М-ыг “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд шүүх түүний хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж" Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж” шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ...” ял шийтгэхээр заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хэрэглэхээр байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг тус зүйл, хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Шүүгдэгч Г.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй, хэлэх зүйлгүй ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос Г.М- нь 2018 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт өөрийн “Facebook” хаягаар “бүртгэлгүй диплом гаргана” гэсэн зар нийтэлж, Хөдөө аж ахуйн их сургуулийн D201802675 дугаартай бакалаврын дипломыг хуурамчаар үйлдэж, иргэн К.А-д худалдсан буюу “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ “шүүгдэгч Г.М-ыг хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэж дүгнэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар түүнийг хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа, 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-ыг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэгдэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялгүй гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.М-ыг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж,  хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Үүнээс гадна анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Г.М- нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон байх боловч түүний хүсэлтийг бичгээр авалгүй шүүх хуралдаанаа явуулсан зөрчил гаргасан болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.   

 

                                                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН                                  

ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ