Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2014/0578/З |
Дугаар | 221/МА2015/0208 |
Огноо | 2015-05-13 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2015 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2015/0208
Ч.З-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ч.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Д.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийдвэртэй, Ч.З-н нэхэмжлэлтэй, Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие 1997 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр УАБХГ-т “Мэдээлэл Судалгааны төв”-ийн захирлаар томилогдон ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэл тус байгууллагад өөрийн хүч, хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн. Гэтэл Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/280 дугаар “Цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргах тухай” тушаалаар намайг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Учир нь миний бие 1958 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн, 54 настай бөгөөд холбогдох хууль тогтоомжид зааснаар цэргийн алба хаах нас хэтрээгүй, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь хууль бус юм. Үүнийг тодруулбал, дээрх тушаалын үндэслэл болсон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3-т заасан буюу зэвсэгт хүчний болон хилийн цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарын албан хаагчдыг Иргэний цэргийн үүргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 болон 2-т заасан насны хязгаараар тооцож хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрхийн талаар зохицуулалт байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолын 1 дэх заалтаар тайлбарласан.
Харин дээрх тогтоолын 2 дахь заалтаар “Тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч нарын цэргийн алба хаах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт багтаан тооцохыг тайлбарласан бөгөөд Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулин 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зохицуулалт саад болохгүй” гэж тайлбарласан байна.
Улсын Дээд шүүхийн тогтоолоор дээрх хуулийн зүйл, заалтыг хэрэглэх талаар тодорхой тайлбарыг гаргасан байтал хуулийн заалтыг буруу хэрэглэж, үндэслэлгүй тушаал гаргасан Тагнуулын ерөнхий газрын даргын шийдвэр нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Тагнуулын ерөнхий газрын даргын “Цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргах тухай” 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/280 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажлаас хууль бусаар халагдсан байсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Тагнуулын ерөнхий газрын дарга Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: “... Бэлтгэл хурандаа Ч.З нь Улсын аюулгүй байдлыг хангах газрын даргын 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаар тушаалаар тус газарт томилогдсон бөгөөд Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/280 дугаар “Цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргах тухай” тушаалаар түүнийг цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргасан болно.
Б/280 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9-д “Тагнуулын ерөнхий газрын дарга тагнуулын албан хаагчийг томилох, чөлөөлөх, түүнд цэргийн цол олгох эрхтэй”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн албан хаагч ... цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан бол цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй”, Тагнуулын ерөнхий газрын хүний нөөцийн талаар мөрдөх журмын 8.7-д “Тагнуулын ажилтан, төрийн бусад тусгай албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд болон алба хаах насны хязгаарт хүрмэгц ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ салбар нэгжийн удирдлагаар уламжлан хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжид гаргана. Ажилтан уг хүсэлтээ гаргаагүй нь түүнийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасныг тус тус үндэслэжээ.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг Ч.З-н хүсэлтээр Тагнуулын ерөнхий газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/164 дүгээр тушаалаар түүнд урьдчилан олгосон байдаг.
Бэлтгэл хурандаа Ч.З нь 1958 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн. Б/280 дугаар тушаал гарах үед 56 настай байсан байна. Цэргийн алба хаах насны дээд хязгаарыг Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд “Цэргийн алба хаах насны дээд хязгаар”, 13.1 дэх хэсэгт “Цэргийн албан хаагч нь ... ахлах офицер 50 нас хүртэл ажиллаж болно” гэсний дагуу тогтоодог болно.
Бэлтгэл хурандаа Ч.З-н нэхэмжлэлдээ дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 32 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 5-д заасан генерал, комиссар офицер, ахлагч, байлдагчийн цэргийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоох, алба хаах хугацааг сунгах асуудлыг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт багтаан шийдвэрлэхэд Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зохицуулалт саад болохгүй” байна.
Энэ тайлбар нь цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн өндөр мэргэжил, дадлага сайтай, цаашид зайлшгүй ажиллуулах шаардлагатай зарим офицер, ахлагчийн алба хаах хугацааг эрх бүхий этгээд /энэ тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын дарга/ 65 нас хүртэл нь сунган ажиллуулж болох буюу захиргааны санаачилга, эрхэд холбогдсон агуулгатай бөгөөд харин албан хаагч бүрийг заавал дээрх хугацааг дуустал ажиллуулна гэсэн үг биш юм.
Бэлтгэл хурандаа Ч.З нь Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан гомдлыг тус зөвлөл хянан үзэж 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14/02 дугаар тогтоолыг гаргасан байх бөгөөд уг тогтоолд Ч.З-ыг ажлаас чөлөөлж, цэргийн байнгын тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж тогтоожээ.
Иймд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/280 дугаар “Хурандаа Ч.Зыг цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргасан” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзнэ. Ч.З нь нэхэмжлэлдээ Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 32 дугаар тогтоолын 2 дахь заалтыг “цэргийн албан хаагч бүр заавал 65 нас хүртэл ажиллах эрхтэй..” хэмээн тайлбарлаж байна гэж үзэж байна.
Иймд, уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр: Тагнуулын байгууллагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 4/, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 3/-т заасныг баримтлан иргэн Ч.З-н Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Тус газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргах тухай” Б/280 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажлаас хууль бусаар халагдсан байсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Ч.З-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон шийдвэр боллоо.
Анхан шатны шүүх үндэслэлдээ: “Иймд Тагнуулын байгууллагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Тагнуулын ажилтны тэтгэвэр тэтгэмжийн харилцааг цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжид зааснаар зохицуулна” гэж заасны дагуу холбогдох хуульд заасан насны хязгаарт хүрсэн гэж түүнийг цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргасан нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн хууль эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэжээ.
Харин Тагнуулын ерөнхий газрын бэлтгэл хурандаа Ч.З намайг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг үндэслэн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/280 тоот “Цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргах тухай” Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Цэргийн алба хаах насны хязгаарыг Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд цэргийн албан хаагчийн насны хязгаарыг зохицуулж өгсөн байдаг.
Харин дээрх Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах талаар Монгол Улсын дээд шүүх 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоол гарсан байдаг. Энэхүү тогтоолын 2 дахь талаар “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5-т заасан /тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч/ цэргийн алба хаах насны хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт багтаан тооцоход Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зохицуулалт саад болохгүй” гэж хэрхэн хэрэглэх талаар тодорхой тайлбарласан байхад Ч.З миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлгүй байна.
Тодруулбал: Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарах үед бэлтгэл хурандаа Ч.З миний бие 55 настай байсан бөгөөд төрийн албаны тухай хуульд заасан “төрийн алба хаах насны хязгаар” нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар 65 нас байдаг.
Тэгвэл дээрх тайлбарт заасанчлан тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч нарыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэл ажиллуулахад Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан зохицуулалт саад болохгүй бөгөөд Ч.З миний бие Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуульд зааснаар 65 нас хүртэл ажиллах хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм.
Иймд, Тагнуулын бэлтгэл хурандаа Ч.З миний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч, хурандаа Ч.З намайг цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргасан ТЕГ-ын даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/280 дугаар тушаалд үндэслэл болгосон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг хэрэглэхдээ уг заалтынхаа “...цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд” гэсэн хэсгийг буруу ойлгож хэрэглэсэн нь доорх үндэслэлүүдээр батлагдаж байна. Үүнд:
Нэг. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан офицерын албыг 50 болон 55 нас хүртэлх хаах хугацаа нь цэргийн жинхэнэ алба хааж буй субъектэд л зөвхөн хамаарах юм. Энэ нь:
1-рт, Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэхийг цэргийн жинхэнэ алба гэнэ” гэж зааснаар,
2-рт, Цэргийн тэтгэвэр тэтгэмжтэй холбоо бүхий хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Улсын дээд шүүхээс батлан гаргасан 2009 оны 32 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “... цэргийн жинхэнэ алба хаагчийн насны дээд хязгаарт зөвхөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3-т заасан, өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоод цэргийн албан хаагчид зөвхөн хамаарна” гэж зааснаар,
Хоёр, Харин Улсын дээд шүүхийн дээрх тогтоолын 2 дахь заалтад заасан “... цэргийн алба хаасны дээд хязгаарыг тогтоох” болон “алба хаах хугацааг сунгах” асуудлыг доорх байдлаар агуулгын хувьд салгаж ойлгох нь зүйтэй юм. Үүнд:
а/ ТЕГ л гэхэд өөрийн “Хөдөлмөрийн дотоод журам”-аа шинэчлэн “ТЕГ-ын үйл ажиллагааны журам”-ын төсөл боловсруулсны дотор уг төслийн 4 дүгээр бүлэг буюу “Хүний нөөцийн харилцаа” гэсэн хэсэгт “413.5.2. ТЕГ-ын албан хаагчийн цэргийн алба хаах насны дээд хязгаарыг тогтооход УДШ-ийн 2009 оны 32 дугаар тогтоолын 2 дахь хэсгийг баримтална”, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл /60 болон 65 нас/-ийг баримтална гэж 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/631 тоот /хэргийн материалд байгаа/-оор төв, орон нутгийн газар, хэлтсийн бүх албан хаагчдаас санал авсан боловч нэхэмжлэгч миний асуудал шүүхээр хэлэлцэгдэх болсон учраас 10 дугаар сард дээрх журмаа батлахдаа энэхүү 413.5.2 хэсгийг төслөөс хассан байна. Гэвч ийнхүү хассан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан төрийн албаны үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг болох “хууль дээдлэх”, “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг Тагнуулын төв байгууллага, албан тушаалтнаас үл ойшоон, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, тэр тусмаа хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор батлан гаргасан Улсын дээд шүүхийн 2009 оны дээрх 32 дугаар тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдөхгүй байж болно гэсэн үг биш юм.
б/ Иймд, ерөнхий зохицуулалт бүхий хууль болох Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу Улсын дээд шүүхийн энэхүү 32 дугаар тогтоолын 2-т заасан цэргийн албан хаагчид нь “... тэтгэвэр тогтоолгох нас /60/-нд хүрмэгц: - төрийн албанаас чөлөөлөгдөх, - эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар /65 нас/-т хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана” гэснээр,
Мөн үүнийг Улсын дээд шүүхийн энэхүү тогтоолын 1 дэх заалт болон Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасан “... насны дээд хязгаар /50 болон 55 нас/-т хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн жинхэнэ албаны зарим офицер, ахлагчийн алба хаах хугацааг зөвхөн Батлан хамгаалахын болон Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жилээр сунгаж болно” гэж ялгаатай зааж өгснөөр тус тус баталгаажиж байна.
Гурав. Миний нэхэмжлэлтэй хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр хянан хэлэлцээд гаргасан 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийдвэрийн “Үндэслэл” хэсэгт, “... Ч.З нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Улсын дээд шүүхийн 2009 оны 32 дугаар тогтоолтой холбон тайлбарлах бөгөөд шүүх хуралдаанд ч “... хэрвээ энэхүү тайлбар гаргаагүй байсан тохиолдолд нэхэмжлэл гаргах шаардлага үүсэхгүй байсан” гэж үүнийгээ дэмжсэн болно” гэж тэмдэглэн оруулсан нь намайг “Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн жинхэнэ офицер мэт” үзэж, хууль бусаар хугацаанаас өмнө тэтгэвэрт гаргасан нь зөв байсан хэмээн “өөрөө зөвшөөрсөн мэтээр” үзсэний дээр “хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор” батлан гаргасан Улсын дээд шүүхийн тогтоолыг үл ойшоож Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “... өөрийн ... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэсэн Монгол Улсын иргэн бүр баталгаатай эдлэх ёстой миний үндсэн эрхийг ноцтой зөрчихийн хамт нэхэмжлэлийг маань бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Энд, хариуцагчаас 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1861 дүгээр албан бичгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн “Хариу тайлбар”-таа дурдсан “... цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн өндөр мэргэшил, дадлага сайтай, цаашид зайлшгүй ажиллуулах шаардлагатай” зарим офицерын тоонд ч намайг “багтахгүй” гэж үзсэн нь багш, сонсогчид, хамтран ажиллагчид, бие бүрэлдэхүүн, найз нөхөд, гэр бүл хамаатан садан, цаашлаад Монгол Улсын Төрийн албаны хүрээнд Үндсэн хуульд заасан миний “нэр төр, алдар хүнд”-д учирсан болон учирч байгаа хохирлын асуудал огт яригдахгүй байгааг тэмдэглэхийг хүсч байна. Миний хувьд, Монгол Улсын төрийн албанд 30 гаруй, түүний дотор Тагнуулын төв байгууллагад 20 шахам жил хоёргүй сэтгэлээр мэргэжлээрээ ажиллан, “Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь бие хайргүй зүтгэж, төрийн хуулийг дээдлэн сахиж, төрийн болон албаны нууцыг чандлан хамгаалж, тагнуулын ажилтны үүрэг, ёс зүйн хэ хэмжээг чин шударгаар сахил биелүүлэхээ батлан” Монгол Улсын төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж, “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо дүүрэн хангалтгүй биелүүлж” 3 жил тутам явагддаг “ТЕГ-ын албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоох үзлэг”-ээр байнга “А” үнэлгээ авч сарын үндсэн цалин, “ТЕГ-ын хүндэт жуух”, “Тагнуулын алдар” 1, 2, 3 зэргийн медаль, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг болон төрийн одон медалиар удаа дараа шагнагдаж, “ТЕГ-ын хүндэт дэвтэр”-т бичигдэж байсны дотор сүүлийн 2 жилд, түвшин тогтоох үзлэгээр мөн “А” үнэлгээ авч ТЕГ-ын даргын тушаалаар сарын цалингаар шагнагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор, ҮТА-ийн захирлын тушаалаар цалингийн хувиар тус тус шагнагдаж байсан нь “өндөр мэргэшил, дадлага сайтай” офицеруудын нэг байсан гэдгийг батлан гэрчлэх болов уу“ гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ч.З-н “Тагнуулын ерөнхий газрын даргын “Цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргах тухай” 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/280 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.З давж заалдах гомдолдоо “...тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч нарыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэл ажиллуулахад Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт саад болохгүй бөгөөд Ч.З миний бие Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуульд зааснаар 65 нас хүртэл ажиллах хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм” гэж маргасан байна.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Тагнуулын ажилтны тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжид зааснаар зохицуулна” гэж заасан бөгөөд цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан хуульд заасан насны хязгаарт хүрсэн гэж үзэж, нэхэмжлэгч Ч.З-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргасан хариуцагчийн тушаал хуульд нийцсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.” гэж хуульчилсан хэдий ч нэхэмжлэгч Ч.З нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй” гээд, мөн хэсгийн 4/ дэх заалтад “тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч”, мөн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/ дахь заалтад “офицерын албыг ахлах офицер 50 нас хүртэл хааж болно” гэж тус тус заасны дагуу цэргийн “ахлах офицер” ангилалд хамаарч, түүний цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарыг 50 нас хүртэл байхаар тогтоосон байх бөгөөд маргаан бүхий тушаал гарах үед тэрээр 55 настай байжээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 32 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 5-д заасан генерал, комиссар, офицер, ахлагч, байлдагчийн цэргийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоох, алба хаах хугацааг сунгах асуудлыг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт багтаан шийдвэрлэхэд Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалт саад болохгүй.” гэсэн нь цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн буюу 50 нас хүрсэн ахлах офицерын алба хаах хугацааг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт багтаан сунгахад дээрх хуулийн зохицуулалт саад болохгүйг тайлбарласан бөгөөд хуульд заасан цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн өндөр мэргэжил, дадлага сайтай, цаашид зайлшгүй үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагатай гэж үзсэн цэргийн албан хаагчийн алба хаах хугацааг сунгах асуудлыг эрх бүхий албан тушаалтан буюу захиргааны санаачилгаар шийдвэрлэхээр байна.
Иймд, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан хуульд заасан насны дээд хязгаарт хүрсэн нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуульд заасан насны дээд хязгаарт хүртэл ажиллуулахаар сунгах эсэхийг шийдвэрлэх хариуцагчийн бүрэн эрхэд шүүх халдах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн “хууль бусаар халагдсан байсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Тогтоох хэсгийн 1 дэх заалтад дахин оруулж, хэрэгсэхгүй болгосныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ