Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
Хэргийн индекс | 151/2016/0076/э |
Дугаар | 69 |
Огноо | 2016-01-16 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 69
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,
- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан
- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд
- хохирогч Ч.Даваа
- шүүгдэгч Д.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мишиг гүн овогт Дашзэвэгийн Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201619000094 тоот хэргийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, эмэгтэй, 1981 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 35 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, өвөө эмээ охины хамт амьдардаг, Төв аймгийн Заамар сумын 12 жилийн сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг, Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 18-Б тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл байхгүй Мишиг гүн овогт Дашзэвэгийн Мөнхжаргал РД:НН81052360/
Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.Даваатай маргалдаж улмаар сонгино арилгаж байсан хутгаараа Ч.Даваагийн зүүн өвдгөн тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр Даваа согтуу архи уучихсан байсан. Даваа намайг гэр бүл болохоос өмнө уулзаж байсан хүнтэй хардаж, сэрдэж олон юм яриад байсан. Би тухайн үед сонгино хэрчээд цагаан сарын буузаа хийх гээд гартаа хутга барьчихсан байсан хутгаараа Даваагийн зүүн өвдөгний орчимд хоёроос гурван удаа цохих шиг болсон. Энэ үед Даваа “чи хөл рүү хатгачихлаа шүү дээ” гэж хэлсэн. Би уг нь санаатайгаар хутгалья гэж бодоогүй. Би хүүхдээ хувцаслаж аваад гэрээсээ гараад явсан цагдаа руу утасдаж би өөрийн нөхрөө хутгалчихлаа гэж хэлсэн гэв.
Хохирогч Ч.Даваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед би хадамындаа өөрийн эхнэр Мөнхжаргалыг хэл амаар доромжилсон. Манай эхнэр уурлаад миний зүүн өвдөгний дээд талд хутгаар нэг удаа хутгалсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Мөн гэрч Д.Энхээ хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдөр 19 цагт Чулуунбат овогтой Даваа гэгч хүн хүнд хутгалуулсан гэж эмнэлэг дээр ирсэн. Биеийг нь үзэхэд артерийн даралт 120/80, зүрхний авиа тод, зүүн хөлийн өвдөгний дээхэн талд 2 см гүнтэй, 2 см зүсэлттэй шархтай хүн ирсэн. Хоёр оёдол тавьж боож өгөөд явуулсан. Тухайн үед өвчтөн хэлэхдээ хүнд хутгалуулсан л гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/
- Ч.Даваагийн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 4 тал/
- Д.Мөнхжаргалын хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 4 тал/
- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 тал/
- Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 сарын 04-ны өдрийн №72 дугаартай Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:
1. Ч.Даваагийн биед зүүн өвдгөнд зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй.
- Д.Мөнхжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “үгүй”. гэх лавлагаа /хх-ийн 26 тал/,
- Д.Мөнхжаргалыг 2016 оны 02 дугаар сарын 14-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 22 тал/, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 23 тал/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.Даваатай маргалдаж улмаар сонгино арилгаж байсан хутгаараа Ч.Даваагийн зүүн өвдгөн тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Даваа, гэрч Д.Энхээ, нарын мэдүүлэг, Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн №72 дугаартай Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шүүгдэгч Д.Мөнхжаргал, хохирогч Ч.Даваа нарын хэрэг бүртгэх шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.
Шүүгдэгч Д.Мөнхжаргалын холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар эвлэрсэн байх тул хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Мөнхжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирлын талаар
Хохирогч Ч.Даваа нь надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хутга 1 ширхэг хураагдсан, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Мишиг гүн овогт Дашзэвэгийн Мөнхжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Мөнхжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Д.Мөнхжаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Мөнхжаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БУЯНТОГТОХ