Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 856

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00040 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х банк ХХК-д холбогдох,

Хувийн банкирийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7 980 598 төгрөг, дадлагажих хугацааны зөрүү цалин 1 382 782 төгрөгийг тус тус  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Б.М  миний бие Х банк-ийн Хэнтий аймаг дахь салбарт 2004 оноос эхлэн ажиллаж байна. Анх зээлийн мэргэжилтэн, зээлийн менежер, бизнес менежер, бизнес борлуулалтын менежер, хувийн банкир зэрэг албан тушаалуудад дэвшин ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа хамт олноо манлайлан Хэнтий салбарын зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн, хугацаа хэтрэлтийг бууруулахын төлөө тууштай ажиллаж байсан. Бусад өрсөлдөгч банкуудаас сайн түүхтэй зээлдэгч, хадгаламж эзэмшигчдийг татан авч ирж, цахим байгууламжид оруулан санаачлагатай ажиллаж байсныг манай хамт олон бүгд мэднэ. Үр дүнд нь Хэнтийн салбар нь 2014 оны системийн хэмжээнд шилдэг салбар болж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрүүдэд Х банк-ийн төвөөс дотоод аудитын шалгалт ирсэн. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Х банк-ийн төвөөс ажлын хэсэг ирэн Б.М , Б.Ц, Д.А, Д.А, Н.Бнарын 7 ажилтныг ажлаас түдгэлзүүлсэн.

Миний хувьд аудитаар илэрсэн тодорхой зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч буй хэдий ч шууд ингэж ажлаас халах үндэслэл болохгүй, би зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн.

Учир нь миний хувьд банк болон харилцагчийг хохироосон зүйл байхгүй, зөвхөн салбарын төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж бид багаараа тодорхой алдаа гаргасан нь үнэн гэдгээ хэлсэн. Гэвч ажлын хэсэг миний тайлбарыг хүлээж аваагүй ба нэг бол ажил олгогчийн санаачилгаар халагд эсвэл бүх алдааг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг заавал бичээд өөрийн хүсэлтээр ажлаа өг гэсэн дарамтыг үзүүлсэн. Тухайн үед айж сандраад тэдний хэлсэн үгийг нь заавал бичээд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр миний тушаалыг танилцуулсан. Би гэрийнхэнтэйгээ зөвлөлдсөн байсан тул өөрийн хүсэлтээр ажлаас гармааргүй байна, хүсэлтээсээ татгалзая гэхэд "бид энэ хүсэлтийг хүлээн авахгүй Х банк-ийн маргаан таслах комисст хандана уу гэсэн.

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээсээ татгалзах хүсэлтийг маргаан таслах комисст илгээсэн. 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр уг хариугаа хүлээн авсан. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 2 764 483 төгрөг гаргуулах, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн В/366 тоот тушаалаар хувийн банкирийн албан тушаалд 6 cap хүртэл хугацаагаар шилжүүлэн дадлагажуулах байтал тодорхойгүй шалтгаанаар 2016 оны 03 дугаар сарын 30-ны В04/007 тоот тушаалаар намайг бараг 1 бүтэн жил дадлагажуулж цалингийн нэмэгдлээр хохироосон тул 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал нэмэгдэл зөрүү цалин 1 382 782 төгрөг гаргуулах, 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдлээгүй ба надаас зөвшөөрөл авалгүй түдгэлзсэн хугацааны хоногт тооцон амралтын хоногт оруулан тооцсон тул биеэр ээлжийн амралтыг эдүүлж хохиролгүй болгож өгнө үү.

Миний зүгээс ажилгүй байсан хугацааны цалин 2 764 483 төгрөг болон цалингийн зөрүү болох 1 382 782 төгрөг нийт 4 147 265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа 3 833 333 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 7 980 598 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Б.М д тушаалыг нь үзүүлээд за чиний гаргасан тушаал энэ байна гээд бусад нотлох баримтгүйгээр орон тооны цомхотгол хийхийн тулд жирэмсэн, зүгээр ажлаа хийж байгаа хүнийг үндэслэлгүйгээр өөрөөр нь хуурч байгаад өргөдөл бичүүлж авсан. Хөдөлмөрийн хуульд бол нэг байгууллагад ажиллаж байсан хүүнийг нөгөө байгууллагад шууд шилжүүлдэг болохоос биш дадлагажих ажилтнаар авах ямарч зохицуулалт байхгүй. Тийм учраас энэ бол бүхэлдээ хууль бусаар ажлаас халсан...Иймээс Б.М-ийн нэхэмжпэлийн шаардлагыг дэмжиж байна" гэжээ.

Хариуцагч Х банк шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т "ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол" нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хувьд шүүхээр хянан шийдвэрлэгдэхээр харьяалуулсан хэрэг маргаан юм. Хуулийн уг заалтын агуулга болон хууль тогтоомжийн тайлбараас харахад уг хэрэг маргааны шинж нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан шийдвэр түүний үндэслэлийн талаар маргадаг билээ. Харин бодит нөхцөл байдлын хувьд нэхэмжпэгч болон хариуцагч нарын хооронд- үүссэн хөдөлмөрийн гэрээг үндэслэж цуцалсан тушаал нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Б.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай” В/876 дугаартай Хүний нөөц хариуцсан захирлын тушаал юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичээд байгаа “Ажлаас халах тушаал”-ын талаар тайлбар, татгалзал хийх боломжгүй юм. Х банк-ийн хувьд уг гомдол нь агуулга, хэлбэр болон бусад нөхцөл байдлаараа хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж байгаа учир эс зөвшөөрч байна” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М г хариуцагч Х банк-ийн Хэнтий салбарын хувийн банкирийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Х банк-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 264 268 төгрөгийг, ажлаас хөндийрүүлсэн хугацаанд ногдох цалин хөлстэй тэнцэх олговорт 1 330 464 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг хариуцагч Х банк ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385 866 төгрөгийг, дадлагажих хугацааны зөрүү цалин, ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х банк-иас улсын тэмдэгтийн хураамжид 136 465 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэг маргааны хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг харгалзаж үзээгүй буюу уг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн буюу зохих ёсоор үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгчтэй 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс цуцалсан болох нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн В/876 тушаалын хуулбараар тогтоогдож байна" гэж дүгнэсэн боловч ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг танилцуулсан өдрөөс хойш шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй нь хэргийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар "Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана" гэж заасан байдаг. Иргэн Б.М-ийн хувьд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө өгсний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан атлаа, ажил олгогч нь ажилтныг буруу халсан гэж үзэж шүүхэд гомдол гаргасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн В/876 тушаалыг гаргаж, гарсан өдөр нь нэхэмжлэгчид танилцуулсан ба шүүхэд гомдлоо 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх В/876 дугаар тушаалыг танилцуулснаас хойш 2 cap 15 хоногийн дараа буюу шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэлийг хүлээж авсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийээгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандсан нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан, иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбоотой аливаа хүсэлт гаргаагүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т "Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно" гэж заасан үндэслэл байсныг шүүхээр тогтоолгоогүй болно.

Анхан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нь өөрийн санаачилгаар буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэл зоригоо илэрхийлэн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагчийн тайлбар, бодит нөхцөл байдлыг хууль зүйн талаас нь дүгнээгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т "Хэргийн нотлох баримт нь зохигч, ...шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно." гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт зөвлөмжид "1.Бичмэл нотлох баримт, Бичгийн нотлох баримтад дараах зүйлүүдийг хамааруулна." гээд "Тэмдэглэл. Бичиж тэмдэглэсэн аливаа зүйл хамаарах бөгөөд албан ёсны болон албан бус, хувийн аль ч тэмдэглэлийг бичмэл нотлох баримт гэж үзнэ" гэж тус тус тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн өгсөн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтаар "ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарах талаар танилцуулахад Б.М  нь өөрийн санаачилгаар цуцлах боломжтойг асууж, өргөдлөө өөрөө бичиж өгсөн бөгөөд түүнийг үндэслэн холбогдох тушаалыг гаргасан. Бусад ажилтнуудын хувьд “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан" гэдэг тайлбар өгснөөр дээрх дүгнэлт няцаагдаж байна.

Анхан шатны шүүх "нэхэмжлэгч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тогтоогдохгүй байна" гэдэг дүгнэлтийг хийхдээ гэрч Б.Цэрэндэжид, Н.Болорчимэг, Д.Ариунцэцэг болон Л.Мөнхбаатар нарын тайлбар, Б.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзсэн байдаг...Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.М тай уулзаж, зөрчлийн талаар танилцуулж, тушаалын үндэслэлийн талаар ярилцахад хамт байгаагүй, маргаж буй тушаал гарах үндэслэл бий болсон бодит нөхцөл байдлыг мэдэхгүй этгээдүүдийн тайлбарыг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

...2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн "Б.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай" В/876 дугаар тушаалын хувьд хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь тодорхойгүй буюу хүчин төгөлдөр хэвээр үлдээж байгаа нь ойлгомжгүй байгаа юм...Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.М  нь хариуцагч Х банк ХХК-д холбогдуулан хувийн банкирийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7 980 598 төгрөг, дадлагажих хугацааны зөрүү цалин 1 382 782 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийлгэх, ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Х банк-ийн Хэнтий аймгийн салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн В04/007 дугаар тушаалаар тус банкны хувийн банкирийн албан тушаалд томилогдож, өөрийнх нь хүсэлтээр Х банк-ийн Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн В/876 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгч Б.М-ийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 4-7 12-14, 21, 113/

 

Хэрэгт авагдсан баримтаар ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, уг тушаалын талаар нэхэмжлэгч нь Х банк-ийн хөдөлмөрийн эрх зүйн маргаан таслах комисст хандаж байсан болох нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 4/4174 тоот албан бичиг болон талуудын хэн алины тайлбараар тогтоогдож байна. /хх 5/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар маргаан таслах комиссын шийдвэрлэх эсэх асуудал дотор ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой маргааны төрөл хамаарахгүй, харин цалин хөлсний зөрүүтэй холбоотой гарсан маргааныг шийдвэрлэхээр заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол шүүх уг хугацааг сэргээж болно, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн жуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулахаар заажээ.

 

Нэхэмжлэгч Б.М  нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн В/876 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авсанаас хойш эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан, мөн 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл, хүндэтгэн үзэх шаалтгаантай байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7 980 598 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Шүүх нэхэмжлэгч Б.М  нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хувийн банкирийн албан тушаалд сайн дурын үндсэн дээр туршилтын хугацаатай ажилласан байх тул хариуцагчаас дадлагажих хугацааны цалингийн зөрүү цалин 1 382 782 төгрөг, ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг хариуцагчид даалгахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00040 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хувийн банкирийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7 980 598 төгрөгийг, дадлагажих хугацааны зөрүү цалин 1 382 782 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.М-ийн хариуцагч Х банк ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Х банк-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 465 төгрөгийг буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН