Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/00777

 

2017 оны 04 сарын 05 өдөр                   Дугаар 183/ШШ2017/00777                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны 42 тоотод оршин суух Цагаан адуут овогтой Рагчаагийн Баярсайханы /РД:ЛЕ76052711/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50-210 тоотод байрлах, “Омнифорс” ХХК-д /РД:5305136/ холбогдох,

гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас учирсан хохиролд 25.000.000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай үндсэн,

хариуцагчийн ашиглалтын зардалд 4.561.102 /дөрвөн сая таван зуун жаран нэгэн мянга нэг зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмарбаатар, хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, гэрч Ц.Оюунгэрэл, М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 хороо 50 мянгат 23 байрны 4 тоотод байрлах 1 давхрын цайны газрыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж захирал н.Бүрнээбаатартай “Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх” 09/113 тоот гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 07-ыг хүртэл 1 жилийн хугацаатай тохиролцон байгуулж, түрээсийн барьцаа 2 сая төгрөгийг өгсөн. Гэтэл дахин шууд 2 сарын түрээсийн төлбөр болгох 3.500.000 төгрөгийг урьдчилан төлөхийг шаардаж, нийт 5.500.000 төгрөгийг гэрээ байгуулахдаа төлсөн. Ингээд цайны газарт үйл ажиллагаа явуулахын тулд тохижилт болон үйл ажиллагааны 25.000.000 төгрөгийн зардлуудыг гаргаад ажиллуулж байтал бидэнд доорх хууль бус байдлуудыг Омнифорс ХХК нь гаргаж гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Миний түрээсэлсэн цайны газрын гал тогоо, үйлчилгээний заал нь гэрээнд заасны дагуу 114 м2 биш, 1 давхрын өргөтгөл нь нийтдээ 114 м.кв байсан ба цайны газрын голд нь Омнифорс ХХК нь оффислодог. Мөн доод давхартаа өөрсдийнх нь ашигладаг Караокены 3 том өрөө, урт коридор, ариун цэврийн өрөөнүүд байрладаг. Ингээд миний бие нь цайны газрыг түрээсэлсэн даруйдаа өөрийн түрээсэлж буй гал тогоо, үйлчилгээний заалыг хэмжиж үзтэл 54 м2 байсан. Ингээд уг компани нь хууль бусаар 60 м2-ийг илүү тооцож сарын 947.000 төгрөг төлөх байтал 2 сая төгрөг төлүүлж хохироож байсан. Сар бүр ашиглалтын зардалд  бид тухайн компанийн хэрэглэсэн, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, хог, хамгаалалт, ТВ, дохиолол гэх мэт зардлуудыг 2 дугаар давхрын түрээслэгчтэй хамтран 2 хувааж төлсөөр ирсэн. Уг нь 3 хувааж төлөх ёстой атал надаар 1 дүгээр давхрын буюу тус компанийн ашиглаж байгаа талбай болон доод давхрын ашиглалтын зардлыг хамт төлүүлж байсан. 1 жилийн гэрээ хийж барьцаа болгон 2 сая төгрөг, түрээсийн төлбөрөө 2 сараар нь шууд бэлэн авснаас хойш түрээсийн төлбөр хугацаанд нь хийсээр байтал гэнэт 12 сарын 10-ны өдөр ямар ч үндэслэлгүйгээр гэрээгээ зөрчин цуцалсан. Гэрээний 5.6-д заасны дагуу түрээсийн төлбөрөө бодит үнэнд нийцүүлэн шинээр тогтоох,  талбайн хэмжээ, ашиглалтын зардлыг 3 төлдөг байх, ялангуяа манайх хийн түлш байнга хэрэглэдэг мөртлөө цахилгааны зардалд сар бүр 350-380.000 төгрөг төлнө гэдэг шударга бус байгаа тухай удаа дараа ярьж, шаардаж байсан. Гэтэл ямар ч хариу өгөхгүй байсаар 12 сарын 10-ны өдөр гэрээг дангаараа цуцалсанд иргэн миний бие гомдолтой байгаа ба цайны газрыг ажиллуулахдаа би Төрийн банкнаас 12 сарын хугацаатай сарын 2%-ийн хүүтэй, 30 сая төгрөгийг, “Прогресс Капитал” ББСБ-аас 12 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, 5%-ийн хүүтэй зээл авсан. 10, 11 саруудад тохижилт маркетингийн зардал болон түрээсийн төлбөр үйл ажиллагаандаа 23.000.000 төгрөгийн зардал гаргаж ажилласны үр дүнд байнгын олон үйлчлүүлэгчтэй болж орлого төлөвлөгөө ёсоор орж байтал Омнифорс ХХК нь гэрээг цуцалснаас олох байсан орлого болон бодитоор 25.000.000 төгрөгийн хохирол учруулсныг нэхэмжилнэ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн байрлах цайны газрыг түрээслэхээр гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж, барьцаа болон 2 сарын түрээсийн төлбөрийн хамт 5.5 сая төгрөгийг өгсөн. Хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба гэрээгээр тохирсон 114 м.кв талбайг чөлөөлж өгөхгүй байсаар сүүлдээ бүүр боломжгүй гэсэн. Нэхэмжлэгч нь байрны төлбөрийг 3 хувааж төлөх ёстой байсан, газ ашигладаг байсан тул цахилгааны төлбөр дээр маргаан гарсныг цахилгааны тоолуур тавьж шийдвэрлэсэн. Жилээр гэрээг хийсэн байж хугацааанаас нь өмнө цуцлахаас 3 хоногийн дотор илүү өндөр үнээр түрээслүүлэх санал тавьсныг нэхэмжлэгч нь зөвшөөрөхгүй байсан ч урьдчилгаа төлсөн 2 сая төгрөгийг авахыг тулд байрыг хүлээлгэж өгсөн. Түрээсийн ашиглалтыг зардалд нийт 9.804.000 төгрөг төлсөн, түүхий эдийн хохиролд 11 сая төгрөг буюу энэ нь мах, гурил, будаа, тос, буузыг их хэмжээгээр авсан байсан нь муудсан. Тохижилт 5.525.500 төгрөг, хэргийн 24 дүгээр хуудсанд байгаа нэхэмжлэлийн тооцооны хүснэгтийн дагуу 25 сая төгрөгийг нэхэмжилж байсан. Одоо түрээсийн төлбөр 3.987.250 төгрөг /шинжээчийн дүгнэлтийн дагуу талбайн түрээсийн төлбөрт илүү төлсөн/, мах, буузны зардалд 4.500.000 төгрөг, тогоочийн цалин 1.200.000 төгрөг /удаан хугацаанд түрээслэх гээд нөөцөлж авсан мах, хийсэн бууз муудсан/, тохижилт маркетингийн зардал 2.612.750 төгрөг /цайны газрын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан зардал/, олох байсан орлого 12.700.000 төгрөг /3 сарын хугацаанд олсон ашиг 4 сая+4 сая+4.7 сая/, нийт 25.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Р.Баярсайхантай 2 дугаар хороо, 50 мянгат, 23 байрны 4 тоот өргөтгөлийн хамт 114 м2 талбай бүхий 1 давхарын үйлчилгээний танхим, гал тогоог түрээслүүлэхээр харилцан тохиролцож ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээг анх байгуулахад бизнес эрхэлж байгаатай холбогдуулан хямдрал үзүүлж 1.500.000 төгрөгийг 2014 оны 9 сарын 03-наас 2014 оны 10 сарын 08-ныг хүртэлх түрээсийн төлбөрт авч, цаашид төлбөрийг 2 сая төгрөг байхаар тохиролцож, сар бүрийн 08-ны өдөр төлөхөөр гэрээний 5.1-д заасан. Манай компани дээрх ажлын байрыг үйл ажиллагаа эрхлэх бүхий л боломжоор хангах үүднээс өөрсдийн хөрөнгөөр засаж, тохижуулан Р.Баярсайханд түрээсийн гэрээний хавсралт 1,2-ийн дагуу хүлээлгэн өгсөн тул барьцаа хөрөнгийг 2 сая төгрөг байхаар Р.Баярсайхантай тохиролцож, хүлээн авсан. Гэрээний 5.3-т цахилгаан, дулаан, ашиглалтын зардлыг тухайн сар бүрийн гаргасан тооцоог үндэслэж түрээслэгч тал төлөх, 5.4-т цэвэр, бохир ус, дохиоллын ашиглалтын зардал болон цэвэрлэгээний хөлсийг тухайн сар бүрийн гарсан зардлын 50 хувийг төлж байхаар харилцан тохиролцсон. Р.Баярсайхан нь тухайн цайны газарт тохижилт, засвар хийгээгүй, гал тогооны болон үйлчилгээний зориулалттай ямар нэгэн зүйл худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй нь гэрээний хавсралт 1.2-т заасан эд хөрөнгийн жагсаалтаар нотлогдоно. Бид түрээсийн төлбөрийг зах зээлийн бодит ханштай уялдуулан тогтоож, гэрээ байгуулахад Р.Баярсайхан нь түрээсийн болон барьцаа төлбөрийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулсан. Тус обьектод ашиглагддагүй 1 өрөө болон зоорийн давхрын караоке өрөө болгон тохижуулсан 3 өрөө, бие засах өрөөг манай компани караоке, ресторан болгон ажиллуулахаар тохижуулсан боловч зөвшөөрөл олгогдоогүйгээс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Зоорийн давхрын хэсэгт ямар нэгэн үйл ажиллагаа явагддаггүй, манай оффис цайны газрын голд байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй тул манай компани түрээслэгч 2 иргэнтэй хамтарч ашиглалтын зардал төлөх үндэслэлгүй байхгүй, үүнийг ч гэрээнд тодорхой заасан. Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан барьцаа төлбөр авсан нь гэрээний хавсралт 1,2-т дурдсан эд хөрөнгийг хүлээлгэн өгснөөр үүссэн харилцаа юм. Гэрээг цуцлах өдөр хавсралт 1,2-т дурдсан эд хөрөнгийг тоолж, элэгдэл, хорогдол, эвдрэл, гэмтлийг илрүүлж, барьцаа хөрөнгөөс суутган авч, үлдсэн хэсгийг хүлээлгэн өгч, баримт үйлдсэн. Р.Баярсайхан нь гэрээний үндсэн төлбөр 2 сая төгрөгийг гэрээнд заасан сар бүрийн 08-ны өдөр төлдөггүй, ямар нэгэн шалтгаан хэлж удаашруулдаг, шаардуулан байж 2-3 хувааж төлдөг байсан. Манай компанийн зүгээс Р.Баярсайханы энэ байдлаас болж цахилгааны тоолуур тавиулан цаашид гарах маргаанаас зайлсхийж, хамтран ажиллах бүхий л бололцоогоор ханган ажиллаж байсан ч түрээслэгч нь дээр дурдсан алдаа, зөрчлийг удаа дараа гаргаж түрээслүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байсан. Дээрх алдаа зөрчлүүдийг удаа дараа гаргасаар байсан тул гэрээний 6.6-т заасны дагуу Р.Баярсайхантай цаашид хамтран ажиллахгүй боломжгүй учраас гэрээг цуцлах саналыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тавьсан саналыг Р.Баярсайхан тэр даруйд нь хүлээн зөвшөөрч, “гэрээ цуцлах тухай” акт үйлдэж, 11 сарын төлөгдөөгүй байсан ашиглалтын зардлууд, гэрээний хавсралт 1,2-т дурдсан эд хөрөнгөөс дутсан болон эвдэрсэн эд зүйлийг барьцаа 2 сая төгрөгөөс төлүүлж, үлдэгдэл 1.221.000 төгрөгийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулснаар гэрээг 2 тал харилцан тохиролцож цуцалсан. Манайх гэрээг дангаар цуцлаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй, 25 сая төгрөгийг бүхэлд нь хүлээн зөшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани гэрээг байгуулахаас өмнө энэ ажлын байрыг нийтийн хоолны газрын зориулалтаар бүрэн засварлан тохижуулж, хоолны газрын үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмж, аяга таваг, халбага сэрээ, заалны сандал ширээ, тек, ханын зурагт зэрэг түрээсийн гэрээний хавсралтад заасан бүхий л эд хогшил, тоног төхөөрөмжтэй нь хамт түрээслүүлсэн. Түрээслэгч ажлын байрыг эд хөрөнгөтэй нь хамт түрээслэн орлого олж ашигтай ажиллаж байсан.  Гэвч Р.Баярсайхан эхний сараас эхлээд цахилгаан, дулаан, усны төлбөр зэрэг түрээсийн ашиглалтын зардлыг гэрээнд заасны дагуу төлөхгүй гэж түрээслүүлэгчтэй маргалдаж, хугацаа хэтрүүлэн байж дутуу төлж ирсэн. Түрээсийн гэрээний 5.3-т заасан 150.000 төгрөгийн цахилгааны төлбөрийг төлөхгүй гэж маргаж 130.000 төгрөг төлөөд явсан ч төлбөрийг их гэж гомдол гаргасны дагуу түрээслэгчийн хүсэлтээр манайх өөрийн зардлаар цахилгааны тоолуур нэмж суурилүүлсан тул 380 вольт /3фаз/-ын цахилгаан тоолуур, пускателийн үнэ 182.600, 10 метр кабелийн утасны үнэ 285.000, суурилуулалтын зардал 70.000, нийт 537.600 төгрөгийн зардал гаргасан. Гэрээний 5.4-т цэвэр бохир усны ашиглалтын зардлыг сар болгон гарсан төлбөрийн 50%-ийг төлнө гэж тохиролцсон ч Баярсайхан төлбөр байнга хугацаа хэтрүүлэн дутуу төлж байсан тул төлөөгүй ашиглалтын зардалд 743.717 төгрөг байна. Баярсайхан ажлын байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж хэсэг хугацаа өнгөрсний дараа үйлчлүүлэгчид ариун цэврийн өрөө асуугаад байгаа, ажилчид хувцас солих өрөөгүй, бараа материал багтахгүй байгаа гэж зоорийн давхрын караокены өрөөнүүдийг 00-ын хамт 1 давхрын түрээстэй адил үнээр түрээсэлж ашиглах санал тавьж, архины зөвшөөрөл гарч караоке ажиллуулж эхлэхээр гэрээгээ бичгээр хийе гэж гуйсны дагуу 2014 оны 9 сарын 15-наас эхлэн манайх зөвшөөрч түлхүүрийг Баярсайханд өгсөн, нийт 64,38 м2 талбайтай зоорийн давхрын караокений 3 өрөө, коридор, 00-ын өрөөг ашиглаж байсан нь гэрэл зургуудаар нотлогдоно. Гэтэл Баярсайхан зоорийн давхрыг ашигласны төлбөрийг төлөөгүй, гэрээнд заагдаагүй зоорийн давхрыг ашиглаж өөртөө ашигтай байдал үүсгэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул /зоорийн давхрын 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 1 давхрын түрээсийн төлбөр 17.500 төгрөгөөр тооцож, нийт 64.38 м2 талбайн 1 сарын түрээс 1.126.650, 2014 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэл 2 сар 27 хоногийн түрээсийн төлбөрт/ 3.267.285 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас бид шүүхэд нотлох баримт бүрдүүлсэн нотариатын зардал 12.500, нийт 3.279785 төгрөгийг Иргэний хуулийн 492.1-д зааснаар, тоолуур суурилуулалтын зардалд 537.600, ашиглалтын зардалд 743.717 буюу 1.281.317 төгрөгийг Иргэний хуулийн 219.1-д зааснаар төлөх ёстой тул нийт 4.561.102 төгрөгийг Р.Баярсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн караокед өөрсдөө орж дуулдаг, зарим тохиолдолд хүн оруулж ашиг олдог байсан. Мэргэжлийн хяналтаас тоолуур байхгүй байхад өөрөө суурилуулж өгсөн байж нэхэмжлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчээр ашиглалтын зардал, төлбөр зэргийг төлүүлж байсан байж одоо сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

       Шүүх хуралдаанаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч Р.Баярсайхан нь “Омнифорс” ХХК-д холбогдуулан гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас учирсан хохиролд 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ашиглалтын зардалд төлсөн 4.561.102 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

    Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлтийн дагуу ашиглаагүй талбайн түрээсийн төлбөрт 1.807.778 төгрөг, ашиглалтын зардалд илүү төлсөн 668.994 төгрөг, бусад төлбөрт илүү төлсөн 262.500 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 133.000 төгрөг, олох байсан орлогод 2.000.000 төгрөг, нийт 4.872.222 төгрөг гэж тодорхойлсон байна.

   

   Харин энэ өдрийн хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр гэрээнээс учирсан хохиролд 25 сая төгрөгийг Иргэний хуулийн 319.1-д зааснаар нэхэмжилнэ гэж тайлбарлаж, хариуцагч нь өмнөх шаардлага, үндэслэлээр нэхэмжилж байгаа тул тайлбар гаргаад хэргийг шийдвэрлүүлнэ гэж тайлбарлалаа.

 

1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

    Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэнэт ямар ч үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан тул хохирлоо гаргуулна гэж, хариуцагч нь нэхэмжлэгч тал эхний сараас ашиглалтын зардлыг гэрээнд зааснаар төлөхгүй, түрээсийн төлбөрийг сар бүрийн 08-ны өдөр төлдөггүй, ямар нэгэн шалтгаан хэлж удаашруулдаг, шаардуулан байж 2-3 хувааж төлдөг байсан, түрээслэгч нь алдаа, зөрчлийг удаа дараа гаргаж түрээслүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн тул гэрээг цуцлах санал 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тавьсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул хохирол төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

     Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэргийн 24 дүгээр хуудасны хүснэгтээр түрээсийн ашиглалтын зардалд төлсөн 9.804.000,  түүхий эд татан авалтад 11.910.350, тохижилт, маркетингийн зардалд 5.225.500 төгрөг гэж тодорхойлсон ч шаардлагын үндэслэл, тооцооллыг өөрчилж, түрээсийн төлбөрт илүү төлсөн 3.987.250 төгрөг, мах, буузны зардалд 4.500.000 төгрөг, тогоочийн цалинд 1.200.000 төгрөг, тохижилт маркетингийн зардалд 2.612.750 төгрөг, олох байсан орлогод 12.700.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласныг үндэслэн хэргийг шийдвэрлэв.

 

     Р.Баярсайхан нь “Омнифорс” ХХК нар нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 хороо 50 мянгат 23 байрны 4 тоотод байрлах 1 давхрын өргөтгөлийн 114 м2 талбайтай байрыг цайны газрын зориулалтаар ашиглуулахаар үйлчилгээний заалыг гал тогооны хамт түрээслэхээр харилцан тохиролцож, “Ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх” тухай 09/113 тоот гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, байр болон жагсаалтын дагуу эд хөрөнгүүдийг хүлээн авчээ.

 

      Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахун үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргийг, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

      Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, гэрээнд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон, талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, энэ талаар талууд маргахгүй байна.

 

      Түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил шилжүүлсэн эд хөрөнгийн элэгдэл, хорогдол, бүрэн бүтэн байдлын барьцаанд 2.000.00 сая төгрөг болон урьдчилан 9 сарын түрээс 1.500.000 төгрөг /09.03-10.08 өдөр хүртэл/, 10 сарын түрээс 2.000.000 төгрөг /10.08-11.08 өдөр хүртэл/, нийт 5.500.000 төгрөгийг гэрээ байгуулахдаа авсан, түрээслэгч нь 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 12 дугаар сарын 08-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн байна. 

 

      Хариуцагч тал түрээсийн төлбөр нэмэх санал тавьсныг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй, нэхэмжлэгчийн сар бүрийн ашиглалтын зардлыг нөгөө түрээслэгчтэй хамт 2 хувааж төлснийг хариуцагч компанитай хамт 3 хувааж төлөх, хийн түлш байнга хэрэглэдэг мөртлөө цахилгааны зардлыг 50 хувиар төлөхийг өөрчлөх саналыг болон гэрээн дэх талбайн хэмжээ нь ашиглаж байгаа талбайн хэмжээнээс бага байгаа талаар гомдол гаргасныг хариуцагч нь зөвшөөрөөгүйгээс маргаан үүссэн гэж зохигч тайлбарлаж байна. 

 

      Түрээсийн гэрээний талууд нөхцөл буюу талбай, түрээсийн болон ашиглалтын төлбөрийн талаар харилцан тохиролцсоноор өөрчлөлтийг оруулах эрхтэйг гэрээний 6.2-т заасан бөгөөд тухайн тохиолдолд 2 талаас гаргасан саналыг тохиролцоогүй байх тул гэрээний нөхцөл хэвээр хэрэгжинэ гэж ойлгоно. 

 

     Хариуцагч нь 9, 10 сарын түрээсийг 9 дүгээр сард урьдчилан авсан авсан, нэхэмжлэгч нь 9 дүгээр сарын ашиглалтын зардал 319.500 төгрөгийг, дохиолол, кабельд 175.000 төгрөгийг 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн, 10 дугаар сарын ашиглалтын зардал 450.000 төгрөгийг 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн, 11 дүгээр сарын дохиолол, кабелийн төлбөрт 175.000 төгрөг болон ашиглалтын зардалд 427.100 төгрөг, 12 дугаар сарын ашиглалтын зардалд 252.900 төгрөг, 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдийн зардлын тооцоонд 330.000 төгрөгийг 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн, 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 2014 оны 11 сарын 9-нд 961.000 төгрөг, 10-нд 1.100.000 төгрөг төлсөн зэрэг түрээслэгч нь төлбөр ашиглалтын зардлын хамт төлөх үүргээ зохих ёсоор биелүүлснээр хариуцагчийн татгалзлын үндэслэл няцаагдаж байна.

  

     Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэхээр, 294 дүгээр зүйлийн 294.3-т гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын цуцлахаар тус тус зохицуулсан ба талуудын байгуулсан гэрээний 6.3.3-т түрээсийн төлбөрийг 1 сарын турш төлөөгүй бол гэрээг цуцлахаар тохиролцсон байна.

 

     Хэргийн 207 дугаар хуудаст авагдсан “Гэрээ цуцлах тухай” баримтыг нэхэмжлэгч нь урьдчилгаа төлсөн 2 сая төгрөгийг авахыг тулд хийсэн гэж, хариуцагч нь 2 тал харилцан тохиролцсоноор цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч хуульд заасан журмын дагуу мэдэгдлийг өгөөгүй, мэдэгдсэнээс хойш хуульд заасан хугацаанаас өмнө гэрээг цуцалсанд хариуцагч буруутай байна. Түүнчлэн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талд мэдэгдэж, гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал нь тогтоохоор 204.2-т заасныг хариуцагч нь зөрчжээ.

 

    Хэдийгээр тухайн баримтад дулааны мөнгө дээр нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэж бичсэнийг хариуцагч тал гэрээг цуцлахыг зөвшөөрсөн гэж тайлбарлах ч тухайн баримтад гэрээг дуусгавар болгож, эд хөрөнгийг хүлээлгэн өгч, барьцаанаас дутуу төлбөрийг суутгасан талаар үйлдэгдсэн баримт байна.

 

    Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д гэрээний хугацаа дууссан, тодорхойгүй хугацаагаар байгуулсан бол цуцлах тухай мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн, хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол гэрээ дуусгавар болохоор зохицуулжээ.

 

    Иймд хууль буюу гэрээнд зааснаар гэрээг цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдэж угацаа олгоогүй байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдсон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлого зэрэг хохирлоо 227.1-д зааснаар арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гэж дүгнэлээ.

 

    Хэрэгт авагдсан баримтуудаар шинжээчийн дүгнэлтийн дагуу ашиглаагүй талбайн түрээсийн төлбөрт илүү төлсөн 3.987.250 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Учир нь талууд түрээсийн гэрээгээр үйлчилгээний зориулалттай талбай болон гал тогооны өрөөг эзэмшиж, ашиглахаар тохиролцсоноос нэгж үнэ буюу м2-ийн үнээр тухайн давхрыг тохиролцоогүй байна.

 

    Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 1 жилийн хугацаагаар цайны газар ажиллуулахаар махыг их хэмжээгээр бэлдэж, бууз бэлдсэн байсан нь муудсан үндэслэлээр 4.500.000 төгрөг гэж тайлбарлаж байгаа ч үүнийг нотолсон буюу хариуцагчийн буруугаас хохирол учирсан гэж үзэх байдал тогтоогдохгүй, бууз хийсэн тогоочийн цалин 1.200.000 төгрөгийг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй тул хангахгүй орхив.

 

    Тохижилт маркетингийн зардалд 2.612.750 төгрөгийг тодорхойлохдоо тухайн газарт үйл ажиллагааг явуулахын тулд худалдан авсан гал тогтооны хоол цайны болон ахуйн хэрэгслүүд, ариун цэвэр, галын зөвшөөрлийн үнэ, маркетингийн идэвхжүүлэлттэй холбоотой зардлуудад гарсан 5.225.500 төгрөгийн тал хувиар гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тайлбарлах ч тухайн хэрэгслүүдийг нэхэмжлэгч нь өөрөө авч явсан байтал түүний тал хувийг хариуцагч нь төлөх үндэслэлгүй, ямар тооцооллоор тал хувийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

 

     Харин үйл ажиллагааг явуулахын тулд ариун цэвэр болон галын зөвшөөрлийн үнэ, маркетингийн идэвхжүүлэлттэй холбоотой зардлуудыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй буюу “Чамин өнгө” ХХК-ийн тамга дарагдсан баримтаар барааг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, гарын үсэггүй, тухайн компани энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхэлдгийг нотолсон баримтгүй байх тул үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй юм.   

 

     Нэхэмжлэгч тал гэрээг цуцлаагүй байсан бол 9, 10, 11 дүгээр сард нийт олсон ашигаа 12.700.000 төгрөг гэж хүснэгтээр тодорхойлсныг үндэслэн олох байсан орлогоо 3 сараар  гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч хэдэн төгрөгийн зардал гарснаас хэдэн төгрөгийн ашигтай ажилласныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

     Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчийн байр, эд хөрөнгийг 2.000.000 төгрөгөөр түрээсэлж үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөрийн хэмжээнээс илүү ашиг олж байсан, гэрээг нэг талын санаачилгаар цуцалснаас ашгаараа хохирсон гэж тайлбарлах тул тухайн гэрээний үнийн дүнг ашгийн хэмжээнд дүйцүүлж, нэхэмжлэгчийн шаардсан 3 сарын хэмжээгээр буюу /2 сая х 3 сар/ нийт 6.000.000 төгрөгийг “Омнифорс” ХХК-иас гаргуулж, Р.Баярсайханд олголоо.

    

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь өөрийн зардлаар суурилүүлсан зардалд /380 вольт /3фаз/-ын цахилгаан тоолуур, пускателийн үнэ 182.600, 10 метр кабелийн утасны үнэ 285.000 төгрөг, суурилуулалтын зардал 70.000/ гаргасан 537.600 төгрөг, гэрээний 5.4-т зааснаар төлөөгүй ашиглалтын зардалд 743.717 төгрөг, гэрээгүй ашигласан зоорийн давхрын 64,38 м2 талбайн түрээсийг 1 давхрын төлбөрөөр тооцож, 3.267.285 төгрөг, нотариатын зардал 12.500 төгрөг, нийт 3.279785 төгрөгийг Иргэний хуулийн 219.1, 492.1-д зааснаар шаардах эрхтэй гэж, нэхэмжлэгч нь талбайг өөрсдөө ашиглаж байсан, Мэргэжлийн хяналтаас тоолуургүй гэхэд суурилуулж өгсөн, нэхэмжлэгч ашиглалтын зардал төлсөн тул үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан ба хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хамтран ажиллах бүхий л бололцоогоор ханган, цаашид гарах маргаанаас зайлсхийж цахилгааны тоолуур тавиулсан гэж тайлбарласан, тухайн тоолуур хариуцагчийн эзэмшилд үлдсэн, гэрээг хуульд заасан журмыг зөрчиж цуцалсан гэж шүүх дүгнэсэн тул цуцалсан тул нэхэмжлэгч нь 537.600 төгрөгийг хариуцах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нь 10 дугаар сарын цахилгааны төлбөрт 761.844 төгрөг, 11 дүгээр сарын цахилгааны төлбөрт 889.329 төгрөг, “Омнифорс” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрт 807.840 төгрөг, энэ хугацааны дулааны төлбөрт 854.261 төгрөг төлсөн, 11 дүгээр сарын ашиглалтын зардалд 854.261 төгрөг  төлөх, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр НӨАТ төлсөн баримт зэргийг сөрөг нэхэмжлэлд хавсаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь 10 дугаар сарын ашиглалтын зардалд 450.000 төгрөгийг 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн, 12 дугаар сард 252.900 төгрөг, 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдийн зардлын тооцоонд 330.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул түрээсийн гэрээний 5.4-т зааснаар төлөөгүй 2014 оны 10 дугаар сарын ашиглалтын зардалд 457.200 төгрөг, 12 дугаар сарын ашиглалтын зардалд 286.517 төгрөг, нийт 743.717 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан ба 492.1.1-д гэрээний бус этгээдээс буцаан шаардах эсхүл 56-60 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн улмаас үүсэх буцаан шаардах эрхийн зохицуулалт тул ам хэлцлээр тохирч ашиглуулсан гэж хариуцагч тал тайлбарласан атлаа гэрээгүй ашигласан зоорийн давхрын түрээсийн төлбөрт 3.267.285 төгрөг, нотариатын зардал 12.500 төгрөгийн хамт нэхэмжлэгчээс хариуцагч нь шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болголоо.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Омнифорс” ХХК-иас гэрээ цуцалснаас учирсан хоххиролд 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Баярсайханд олгож, шаардлагаас үлдэх 19.000.000 төгрөг гаргуулах болон хариуцагчийн нэхэмжлэгчээс тоолуур суурилуулсны үнэд 537.600 төгрөг, ашиглалтын зардалд 743.717 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр ашигласан зоорийн давхрын түрээсийн төлбөрт 3.267.285 төгрөг, нотариатын зардал 12.500 төгрөг, нийт 4.561.102 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 282.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 87.930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 294 дүгээр зүйлийн 294.3, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч “Омнифорс” ХХК-иас /РД:5305136/ гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас учирсан хохиролд 6.000.000 /зургаан сая/ төгрөг Цагаан адуут овогтой Рагчаагийн Баярсайханд /РД:ЛЕ76052711/ олгож, шаардлагаас үлдэх 19.000.000 төгрөг гаргуулах болон ашиглалтын зардалд 4.561.102  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 282.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 87.930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ