Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/00897

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр                   Дугаар 183/ШШ2017/00897                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 39А байранд байрлах, “Хүчит цайз” ХХК-ийн /РД:5928516/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, Ажнай корпорацийн байр, 6 давхар, 605 тоотод байрлах, “Пи ай эм эм” ХХК-д /РД:5163161/ холбогдох,

Гэрээний үүрэгт 133.600.000 /нэг зуун гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 

                    ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Пи ай эм эм” ХХК нь манай “Хүчит цайз” ХХК-тай харилцан тохиролцон 2015 оны 4-р сарын 23-ны өдөр “Харуул хамгаалалтын гэрээ”-г байгуулан, гэрээний дагуу төлбөрийг хавсралт 1-д тохирч ХУД, 4-р хороо, “Хүннү Молл” худалдаа үйлчилгээний төвийн зүүн талд, “Вива сити” хорооллын урд байрлах 10 га барилгын талбайд хамгаалалтын үйлчилгээ авахаар болсон. Талууд гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийн хэмжээг 2016 оны 1-р сарын 31-ны өдрийн байдлаар тооцоо нийлж баталгаажуулсан боловч, “Пи Ай Эм Эм” ХХК нь биднийг хохироож байх тул нийт 133.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани “Гангар Инвест” ХХК-тай тохирлцоотойгоор түүний охин компани болох “Хүчит цайз” ХХК-ийн харуул хамгаалалтын албаар харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэхээр болсон. Гангар Инвест ХХК манай “Пи ай эм эм” ХХК-ийн хувь эзэмшигч байсан бөгөөд тухайн үед манай компаниас 4 тэрбум төгрөг зээлсэн, тэр зээлийн төлбөр дутуу байсан бөгөөд тэрхүү өглөг авлагын тооцооноос суутгах, манайх Хүчит цайз ХХК-д төлбөр төлөхгүй байхаар тохирсон байсан. Гэтэл энэ тохиролцоог зөрчин Хүчит цайз ХХК нь ажлын хөлсийг манай компаниас нэхэмжилж байгаа нь харамсалтай байна. Бид Хүчит цайз ХХК-ийн толгой компанитай тохиролцсоны үндсэн дээр төлбөр тооцооны дүнг гаргах тул бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

      

       Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хүчит цайз” ХХК нь хариуцагч “Пи Ай Эм Эм” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 133.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ үлдэгдэл төлбөрийг тооцоо нийлж баталгаажуулсан гэж, хариуцагч нь манай хувь эзэмшигч байсан “Гангар Инвест” ХХК нь манайхаас зээлсэн зээлийн төлбөр дутуу тооцооноос “Хүчит цайз” ХХК-д төлөх төлбөрийг суутгахаар тохирсон гэж маргаж байна.

“Пи ай эм эм” ХХК, “Хүчит цайз” ХХК нар нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Харуул хамгаалалтын гэрээ”-г байгуулан, нэг өдрийн хөлсийг 480.000 төгрөгөөр тохирч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Пи ай эм эм” ХХК-ийн эзэмшлийн 10 га барилгын талбайд хамгаалалтын үйлчилгээ авахаар харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба гэрээний зүйл нь ажлын үр дүн байх нөхцлийг шаарддаг.

Талуудын байгуулсан гэрээний нөхцөл, 1.1-д заасан тохиролцооноос дүгнэхэд “Хүчит цайз” ХХК нь обьектийг хамгаалах, “Пи ай эм эм” ХХК нь хөлс төлөх үүрэгтэй байх бөгөөд тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Гэрээ нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хүчинтэй байх, хөлсийг  энэ хугацаанд сар бүр төлөх үнийн дүнг хавсралтаар тодорхойлж, гэрээний хугацаанд хариуцагч нь 164.640.000 төгрөг төлөх үүргийг хүлээжээ.

2 тал гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийн хэмжээг 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар зохигч компанийн нягтлан бодогчид тооцоо нийлж, санхүүгийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

Хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар болон ажлын үр дүнг хүлээн аваагүй талаар маргаагүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж, 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хөлсөө шаардах эрхтэй юм.

Иймд талуудын нийлсэн тооцоог үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч хариуцагч “Пи ай эм эм” ХХК-иас гэрээний үүрэгт 133.600.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Хүчит цайз” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож буй “Гангар Инвест” ХХК болон “Пи ай эм эм” ХХК-ийн хоорондын зээлийн төлбөрт суутгах, “Хүчит цайз” ХХК-д төлбөр төлөхгүй байхаар тохирсон гэж тайлбарлах ч энэхүү нөхцөл байдал нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 825.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 825.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч “Пи ай эм эм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзулд шүүх хуралдааны товыг 4 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуран баталгаажуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч /РД:5163161/ “Пи ай эм эм” ХХК-иас гэрээний үүрэгт 133.600.000 /нэг зуун гучин гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Хүчит цайз” ХХК-д /РД:5928516/ олгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 825.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 825.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ