Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1025

 

 

 

 

 

 

 

 

 

2020         12          17                                  2020/ШЦТ/1025      

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: И.М,

Нарийн бичгийн дарга: Ц.Ч,

Гэрч Л. А

Шүүгдэгч:Э.З, түүний өмгөөлөгч Д.Ц нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э.З-т холбогдох эрүүгийн 1909038130106  дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Демси трейд ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 27 дугаар байрны 1006 тоотод оршин суух хаягтай, урьд 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 14 жил 10 сар хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /үлдсэн нь 02 жил 04 сар 24 хоног/ /1хх 225-250, 2хх 1-9/, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э.З,

 

Холбогдсон хэргийн талаар /2020 оны 03 сарын 31-ны өдрийн 299 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Яллагдагч Э.З нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” баарны гадна хохирогч Н.М-ыг “...мөнгө нэхлээ, машинд суулгасангүй...хамт явж байгаа хүүхнүүдийг чинь аваад явъя...” гэж хэллээ гэж шалтаглан баруун гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад         

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Э.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...та 2 яах гээд байгаа юм мөнгө төгрөг бол өгч чадахгүй гэсэн чинь өндөр залуу нь наад хүүхнүүдтэй чинь караоке оръё гэхээр нь би манай эхнэр дүү нар явж байгаа гэсэн чинь чамайг ер нь энд чинь алаад хаяна гээд над руу дайраад байхаар нь та 2 нэлээн согтуу байна боль гэсэн чинь учир зүггүй л над руу дайраад өндөр нь хувцсаа тайлж шидээд зодолдъё гээд байсан. Өндөр залуу нь миний цамцнаас зуураад цамцны товч ханз татаад савчуулаад байсан. Та 2 больчхооч дээ гэсэн чинь наад хүүхнүүдээ авчих караоке оръё гэж дахиад хэлэхээр нь манай эхнэр, дүү нар явж байгаа гэж хэлсэн. Тэгтэл өндөр залуу нь тэгээд яадаг юм юун сүртэй юм гэсэн. Намхан залуу нь мөн адил юун сүртэй юм наад хэдийг чинь аваад явъя гэхээр нь өндөр залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод хажууд зогсож байсан намхан сахалтай залуугийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр үед тэр 2 хоёулаа арагшаа савж унасан. Өндөр залуу нь босож ирээд алнаа чамайг гээд дайрсан. Намхан залуу нь босож ирэхгүй байхаар нь очоод сэрээх гээд хацар луу нь зөөлөн алгадсан чинь сэрэхгүй байхаар нь түргэн дуудсан....тэр 2 залуу өөрсдөө биднийг удаан хугацаанд өдөөн хоргоож, ёс бус үг хэллэг хэлж ийм байдалд хүргэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 121 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 10 дугаар сарын 09-ний өдөр эхнэрийн ажлын газрын дүү Билэг-Эрдэнийн хуримд очсон. Тэндээсээ гарч яваад ажлынх нь бид нар бүгдээрээ ийш тийшээ гарч үзээгүй, ажлынхнаараа бааранд орж үзье гэхээр нь би хүргэж өгсөн. Нэг эмэгтэй нь архи уусан гээд согтчихсон учраас эхнэр бид хоёр хүргэж өгчхөөд буцаж ирээд үлдсэн хүмүүсээ аваад гартал үүдэн дээр зогсож байсан хоёр залуу араас ирээд 5000, 10000 төгрөг өгөөч гээд яах гэж байгаа юм гэсэн чинь тамхи зарж байгаа хүнээс тамхи авъя гэхээр нь өөрөө аваач гэтэл “чи хүнд буян болж чаддаггүй юм уу” гэхээр нь би дөнгөж сая наад хүнээс чинь тамхи авчихсан, буян болох хүндээ буян болчихсон гээд нөгөө хүмүүсээ машинд суулгаад, өөрөө машиндаа суух гэтэл татаад суулгахгүй байсан. Тэгэхээр нь та нар яах гээд байгаа юм бэ гэсэн чинь хамт явж байгаа хүүхнүүдтэй чинь караокед оръё гээд байхаар нь би манай эхнэр, дүү нар явж байна, хамааралгүй хүмүүс биш, та хоёр одоо харь гэж хэлсэн. Тэр хоёр нэлээн халамцуу Энхтөр нь асаж дайраад, нөгөөх нь хажуугаас дайраад, хувцсаа тайлж шидээд намайг зодоод хаячихъя, энд чинь чамайг алаад хаячихъя, булан тойръё, хүн харахгүй газар очоод яахыг хараарай гээд баахан юм яриад байсан. Тэгээд яаж салж явах учраа олохгүй, аргалаад явчихъя гэж бодоод одоо караоке хаалттай байгаа юм чинь дараа болъё гэсэн чинь Энхтөр намайг цамцнаас заамдаад машин руу түлхээд, хоолой боосон. Тэгэхээр нь хувцас ураад хаячих юм байна гэж бодоод пиджакаа тайлсан. Би одоо явлаа, та хоёр гэртээ харь гэсэн чинь наад хүүхнүүдийг чинь авч буудалд оръё гэхээр нь энд манай эхнэр, дүү нар явж байгаа гэтэл тэр чинь ямар хамаатай юм, тэр үг бүрийг нь хэлэхэд хэцүү байна. Эхнэрийгээ тийм үгээр дуудуулаад байх хэцүү, өөрөө ч тэр үгийг давтаж хэлээд байх хэцүү үгээр хэлсэн. Намайг хүүхнүүд харамлаад гэх утгатай юм хэлээд Энхтөр над руу дайрсан, би Энхтөрийг цохисон. Н.М-ыг цохисноо санахгүй байгаа. 10 хоногийн дараа мэдүүлэг өгөхөд манай өмгөөлөгч санахгүй байна гэж ярих хэрэггүй, камерын бичлэгээ үзэж байгаад юу болсон талаар мэдүүлэг өг гэж хэлсэн. Сөүл плазагийн дор байдаг Кристиан Диор дэлгүүр очоод хамгаалалтын албанаас камерын бичлэгээ авч үзээд өмгөөлөгчтэйгөө очиж мэдүүлэг өгсөн. Тухайн үед эхнэр машинаас юу болов гээд бууж ирсэн, хохирогч Н.М газар хэвтэж байсан. Энхтөрийг дахиж хөдөлгөхгүй гээд дараа байж байгаад Н.М-ыг сэрээх гэтэл сэрэхгүй болохоор түргэн тусламж болон цагдаа дуудсан гэв.

Гэрч Л.Адъяасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...машин ирээд зогсохоор нь бид нар довжооноос буугаад 2 машины дундуур ороод явах гэсэн чинь нөгөө намхан залуу миний гараас бариад авсан. Би гараа татсан чинь тавихгүй намайг чирээд манай найзтай хамт явцгаая л даа гээд байсан. Харсан чинь нөгөө өндөр залуу цаана зогсож байсан. тэгж л тэр хоёр найзууд хамт явж байгаа юм байна гэж ойлгосон....Ерэнбаатарыг машинд суулгаад хаалгаа хаах гэсэн чинь нөгөө өндөр залуу хаалга хаалгахгүй буцаагаад онгойлгосон. Тэр 2 залуу манай нөхөртэй юм яриад энд тэндээс нь татаад байсан. тэгсэн чинь манай нөхөр пиджакаа тайлаад хайраа үүнийг цааш нь тавьчих, урчих гээд байна гээд надад өгөхөөр нь хүүшээ наад залуу чинь яах гээд байгаа юм бэ гэсэн чинь зүгээр зүгээр би зохицуулна наад хэдийгээ гаргаж болохгүй шүү гэж хэлээд хаалга хаасан....Ерэнбаатар Ундрахад чиний араас ирсэн гэсэн чинь Ундрах юу яриад байгаа юм тэгвэл би бууя гэхээр нь би үгүй ээ хэрэггүй гэж хэлээд байж байтал л жолоочийн хаалга руу шахаад ороод ирсэн. Тэгээд би буугаад иртэл намхан залуу нь дээшээ хараад газар хэвтэж байсан өндөр залуу манай нөхөртэй ноцолдоод байж байсан. Би намхан залуугийн хажууд зогсож байтал манай нөхөр ирээд хөөе хөөе гээд хацрыг нь зөөлөн цохисон чинь ямар ч хариу үйлдэл байхгүй болсон чинь нөхөр 103 дууд гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 115-116-р хуудас/

Гэрч Л.Адъяасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 10 дугаар сарын 09-ний өдөр манай ажлын хүний хурим болсон. Манай ажлынхан хуримд уригдаж очоод шөнө 12 цаг болж байхад хурим тарсан. Манай нөхөр ажлынхныг маань хүргэж өгөхөөр явсан. Хуримын хос маань Чоко гэх бааранд найзуудтайгаа уулзаж байна, та нар хүрээд ир гэхээр бид нар очсон. Зааланд нь байж байсан чинь нь нэг өндөр залуу манай ажлын хүүхнүүдтэй бүжиглээд байсан. Ажлынхаа хүнийг хүлээгээд байж байтал нэг намхан залуу зогсож байсан. Бид нар жаахан байж байгаад явцгаая гэж гараад үүдэнд зарим нэгийгээ хүлээж зогсож байхад намхан залуу болох Мөнх-Од нь ирээд мөнгө өгөөч, хүнд тус болмоор байна гээд хоргоогоод эхэлсэн. Мөнгө байхгүй гэсэн чинь та нар ийм сайхан газраар үйлчлүүлээд явж байж яагаад хүнд тус болдоггүй юм гээд 1000, 5000, 10000 төгрөг өгчих гээд л янз бүрээр хоргоогоод байсан. Ажлын хүмүүс маань цувралдаад сууж чадахгүй болохоор нөхрийгөө замын нөгөө талаас машинаа аваад ир гэж хэлсэн. Тэгээд тэндээ хүлээж байтал нөхрөө машинаа авчирсан, Н.М намайг мөнгө өгчих гээд хоргоогоод бүгдээрээ үргэлжлүүлээд караокед оръё, манай найз танай ажлынхантай явъя гээд байна гэсэн. Найз гээд байхаар гайхаад харсан нь хартал дотор манай ажлынхантай бүжиглээд байсан Энхтөр гэх залуу гараад ирчихсэн байсан. Тэгээд энэ хоёрыг хамт явж байгааг нь мэдсэн.Би машины урд талд ороод суучихсан байсан чинь манай нөхрийг оруулахгүй. Мөнх-Од, Энхтөр хоёр хоёулаа манай нөхрийг машин руу шахаад, чи юу юм гээд дайраад байсан. Манай нөхөр эд нарыг аргалаад явуулчихна гэхээр нь бид нар машин дотор сууж байсан. Машин хөдлөөд пижигнээд байхаар нь гарсан чинь Мөнх-Од уначихсан байсан. Мөнх-Од мөнгө нэхээд, хамт явъя гээл байсан...гэв.                ”

Хохирогч Н.М-ын “...Чоко баарнаас гараад 04 цаг өнгөрч байхад Энхтөртэй хамт гарсан. Баарны гадаа цагаан цамцтай махлаг эрэгтэй Энхтөртэй муудалцаж байсан, би боль гэсэн. Тэр 2 бие биеэ түлхэлцээд байсан. Би өөрийн утаснаасаа найз Бадрал руу залгасан. Утсаар ярьж байхад цагаан цамцтай залуу толгой руу цохисон. Би манараад түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Тэгээд хагалгаанд орсноос хойш санаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч Е.Энхтөрийн “...шууд эхлээд намайг цохисон би саваад газарт унасан. Тэгсэн чинь нөгөө залуу Мөнх-Одыг шууд дахиж цохисон Мөнх-Од газарт унасан ба би босоод Мөнх-Одыг босгох гэсэн чинь босохгүй ухаангүй, сэрэхгүй байсан. Бааранд бүжиглэсэн эмэгтэй машин дотроос бид нар явлаа гэхээр нь баяртай гээд машинаас бага зэрэг зайтай зогсож байгаад хэлсэн чинь тарган залуу ирээд нэг юм хэлэхээр нь чи хол бай гэсэн чинь шууд миний нүүр лүү цохихоор нь би урдаас нь эсэргүүцсэн чинь дахиад нүүр лүү гараараа цохиход би гараа тулаад хойшоо унасан. Мөнх-Од миний хажууд зогсож байхад тэр залуу Мөнх-Одын нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь Мөнх-Од хойшоо саваад газар унасан. Би босгох гэсэн чинь ухаан алдсан байсан. Тэр залуу Мөнх- Одын цээжин дээр нь дараад байсан боловч ухаан ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

Гэрч О.Алимаагийн “...би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр очиход Мөнх-Од Гавал тархины мэс заслын тасагт хэвтэж байсан, би ороод ээж нь ирлээ гэсэн чинь нүдээ нээж нэг харчхаад буцаад нүдээ аньсан, унтаа байдалтай байсан. Ерөөсөө юу ч яриагүй. Эмч хэлэхдээ ер нь бол хагалгаанд орно, биеийн байдлыг нь харж байгаад шийднэ гэж хэлсэн. Танай хүүхдийн тархинд бүх төрлийн гэмтэл байгаа, цус хуралт, цус харвалт, гавлын ясны цууралт, тархины хальсны урагдал гэх мэт бүх төрлийн гэмтэл байна гэж хэлсэн. Энэ нь зүгээр унасан биш, хүчтэй цохилтоос гавлын яс цуурсан байх, мэргэжлийн хүн цохисон байх, тархи их няцралтай байна гэж хэлсэн...10 дугаар сарын 16-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт гавлын ясны доорх цус хуралтыг авах хагалгаанд орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Гэрч Ю. Одгэрэлийн “...гадаа гарахад нөгөө 2 залуу гадаа зогсож байсан. Бид нарыг гарч ирсэн чинь намхан залуу нь хамт явья караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан. тэр үед З машинаа авах гээд замын эсрэг тал руу явсан хооронд тэр 2 залуу бид нарыг хамт явъя гээд хоргоосоор л байсан. Машин ирээд бид нар суух гэсэн чинь машинд суулгахгүй байсан. бид нар арай гэж хаалга онгойлгоод сууцгаасан. Тухайн үед би эрүүл байсан, З ч бас эрүүл байсан. Бид нар суугаад З суух гэсэн чинь суулгахгүй 10.000 төгрөг өгөөч гэж байгаа сонсогдсон. Тэгснээ хамт явъя гэхээр нь З цаашаа цаашаа гэж байсан. тэгтэл нэг залуу нь З-ын хоолойг боогоод машин луу шахаад байгаа харагдахаар нь хүүе гарч салгая гээд хаалгаа нээсэн чинь З та нар оролцоод яах вэ би зохицуулъя гэсэн бид нар ч за за З эрүүл юм чинь зохицуулчих байх гэж бодоод бид нар буугаагүй. Удаагүй нэг залуу нь манай найзыг унагаачихлаа би прокурор найздаа хэлж та нарыг үгүй болгоно гээд муухай орилоод байхаар нь бид нар буусан чинь нэг нь газар унасан нөгөө нь орилоод найзыгаа сэгсрээд байсан...” гэх мэдүүлэг/ хх- 39 дүгээр хуудас/

Гэрч З.Ижилбилэгийн “...Бүжгийн талбай дээр 2 залуу танилцъя хамт бүжиглэе гээд татаж чангаагаад бүжиглүүлэхгүй байхаар нь бид нар гарцгаасан. Гадаа гарахад нөгөө 2 залуу хүлээгээд зогсож байсан. Бид нарыг гарч ирсэн чинь намхан залуу нь хамт явъя караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан. Тэр үед З машинаа авах гээд замын эсрэг тал руу явсан хооронд тэр 2 залуу мөнгө байна уу хажууд тамхи зарж байгаа хүнд мөнгө өгье гээд хоргоосоор л байсан....бид нар суугаад З суух гэсэн чинь суулгахгүй, машины хаалга онгойлгох гээд байсан. тэгснээ хамт явъя гэхээр нь З цаашаа цаашаа гэж байсан. тэгтэл өндөр залуу нь З-ын хоолойг боогоод машин луу шахаад байсан. тэгтэл З намхан залуугийн өөдөөс нь гараараа 1 удаа цохисон чинь тэр залуу саваад газар унасан. Тэгээд З өндөр залуугийн өөдөөс нь 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх- 40 дүгээр хуудас/

Гэрч Б.Ундрахын “...гадаа гарахад л нөгөө 2 залуу хүлээгээд зогсож байсан. Гарахад л тэр 2 хоёулаа мөнгө нэхээд хамт цаашаа явъя караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан. тэр үед ажлын газрын эгчийн нөхөр болох З машинаа авах гээд замын эсрэг тал руу явсан хооронд тэр 2 залуу дахиад мөнгө байна уу хажууд тамхи зарж байгаа хүнд мөнгө өгье буян хийе гээд хоргоосоор л байсан....З ах машинаа авах гээд явсан байхад өндөр залуу нь Адъяасүрэн эгчийг араас нь татаад унагаасан. Машин ирээд бид нар суух гэсэн чинь машинд суулгахгүй байсан. бид нар арай гэж хаалгаа онгойлгоод сууцгаасан. З ах бид нарыг суулгаад хаалгаа хаах гэсэн чинь хаалгахгүй байсан. Арай гэж хаагаад З ах суух гэсэн чинь суулгахгүй машины хаалга онгойлгох гээд байсан нилээн удсан. Тэгснээ хамт явъя гэхээр нь З цаашаа цаашаа гэж байсан. тэгтэл өндөр залуу нь З-ын хоолойг боогоод машин луу шахаад байгаа харагдсан. Тэгээд Ижилбилэг 00 орно гээд буусан ирэхгүй болохоор нь би араас нь буусан чинь намхан залуу нь газар унасан, З ах хажуу тийш нь харуулаад хэвтүүлж байсан....” гэх мэдүүлэг/1хх-ийн  122 дугаар хуудас /

Гэрч О.Ерэнбаатарын “...нэг харсан чинь Адъяасүрэнг нэг эрэгтэй гараас нь татаад байгаа харагдахаар нь би очоод яах гээд байгаа юм гэж хэлээд салгаад машиндаа сууцгаасан. Суугаад би нөгөө хэдээс энэ 2 залуу яах гээд байгаа юм гэсэн чинь манай хэд суух гээд байгаа юм биш үү гэсэн. Тэр үед З нөгөө хоёрын дундуур ороод хаалга хаах гээд байсан, нөгөө 2 залуу хаалгахгүй байхаар нь би буух уу гэсэн чинь хэрэггүй ээ З эрүүл юм чинь учраа олох байх гэсэн. Нэлээн хэсэг хугацааны дараа З цонхоор костюмаа оруулаад тавьж байсан. Нэг харсан чинь нэг залуу нь уначихаар нь би буугаад харсан чинь нэг залуу нь газар дээшээ хараад унасан, нөгөө залуу нь орилж чарлаад би прокурор найзтай хүн шүү хараарай та нар гээд байсан....тэр 2 залуу нэлээн согтолттой, гуйваад машин налж унаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас /,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №12287 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:

  1. 1. Н.М-ын биед гавлын орой, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, их тархины 2 тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, аалзан хальс доор цус харвалт, зулайн орой болон зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэвтэр гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /1хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №4 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:         

  1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12287 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Н.М-ын биед гавлын орой ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дээд ханын далд хугарал, зулай, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
  3.  Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.
  5. Дээрх гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн нүдний ухархайн дээд ханын далд хугарал, зулай, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бүгд нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
  7. Дээрх учирсан гэмтэл нь нүүрэн тус газраа цохиулж арагш унах үед үүсэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэг гэх СиДи хоосон, бичлэг байхгүй байв... гэх дүгнэлт шинжээч эмч С.Чулуунсүх, Т.Сэлэнгэ, Б.Даваасүрэн...” гэжээ /1хх-ийн 85 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн  30, 127-р хуудас /

Эд мөрийн баримтаар хураагдсан Си Ди бичлэг

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...энэ гэмтлүүд нь толгойн тус газар мохоо зүйлээр нэг газар олон удаа болон нэг удаа цохих цохигдох үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-ийн  41 дүгээр хуудас /

Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүх /1хх 62-79

 дугаар хуудас /

Сэргээн засах клиникт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /1хх-ийн 138-146 дугаар хуудас

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1хх-ийн 210 дугаар хуудас /,

Хохирогч Н.М-ын хохирол, гэмт хорын төлбөр нэхэмжилсэн баримтууд /1хх-ийн  176-203 дугаар хуудас  /

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт -№239 Дүгнэлт:

  1. Э. З нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон

 давчидсан байх боломжтой байна.

  1.  Э. З нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа нь сэтгэцийн ямар

 нэгэн өвчингүй байсан байна.

  1. Э. З нь хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт. Комиссын

 дарга С. Баатаржав, Л. Баттулга, Я. Ганхүү

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О. Алимаагаас “ хохирол хор уршигт нэхэмжилсэн бүх төлбөр 30.000.000 төгрөг хүлээн авсан”  тухай хүсэлт

            Шүүгдэгч Э. З-ын эхнэр Л. Адъяасүрэнгийн “ Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч ” эмнэлгийн карт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” баарны гадна хохирогч Н.М-ыг “...мөнгө нэхлээ, машинд суулгасангүй...хамт явж байгаа хүүхнүүдийг чинь аваад явъя...” гэж хэллээ гэж шалтаглан баруун гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Н.М-ын “ байрны гадаа цагаан цамцтай махлаг эрэгтэй Энхтөртэй муудалцаж байсан. Би боль гэсэн. Тэр хоёр бие биеэ түлхэлцээд байсан.  Би өөрийн утаснаасаа найз Бадрал руу залгасан. Утсаар ярьж байхад цагаан цамцтай залуу толгой руу цохисон. Би манараад түүнээс хойш юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг,

гэрч Е.Энхтөрийн “ Бааранд юу ч болоогүй. Гадаа гарахад Сөүл плазагийн үүдэнд хамт бүжиглэсэн эмэгтэй машин дотроос  бид нар явлаа гэхээр нь баяртай гээд машинаас нь бага зэрэг зайтай зогсож байгаад хэлсэн чинь тарган залуу ирээд нэг юм хэлэхээр нь чи хол бай гэсэн чинь шууд миний нүүр рүү цохихоор нь би урдаас нь эсэргүүцсэн чинь дахиад миний нүүр рүү гараараа цохиход би гараа тулаад хойшоо унасан. Мөнх-од миний хажууд  байхад тэр залуу Мөнх-одын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь Мөнх-од хойшоо саваад газар унасан. Би босгох гэсэн ухаан орохгүй байсан ” гэх мэдүүлэг,  

гэрч Ю. Одгэрэлийн “ ..гадаа гарахад нөгөө 2 залуу гадаа зогсож байсан. Бид нарыг гарч ирсэн чинь намхан залуу нь хамт явъя караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан. Тэр үед З машинаа авах гээд замын эсрэг тал руу явсан хооронд тэр 2 залуу бид нарыг хамт явъя гээд хоргоосоор л байсан. Машин ирээд бид нар суух гэсэн чинь машинд суулгахгүй байсан. Бид нар арай гэж хаалга онгойлгоод сууцгаасан. Тэр үед би эрүүл байсан З ч бас эрүүл байсан. Бид нар суугаад З суух гэсэн чинь суулгахгүй 10.000 төгрөг өгчхөөч гэж байгаа сонсогдсон. Тэгснээ хамт явъя гэхэд З цаашаа цаашаа гэж байсан. Гэтэл нэг залуу нь З-ын хоолойг боогоод машин луу шахаад байгаа харагдахаар нь хүүе гарч салгая гээд хаалгаа нээсэн чинь З та нар оролцоод яах вэ би зохицуулъя гэсэн. Бид нар ч за за З эрүүл байгаа юм чинь зохицуулчих байх гэж бодоод буугаагүй. Удалгүй нэг найз нь манай найзыг унагаачихлаа, би прокурор найздаа хэлж та нарыг үгүй болгоно гээд муухай орилоод байхаар нь бид нар буусан чинь нэг нь газар унасан нөгөө нь орилоод найзыгаа сэгсрээд байсан...”  гэх мэдүүлэг,

гэрч З.Ижилбилэгийн “...бүжгийн талбай дээр 2 залуу танилцъя хамт бүжиглэе гээд татаж чангаагаад бүжиглүүлэхгүй байхаар нь бид нар гарцгаасан. Гадаа гарахад нөгөө 2 залуу хүлээгээд зогсож байсан. Бид нарыг гарч ирсэн чинь намхан залуу нь хамт явъя караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан...тэгтэл өндөр залуу нь З-ын хоолойг боогоод машин луу шахаад байсан. тэгтэл З намхан залуугийн өөдөөс нь гараараа 1 удаа цохисон чинь тэр залуу саваад газар унасан. Тэгээд З өндөр залуугийн өөдөөс нь 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг,  

гэрч Б.Ундрахын “...бүжгийн талбай дээр бараан өнгийн цамцтай саравчтай малгайтай өндөр залуу байн байн ирж наалдаад танилцъя, хамж бүжиглэе гээд татаж чангаагаад наалдаад байхаар нь бид нар гарцгаасан.  Гадаа гарахад л нөгөө 2 залуу хүлээгээд зогсож байсан. Гарахад л тэр 2 хоёулаа мөнгө нэхээд хамт цаашаа явъя караоке оръё гээд бид нарыг хоргоогоод байсан...тэр хоёр залуу бүжгийн талбай дээр байхад л гар болон хөхнөөс бариад бөгс рүү гар нь яваад байсан. З ах машинаа авах гээд явсан байхад өндөр залуу нь Адъяасүрэн эгчийг араас нь татаад унагаасан. Машин ирээд бид нар суух гэсэн чинь машинд суулгахгүй байсан. Бид нар арай гэж хаалгаа онгойлгоод сууцгаасан. З ах бид нарыг суулгаад хаалгаа хаах гэсэн чинь хаалгахгүй байсан. Арай гэж хаагаад З ах суух гэсэн чинь суулгахгүй машины хаалга онгойлгох гээд байсан нэлээн удсан. Тэгснээ хамт явъя гэхээр нь З цаашаа цаашаа гэж байсан. тэгтэл өндөр залуу нь З-ын хоолойг боогоод машин луу шахаад байгаа харагдсан..” гэх мэдүүлэг,

гэрч О.Ерэнбаатарын “...нэг харсан чинь Адъяасүрэнг нэг эрэгтэй гараас нь татаад байгаа харагдахаар нь би очоод яах гээд байгаа юм гэж хэлээд салгаад машиндаа сууцгаасан.. Нэг харсан чинь нэг залуу нь уначихаар нь би буугаад харсан чинь нэг залуу нь газар дээшээ хараад унасан, нөгөө залуу нь орилж чарлаад би прокурор найзтай хүн шүү хараарай та нар гээд байсан..”  гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,   Шүүх эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №12287 дугаартай дүгнэлт,шинжээч эмч Б.Батдоржийн тодорхойлолт, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүх, Шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 4 дугаартай дүгнэлт, Сэргээн засах клиникт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э. З нь хохирогч Н. Мөнх-одын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч Н. Мөнх-одыг цохиж биед нь хүнд  гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ч шүүгдэгчийн зүгээс санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэтгэлцэж байна.

Шүүхээс эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: 

 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 239 дугаартай дүгнэлтээр:  Э.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна гэжээ.

Шинжээчийн 239 дугаартай  дүгнэлт нь  зөвхөн шүүгдэгч Э. З  болон түүний эхнэр гэрч Л. Адъяасүрэн нарын асуумжийн дагуух хариултыг үндэслэн гаргасан ба шүүхийн шинжилгээний  тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлтийн агуулгад нийцээгүй[1], дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж тусгаагүй, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж дүгнэлт гаргасан[2] зэргээр шинжээч эмч нар нь   холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, илт үндэслэл муутай дүгнэлт гаргасан байх  тул  шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар  дээрх дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах боломжгүй гэж үзээд  хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлээгүй болно.  

            Хохирогч Н. Мөнх-одын зүгээс шүүгдэгч Э. З түүний эхнэр Л. Адъяасүрэнгийн нэр төрийг гутаан доромжлох, эрхшээл дарамтад оруулах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэргээр зүй бус үйлдэл гаргасан  нөхцөл  байдал тогтоогдоогүй ба хохирогч Н. Мөнх-од болон гэрч Е.Энхтөр нарын зүгээс бүжгийн талбайд бүжиглэж байсан хүмүүсийг татаж чангаах, тамхины мөнгө нэхэх, хамт караоке оръё гэх зэрэг зохисгүй үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуульд заасан “ Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” ойлголт нь гэмт хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан тухайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь түүнээс гарч буй үйлдлийн үр дагаварт хэрхэн нөлөөлсөн болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм. 

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Э.З нь өөрийн унаж явсан цагаан өнгийн машины хажууд гэрч Е.Энхтөр, хохирогч Н.Мөнхболд нартай хамт зогсож байх ба Е.Энхтөртэй  түлхэлцэн, зууралдаж байгаад  удалгүй Энхтөрийг зүүн гараараа, хохирогч Н.М-ыг баруун гараараа нэг нэг удаа цохиж унагааж байгаа дүрс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэгт бичигдсэнийг шүүхийн хэлэлцүүлэгт судлав.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдал нь хохирогчийн зүгээс гаргаж байгаа хууль бус үйлдэлтэй шууд холбоотой бөгөөд дээрх дүрс бичлэг болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр  хохирогч Н. Мөнх-одын зүгээс шүүгдэгчид болон түүний ойр дотнын хүнд хууль бус үйлдэл гаргасан болох нь тогтоогдоогүй тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Е.Энхтөрийн гаргасан хууль бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгчийн санаа  сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх тайлбарыг дээрх үндэслэлээр няцаан үгүйсгэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

Харин гэрч Е.Энхтөрийн үйлдлийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.З-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Э.Зыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг агуулах ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан  дараах байдлаар шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Э.З нь хохирогч Н.М-н эмчилгээний зардалд нийт 30.000.000 / гучин сая / төгрөг төлсөн талаар түүний хууль ёсны төлөөлөгч О. Алимаагаас хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зйлийн 1.2-т заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.З-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 10.000.000 / арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн  хувийн байдал,  гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал ,  өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч Н.М хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.З нь 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 14 жил 10 сар хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 02 жил 04 сар 24 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба шүүгдэгчийн шүүхээс оногдуулсан тэнссэн хугацаа 2020 оны 03 сарын 20-ны өдөр дуусахаар байна. Шүүгдэгч нь  шүүхээс тогтоосон хяналтын хугацаа дуусаагүй байхад  санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 2 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж,  мөн хуулийн  6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулж,  хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь  торгох ял биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болох тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгч Э.З-ын  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 167 / нэг зуун жаран долоо / хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдан ирсэн 2 ширхэг Си диг хэрэгт хавсаргаж , шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

            Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч болон хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчөөс эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотойгоор  гарсан зардал, цаашид гарах эмчилгээний зардлыг дараах байдлаар нэхэмжилсэн байна. Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Алимаа нь хохирогчийг эмнэлэгт сахиж, эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан  ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсонтой холбоотой гарсан төлбөрт – 6245160 төгрөг, эм эмчилгээ болон шатахууны зардалд – 14.241.434 төгрөг, гар утасны мөнгө – 839200 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд – 14.942.900 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой нөхөн төлбөрт – 6.316.774 төгрөг, өмгөөлөгчийн хөлс - 800.000 төгрөг нийт 43.385.468 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар холбогдох баримтуудыг гаргаж ирүүлсэн байна.  

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг нэг бүрчлэн судалж дараах байдлаар шийдвэрлэлээ.

Хохирогч Н.М нь 2019 оны 10 сарын 10 - 10 сарын 30-ны өдөр хүртэл 20 хоног Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн 2019 оны 10 сарын 16-ны өдөр мэс засалд орж эмчилгээ хийгдсэн болох нь эмчлүүлэгчийн өвчний түүхээр тогтоогдож байна. Иймд хохирогчийн эм, эмчилгээ болон шатахуун, зогсоолын төлбөрт  зарцуулсан 14.241.434 төгрөг нэхэмжилснээс  хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан 10.114.341 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хангаж, нотлох баримтын шаардлага хангахгүй, эрүүл мэндэд учирсан хохиролтой хамааралгүй хоол хүнсний зүйл худалдан авсан гэх бусад зардлыг  хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд зааснаар...хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй байна. Хохирогч Н.М 2020 оны 01 сараас 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоож, сард 174000 төгрөгийн тэтгэмж авдаг болох нь тогтоогдож байх тул хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ / 420.000/ -ний зөрүүгээр 12 сарын хугацааны  нөхөн төлбөр (420.000- 174.000)* 12 = 2.952.000  гаргуулахаар шийдвэрлэж,  цаашид гарах төлбөрийг тухай бүр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Хохирогчийн нэхэмжлэлээс нийт 13.066.341.  төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.М-д олгон,  3.251.209 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлээс үлдэх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж хохирогч нь шаардлага хангасан нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээхээр тогтов.

Шүүгдэгч Э. З нь шүүхийн шатанд нийт 30.000.00 / гучин сая / төгрөг  төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхийн ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Хүрэл овогт Э.З-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-ыг 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг тус тус  баримтлан шүүгдэгч Э.Зт Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 сарын 07-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жил 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн  2 /хоёр/ жил 04 /дөрөв/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 / нэг / жилийн хорих ял дээр  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 / гурав / жил 4 / дөрөв /  сар 24 / хорин дөрөв / хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

 5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 167 / нэг зуун жаран долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг тус тус дурдсугай.  

7. Шүүгдэгч Э.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Н. Мөнх-од нь өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа  иргэнийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.З-ыг цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8

[2] Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2