Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/675

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга
Т.Сарантуяа хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Ч.Баттүвшин,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 201726020661 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******- нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ган зам хүнсний дэлгүүрийн үүдэнд шалтгаангүйгээр иргэн Ё.Ч- нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасны улмаас гавлын дагз, суурь ясны шугаман хугарал, зүүн зулайн ар хэсгийн хатуу хальсан дээрхи, баруун зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн эдийн гүний цус хуралт, няцрал гэмтэл учруулж хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр энэ явдал болсон. Миний үйлдлээс болж хүний амь нас хохирсоныг зөвшөөрч байна. Хохиролд 20.000.000 төгрөг өгсөн. Маш их гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:       

Хавтаст хэргээс:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 22/

Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 24/

Камерийн бичлэгт үзлэгт хийсэн  тэмдэглэл /2хх-ийн 27-34/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ч- мөрдөн байцаалтанд “Миний төрсөн ах Ёндон овогтой Ё.Ч- хүү Зориг 2017 оны 3 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад над руу утсаар яриад “Аав хүнд цохиулаад ам, хамраас нь цус гараад гэмтлийн эмнэлэг рүү явж байна” гэсэн. Тэгээд би 21 цагийн үед эгч Ё.Чулуунцэцэгийн хамт гэмтлийн эмнэлэгт очиход Ё.Ч- ах сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэж байсан. Сэхээний эмч “Ё.Ч- биеийн байдал маш муу байна. Ямар ч найдваргүй, тархины нэг талдаа маш их цус хуралттай, зүрх, тархи хоёрыг холбосон гол судас нь хагарч бага тархины орчимд байрлалтай яс няцарсан, хагалгаа хийх ямар ч боломжгүй тул ар гэрээс нь дуудах хүн байвал одоо бүгдийг дууд” гэсэн. Тэгээд ээж Дулмаа болон бусад ах дүү нарыг дуудаж, миний төрсөн ах Ё.Ч- 22 цаг 40 минутанд сэхээний тасагт ухаан орохгүй байсаар нас барсан...*******-ыг талийгаачийн ар гэрт тусламж үзүүлэхийг шаардаж байна. Мөрөөрөө алхаж явсан хүнийг дуудаж ирүүлж, цохиж унагаан амь насыг нь хохироосонд гомдолтой байна” /хх-ийн 34-36/ гэсэн мэдүүлэг,

дахин байцаалтаар: Талийгаач манайх болон манай ээжийнхтэй хамт нэг байранд тус тусдаа орцонд амьдарч байсан боловч талийгаач өглөө бүр манай ээжийнд орж ирж мэнд мэдчихээд ажилдаа явдаг байсан ба талийгаач өглөө эрт босдог, өглөөд байнга ээжтэй уулзчихаад гардаг, архи уусан ч гэсэн заавал гэртээ хонодог, гадуур хонодоггүй хүн байсан юм. Тийм болохоор 2017 оны 03 сарын 18 болон 03 сарын 19- ны өглөө талийгаач ээж дээр орж ирчихээд гарахад нь би тааралдсан санагдаж байна, гэхдээ тэр үед талийгаачаас архи уусан эсэх талаар нь асуугаагүй. Талийгаач архи уусан ч гэсэн архи нь хурдан гарчихдаг, хүнд хал балгүй, их мөрөөрөө хүн, манай үйлдвэр гэрийнх нь хажууд зүүн талдаа ойрхон байрладаг болохоор талийгаач өглөөд эрт босож хашааныхаа хаалгыг онгойлгоод хогоо асгаад үйлдвэрээ эргэж тойроод явдаг хүн, 2018 оны 03 сарын 19-ны өдөр талийгаач возкалын тийшээ оччихсон явахад нь хүү Зориг нь таарч уулзаад аавыгаа хурдан харь гэж хэлчихээд салаад утсаар яриад зогсож байх хооронд “Ган зам” дэлгүүрийн худалдагч залуу талийгаачийг дуудаад талийгаач тэр дэлгүүрийн үүдэнд очоод довжооны шатаар ганц гишгэв үү үгүй юу худалдагч залуу талийгаачийн өөдөөс гараараа ганц цохиход талийгаач арагшаа савж унаад босож ирээгүй гэсэн. Талийгаач “Ганзам” дэлгүүрийн үүдэнд худалдагч залууд цохиулаад унахаасаа өмнө буюу урд өдөр нь хүнтэй маргаж муудах болон зодоон цохион хийсэн асуудал огт байхгүй, бие нь эрүүл хэвийн байдалтай байсан.

Гэтэл шүүх хурал дээр талийгаачийг элэг нь бас гэмтсэн гэх асуудал яригдсан, би бодохдоо талийгаач тэр худалдагч залууд цохиулаад хүчтэй унахдаа тийм гэмтэл авсан байх, хэрэв урд өмнө нь элэгний ямар нэгэн гэмтэлтэй байсан бол биед нь ямар нэгэн зовиур өгөхгүйгээр зүгээр яваад байна гэж байхгүй шүү дээ. /2хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчоор Ч.З- мөрдөн байцаалтанд: Миний бие 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүрэгт байдаг вокзалын орчим найзтайгаа уулзахаар явж байгаад “Ган зам” хүнсний дэлгүүрийн ойролцоо аав Ё.Ч-той тааралдахад аав намайг гэртээ хариарай гэж хэлсэн, би хүүхэдтэй уулзчихаад харина, та ч бас хариарай гэж хэлчихээд ааваас салаад вокзалын арын автобусны буудлын наад талд эгнэж байрласан ТҮЦ-ний хажууд хүнтэй утсаар яриад зогсож байтал “Ганзам” дэлгүүрийн үүдэнд тус дэлгүүрийн эзэн гээд байгаа залуу аавын танил Мөнхүүш гэх хочтой ах /Мөнх-Эрдэнэ/-ын хамт зогсож байснаа манай аавыг дуудсан бололтой аав тэр дэлгүүрийн үүдэнд очоод зогсоход дэлгүүрийн эзэн залуу аавын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод авсан, аав цохиулаад шууд хойшоо саваад уначихаар нь би тийшээ гүйж очоод дэлгүүрийн худалдагч залуугаас та яагаад манай аавыг зодож байгаа юм гэхэд тэр залуу аав чинь дэлгүүрээс юм хулгайлах гэсэн гэж худлаа хэлээд байсан. Тухайн үед аав маань газарт уначихсан байхдаа ам хамарнаас нь цус болон том нөж гараад цус нь тогтохгүй, ямарч хөдөлгөөнгүй, ухаангүй унтаа мэт байдалтай байсан тул би айж сандраад өөрийнхөө  дугаараас 103, 102-т дуудлага өгчихөөд аавын танил Мөнхүүш гэж дууддаг /Мөнх-Эрдэнэ/ ахын хамт вокзалын цагдааг дуудахаар явсан, замдаа би Мөнхүүш ахаас /Мөнх-Эрдэнэ/ дэлгүүрийн худалдагч залуу яагаад манай аавыг цохичихвоо гэж асуухад Мөнхүүш ах надад дэлгүүрийн худалдагч залуу танай аавыг юм яръя гэж дуудаад очингуут нь чамтай ярихгүй гээд шууд цохичихсон гэж хэлсэн. Тухайн үед дэлгүүрийн худалдагч залуу архи үнэртүүлчихсэн согтуу байсан. Миний аавыг дэлгүүрийн худалдагч залуугаас өөр хүн цохиж зодоогүй, аав тэр дэлгүүрийн худалдагч залууд цохиулж арагшаа савж унаснаас хойш дахиж босож ирээгүй, 103-аар гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Аавыг дэлгүүрийн худалдагч залууд цохиулаад арагшаа савж унахыг нь Мөнхүүш хочит /Мөнх-Эрдэнэ гэх/ ахаас гадна тэнд ойрхон хүнтэй уулзаад зогсож байсан Энхсайхан гуай мөн харсан байна лээ. Намайг нэг харахад аав тэр дэлгүүрийн үүдний довжооны шатаар алхаж гарч байгаа харагдсан, тэгээд дахиад хартал дэлгүүрийн үүдэнд дэлгүүрийн худалдагч залуу манай аавын өөдөөс гараараа нүүр орчим нь нэг удаа цохиж авахад аав хойшоо унахдаа довжооны шатны уруу хүчтэй унаж байгаа харагдсан. Аавыг цохиулаад унахыг би хараад шууд тийшээ гүйгээд очиход аав ямар ч хөдөлгөөнгүй, ухаангүй болчихсон, хоёр хөл нь довжооны шатны орчим байсан санагдаж байна.  /2хх-ийн 97/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад“...2017 оны 3 дугаар сарын 18-нд “Ган зам” дэлгүүрийн эзэн намайг дуудахаар нь очоод юм яриад зогсож байхад Ё.Ч- хажуугаар нуруугаа үүрчихсэн явж байсан. Дэлгүүрийн эзэн Ё.Ч-ыг гараараа даллаж дуудахад тэрээр дэлгүүрийн үүдний шатан дээр гишгэсэнд үгийн зөрөөгүй гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд Ё.Ч- хойшоо саваад газар цементэн зам дээр толгойгоороо унаад ам, хамарнаас нь цус гарсан. Хүүхэд нь гүйж ирээд түргэн дуудаад аваад явсан. Дэлгүүрийн эзэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан. Харин талийгаач архи уусан эсэхийг мэдэхгүй. Би 2017 оны 3 дугаар сарын 18-нд талийгаачийнд хоноход талийгаачийн бие гэмтэл бэртэлгүй зүгээр байсан. Маргааш нь дэлгүүрийн эзэн дуудахад зүгээр хэвийн явж байсан...” /хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Энхтунгалаг мөрдөн байцаалтад”...Ё.Ч-той 2014 оноос танилцаж, 2015 оноос хамтран амьдрах болсон. 2017 оны 3 дугаар сарын 19-нд “Ган зам” дэлгүүрийн замын урд талд тамхи эргүүлээд зогсож байсан чинь “Ган зам” дэлгүүрийн урд хүмүүс бужигналдаад байхаар нь очоод харсан чинь талийгаач шатан дээр 2 хөл нь дээшээ харсан, амнаас нь нөжирсөн цус гарч байсан. Би тэр хавьд явж байсан хүний утсыг гуйж аваад түргэн дуудсан. Тэгээд талийгаач гэмтлийн эмнэлэг дээр очиж эмчлүүлж байгаад нас барсан. Талийгаач нас барсан өдрийнхөө өмнө ямар нэг гэмтэл, бэртэлгүй байсан. Талийгаач архи уух дуртай, жоохон уухаараа унтаад өгдөг, агсан согтуу тавьдаггүй зан чанартай” /хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрчээр Ч.З- мөрдөн байцаалтад: “2017 оны 3 дугаар сарын 19-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Баянгол дүүрэгт байрлах “Ган зам” хүнсний дэлгүүрийн ойролцоо аав Ё.Ч-той тааралдсан. Би “хүүхэдтэй уулзчихаад одоо харилаа, та хариарай” гэж хэлээд бид хоёр салсан. Би автобусны буудлын наад талын эгнэсэн 2-3 ТҮЦ-ний хажууд утсаар яриад зогсож байтал “Ган зам” дэлгүүрийн үүдэнд дэлгүүрийн эзэн гээд байгаа залуу тамхи татаад Мөнхүүш гэх залуутай хамт зогсож байснаа дэлгүүрийн эзэн аавыг дуудсан бололтой аав дэлгүүрийн тийшээ дөхөж очоод дэлгүүрийн үүдний шат руу гишгэхэд дэлгүүрийн эзэн залуу манай аавын нүүр орчим нэг удаа цохиод авахаар нь би тийшээ гүйж очоод тэр залууг заамдаж аваад та яагаад манай аавыг цохиж байгаа юм гэхэд өөрийгөө надаар цохиулчих гээд өдөөд байсан. Аав маань “Ган зам” дэлгүүрийн  гадаа тэр залууд цохиулаад хойшоо савж унаад ам хамраас нь цус гараад том том нөж гараад цус нь тогтохгүй байсан ба тухайн үед аав ухаангүй байдалтай ямар нэгэн үйлдэл хийх чадваргүй байсан”  /хх-ийн 42/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш.Энхсайхан мөрдөн байцаалтад”...2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим “Ган зам” дэлгүүрийн ойролцоо Ё.Ч-той тааралдсан. Ё.Ч- надтай ойр зуурын хэдэн үг солиод одоо гэртээ харилаа, автобусны мөнгөгүй гэхээр нь би 1500 төгрөг өгсөн. Тэгтэл Ё.Ч- манай хүү тэнд байна, хүү рүүгээ очлоо гээд салаад явсан. Би тэнд Шараа гэдэг хүнтэй таараад юм яриад зогсож байхад Ё.Ч- хүүтэйгээ уулзчихаад буцаад цаанаас ирж байсан. Тэр үед “Ган зам” дэлгүүрийн үүдний довжоон дээр миний танил Мөнхүүш гэх хочтой залуу дэлгүүрийн эзэнтэй юм яриад зогсож байсан. Гэтэл дэлгүүрийн худалдагч Ё.Ч-ыг дуудсан бололтой Ё.Ч- дэлгүүрийн шатаар алхаад очиход худалдагч залуу Ё.Ч- өөдөөс цохиод авсан, Ё.Ч- ч гар нь сарвас гээд хойшоо ар дагзаараа шатны уруу түг гэж дуугараад хүчтэй унасан. Унасны дараа Ё.Ч- эхнэр гүйгээд ирсэн, би ч гүйгээд очиход дээшээ хараад хэвтчихсэн, ам хамраас нь цус гарчихсан байсан. Ё.Ч- урьд өдөр нь архи уусан болоод тэр үү түүнээс бага зэрэг архи үнэртэж байснаас биш согтуу байгаагүй, надтай жирийн яриад хөлөөрөө хэвийн явж чадаж байсан. Худалдагч залуу тухайн үед архи уучихсан халамцуу байсан уу, яасан үс нь өрвийчихсөн харагдсан. Талийгаач болон худалдагч залуугийн хооронд маргаан болоогүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-44/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ё.Чулуунцэцэг мөрдөн байцаалтад “2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг өнгөрч байхад миний нагац дүү Зориг над руу утсаар яриад аав гэмтлийн эмнэлэгт муу байна гэж хэл дуулгахаар нь би тухайн үед төрсөн дүү Ё.Ч-ыг гэмтчихсэн юм байх гэж дотроо бодсон. Би төрсөн дүү Чулуунчимэгийн хамт гэмтлийн эмнэлэг рүү очиход миний төрсөн дүү Ё.Ч- ухаангүй хиймэл амьсгалын аппараттай сэхээний тасагт хэвтэж байсан. Эмч нар бидэнтэй уулзаад “Танай дүү бусдад цохиулахдаа шууд үхлийн цохилт авсан байна, тархийг зүрхтэй холбодог судас нь хагараад их цус алдсан учир хагалгаа хийх боломжгүй, ямар ч найдваргүй, төрөл төрөгсдийг нь уулзуул, энэ бол өөрөө унаж гэмтэх тохиолдол биш, гадны нөлөөгөөр бусдад хүчтэй цохиулснаас болж ийм гэмтэл авсан байна, шалтгааныг нь тодруулах хэрэгтэй шүү” гэж хэлсэн. Ээжийг гаднаас орж ирэхтэй зэрэгцээд Ё.Ч- маань 22 цаг 45 минутанд нас барсан” /1хх-ийн 46/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Бямбацэцэг мөрдөн байцаалтад “ Талийгаач Ё.Ё.Ч- бид хоёр нэг компанид ажилладаг. 2017 оны 3 дугаар сарын 18-19-нд манаагаа хийгээд л гадуур явж байсан. Яг хаачсаныг мэдэхгүй. 2017 оны 3 дугаар сарын 18-нд талийгаачийг согтуу байсан эсэхийг мэдэхгүй, согтуу байсан ч хэр барагтаа мэдэгддэггүй юм” /1хх-ийн 47/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Чимэдтогтох мөрдөн байцаалтад “2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг өнгөрч байхад манай гэрийн утас руу залгаад “Ээжээ та дэлгүүр дээр хурдан хүрээд ир, аав хэрэг тарьчихлаа” гэхээр нь такси бариад 19 цагийн үед 8 нэрийн дэлгүүр дээрээ ирсэн. Намайг очиход Халиун ганцаараа уйлчихсан байж байснаа тайвшраад “аав тамхи татах гээд гарч яваад тэр дороо буцаж сандарч орж ирээд түргэн дуудсан, дараа нь цагдаа дуудсан. Түргэн ирээд нөгөө хүнийг нь аваад явсан. Аавыг цагдаа нар аваад явсан” гэж хэлсэн. Би тухайн үед нөхөртэйгөө уулзаагүй болохоор миний нөхөр талийгаачийг яасныг би мэдэхгүй” /1хх-ийн 48/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Халиун мөрдөн байцаалтад“ 2017 оны 3 дугаар сарын 19-нд би өөрийн аав *******-тай ээжийнхээ хариуцан ажиллуулдаг дэлгүүрт хамт ажилласан. 17 цагийн орчим аав тамхи татахаар дэлгүүрээс түр гарсан. Тэгснээ удалгүй нэлээн сандарчихсан орж ирээд аав утсаа асуухаар нь би цэнэглэж байсан утсыг нь авч өгсөн. Тэгснээ түргэн хэд билээ, Баянгол дүүргийн цагдаа хэд билээ гэхээр би 102, 103 гэж хэлсэн. Тэгээд аав цагдаа, түргэн дуудсан. Би тухайн үед ааваас юу болсон юм гэж асуухад юм ярьж чадахгүй байсан ба сүүлд нь надад “аав нь хүн алчих шиг боллоо” гэж хэлсэн. Би гайхаад дэлгүүрээс гарч харахад манай дэлгүүрийн үүдэнд шатны доор цэнхэр жинсэн өмдтэй, сааралдуу өнгийн гадуур хувцастай 50 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай газар хөдөлгөөнгүй хэвтэж байсан” /1хх-ийн 51-52/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 632 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт: “Ё.Ч- цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан (гавал тархи, хэвлийн хавсарсан гэмтэл: гавлын дагз, суурь ясны зүүн ар хонхорын шугаман далд хугарал. Тархины няцралт, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт. Баруун 9, 10-р хавирганы бурааны мултралт, элэгний няцралт, урагдсан шарх. Тархи, уушигны хаван. Дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хямрал. Хэвлийн хөндий дэх цусан хураа. Зүүн уушигны ээдэмцэрт сүрьеэ. Элэгний өөхөн хувирал. Цусан дахь 1,6% спиртийн агууламжийн илрэл) Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ё.Ё.Ч- нь дээрх гавал тархи, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Ё.Ё.Ч- нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Ё.Ё.Ч- нь АВО системээр АВ (II) бүлгийн цустай байжээ. Ё.Ё.Ч- нь зүүн уушигны ээдэмцэрт сүрьеэ, элэгний өөхөн хувирал өвчтэй байсан байх ба эдгээр нь нас барахад нөлөөлөөгүй болно” /1хх-ийн 55-56/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 867 дугаартай дүгнэлт: Урьд гаргасан 632 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Ё.Ч- цогцост гавал тархи, хэвлийн хавсарсан гэмтэл, гавлын дагз, суурь ясны зүүн ар хонхорын шугаман хугарал, зүүн зулайн ар хэсгийн хатуу хальсан дээрх баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцралт, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, элэгний няцарч урагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа, баруун 9-10 дугаар хавирганы бурааны мултрал, толгой хуйхан доорх зүүн зулай, дагзны зүүн урд хэсгийн цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны зулгаралт гэмтэл учирчээ.

Эдгээр гэмтлээс гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар, хэвлийн битүү гэмтэл нь 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад баруун 9.10 дугаар хавирганы бурааны мултрал, толгой хуйхан доор зүүн зулай, дагзны зүүн урд хэсгийн цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн зулгаралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гавал тархи, хэвлийн хавсарсан гэмтэл нь хоёр дамжлага бүхий хоорондоо 31 см зайтай нийт 30 см өндөр шатан дээрээс ар дагз, нуруу хэсгээрээ унасан үед үүссэн байхыг үгүйсгэхгүй. Элгэнд учирсан гэмтлийн хэмжээнээс үзэхэд хэвлийн битүү гэмтэл нь гавал тархины битүү гэмтэлтэй ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба яг хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач дээрх гэмтлүүдийг авснаас хойд хэдий хэр хугацаанд амьд байхыг нарийвчлан тодорхойлох боломжгүй. Учир нь өвчин эмгэг нь гэмтлийг эсэргүүцэх чадвар хүн бүрт харилцан адилгүй байдаг. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийг авснаас хойш үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаач нь баруун 9,10 дугаар хавирганы бурааны мултрал гэмтлийг авснаас хойш үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний няцарч урагдсан шарх гэмтлийг авснаас хойш  үйлдэл хөдөлгөөн хийх эсэх нь тухайн хүний бие махбодийн онцлог  өвчин эмгэг, гэмтлийг эсэргүүцэх чадвар, согтолтын байдлаас хамаарч болно. /1хх-ийн 141-143/ гэсэн дүгнэлт,

 

Шинжээч М.Энхбаяр мөрдөн байцаалтад “Арагшаа савж унасан тохиолдолд хэвлий хэсэгтээ хавсарч гэмтэл авах боломжгүй юм. Талийгаач нь согтолттой байсан бөгөөд өөрт үүссэн гэмтэл болох элэгний няцралтай гэмтэл нь биед нөлөөлөх нь бага байдаг. Эрүүл хүн шиг биеэ авч явах боломжтой байдаг. Элэгний няцрал авсан тохиолдолд эдгэх нь эмчилгээнээс шалтгаална. Талийгаачийн хувьд 2 хүнд гэмтэл хавсарсан учраас нас барсан байна. Зөвхөн гавал тархины гэмтэлтэй байсан тохиолдолд талийгаач Ё.Ё.Ч- нь нас барахгүй амьд үлдэх боломжтой байсныг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байгаа юм” /1хх-ийн 59-60/ гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч дахин байцаалтаар “Хэвлийн хөндийн байсан цус нь бүлэгнээгүй байсан учраас энэ нь шинэ цусан хураа байсан байна. Уг цусыг тухайн үед хэмжээгүй тул ойролцоогоор бага хэмжээтэй гэж дурьдсан байна. Цусны өнгө болон хэмжээнээс үзэхэд элэгний дэлбэнгийн урагдал няцрал бүхий гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цус бүлгнээгүй байсан байдлаас үзэхэд энэ гэмтэл нь шинэ буюу тухайн өдөртөө үүссэн байж болох гэмтэл бөгөөд цусан хураа 24 цагийн дотор бүлэгнэдэг тул энэ гэмтэл нь тухайн гэмтлийг авснаас хойш 24 цаг болоогүй шинэ гэмтэл байсан байна. Хэвлийн хөндийд элэгний гэмтлийн улмаас 1,5-2 л хүртэл цус алдаж болно. Бага хэмжээний цус гэдэг нь 200гр-300 гр орчмоос хэтрээгүй цус байсан учраас дүгнэлтэнд хэвлийн хөндийд бага зэрэг хүрэн улаан цустай гэж бичсэн байна. ...элэгний дэлбэнгийн урагдал няцрал бүхий гэмтэл авсан тохиолдолд хэвлийгээр маш хүчтэй өвдөх зовиур илрэх ба гэмтэл авсан хүн үйлдэл хийх боломжтой ч өвдөлтөөсөө болж шоконд орно. Энэ гэмтэл нь эмнэлгийн тусламж авахгүй бол үхлийн шалтгаан болж болно. /2хх-ийн 41/ гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтанд: Ойролцоогоор 500 мл-ээс доош хэмжээний цусыг бага хэмжээтэй гэж тодорхойлж болно. Цусны өнгөний байдлаас үзэхэд шинэ гэмтэл байсан байна...элэг нь мэдрэлийн судасгүй эрхтэн учраас өвдөлт мэдэгдэхгүй тухайн гэмтлийн улмаас хэвлийн гялтан цочирсон үед өвдөлтийн шинж өгч болох ба хэвлийн орчмоор өвдөх, халуурах, хэвлийн булчин чангарах зэрэг зовиур шинж илэрнэ. /2хх-ийн 42/ гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч эмч Б.Ундармаа мөрдөн байцаалтанд: Шүүх эмнэлгийн 632 дугаартай шинжижлгээний тэмдэглэлд “ ...хэвлийн хөндийд бага зэрэг хүрэн улаан цустай гэсэн бичлэг болох хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 867 дугаартай шинжилгээний эд эсийн шинжилгээний бичилтэнд эд эрхтэнүүдэд цус багадалтын шинж илрээгүй зэргээс дүгнэхэд талийгаач Ё.Ё.Ч- нь элэгний няцрал гэмтлийн улмаас нас бараагүй, харин гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэжээ...Талийгаачид тогтоогдсон элэгний баруун дэлбэнгийн няцрал болон баруун талын 9, 10 дугаар хавирганы толгойн мултрал гэмтэл нь цохиулсны улмаас арагшаа савж унах үед үүсч болно. Дээрх гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал биеийн ар хэсгээр хавтгайн тэгш гадаргуутай зүйл дээр унахад бус, шатруу дамналдаж унахад үүсэх боломжтой...талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтлийн үед богино хугацаанд ухаан алдаж, улмаар тархины комд орсон байх тул хохирогч үйл хөдөлгөөн хийх боломжгүй ба эмнэлгийн тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй гэмтэл байжээ. /2хх-ийн 54/ гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч эмч Т.Амартүвшин мөрдөн байцаалтанд: Талийгаачид учирсан гавал тархи, хэвлийн хавсарсан гэмтэл нь дээрх шатан дээрээс ар дагз, нуруу хэсгээрээ унах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй, элгэнд учирсан гэмтлийн хэмжээнээс үзэхэд хэвлийн битүү гэмтэл нь  гавал тархины битүү гэмтэлтэй ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба яг хэдийд үүссэнийг цаг хугацаагаар нарийвчлан тогтоох боломжгүй юм. Харин мэдүүлэгт баруун 9, 10 дугаар хавирганы бурааны мултрал нь байрлалын  хувьд  элэгний няцрал урагдал шархтай тохирохгүй учраас уг гэмтлийг үүсэх боломжгүй гэж тайлбарласан. Хүчтэй доргилтын улмаас уг гэмтлүүд үүссэн байхыг үгүйсгэхгүй юм. Хэвлийн хавсарсан гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байж болохыг үгүйсгэхгүй. Шинэ гэмтэл боловч үүсэх хугацааг тогтоох боломжгүй. /2хх-ийн 99/ гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч эмч С.Одончимэг мөрдөн байцаалтанд: Талийгаачийн цогцост тогтоогдсон тархины хүнд гэмтэл нь үхэлд хүргэсэн бөгөөд тухайн гэмтэл нь гавлын суурийн хэсэгт байрласан, гэмтэл нь тархмал байдалтай байсан учир шууд ухаан алдсан байна. Ё.Ё.Ч- нь гавлын дагз, суурь ясны шугаман хугарал зүүн зулайн ар хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины баруун тал  бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн эдийн гүний цус хуралт, няцрал гэмтлийн улмаас үхэлд хүрсэн байна. Хэргийн материалд дурдсан шатруу савж унах үед Ё.Ч- биед тогтоогдсон тархины гэмтлийг авч болно. ...тухайн үед хэвлийд сул шингэнгүй, элэгний хэлбэр хэмжээ хэвийн байсан байна. Баруун 9, 10 ду гаар хавирганы бураа  мултарсан гэх гэмтлийг фото зургаас харж шалгах боломжгүй байна. Тухайн үеийн гэмтэл авсан гэх үйл хөдөлгөнө , савж унасан байдлаас үзэхэд тухайн элэгний гэмтлийн хэмжээ байрлал тохирохгүй байна. Иймээс элэгний урагдал няцралыг Ё.Ё.Ч- нь амьд ахуйдаа аваагүй, харин нас барсны дараа үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл бөгөөд тухайн болсон хэргийн нөхцөлд гэмтсэн гэх үндэслэлгүй байна....632 тоот дүгнэлийн 3 дугаар хариулт буюу хэвлий хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэсэн нь үндэслэлгүй, 867 тоот дүгнэлтийн 2 дугаар хариулт, 3 дугаар хариулт, 7 дугаар хариулт, 1233 тоот дүгнэлтийн 1,2,3,5 дугаар хариултууд 1233 тоот дүгнэлтийн 8 дугаар хариултын хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэсэн  нь тус тус үндэслэлгүй байна.  /2хх-ийн 136/ гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч Ө.Сарангэрэл мөрдөн байцаалтанд: Ё.Ч- биед гавлын дагз, суурь ясны шугаман хугарал, зүүн зулайн ар хэсгийн хатуу хальсан дээрх, баруун зулайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдсон, гавал тархины хүнд гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Хэргийн материалд дурдсан шат руу савж унах үед Ё.Ч- биед тогтоогдсон тархины гэмтлийг авч болно...Ё.Ч- цогцост задлан шинжилгээгээр анх тогтоогдсон гэх элэгний баруун дэлбэнгийн 15х1х3 см хэмжээтэй урагдаж няцарсан шарх бүхий гэмтэл нь талийгаачийн амьд ахуйд үүсгэгдээгүй байна. Дээр дурьдсан байдалтай гэмтсэн тохиолдолд хүн үйл хөдөлгөөн хийх боломжгүй мөн тухайн гэмтэл авсан гэх үйл хөдөлгөөн, савж унасан байдлаас үзэхэд элэгний гэмтлийн хэмжээ байрлал тохирохгүй байна. Элэгний урагдал няцралыг амьд ахуйдаа аваагүй байх нь эхо шинжилгээ, хэвлийн хөндийд сул шингэнгүй болсон зэргээс тодорхой байна. Баруун 9, 10 дугаар хавирганы бураа мултарсан гэх гэмтлийн фото зургаас шалгах боломжгүй./2хх-ийн 138/ гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мөрдөн байцаалтанд: Ё.Ч- цогцотс гавлын дагз, суурь ясны шугаман хугарал, зүүн зулайн ар хэсгийн хатуу хальсан дээрхи, баруун зулайн хэсгийн хатуу доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух дэлбэнгийн эдийн гүний цус хуралт няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд гавал тархины хүнд гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хэвлийн ЭХО шинжилгээгээр тухайн үед хэвлийд сул шингэнгүй элэгний хэлбэр хэмжээ хэвийн байсан байна. Тухайн үеийн гэмтэл авсан гэх үйл хөдөлгөөн савж унасан байдлаас үзэхэд тухайн элэгний гэмтлийн хэмжээ байрлал тохирохгүй, тухайн цаг хугацаанд элэгний гэмтэл авсан гэдгийг батлах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс элэгний урагдал няцралыг талийгаач амьд ахуйдаа авсан байх боломжгүй бөгөөд элэгний урагдал няцрал бүхий гэмтэл нь талийгаачийг  нас барсны дараа буюу задлан хийх үеийн техник гэмтэлтэй холбоотой байж болно. Харин баруун 9, 10 дугаар хавирганы бурааны мултрал гэх гэмтлийг фото зургаас харж шалгах боломжгүй байна. /2хх-ийн 140/ гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч эмч Э.Галбадрах мөрдөн байцаалтанд: Ё.Ё.Ч- нь гавлын дагз, суурь ясны шугаман хугарал, зүүн зулайн ар хэсгийн хатуу хальсан дээрхи, баруун зулайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн эдийн гүний цус хуралт, няцрал гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн байна...шат руу савж унах үед талийгаачийн биед тогтоогдсон тархины гэмтлийг авч болно...элэгний урагдал няцрал болон баруун 9, 10 дугаар хавирганы бурааны мултрал зэргийн тухайд задлан шинжилгээний фото зургаас харахад элэгний эд салбарч задарсан харагдаж байгаа боловч 2017 оны 3 сарын 19-ний өдрийн 21 цаг 15 минутын ЭХО шинжилгээгээр элэгний гэмтлийн шинж тодорхойлогдоогүй, хэвлийд сул шингэнгүй гэж дурдсан байна, баруун хавирганы /9, 10/ бурааны мултрал гэх гэмтлийг фото зургаас харж шалгах боломжгүй байна. /2хх-ийн 143/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1233 дугаартай дүгнэлтэнд: Талийгаач Ё.Ё.Ч-т тогтоогдсон элэгний баруун дэлбэнгийн няцрал болон баруун талын 9, 10 дугаар хавирганы толгойны мултрал гэмтэл нь цохиулсны улмаас арагшаа савж унах үед үүсч болно, доргилтын хүчийг тодорхойлох боломжгүй. Дээрх элэгний няцрал, баруун талын 9, 10-р хавирганы толгойны мултрал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал биеийн ар хэсгээр хавтгай тэгш гадаргуутай зүйл дээр унахад бус, шат руу дамналдаж унахад үүсэх боломжтой. Талийгаач Ё.Ч- биед учирсан элэгний няцрал нь шинэ гэмтэл бөгөөд энэ нь хэвлийн хөндийд бага зэргийн шингэн цустай байсан, мөн гэмтэл авахын өмнө хохирогчийн биеийн байдал хэвийн, үйл хөдлөл хэвийн хийгээд явж байсан зэргээр тогтоогдож байна. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 632 дугаартай шинжилгээний тэмдэглэлд...хэвлийн хөндийд бага зэрэг хүрэн улаан цустай гэсэн бичлэг болон хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 867 дугаартай шинжилгээний эд эсийн шинжилгээний бичилтэд эд эрхтнүүдэд цус багадалтын шинж илрээгүй зэргийг дүгнэхэд талийгаач Ё.Ё.Ч- нь элэгний няцрал гэмтлийн улмаас нас бараагүй, харин гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэжээ. Элэгний няцрал гэмтэл нь дангаараа үхэлд хүргээгүй, уг гэмтлийн хүндрэл буюу үхэлд хүргэх шалтгаан нь хэвлийн хөндийд их хэмжээний цус алдах, цус алдалтын шок үүсэх юм, энэ хүндрэл ямар хугацаанд явагдаж, үхэлд хүргэх нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Талийгаач нь дагз ба суурь ясны шугаман далд хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дух, духны суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн болон уртавтар тархины эдийн няцрал бүхий гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаачийн биед учирсан дээрх гавал тархины гэмтлийн үед богино хугацаанд ухаан алдаж, улмаар тархины комд орсон байх тул хохирогч үйл хөдөлгөөн хийх боломжгүй ба эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй гэмтэл байжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.4.11-ний өдрийн цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн 632 дугаартай шинжилгээний дүгнэлтийн 3-рт “талийгаач Ё.Ё.Ч- нь дээрх гавал тархи, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэснээс бусад нь үндэслэлтэй, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 867 дугаартай шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. /2хх-ийн 50/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн 515 дугаартай дүгнэлтэнд: Дээрхи хэргийн материалд дурьдсан шатруу савж унах үед Ё. Ё.Ч- биед тогтоогдсон тархины гэмтлийг авч болно. Элэгний няцарч урагдсан шарх гэсэн оношийг дараахь үндэслэлээр батлах боломжгүй байна. Задлан шинжилгээний протоколд 15x1x3 см гэсэн хэмжээ тавигдсан бөгөөд элэгний фото зургаас харахад элэгний баруун дэлбэн бүхэлдээ, холбоос хэсэг хүртэл элэгний эд салмарч задарсан, элэг ерөнхийдөө зөөлөн улбагардуу байдалтай харагдаж байна. Элэгний капсул болон эдэд цус хуралтгүй.  Хэвлийд бага хэмжээний цустай гэх.  ГССҮТ-н 02744 түүхийн 2019.03.19-ны 21.15 минутын Хэвлийн ЭХО шинжилгээгээр тухайн үед хэвлийд сул шингэнгүй, элэгний хэлбэр хэмжээ хэвийн байсан байна. 9.10-р хавирганы бураа мултарсан гэх гэмтлийг фото зургаас харж шалгах боломжгүй байна. Тухайн үеийн гэмтэл авсан гэх үйл хөдөлгөөн савж унасан байдлаас үзэхэд тухайн элэгний гэмтлийн хэмжээ байрлал тохирохгүй байна. Тухайн цаг хугацаанд элэгний гэмтлийг авсан гэдгийг батлах боломжгүй байна. Элэг ийм байдалтай гэмтсэн тохиолдолд хүн үйл хөдөлгөөн хийгээд явах боломжгүй. Тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Элэгний гэмтэл тухайн болсон хэргийн нөхцөлд гэмтсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Элэг дээр дурьдсан байдалтай гэмтсэн тохиолдолд үйл хөдөлгөөн хийх боломжгүй шууд үхэлд хүргэнэ. Хэвлийн хөндийд шинэ цусан хураа байсан гэдгийг батлах үндэслэл тогтоогдохгүй байна. Талийгаач Ё. Ё.Ч- цогцост тогтоогдсон тархины хүнд гэмтэл нь үхэлд хүргэсэн бөгөөд тухайн гэмтэл гавлын суурийн хэсэпг байрласан, гэмтэл нь тархмал байдалтай байсан учир шууд ухаан алдсан байна. Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Ё. Ё.Ч- нь гавлын дагз, суурь ясны шугаман хугарал, зүүн зулайн ар хэсгийн хатуу хальсан дээрхи, баруун зулайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн эдийн гүний цус хуралт, няцрал гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн байна.  Зүүн уушгины хатгаа, ээдэмцэрт сүрьеэ, элэгний өөхөн хувирал зэрэг архаг өвчин нь үхэлд нөлөөлөөгүй болно. Шүүх эмнэлгийн 632 тоот дүгнэлтийн 3-р хариулт буюу хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэсэн нь үндэслэлгүй байна. 867 тоот дүгнэлтийн 2-р хариултын элэгний няцарч урагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа, баруун 9.10-р хавирганы бурааны мултрал гэмтэл учирсан гэсэн нь үндэслэлгүй байна. 3-р хариултын хэвлийн хавсарсан гэмтэл нь шууд шатан дээрээс нуруу хэсгээрээ унасан үед үүссэн байхыг үгүйсгэхгүй гэсэн хариулт, мөн элгэнд учирсан гэмтлийн хэмжээнээс үзэхэд хэвлийн битүү гэмтэл нь ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн нь үндэслэлгүй. Мөн 7-р хариулт “Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний няцарч урагдсан шарх гэмтлийг авснаас хойш үйлдэл хөдөлгөөн хийх эсэх нь тухайн хүний бие махбодийн онцлог, өвчин эмгэг, гэмтлийг эсэргүүцэх чадвар согтолтын байдлаас хамаарч болно гэсэн нь үндэслэлгүй. 1233 тоот дүгнэлтийн 1.2.3.5-р хариултууд үндэслэлгүй байна. 1233 тоот дүгнэлтийн 8 дугаар хариултын хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэсэн нь үндэслэлгүй байна. /2хх-ийн 129/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3019 тоот шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн “А-632, Ё.Ч-” гэх цусанд 1,6 промилли спиртийн агууламж илрэв.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3039 тоот шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн “Санжаа овогтой *******-ын цус” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 72/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 444 дугаартай“ *******- нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. *******- нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. *******- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3.*******- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 75-77/

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтад” 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Чимэдтогтохын түрээсээр хариуцан ажиллуулж байгаа Ган-Зам дэлгүүр рүү очоод охин Халиуны хамт дэлгүүрээ хариуцаад байж байсан. Би 15-16 цагийн орчим дэлгүүрээс түр гарч тамхи татчихаад буцаад орох гэж байтал үл таних эрэгтэй миний араас ирээд надад ойртохоор нь би тэр хүнийг дэлгүүр рүүгээ оруулахгүй гээд эргэж хараад зүүн гараараа түлхчихээд дэлгүүр рүүгээ орсон. Намайг дэлгүүртээ ороод байж байтал хаалгаар нэг эмэгтэй хүн шагайгаад гадаа чинь хүн уначихсан байна гэж хэлэхээр нь гарсан чинь нөгөө эрэгтэй манай дэлгүүрийн үүдэнд шатны тэнд баруун талаараа хажуулдас хийгээд уначихсан байхаар нь ...103, 102 руу тус тус залгасан... тэр хүнийг дэлгүүр рүү оруулахгүй гэж бодоод түлхсэн, гэхдээ миний гарт тэгж айхтар хүчтэй мэдэгдээгүй болохоор би тэр талийгаачийг цохисон гэж бодохгүй байна. /хх-ийн 93/ гэсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/, цогцост үзлэг хийсэн  тухай тэмдэглэл /хх-ийн 11-15/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-28/,  хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 119/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар /хх-ийн 146-156/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 96/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 97/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 98/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 99-101/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 177/  зэрэг бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

*******- 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган Зам” хүнсний дэлгүүрийн үүдэнд шалтгаангүйгээр Ё.Ё.Ч-ыг нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасны улмаас гавлын дагз, суурь ясны шугаман хугарал, зүүн зулайн ар хэсгийн хатуу хальсан дээрхи, баруун зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн эдийн гүний цус хуралт, няцрал бүхий гэмтэл учруулсны улмаас Ё.Ё.Ч- Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж  нас барсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Эдгээр байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ч-ийн “...  хүү Зориг нь ...над руу утсаар яриад “Аав хүнд цохиулаад ам, хамраас нь цус гараад гэмтлийн эмнэлэг рүү явж байна” гэсэн. ... миний төрсөн ах Ё.Ч- 22 цаг 40 минутанд сэхээний тасагт ухаан орохгүй байсаар нас барсан.” /1хх-ийн 34-35/ гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.З-ийн “...аав тэр дэлгүүрийн үүдэнд очоод зогсоход дэлгүүрийн эзэн залуу аавын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод авсан, аав цохиулаад шууд хойшоо саваад уначихаар нь би тийшээ гүйж очсон...очиход аав ямар ч хөдөлгөөнгүй, ухаангүй болчихсон, хоёр хөл нь довжооны шатны орчим байсан санагдаж байна...” /2хх-ийн 97/ гэх мэдүүлэг,

гэрч Г.Мөнх-Эрдэнийн “...Дэлгүүрийн эзэн Ё.Ч-ыг гараараа даллаж дуудахад тэрээр дэлгүүрийн үүдний шатан дээр гишгэсэнд үгийн зөрөөгүй гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд Ё.Ч- хойшоо саваад газар цементэн зам дээр толгойгоороо унаад ам, хамарнаас нь цус гарсан...” /1хх-ийн 38-39/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Энхтунгалагийн”...талийгаач шатан дээр 2 хөл нь дээшээ харсан, амнаас нь нөжирсөн цус гарч байсан...” / 1хх-ийн 40-41/ гэх мэдүүлэг,

гэрч Ш.Энхсайханы“...Ё.Ч- дэлгүүрийн шатаар алхаад очиход худалдагч залуу Ё.Ч- өөдөөс цохиод авсан, Ё.Ч- ч гар нь сарвас гээд хойшоо ар дагзаараа шатны уруу түг гэж дуугараад хүчтэй унасан...” /1хх-ийн 43-44/ гэх мэдүүлэг,

гэрч Ё.Чулуунцэцэгийн”...Танай дүү бусдад цохиулахдаа шууд үхлийн цохилт авсан байна, тархийг зүрхтэй холбодог судас нь хагараад их цус алдсан учир хагалгаа хийх боломжгүй гэсэн” / 1хх-ийн 46/ гэх мэдүүлэг,

гэрч М.Халиуны“... гарч харахад манай дэлгүүрийн үүдэнд шатны доор цэнхэр жинсэн өмдтэй, сааралдуу өнгийн гадуур хувцастай 50 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай газар хөдөлгөөнгүй хэвтэж байсан...” /1хх-ийн 51-52/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/, цогцост үзлэг хийсэн  тухай тэмдэглэл /хх-ийн 11-15/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-28/,  хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 119/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар /хх-ийн 146-156/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэрэгт шинжээчдийн дүгнэлтүүд удаа дараа гарсан байх ба урьд нь гаргасан шинжээчдийн өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлтүүдийг үндэслэлтэй эсэхийг ямар нэгэн эргэлзээгүйгээр тогтоосон  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 515 дугаартай”...Талийгаач Ё.Ч- цогцост тогтоогдсон тархины хүнд гэмтэл нь үхэлд хүргэсэн бөгөөд тухайн гэмтэл гавлын суурийн хэсэг байрласан, гэмтэл нь тархмал байдалтай байсан учир шууд ухаан алдсан байна. Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Ё. Ё.Ч- нь гавлын дагз, суурь ясны шугаман хугарал, зүүн зулайн ар хэсгийн хатуу хальсан дээрхи, баруун зулайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн эдийн гүний цус хуралт, няцрал гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн байна...”2хх-ийн 129/ гэсэн дүгнэлтийг илүү ач холбогдолтойд тооцож  шүүх нотлох баримтаар үнэлэв.

 

*******-, талийгаач Ё.Ч- нүүрэн тус газарт гараараа цохиж унагаасан үйлдлийн улмаас Ё.Ч- амь нас хохирсон нь гэмт үйлдэл үхэл хоёрын хоорондын шууд шалтгаант холбоотой.

*******-ын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

Мөрдөн байцаалтын явцад *******-ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бичгийн нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж бэхжүүлэгдсэн байх тул түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

*******-ын холбогдсон гэмт хэрэг нь 2017 оны 3 дугаар сарын 19-нд үйлдэгдсэн байх бөгөөд түүнд холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

Хяналтын прокуророос *******-ыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг  алах” гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн хуралдаан дээр улсын яллагчаас *******-ыг “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй болно. 

 

Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

       

Хохиролын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн, мөн талийгаач Ё.Ч- хүүхдүүдийн амьдардаг байрыг өөрийн хөрөнгөөр засварын материал болон бусад зардлыг гаргаж бусдаар засварын ажил хийлгэсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж үүнтэй холбогдох баримт шинжлэн судалсныг үндэслэн шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

        

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Гэм буруугийн хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч *******-ын өмгөөлөгч нараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан хуулийн заалтыг хэрэглэж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргалаа.

 

Шүүгдэгч *******-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

*******- гэм буруугийн санаатай хэлбэрээр Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон, учирсан хор уршиг арилахгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж өмгөөлөгчдөөс гаргасан санал хүсэлтийг хүлээн аваагүй болно.

 

*******-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлсөн байдал болон түүний хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго болон Шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******-ын хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-ад оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ын цагдан хоригдсон 140 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, *******- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-ад урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

 

                   ШҮҮГЧИД                                    А.АЛТАНХУЯГ

  

                                                                       С.БОЛОРТУЯА