Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0140/З |
Дугаар | 221/МА2015/0121 |
Огноо | 2015-03-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2015/0121
2015 оны 3 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2015/0121
Ж.Ч-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ж.Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч С.Г, Ч.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 625 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Ч ын нэхэмжлэлтэй ОӨГ-ын улсын байцаагч С.Г , А.Н , Ч.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар Хяналт шалгалтын удирдамж-ыг үндэслэн улсын байцаагчийн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 041/006 дугаар, мөн өдрийн 040/... дугаар актуудаар 4 нэр төрлийн нийт 192 ширхэг цагийг барааны тэмдгийн зөрчилтэйг эрх бүхий байгууллагын нотолсон нотлох баримтгүйгээр хураасан нь хууль зөрчиж, бусдын эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдэл болсон. Миний бие өмгөөлөгчөөр дамжуулан ОӨГ-т удаа дараа хүсэлт гомдол гаргасан боловч одоог хүртэлх хугацаанд ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд, улсын байцаагчийн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 041/006, 040/... дугаар актуудыг хүчингүй болгож, хураагдсан 192 цагийг өмчлөгчид буцаан олгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч ОӨГ-ын улсын байцаагч С.Г , А.Н , Ч.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...ОӨГ-т Наран их дэлгүүр ХХК-иас ирүүлсэн 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 113 тоот хүсэлтийг хүлээн авч, ТIМЕ болон Контас цагны дэлгүүрүүдийн салбаруудад 2012 оны 04 дүгээр сарын 11, 24-ний өдрийн 5/139, 5/156 тоот албан бичгүүдийг хүргүүлж мэдэгдсэн... 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Контас дэлгүүрт улсын байцаагч С.Г , А.Н нар очиж хяналт шалгалтын удирдамж танилцуулсан. 8 хоногийн дараа Эрүүгийн цагдаагийн газартай хамтран Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Оюуны өмчийн улсын хяналтын дүрэм, ОӨГ-ийн хяналтын улсын байцаагчийн ажиллах журмын дагуу хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж, зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авсан. Ж.Ч , түүний өмгөөлөгч нарын зүгээс дээд шатны албан тушаалтан болох ОӨГ-ын дарга Улсын ерөнхий байцаагчид хуульд заасан үндэслэлээр ямар нэгэн гомдол гаргаагүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хугацаа дууссан байна. Иймд, нэхэмжлэлийг авч хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 625 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.4.4, 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ОӨГ-ын улсын байцаагчийн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 041/006 тоот, 040/.. /дугааргүй/ тоот Зөрчилтэй бараа хураах тухай актуудыг тус тус хүчингүй болгож, уг актуудаар хураагдсан 192 ширхэг бугуйн цагийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Г , Ч.Э нар давж заалдах гомдолдоо: ...1. Шүүх анхнаасаа тус нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байсан. Ж.Ч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээд шатны албан тушаалтан болох ОӨГ-ын дарга Улсын ерөнхий байцаагчид хуульд заасан үндэслэлээр ямар нэгэн гомдол өгөөгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хугацаа дууссан байна. Иймд Ж.Ч ын нэхэмжлэлийг авч хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй.
2. Монгол Улсад бүртгэгдсэн барааны тэмдэг бүхий хууль бус барааг санаатайгаар гадаад улсаас худалдан авч, хилээр оруулж ирж, зарж борлуулсан нь тухайн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг давхар зөрчсөн асуудал юм. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодолд хэрэглэсэн, барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан, худалдаанд гаргах зорилгоор хадгалсан, барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол барааны тэмдгийг ашигласан гэж үзэхээр заасан байдаг. Ийнхүү ашиглахдаа эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан бол хууль бус үйлдэл болдог. Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг давхар давхар үйлдлээр зөрчсөн гэж үзэж байна.
3. Уг зөрчил гаргасан этгээдэд ийнхүү арга хэмжээ авахаас өмнө зөрчлөө зогсоох талаар мэдэгдэл өгсөөр байтал үл тоомсорлон хууль бус бараагаа зарсаар байсан.
4. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Барааны тэмдэг эзэмшигчийн эрх зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл бүтээгдэхүүн, эд зүйлсийг хураан авч... гэж зааснаас үзэхэд тухайн зөрчлийн хэр хэмжээнд тохируулан улсын байцаагч нь торгох эсхүл зөрчилтэй бараа бүтээгдэхүүн-ийг хураан авах гэсэн хоёр төрлийн хариуцлагын аль нэгийг сонгон авч хэрэглэж болохоор заасан байхад анхан шатны шүүхээс заавал нэмэгдэл шийтгэлийг бус үндсэн шийтгэл ногдуулах гэдэг нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
5. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т Барааны тэмдэг, газар зүйн заалтыг хууль бусаар ашигласны улмаас хураан авсан зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг борлуулах, хэрэглээнд буцаан гаргах нь барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчиж болзошгүй гэж шүүх болон төрийн захиргааны байгууллага үзвэл түүнийг устгах тухай шийдвэрийг гаргах бөгөөд бусад тохиолдолд хураагдсан бараа, бүтээгдэхүүнийг улсын орлого болгох, устгах асуудлыг нийтлэг журмын дагуу зохион байгуулна гэж заасны дагуу авах шийдвэр нь Оюуны өмчийн улсын ерөнхий байцаагчийн тушаалаар гардаг, уг заалтыг ямар үндэслэлээр тогтоолын 1 дүгээр заалтад оруулсан нь тодорхойгүй байна.
6. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хураах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэнэ гэж заасан бөгөөд заавал үндсэн шийтгэлийг эхэлж ногдуулна гэж заагаагүй байхад үндсэн шийтгэлийг эхэлж ногдуулах ёстой мэтээр авч үзсэн. Иймд улсын байцаагчийн эд зүйлийг хураасан нь хариуцлагын нэг хэлбэр гэж үзэж байна.
7. Шүүхийн тогтоолын 1 дүгээр зүйлд дурдсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно гэж заасан нь байцаагчийн зөрчилтэй барааг хураах тухай актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд уг барааг хураан авснаар зөрчлийг таслан зогсоож, хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж, харин хураагдсан барааг устгах тухай шийдвэрийг улсын ерөнхий байцаагч гаргадаг.
8.Шүүхийн тогтоолд дурдагдсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хэрхэн дууссан талаар гэж үзэх үндэслэлийг эсэргүүцлийн 6 дугаар зүйлд өгсөн үндэслэлээр няцааж байна.
9. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д зөрчил гаргасан этгээд нь гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах гэж заасан. Улсын байцаагчид Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хураан авч, хариуцлага ногдуулсан. Иймд, Ж.Ч аас улсын байцаагчийн акт үйлдэн хураан авсан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч нарын давж заалдах гомдлын үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн заалтыг баримтлаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилан шийдвэрлэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хугацаа дууссан гэх гомдлын тухайд: ОӨГ-ын улсын байцаагч С.Г , А.Н , Ч.Э нар нь ОӨГ болон Эрүүгийн цагдаагийн газрын даргын хамтран баталсан 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0712.008 тоот Хамтарсан хяналт шалгалтын ажлын удирдамж-ийн дагуу Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороололд байрлах Контас цагны төрөлжсөн дэлгүүрт хяналт шалгалт хийж, 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 040/... /дугааргүй/ тоот актаар Оmegа брэндийн цаг 1ш, Longines брэндийн цаг 4ш, Rado брэндийн цаг 2ш, Tissot брэндийн цаг 1ш, нийт 8 ширхэг цагийг, мөн өдрийн 041/006 тоот актаар Rado брэндийн цаг 162ш, Omega брэндийн цаг 16ш, Longines брэндийн цаг 5ш, Tissot брэндийн цаг 1ш, нийт 184 ширхэг цагийг тус тус хураан авсан байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б улсын байцаагчийн дээрх актуудыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тухайн албан тушаалтныг харъяалах дээд шатны байгууллага болох ОӨГ-ын дарга, улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан, мөн ОӨГ-аас 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/341 тоот албан бичгээр зөрчил гаргагч этгээдээс хураагдсан цагнуудын гаалийн бүрдүүлэлт, татвар төлсөн баримт, гарал үүслийн гэрчилгээ, бусад нотлох баримтуудыг шаардсаны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс холбогдох баримтуудыг хүргүүлж байсан боловч маргаан бүхий актын талаар шийдвэрлэж, хариу өгөөгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчээс улсын байцаагч нарын акт тогтоож, эд зүйлийг хураан авсан үйлдэлтэй нь холбогдуулан шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах тасагт гомдол гаргаж, улмаар Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 65-66, 68/
Иймд, хариуцагчийн ...дээд шатны албан тушаалтанд ямар нэгэн гомдол гаргаагүй, хуульд заасан хугацаа дууссан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
2. Мэдэгдэл өгсөн гэх гомдлын тухайд: Төрийн хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх зарчмын дагуу явуулна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ОӨГ-аас Контас цагны дэлгүүрт 3 удаа хяналт шалгалтыг хийсэн ба үүнээс 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай хяналт шалгалтын ажлын удирдамжийг 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулсан, хяналт шалгалтын ажлын тэмдэглэлд гүйцэтгэлийн гэж тэмдэглэсэн боловч дээрх хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т заасан ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.
ОӨГ-ын 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай хяналт шалгалтын ажлын удирдамжид хяналт шалгалтын хугацааг 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 27-ны хооронд хийхээр заасан байх тул хуульд заасан хугацааг хэтрүүлэн хяналт шалгалтыг явуулжээ.
Үүнээс гадна ОӨГ , Эрүүгийн цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтын ажлын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0712.008 дугаар удирдамжийг танилцуулалгүйгээр тухайн өдөрт нь хяналт шалгалтыг хийсэн, хэдий хугацаанд хяналт шалгалтыг явуулах болон хяналт шалгалтын төрөл тодорхойгүй ба хяналт шалгалтын ажлын тэмдэглэлд төлөвлөгөөт, гүйцэтгэлийн гэж тэмдэглэсэн зэргээс гадна тус удирдамжид шалгалтын хугацааг 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагт зохион байгуулахаар тогтоосон байхад хугацаанаас өмнө буюу 12 цаг 55 минутад хяналт шалгалтыг явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүн, удирдамжийг танилцуулах ... гэж заасантай нийцээгүй байна.
Иймд, улсын байцаагчийн үйл ажиллагаа нь анхнаасаа хяналт шалгалт явуулах журмыг зөрчсөн байна.
3. Хууль буруу хэрэглэсэн гэх гомдлын тухайд: Хариуцагчаас тухайн зөрчлийн хэр хэмжээнд тохируулан торгох эсхүл зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хураан авах гэсэн хоёр төрлийн хариуцлагын аль нэгийг сонгон авч хэрэглэж болохоор заасан, заавал үндсэн шийтгэлийг эхэлж ногдуулна гэж заагаагүй хэмээн маргаж байна.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл, хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хураах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэнэ, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрх зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, улсын байцаагч иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл шүүгч гэм буруутай иргэн, албан тушаалтныг 7-14 хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, улсын байцаагч, шүүгч нь зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлсийг хураан авч, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгон тухайн барааг устгаж, үйл ажиллагааг зогсооно гэж заажээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзвэл улсын байцаагч нар барааны тэмдгийн зөрчилтэй барааг худалдаалсан зөрчил гаргасан гэж үзэхдээ үндсэн шийтгэл болох торгох, баривчлах шийтгэлийн аль нэгийг ногдуулаагүй мөртлөө эд зүйл хураах нэмэгдэл шийтгэлийг дангаар хэрэглэсэн нь буруу бөгөөд хуурамч гэх үндэслэлээр 192 цагийг хураан авсан нь хариуцлагын нэг хэлбэр гэж тайлбарлаж байгаа нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж, улмаар буруу ойлгон тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл, үндсэн шийтгэлийг ногдуулаагүй мөртлөө нэмэгдэл шийтгэлийг дангаар нь ногдуулах ёсгүй, үндсэн шийтгэлийг дангаар буюу нэмэгдэл шийтгэлийн хамт ногдуулахаар хуульчилсан байна.
Түүнчлэн нэмэгдэл шийтгэлийг үндсэн шийтгэлийн хамт хэрэглэх эрх хэмжээ нь хуулиар улсын байцаагч болон шүүгчид олгогдсон байх тул энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т зааснаар улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
ОӨГ-ын улсын байцаагчид тухайн цагнуудыг зөрчилтэй эсэхийг тогтоохоор акт үйлдэн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хураан авсан байх боловч өнөөдрийг хүртэл зөрчилтэй эсэхийг тогтоох ажиллагааг хийгээгүй, зөрчлийг хянан шийдвэрлэсэн эсэх талаараа зөрчил гаргагчид мэдэгдээгүй байна.
Ийнхүү зөрчлийг хянан шийдвэрлээгүйгээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул захиргааны хариуцлага ногдуулах боломжгүй болсон байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шийдвэрийн тогтоох хэсэгтээ баримтлаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1-д ...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж тус тус заажээ.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн атлаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулахгүй орхигдуулсан нь буруу байна.
Иймд, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 625 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.4.4, 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ОӨГ-ын улсын байцаагчийн 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 041/006 тоот, 040/.. /дугааргүй/ тоот Зөрчилтэй бараа хураах тухай актуудыг тус тус хүчингүй болгож, уг актуудаар хураагдсан 192 ширхэг бугуйн цагийг нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж, мөн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах шатны журмаар гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР