Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар Ц.Золзаяа, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч Г.Г, Г.Г, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их уул овогт Ганбаатарын Г, Их монгол овогт Ганхуягийн Г, Боржигон овогт Баатархүүгийн М нарт холбогдох 201725031146 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23- ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, орон сууцны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ах нарын хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их уул овогт Г.Г

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эмээ, ах нарын хамт, , улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их монгол овогт Г.Г

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.М

Холбогдсон хэргийн талаар: Г.Г, Г.Г, Б.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Г.Г, Г.Г Б.М нар нь бүлэглэж 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Баттулгатай “шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар хэрэлдэн маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, баруун сарвуунд өнгөц шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 5 дугаар сарын 21- ний өдөр ...Ариунболдтой хамт тэдний гэр лүү явж байсан. Тэгээд гудамжаар өгсөөд алхаж байхад уг машин дотроос үл таних 2 залуу бууж ирснээ Ариунболд бид хоёрыг гудамжинд шүлсээ хаялаа гээд томорч байснаа нэг залуу нь намайг цохисон. Нөгөөдөх нь Ариунболдыг цохисон... Тэгэхэд цэргээс халагдсан бололтой нэг залуу намайг цохиод ард нь байсан 2 залуу нь намайг нийлж зодсон. Тэгэхэд тэр хоёр нь манай туслах Ариунболдыг цохиод байхаар нь би босоод Ариунболдыг зодож байсан 2 залууг нь салгаж зугтаалгаад цагдаа дууд гэж хэлээд би өөрөө тэдгээр залуучуудад баригдаад үлдсэн. Тэгэхэд намайг нэг нь үснээс зулгаагаад газар унагаад өшиглөж зодсон. Би тэр хүнээс ах нь утсаа авъя гэхэд нэг нь миний гар дээр гишгэсэн. Тэгээд би тэдгээр хүмүүсээс зугтаагаад 17 дугаар сургуулийн хашаа руу гүйж байгаад сургуулийн хүүхдийн тоглоомын талбай орчимд араас хөөж байсан тэдгээр залуучуудад баригдсан. Тэгээд 17 дугаар сургуулийн буланд нэг залууд нь зодуулсан... би тухайн үед бага зэргийн согтолттой байсан... намайг зодсон хүмүүс архи уусан .. нэлээд их согтолттой байсан... намайг 3 эрэгтэй хүн зодсон... миний баруун гарын эрхий хуруу шалбарч нүүрэнд шалбархай үүсч баруун мөр өвдөөд байгаа... би зодуулж байгаад алдсан гар утсаа нөхөн төлүүлнэ. Миний гар утас Хятад улсад үйлдвэрлэгдсэн... уг утсыг 2017 оны 5 дугаар сард 150.000 төгрөгөөр худалдан авсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-23х/ гэрч О.Хажидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 21- ний орой 20:30 цагийн орчимд манай нөхөр Г нь найз Г М нартайгаа гэрийнхээ урд гудамжинд өөрийн 0630 улсын дугаартай Тоёота чэйзер маркийн машин дотроо 2,5 литрийн пиво уусан... Г, Г, М нар гудамжинд бие засаж байсан үл таних хоёр согтуу хүнтэй маргалдсан. Тэд нар хоорондоо барьцалдан аваад бие биенийгээ цохилцсон ..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/ гэрч Б.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай гэр лүү алхаж байгаад гудамжинд Баттулга шүлсээ хаячихсан юм. Тэгэхэд гудамжинд машинтай ирээд зогссон хүмүүсийн үл таних 2 хүн бууж ирээд цагаан цамцтай нь Баттулгыг чи манай гудамжинд шүлсээ хаядаг ямар овоо том гар бэ гээд өшиглөсөн. Би Баттулга дээр очиход намайг уг цагаан цамцтай нь миний шанаа орчимд гараараа цохисон. Тэгэхэд Баттулга намайг зугтаагаарай гэсэн. Би зугтаад цагдаагийн газарт орж дуудлага өгчихөөд цагдаад гудамжийг нь зааж өгчихөөд буцаад Баттулгын араас нь очиход 17 дугаар сургуулийн хойд буланд Баттулга газар уначихсан байсан... Баттулгын нүүр нь цус болчихсон байсан. Баттулга надад нөгөө банди нар чинь намайг араас ирээд зодчихоод зугтаачихлаа гэж хэлсэн... " гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/; гэрч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн: "... Тухайн үеийн цагийг нь санахгүй байна. Пивоо уугаад сууж байхад миний машины ойролцоо хоёр эрэгтэй хоорондоо муудалцаад байгаа юмуу чанга чанга яриад шүлсээ хаяад зогсож байсан. Би машин дотроосоо жоохон чимээгүй байгаач гэж хэлэхэд туранхай эрэгтэй нь билүү сайн санахгүй байна өөдөөс юм хэлэхээр нь би машинаас бууж очоод махлаг эрэгтэйн цээж рүү нь 2 удаа, толгой руу нь 1 удаа цохисон. Тэр ах миний өөдөөс зодолдоогүй. Тэр үед Г, М хоёр нөгөө туранхай ахтай барилцаад авсан байж байсан. ... би араас нь хөөж гүйж байгаад гудамжинд бүдүүн эрэгтэйг нь гүйцэх үед хөл орооцолдоод бид хоёр гудамжинд унасан. Унах үедээ би өвдөг тохойгоо гэмтээсэн. Нөгөө махлаг ах босож зугтаад, нөгөө туранхай нь цаана гүйж байхад М, Г хоёр хөөж байгаа харагдсан... намайг очих үед нөгөө эрэгтэй босч ирээд тоосго аваад над руу шидсэн... Би пиво ууж согтуурсан байхдаа тэр хүнтэй бие биедээ томорч байгаад цохисон юм. Хэрүүл маргаан дундаа би тэр эрэгтэйд миний дошин дээр шүлсээ хаялаа гэж хэлж байсан. Тэгээд тэр эрэгтэй өөдөөс томроод зодооны эхлэл болсон... Тэр туранхай ах Г, М хоёртой л зодолдоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/ гэрч Г.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: "... машинд сууж байхад Г цонхоороо хүнтэй хэрэлдээд гарсан... Г тэр хоёрын бүдүүн эрэгтэйтэй нь барилцаад авахад нөгөө туранхай эрэгтэй нь хажуугаас нь орж ирэх гээд байхаар нь би очоод туранхай эрэгтэйг нь барьж аваад заамдаад барьсан. Тэр эрэгтэй өөдөөс цохих гээд байхаар нь эрүү рүү нь гараараа нэг удаа цохисон. Би заамдаад байхад дахин цохих гээд байхаар нь гэдэс рүү нь 2 удаа цохисон. Тэгсэн чинь М араас ирээд намайг салгаад боль гэж хэлсэн... Г араас нь хөөж байгаад тэр туранхай эрэгтэйтэй давхралдаад унасан. Араас нь М бид хоёр очсон. Тэгээд туранхай эрэгтэй нь Гын доор унасан, Г дээр нь дараад хэвтэж байх үед би хажуугаас нь тэр эрэгтэйн хөлийн гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр босоод ирэхэд Гын гарын тохой нь зулгарсан байсан. Нөгөө хоёр эрэгтэй цаашаа босоод зупгсан. Тэгээд ямар нэгэн шалтгаангүйгээр бид 3 араас нь хөөсөн. Хөөж байхад 17-р сургуулийн хашааны хаалганы дэргэд өөрөө унаад газар суучихсан. Хашаа налаад суухаар нь би очоод гуя руу нь нэг удаа өшиглөсөн, Г мөн өшиглөж байгаа харагдсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/ гэрч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн: "...би машинаас буугаад гудамжинд хөнгөнөөр бие засаж байхад ард хүмүүс дуугараад байхаар нь эргээд харсан чинь Г, Г хоёр машинаасаа буугаад хоёр эрэгтэйтэй маргалдаад зогсож байсан. ...намайг харж байхад Г тухайн хоёр эрэгтэйгийн махлаг бүдүүн эрэгтэйн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Г нөгөө эрэгтэйтэй нь маргалдаад хоорондоо барьцалдаад авсан ... намайг харж байхад барилцаж байж байгаад манай хоёр найз нэг нэг цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2017 оны 05 сарын 22-ны өдрийн №6752 дугаартай шинжээчийн: Г.Баттулгын биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун сарвуунд өнгөц шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлтэд /хх-ийн 39х/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 8-12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Г.Г, Г.Г Б.М нарыг бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирогч Г.Баттулга нь: “... нийт 496.000 төгрөг хүлээн авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ гаргаж баримтаар хавтас хэрэгт авагдсан /хх-ийн 94х/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Г.Г, Г.Г Б.М нарыг үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж буй байдал, учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулж, орлого олох боломж, өөрсдийнх нь саналыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Их уул овогт Ганбаатарын Г, Их монгол овогт Ганхуягийн Г, Боржигон овогт Баатархүүгийн М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Г, Б.М нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Г, Б.М нарыг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Г, Б.М нарыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээнийг төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.БАТГЭРЭЛ