Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/401

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням

Улсын яллагч: Б.Дэлгэрдалай

Шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрдалай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-д холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811 0275 10103 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 30-ний өдөр, Хөвсгөл аймаг, Галт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүйурьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор Б.Мыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн  25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61.1., 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 28-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 650 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, цагдан хоригдсон хоногоор уг ялыг эдэлсэнд тооцож сулласан Б.М

Шүүгдэгч Б.М нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/:

Б.М нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “M..L” караокед хохирогч О.Б зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед би караокены өрөөнд байж байхад манай найз Э нэг өндөр залуу  цохиод өрөөнд ороод ирсэн.Тэгэхээр нь гайхаад яаж байгаа юм бэ гээд өрөөнөөс гарахад нэг намхан залуу нүүрэн тус газар нэг удаа цохисон, тухайн үед миний нүүрэнд гэмтэл учраагүй, тэгээд коридороос өрөө рүү орж хувцасаа өмсөж байхад манай найз нар гараад явчихсан би гарахын хооронд 2 эмэгтэй, 3 эрэгтэй гар зайл гээд хэрүүл хийгээд байхаар нь 3 залуутай хэрүүл хийгээд бүгдээрээ өрөөнөөс гараад коридорын буланд очоод би нэг өндөр залуутай барьцалдаж аваад /Б.М/ газар унасан, газар уначихсан байхад Б.М гэгч нь миний дээр гараад суучихсан толгой болон нүүр лүү цохиод, тэгтэл нөгөө 2 найз нь бас тал талаасаа толгой, нүүр лүү өшиглөөд байх шиг байсан. Тэгээд зодоон дууссаны дараа босоод хамраа барьтал хамар мурийчихсан, хугарсан байсныг мэдсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарсан байна мэс засал хийлгэх шаардлагатай гэхээр нь 2 хоногийн дараа нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлээд 2 удаа хамраа тэгшлүүлсэн юм. ...би өөрийн биеийг хамгаалж Б.М-тай зууралдсан, гэхдээ түүнд гэмтэл шарх учруулахаар цохиж зодоогүй” /хх-н 17-18-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн №11983 дугаартай дүгнэлтэнд: 1. О.Б биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, нуруу, баруун зүүн шуунд цус хуралт, дух, хүзүү, баруун бугалга, баруун тохойнд зулгаралт, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 22-р хуудас/

Шинжээч эмч Б.Долгормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №11983 дугаартай дүгнэлтээр О.Б биед учирсан гэмтлүүдийг хэсэг газрын үзлэгээс харахад хамар яс, хамрын таславчийн хугарал мурийлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, нуруу, баруун, зүүн шуунд цус хуралт, дух хүзүү, баруун бугалга, баруун тохойнд зулгаралт, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-н 34-р хуудас/

Яллагдагч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Надтай хамт явж байсан эмэгтэйг хэл амаар доромжилсноос болоод караокены коридорт нэг өндөр залуугийн нүүр лүү цохисон, тэгээд хоорондоо ноцолдож байгаад хамт газар унаад нэг нэгнээ цохилцсон, тэр өндөр залуугийн толгой, нүүр лүү нь цохисон, маш их уур хүрсэн байсан учраас өөр хаана нь цохисныг санахгүй байна. Хохирогч өндөр гэх залууг Б гэдэг юм байна лээ, би түүнийг анх удаа л караокед харсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна /хх-н 44-р хуудас/

Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...би түүний шүүх эмнэлэгийн дүгнэлттэй уншиж танилцсан байгаа. Би хохирогч О.Б биед учирсан дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 126-р хуудас/

Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 19, 21-р хуудас/

М.Е мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 23-24-р хуудас/

Е.Ж мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 26-27-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн №179 дугаартай тодорхойлолт /хх-н 128-р хуудас/

Хохирогч О.Билгүүний эмчилгээний зардлын баримт /хх-н 36-р хуудас/

Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн Хангайн ....дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-н 62, 127-р хуудас/

Шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-н 46-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой гэж үзлээ.

Б.М нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “M...L” караокед хохирогч О.Б зодож, биед нь хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, нуруу, баруун зүүн шуунд цус хуралт, дух, хүзүү, баруун бугалга, баруун тохойнд зулгаралт, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан О.Б мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн №11983 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, яллагдагч Б.Мын өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд хохирогч О.Б 209290  төгрөгийг төлөх төлбөртэйгээс хохирогч О.Б Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн хүсэлтэнд дурьдсанаар төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үеэс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлж ирсэн. Хорин найм хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.М нь урьд хүний эрүүл мэнд, нийгмийн хэв журмын эсрэг гэмт хэрэгт 3 удаа шүүхээс ял шийтгүүлсэн хувийн байдалтай, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдалтай байх тул өмгөөлөгч И.Хонгороос гаргасан торгох ялаар шийтгэх тухай өмгөөллийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Дугаар 2019/ШЗ/179-я захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, нийтдээ 28 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүү байхаар тооцож нийт  224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх болохыг дурьдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.М-т сануулсугай.
  6. Б.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг дурьдсугай.  
  7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР