| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0346/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/364 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0346/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Б.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018001070429 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 21-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Б.О,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн сауны хувцас солих өрөөнд иргэн А.Э гээгдүүлсэн Самсунг Жи-4 загварын гар утсыг уг саунаар үйлчлүүлээд гарч явахдаа авч гарсан болох нь:
Хохирогч А.Э “...Би 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүлээрээ Дархан сумын 8 дугаар багт байрлах Оргил худалдааны төвийн саунд үйлчлүүлж хоносон юм.Тухайн үед би сауны хувцас солих өрөөнд ороод хувцсаа солиод саун руу цаашаа явсан бөгөөд 2 цаг орчмын дараа гар утсаа сауны хувцас солих өрөөнд үлдээснээ санаад эргэж очтол миний утас алга болсон байсан. Тэгээд би хүний утсаар өөрийнхөө утас руу залгатал миний утас холбогдох боломжгүй байсан тул сауны ажилтанд мэдэгдэж ажилчид нь камер шүүж өгсөн. Тухайн үед үйлчлүүлэгчийн тав тухын алдагдуулахгүйн тулд та маргааш цагдаад ханд гэсэн тул эргэж танай байгууллагад хандсан. Миний утас тунгалаг өнгийн кэйстэй хар өнгийн Самсунг жи-4 нэмэх загварын гар утас байсан. Би сауны хувцас солих өрөөнд байрлах сандал дээр хувцсаа солихдоо мартаж явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Гэрч А.О “Тухайн гар утас нь 2020 оны 1 дүгээр сарын 25 ны өдөр манай ломбарданд тавигдаж, үндсэн болон хүлээлгийн хугацаа дуусаж зарагдах бараанд гарсан тул ломбардын утас болох ***** дугаарыг хийж шалгаж үзсэн. Тухайн утсыг зарахгүй байж байгаад арай гэж анх гар утас тавьсан гэх хүн рүү нь залгаж барьцаанд тавьсан эд зүйлээ ав гэсээр байгаад 2020 оны 05 дугаар сарын эхээр буцааж өгч мөнгөө гаргуулан авсан, ...3526921033300575 имэй кодтой Сансунг жи-4 загварын гар утсыг 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр *****овогтой ***** гэх эмэгтэй барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Скайтел ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20/10891 тоот 3526921033300575 имэй кодтой утсыг ашиглаж байгаа талаарх албан тоот /хх-ийн 22/
“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн “...Самсунг жи-4 загварын гар утас /шинэвтэр/-ны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны байдлаар 800.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 15-16/,
“Энхийн долоон бурхан” ХХК-ийн “Итгэл” зээлийн төвийн гэрээ /хх-ийн 54/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.
Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар идэвхтэй үйлдэл хийхгүй байх, уг эд хөрөнгийг олсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Иймд шүүгдэгч Б.О гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг аргилгасан, түүний хувийн байдлыг харгалзан багасгаж, торгох ялын доод хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б.О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт Б.О-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД