| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0312/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/363 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/363
2018.03.16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч З.З /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтайхайрхан овогт Золмандахын З.Зт эрүүгийн 1806 0068 90233 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Алтайхайрхан овогт Золмандахын З.З, 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрийн инженер мэргэжилтэй, ******* ХХК-д тогооч ажилтай, ************* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/*************/,
Шүүгдэгч З.З нь 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 102-111 тоотод Б.Батбаатар, Б.Амартайван нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч З.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт хохиролд нийт 1.237.000 төгрөгийг төлсөн. Гэм буруу болон 450 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулын ялыг төлөх 3 сарын хугацаа олгож өгнө үү” гэв.
Хохирогч Б.Батбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид Золмандахын 23 цагийн орчим ирцгээсэн замаараа дэлгүүр орж зээлээр хоёр шил архи авсан. Чухам хэдэн литрийн ямар архи авсныг мэдэхгүй байна. Тухайн үед би жаахан муудсан байсан. Бид гэрт нь ороод архи ууцгаасан байх. Эхнэр нь байхгүй дархан-уул аймаг явсан гэж байсан. Гэрт нь биднийг ороход хүн байгаагүй. Тэгээд би зурагт үзэж байгаад унтсан байсан. Нэг мэдсэн пижгэнээд явсан, тэгсэн Золмандахын хүүхэд З.З нь намайг өшиглөж байсан. Завсар зайгүй өшиглөсөн. Тэгээд би өөрийгөө хамгаалж нүүрээ дараад гэрээс нь зугтааж орцонд гарсан чинь хойноос гарч ирээд мөн адил өшиглөөд унагаад байсан. Тэгээд би цус нөжтэйгөө хутгалдаад тэндээсээ шүүх эмнэлэг явсан...Ер нь толгой битүү бөөрөнхий юм болсон Цээжин хэсэг хөндүүр. хамар нил цус гоожиж тогтохгүй байсан. Уруул ам юм идэж болохгүй битүү хавдар байсан. Нүднээс нулимс гоожоод л байсан. Тэгээд толгой маш их хөндүүр байнга өвдөж байсан...Манай найз Золмандахын хүү З.З л намайг өшиглөж цохиж учруулсан...2018-01-16-ны өдрөөс 2018-01-20-ны хооронд Сонгодо эмнэлэгт 4 хоног хэвтэж эмчилүүлүүлсэн төлбөр 1.021.950 төгрөг мөн толгойн зураг 102,000 төгрөг, хэвлийн оношилгоо 50,000, эмнэлэгт хэвтэхэд авсан цусны шинжилгээ 29,000 төгрөг шүүх эмнэлгийн 8000 төгрөг нийт 1,210,950 төгрөг нэхэмжилж байгаа ба зодуулсандаа гомдолтой байна..." гэх мэдүүлэг. /хх14-15/,
Хохирогч Б.Амартайван мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гаднаас найзтайгаа бололтой нэг залуугийн хамт орж ирсэн. Тэгээд би хувцсаа өмсөн байсан. Золмандах Ганбат хоёр түрүүлж хувцсаа өмсөөд гараад явсан байсан. Тэгээд би хувцсаа өмсөж байтал Золмандахын хүүхэд нь Батбаатарыг газар хэвтэж байхад нь нүүрлүү нь хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд би салгаад Батбаатарын хувцсыг нь өмсгөөд гэрээс нь авч гарсан чинь Золмандахын хүүхэд нь орцонд дагаж гарч ирээд мөн адил миний нүүрлүү гараараа хоёр гурван удаа цохисон. Батбаатарыг хавсарч унагааж байгаад өшиглөөд байсан. Тэгээд бид хоёрыг гадаа гарсан чинь хойноос тэр залуутайгаа гарч ирээд нүүрээ янзлаад зогсож байхад намайг үстээд хавсарч унагаад хэдэн хэдэн удаа цээжин хэсэг хөл, толгой нүүрлүү өшиглөөд би тэндээс арай гэж зугтаасан, тэгээд Батбаатарын хойноос очиж бид хамт шүүх эмнэлэг орсон юм...хоёр нүд хавдаж улайсан, бие зовууртай явж чадахгүй цээжин хэсэг хөндүүр толгой хүзүү өвдөлттэй байсан...Ямар нэгэн шалтгаан байхгүй. Шууд орж ирээд л зодсон. Бид өөдөөс нь хэрэлдсэн болон маргалдсан асуудал гаргаагүй...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин зодуулсандаа гомдолтой байна..." гэх мэдүүлэг. /хх19-20/,
Гэрч Д.Золмандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд намайг гадаа явж байхад Ганбат гарч танай хүүхэд чинь Батбаатарыг зодоод байна гэхээр би гэрт ороход тэр хоёр салсан байсан. Тэгээд Ганбат миний хойноос гэрт орж ирээд хоёулаа гарч байя гэж хэлсэн. Манай хүү огцом ууртай учир би гараад явчихсан юм. Тэгээд Ганбат бид хоёр таксидаад хуучин ууж байсан Энхтайван гэрт нь очоод байж байхад хойноос Даваабаяр, Батбаатар, Амартайван гурав очсон. Тэднийд очиход Батбаатарын нүүр нүд нь хөхөрсөн байсан. “...Амартайванд бол ил харагдахаар гэмтэл бэртэл байгаагүй. Харин Батбаатарын нүд нь хөхөрсөн байсан. Нүүрэндээ маск зүүсэн байсан учир хаана яаж хавдсаныг нь хараагүй. “...Ер нь уурласан үедээ өөрийгөө удирдаж чаддаггүй. Хүмүүсийн ярьдгаар зүрхний өвчтэй юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг. /хх21-22/,
Гэрч З.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр 05-ны өдөр буюу пүрэв гаригт би ажлаа тараад 24 цагийн орчим гэртээ найз Учралын хамт очиход гэрт 4-5 эрэгтэй согтуу хүмүүс байсан. Гэрт архи ууж тамхи татсан бусниулсан байдалтай байсан. Аав байсан. Би ороод жаахан бухимдаад уур хүрээд манайхаас гарчихгүй юу гэхэд тэдгээр хүмүүс ерөнхийдөө гарах гэж хувцаснуудаа өмссөн. Би тэдгээр хүмүүсийг гудамжны архичид байна гэж бодсон юм. Тэгсэн Батбаатар ах чи биднийг хөөдөг хэн юм бэ? Бид хаана очиж хонодог юм гэсэн. Тэгээд бид хоёр хэрэлдээд намайг элдэв янзаар хэлээд байхаар нь би тэсэлгүй цохчихсон юм. Гараараа шанааруу нь ганц хоёр удаа цохисон тэнд хамт байсан ах нь миний баруун нүдрүү гараараа нэг удаа цохиход нь манай найз Учрал салгаад бид ноцолдсон. Тэгээд орцонд бас Батбаатар ахыг мөн адил цохисон. Тэгээд би гэртээ буцаж ороод унтсан...” гэх мэдүүлэг. /хх-23/,
Яллагдагч З.З мэдүүлэхдээ: “...Тэгээд манай гэрт 4-5 согтуу эрэгтэй хүмүүс гэр ундуй сундуй болгож гэр орон буулгасан архи тамхи хэрэглэсэн байдалтай ер нь их заваан байсан. Тэгээд миний уур хүрч ах нар явцгаа гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс ээлжээр хувцсаа өмсөөд гарч байхад нэг согтуу ах чи биднийг хөөдөг хэн юм бэ, бид хаачих юм гээд надтай хэрүүл хийсэн. Тэгээд намайг нохой гөлөг гээд байхаар нь би уурлаад очиж нүүрлүү нь гараараа нэг хоёр удаа цохисон. Мөн хүзүүлүү нь цохисон. Тэгсэн хамт байсан хүмүүс нь салгасан. Мөн манай найз Учрал бас салгасан. Тэгээд тэр хүмүүс гарсан. Тэр Амартайван ахыг бол санаатай цохиогүй. Салгах гээд ирэхэд нь та зүгээр байж байгаа гээд л цохисон. Би тухайн үед хэнийг хаашаа нь яаж цохисноо бас сайн мэдэхгүй байна. Би тухайн үед маш их уурласан байсан. Би гэрт орохоос өмнө ажиллаа тарчхаад Учралтай хамт гарч ажлын хажууд байх пабд хоёр шил пиво уусан байсан. “...Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. “...Би эмчилгээний зардлыг нь төлөөгүй. Би эмчилгээний зардлыг нь төлнө...” гэх мэдүүлэг. /хх-40/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1255 дугаартай дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1251 дугаартай дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч З.З нь 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 102-111 тоотод Б.Батбаатар, Б.Амартайван нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч З.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.З нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нар гэм буруутай этгээдэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Алтан хайрхан овогт Золмандахын З.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар З.Зыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Зт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, З.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл З.Зт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР