Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 143

 

Б.Н-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

хохирогч О.Гиваасүрэн,

шүүгдэгч Б.Н-,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч О.Гиваасүрэн, шүүгдэгч Б.Н- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Н-д холбогдох эрүүгийн 1810017980550 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Тариат овгийн Б.Н-, 1975 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.Н- нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн оюутны 3 дугаар байрны подвальд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эх О.Гиваасүрэнг “Манай эхнэрт мөнгө зээллээ” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас нь хасч, 476 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч О.Гиваасүрэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Хохирогч О.Гиваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн хүү Б.Н-ын хамт амьдардаг. Хүү маань “Манай эхнэрт мөнгө зээллээ” гэх шалтгаанаар намайг зодсон. Тухайн үед хүүдээ гомдсондоо цагдаад өргөдөл гаргасан. Хүү маань эрүүл болсон үедээ надаас уучлалт гуйж, цаашид алдаагаа засна гэдгээ илэрхийлсэн. Одоо би гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Хүү маань ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэх бүрэн чадвартай хүн. Иймээс түүнийг ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоогоор хангаж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нь торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Багаасаа зөв хүмүүжил дунд өссөн. Сүүлд надтай хамтран амьдарч байсан эмэгтэйгээс хувийн таарамжгүй харьцааны улмаас салсан. Тэр эмэгтэй миний эхээс мөнгө зээлж аваад эргүүлж өгөөгүй алга болсон. Би Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан тул ажлын ачаалал даах чадвартай. Шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 12 цагийн хугацаагаар биелүүлэхэд надад татгалзах зүйл алга. Гэвч уг ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосон тул цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд маань саад болж байна. Иймээс уг ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.Н-ын хувийн байдлын тухайд тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд архины хамааралтай болсон хүн. Прокуророос дуудсан цагт ирдэг боловч байнга согтуурсан байдалтай ирдэг байсан. Анхан шатны шүүхээс түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан тул ялыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Н- нь согтуурсан үедээ, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн оюутны 3 дугаар байрны подвальд, өөрийн төрсөн эх /70 настай/ О.Гиваасүрэнг “Манай эхнэрт мөнгө зээллээ” гэх шалтгаанаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь “үүдэн 4 шүдний сулрал, зүүн нүдний зовхи, уруул, эрүү, цээж, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч О.Гиваасүрэн нь төрсөн хүү Б.Н-д зодуулж биедээ гэмтэл авсан талаар “...2018 оны 7 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Н- “Манай эхнэр Баялагт мөнгө зээлүүллээ” гэж уурлаад үүдэнд байсан толийг хагалчихаад гараад явсан. Тэгэхээр нь би согтуу орж ирээд дахин агсан тавих байх гэж бодоод Хөдөө аж ахуйн сургуулийн 3 дугаар байрны подвальд байх оёдлын цех рүүгээ орсон. Буйдан дээр хэвтэж байхад Н- гаднаас орж ирээд үснээс зулгааж, шалан дээр чирсэн. Мөн уруул орчим руу гараараа нэг удаа хүчтэй цохиход нь би ухаан алдаад уначихсан байсан. Нэг сэрэхэд миний үүдэн талын 4 шүд дотогш цөмөрөөд орсон, уруул ам хавдаад нил цус болсон байсан...” /хх-ийн 7-8/ гэж тодорхой мэдүүлсэн байх ба түүний мэдүүлэг нь гэрч Б.Дуламсүрэнгийн “...ээжээс юу болсон талаар асуухад “Н- намайг зодож, үсдэж чирээд шүд цөмөлчихлөө” гэж хэлээд шүдээ харуулсан. Түүний үүдэн дээд талын 4 шүд угаараа цаашаа цөмрөөд орчихсон байсан...” /хх-ийн 13-14/ гэх мэдүүлэг, яллагдагч Б.Н-ын “...тухайн үед би их согтсон ба намайг гэрт ороход ээж байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд ээж Гиваасүрэн надад “Чи ээжийгээ алах гэж байна шүү дээ, намайг ямар болгосноо хардаа” гэж хэлэхээр нь түүнийг хартал дээд талын үүдэн 3-4 шүд дотогшоо цөмөрсөн байсан...” /хх-ийн 41-42/ гэх мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 9444 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэргээр давхар нотлогджээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодид нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах зэргээр идэвхитэй үйлдлээр илэрдэг.

Хохирогч О.Гиваасүрэнгийн “...Н- надаас мөнгө нэхэж уурлаад 42 инчийн зурагтыг мулт татаж аваад ширээ рүү шидээд, үүдэнд байсан толийг хагалчихаад гараад явсан. Би түүнийг согтуу орж ирээд дахин агсан тавих байх гэж бодоод гэрээсээ гарч, ажлын байр луугаа явсан. Ажлынхаа хаалгыг түгжвэл гаднаас хаалга эвдээд ороод ирж магадгүй гэж бодоод хаалгаа түгжээгүй. Тэгээд даралт ихсээд буйдан дээр хэвтэж байхад Н- гаднаас орж ирээд зодсон...” /хх-ийн 9-10/ гэсэн мэдүүлэг, эрсдлийн түвшин “дунд” хэмжээнд болохыг тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 19-20/ зэргээс үзэхэд, Б.Н- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эхийгээ айлган сэтгэл санаанд нь дарамт учруулж, өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн бие махбодид нь халдсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн Б.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Шүүхээс Б.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /28х8=224/ эдлэх ялаас нь хасаж /700-224=476/, нийт 476 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзэлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүсэл зоригт нийцүүлэх албагүй тул “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг...” хүссэн хохирогч О.Гиваасүрэн, шүүгдэгч Б.Н- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ, оногдуулсан ялыг биелүүлэхтэй холбогдох зарим асуудлыг тусгалгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах замаар нөхөн гүйцэтгэх нь зүйтэй гэж үзэв.

Иймээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 476 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсэн нэмэлт заалтуудыг оруулан, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч О.Гиваасүрэн, шүүгдэгч Б.Н- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 476 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтууд оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Хохирогч О.Гиваасүрэн, шүүгдэгч Б.Н- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН