Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 002/2014/0040/З |
Дугаар | 221/МА2015/0199 |
Огноо | 2015-05-07 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2015/0199
“Ц” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Н.М-н гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц” ХХК нь 2007 оноос худалдаа, үйлчилгээ явуулж эхэлсэн. Өдийг хүртэл хүнсний аюулгүй байдлын асуудлаар худалдан авагч болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчээс ямар нэгэн байдлаар гомдол гарч байгаагүй. Энэ хугацаанд Монгол Улсад худалдааны үйл ажиллагаа явуулдаг нийтийн жишгийн дагуу түнш байгууллага болон хувь хүмүүсээс хүнсний бүтээгдэхүүнээ утсаар захиалга өгөөд Улаанбаатараас ачилт хийлгэдэг. Ирсэн барааг дотоод хяналтаар шалгаж агуулахдаа буулгаж, худалдан авагчиддаа түгээдэг. 2014 оны 05 дугаар сарын 27-нд 1000 уут гурил хүлээж аваад, 8 дугаар сар хүртэл зарж борлуулсан ч гомдол гарч байгаагүй.
Энэ зэргээс үзэж манайд оногдуулсан шийтгэврийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Дотоод хяналтаа сулруулсан зөрчлөө хүлээж энд тохирсон шийтгэврийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна.
2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Өлгий сумын 6 дугаар сургуулийн дотуур байранд хоолны хордлого гарсантай холбогдуулан манайд 14 400 000 төгрөгийн торгууль тавьсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай компани үйлдвэрлэгч биш дамжин худалдан борлуулагч юм. 2014 оны 05 дугаар сард манай компани “Ургац” нэртэй 50 тонн буюу 1000 шуудай гурил ачиж ирүүлсэн. Уг гурилын тухай нэг ч удаа иргэдээс санал хүсэлт ирж байгаагүй. Бид үйлдвэрлэгч биш дамжин худалдан борлуулагч ба гурил нь боловсруулан хэрэглэгддэг бүтээгдэхүүн учраас бид тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас улсын байцаагчийн шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч К.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байранд хоолны хордлого гарч, 103 хүүхэд өвчилж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан.
“Ц” ХХК нь 2014 оны 5 дугаар сард 1000 шуудай гурил ачуулсан бөгөөд тус гурилын бүх хэсэг биш тодорхой нэг хэсэг /ачихад хамгийн доод талын хэсэг эсвэл хамгийн дээд талын хэсэг/ нь бохирлогдсон нь шалгалтаар тогтоогдсон. 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 15 уут “Од” группын “Ургац” нэрийн гурилыг 6 дугаар ахлах сургуулийн нярав худалдан авч тус компанийн ажилчид өөрийн унаагаар хүргэж дотуур байрны агуулахад хурааж өгсөн байна. 9 дүгээр сарын 03-ны өдөр тогооч нар гурилд ямар нэгэн үнэр байна гэж няравт мэдэгдсэний дагуу нярав н.Бухарзада бага хэмжээгээр уутанд хийж “Ц” ХХК-ийн ажилчдад аваачиж үзүүлсэн бөгөөд буцааж авъя гэж хэлсэн боловч нярав аваачиж өгөөгүй, “Ц” ХХК ч буцаан татан авалт хийгээгүй нь тус хоёрын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас уг хордлого гарсан. 8 дугаар сарын 29-ний өдөр ШШГА тус “Ургац” нэрийн 20 шуудай гурилаас худалдаж авсан бөгөөд 9 дүгээр сарын 04-ний өдөр хордлого гарсантай холбогдуулан шалгалтаар очиход, уг гурилыг хэрэглээгүй байсан ба хэрэглэхийг хориглон битүүмжилсэн. 6 дугаар сарын дотуур байрны тогооч нар гурилаас ямар нэгэн үнэр байгааг мэдэгдээд агуулахаас өөр “Ургац” гурилаар хоол хийсэн боловч химийн хордлого гарсан. Тухайн сургуулийн тогооч, эмч, нярав нар ажилдаа хайнга хандсан учир захиргааны арга хэмжээ ногдуулан барагдуулсан.
Тухайн үед “Ц” ХХК-ийн ажилчид тус гурилыг өөрсдөө ачиж, өөрсдөө буулгаж өгсөн ба гадна тал нь бохирлогдсон нь нүдээр харахад мэдрэгдэж байсан гурилыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “эрүүл ахуй, ариун цэврийн горим зөрчин, хүнсний сүлжээний дараагийн үе шатанд гаргасан” гэсэн заалтыг зөрчин борлуулсан.
“Ц” ХХК-аас 6 дугаар сургуулийн дотуур байранд худалдан авсан “Ургац” нэрийн гурил, ШШГА худалдан авсан “Ургац” нэрийн гурилыг Шинжлэх ухааны академи Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораториудад шинжлүүлэхэд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулагдсан болох нь тогтоогдсон, хордлого гарсан үед агуулахад хяналт шалгалт хийхэд гурил хадгалагдаж байсан агуулах нь стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй, маш бохир, мэрэгч амьтаны ялгадсаар бохирлогдсон байсан.
Мэргэжлийн хяналтын газраас компанийн худалдааны газарт 2014 онд 5-6 удаа шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж ирсэн. Тус бөөний дэлгүүрийн агуулахад хяналт шалгалт хийх бүрт өрөлт хураалт, тавиуртай болгох, төрөлжүүлэх талаар мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байсан боловч биелүүлдэггүй, зөвхөн ашиг хонжоо олохыг урьтал болгон ажилласан. “Ц” ХХК нь шинээр барилга барих үед дэлгүүрийн доод давхарт байгаа агуулахуудаас бусад агуулах байхгүй, гэрийнхээ хажууд байрладаг хуучин агуулахуудыг ашиглахгүй гэж мэдэгдсэн боловч тухайн үед гурил тус агуулахад хадгалагдаж байсан.
Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын дунд хоол хүнснээс гаралтай хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс МХГ-ын даргын 5 заалттай “Үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах тухай” 4/243 дугаартай албан тоот өгөгдсөн. 2014 оны 06 дугаар сарын 11, 13-ны хооронд Олон улсын санхүүгийн корпораци болон Хүнсчдийн холбоо, МХЕГ хамтран зохион байгуулсан “Хүнсний аюулгүй байдал-үйлдвэрлэгчийн үүрэг” сургалтанд дотоод хяналт хариуцсан ажилтныг оролцуулсан байна.
Өвчилсөн хүүхдүүдэд илэрсэн эмнэлэг зүйн шинж тэмдэг, дотуур байранд ажилчид болон хүүхдүүдээс авсан асуумж, судалгаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүн, Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан гурил, гурилан бүтээгдэхүүний дээжүүдэд хийсэн шинжилгээний дүнг үндэслэн хоолны хордлогын голомтонд хийсэн үзлэг шалгалтаар аж ахуйн нэгжийн дотоодын хяналт суларч, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн үеийн горим алдагдсанаас ацетил бүлгийн химийн органик нэгдэл агуулсан бодисоор бохирлогдсон гурилыг хүнсний сүлжээний дараагийн үе шатанд худалдсан нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9 дүгээр заалтад “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу тээвэрлэх, хадгалах” гэсэн заалтыг зөрчиж улмаар олон хүүхдийг хамарсан химийн хордлого гарч хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн нь нотлогдсон тул Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дүгээр заалтад заасан “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болон хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, түүгээр үйлчилгээ үзүүлсэн этгээдийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэсний дагуу 14 400 000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ ногдуулсан.
Хордлого гарсан үед аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба аймгийн Прокурорын газраас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/476 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол гарсан ба энэ тогтоолд “Ц” ХХК-нд захиргааны хариуцлага тооцох нь зүйтэй байна гэж ирүүлсэн.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т “... хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах” гэж заасны дагуу хууль дүрмийг судалж, биелүүлж ажиллах үүрэгтэй.
Иймд, “Ц” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 6 дугаар ахлах сургуулийн дотуур байранд гарсан олон хүүхдийг хамарсан химийн хордлого гарсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, 14 дүгээр зүйлийн 14.2, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 19 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчаас 14 400 000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгний шийтгэл ногдуулсан 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0027675 дугаар бүхий шийтгэврийн хуудастай арга хэмжээ /шийдвэр/-г хүчингүй болгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М давж заалдах гомдолдоо: ““Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн 2015 оны 02 дугаар сарын 26-нд шүүх хуралдааны 09 дүгээр шийдвэрийг хүлээн авч танилцав. Тус шүүхийн шийдвэрээр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0027675 дугаар бүхий шийтгэврийн хуудас хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хөнгө шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн 2 дугаар шүүхийн 09 шийдвэр нь илт үндэслэл муутай, холбогдох хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр байна гэж үзээд давж заалдах гомдол гаргав. Уг шүүхийн шийдвэрт:
Шүүхийн шийдвэрт шүүгч “... 6 дугаар сургуулийн нярав гурилын талаар худалдагч нарт мэдэгдсэн ч тус компани татан аваагүй зөрчлийг гаргаснаас болж хүүхдүүд хордлого авсан гэж үзэх үндэслэлтэй...” гэсэн байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д “... хоол хүнснээс шалтгаалсан өвчлөл гарсан...”, 8.2.2-т “.:. тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага болон аюулгүйн үзүүлэлтийг хангаагүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн болохыг хяналт шалгалтаар тогтоосон ...”, 8.2.3-д “... тухайн импортолсон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулын талаарх сэрэмжлүүлэг олон улсын мэдээллийн сүлжээгээр мэдээлэгдсэн ...” зэрэг заалтууд биелэгдсэн тохиолдолд татан авалт хийгдэхээр хуульчилсан. Тиймээс татан аваагүйгээс болж хордлого гарсан гэж үзэж буруутгах нь үндэслэлгүй. Хуулиараа ямар нэгэн шийдвэр гараагүй байхад татан авалт хийх боломжгүй.
“...”Ц” ХХК нь “Ургац” нэртэй гурилыг тээвэрлэж ирүүлэх, хадгалах, худалдаалах үед уг гуриланд хүн амын эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйл буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан эсэхийг мэдсээр байж урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хийхгүйгээр худалдаанд гаргаж, улмаар хүүхдүүд хордлого авсан нь тогтоогдсон тохиолдолд хэрэглэх, хариуцлага хүлээлгэх заалт бөгөөд хэргийн үйл баримтаас дүгнэхэд энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ...” гэсэн байна. Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудад мэдсээр байж хийсэн, санаатай хийсэн гэсэн заалтууд ороогүй, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтанд хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах гэж заасны дагуу хууль дүрмийг судалж, биелүүлж ажиллах үүрэгтэй.
Иймд захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь заалтыг баримтлан хэргийг бүхэлд нь хянан үзэхэд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “Ц” ХХК-аас “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0027675 дугаар бүхий шийтгэврийн хуудастай арга хэмжээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болон хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, түүгээр үйлчилгээ үзүүлсэн этгээдийг нэр сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” –оор заасан байхад ““Ц” ХХК нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг мэдсээр байж худалдсан зөрчил тогтоогдсон гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь уг хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэхээр байна. Уг хуулийн заалтад “мэдсээр байж” гэх хуулийн нөхцөл тавигдаагүйг анхаарах байжээ.
Мөн нэхэмжлэгч дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах”, 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт “хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал” нэвтрүүлэх, 10 дугаар зүйлийн 10.1.9 дэх хэсэгт “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу тээвэрлэх, хадгалах” үүргийг тус тус хуулиар хүлээсэн байхад “...гурил хадгалсан агуулах нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа ч энэ зөрчлийн улмаас гурил бохирдож, хүүхдүүд хордлого авсан гэж үзэх үндэслэлгүй, энэ хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь, маргаан бүхий акт нь “Ургац” нэртэй гурилыг хэн бохирдуулснаас бус нэхэмжлэгч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн худалдан борлуулснаас гарсан тул дээрх байдлаар дүгнэлт хийх нь зохимжгүй бөгөөд харин нэхэмжлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх байжээ.
Хэдийгээр гурилд тээвэрлэлтээс үүссэн бохирдол байсан ч нэхэмжлэгч тал бүтээгдэхүүнийг хүлээн авч, хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь бохирдсон хүнс худалдаалсан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгч уг бохирдлыг тээвэрлэлтийн явцад үүссэн гэж үзвэл Иргэний хуульд заасны дагуу хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт “хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах” гэж заасны дагуу хууль дүрмийг судалж, биелүүлж ажиллаагүй нэхэмжлэгчийн зөв гэж үзэх боломжгүй.
Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ