Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00578

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/00578

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,

 

Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Наашраагийн Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

/ОРхон аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин 3 дугаар хороолол, 23-16 тоотод оршин сууух, регистрийн дугаар ГЮ68091970/

           

            Хариуцагч: Харчин овогтой, Найдансүрэнгийн Оюун-Эрдэнэд холбогдох

/Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, Цагаанчулуут 33 дугаар гудамж, 7 тоотод оршин суух, регистрийн дугаар ЙО80021514/

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.675.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Бат-Эрдэнэ миний бие 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Н.Оюун-Эрдэнэд өөрийн эзэмшлийн 32-15 ОРО улсын дугаартай Соната-6 суудлын автомашиныг аман хэлцэл хийж авсан боловч 6.000.000 төгрөгөөр худалдсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа тул 6.000.000 төгрөг, хадгаламжийн хүү 675.000 төгрөг, нийт 6.675.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Солонго шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 675.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6.000.000 төгрөгийг хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө гэсэн байх тул татгалзах зүйлгүй. Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Н.Бат-Эрдэнийн нэхэмжилж буй 6.675.000 төгрөгөөс 675.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, үлдэх 6.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал 6.675.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 675.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6.000.000 төгрөгийг хариуцагч Н.Оюун-Эрдэнэ 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрсэн байна.

 

Талууд дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Н.Оюун-Эрдэнэд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.675.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 675.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6.000.000 төгрөгийг хариуцагч Н.Оюун-Эрдэнэ 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 121.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, хариуцагч Н.Оюун-Эрдэнээс 60.875 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн  2603030349 дугаар данснаас 60.875 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД