Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

Хохирогч Э.*******,                                              

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 29 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******т холбогдох эрүүгийн 2007004300012 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн   хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, *******гийн ******* /РД:*******/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ны нутаг дэвсгэрт байрлах “” амралтын газарт гэр бүлийн харилцан хамаарал бүхий эхнэр Э.*******тай маргалдан түлхэж унагаан, гарын шуу хэсэгт нь гараараа цохиж, толгой хэсэгт нь модон сандлаар цохиж биед нь зулайн хуйханд язарсан шарх, зүүн шуу, тохойнд цус хуралт зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Э.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Уулзаагүй удсан их сургуулийнхаа найзуудтайгаа уулзаад нойргүй явж байсан болохоор болсон хэргийнхээ талаар санахгүй байна. Эхнэрээрээ яриулж байж санаж байна. Манай их сургуулийн ангийнхны 10 жилийн ой болоод хараагүй удсан ангийнхаа хүүхдүүдийг хараад хөөрч явж байгаад тасарсан байсан. Маргааш өдөр нь ухаан орсон.” гэв.

Хохирогч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Өвөр Монголын их сургуулийн 2010 оны төгсөлтийн 10 жилийн ой болж Сүхбаатарын талбай дээр цуглаад орой тэрэлжид очсон. Орой хүлээн авалт эхлэх үед их хэмжээний архи ууцгааж эхэлсэн. Тухайн байрлаж байгаа газар дотор нь нойл байхгүй байсан учир орой нойл явахаар нөхөртэйгөө хамт алхсан. Архи уухаараа жоохон авиртай болчихдог өөрөө тэрийгээ мэддэг. Өмнө нь уудаг байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг явдал өмнө нь болж байгаагүй. Тийм болохоор нь бага уухыг сануулсан чинь жоохон маргалдсан. Нойл ороод ирэх хооронд нэмж уусан юм шиг байсан. Тэгэхээр нь битгий их уу гээд хэлсэн чинь намайг түлхэж унагаагаад тэрнээс болж хоорондоо маргалдсан. Би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд маргалдахаа больё унтъя гээд ярилцсан. Нөхөр маань нэлээн согтсон ааш нь тогтож өгөхгүй сүүлдээ цохиж бариад унагаагаад сандлаар нэг удаа цохисон. Тэгээд дүү рүүгээ залгасан чинь ирж авах боломжгүй өөрөө амралтын газар байна гэсэн. Маргааш нь гэртээ ирэх хүртэл нь нөхөртэйгөө холбогдоогүй тэнд байсан хүмүүсээс хэзээ ирэх талаар мэдээлэл авсан. Манай дүү бас амралтын газар уусан байсан. Тэгээд намайг өмөөрч хүргэн ахтайгаа уулзаж байгаад маргалдаад дуудлага өгсөн” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн байцаалтад гэрчээр Э.*******ын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 10-ны өглөө Сүхбаатарын талбай дээр их сургуулийн ангийн 10 жилийн ой болоод 09 цаг 00 минутын орчим Сүхбаатарын талбайгаас шууд 11 цаг 00 минутын орчим Тэрэлжийн ойр байх Мэлхий хадны ойролцоох нэг амралтын газар очсон. Уулзаагүй удсан оюутан ангийн найзуудтайгаа уулзаад ойн баяраа тэмдэглэж архи уусан. Оройны 00 цагийн орчим хүлээн авалт эхэлж би 1 литрийн “Финлианд” гэх нэртэй архи ганцаараа уусан. 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цаг 00 минутын орчим автобус ирж аваад бид нар хот руу явсан. Би тэр болтол их хэмжээгээр архи уусан байсан тул маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим сэрсэн. Би энэнээс өөр зүйл санахгүй байна. Би их хэмжээний согтолттой байсан. Би юу ч санахгүй байна. Гэр бүлийн хүн бид хоёр 2006 оноос хойш хамт амьдарч байна. Гэр бүлтэйгээ дотно байдаг. Өмнө нь гэртээ агсан тавьж байгаагүй. Би архи уугаад байсан болохоор эхнэр намайг айлгах гээд цагдаад хоёр удаа өгч байсан. 2017 оны 10 дугаар сард нэг удаа 2018 оны 04 дүгээр сард тус тус өгсөн. Өөр надад эхнэр хүүхдээ цохиж зодож байсан удаа байхгүй.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 19 дүгээр тал/

 

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Э.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 8-9 цагийн орчим оюутны ангийн уулзалт болоод Сүхбаатарын талбайд уулзалт болоод ууцгаасан. Би тухайн үед сэтгэл хөдлөөд архи их хэмжээгээр уусан. Нэлээн муудаад Тэрэлжийн бумбан тур гэх газар очиж тус амралтын газар ирээд дахиж архи согтууруулах зүйл хэрэглэж байтал тухайн үед Тэрэлжийн амралтын газар ирэхэд 11 цаг өнгөрч байсан. Их сургуулийн оюутны ангийн хүмүүсийн дунд спорт, уралдаан тэмцээний арга хэмжээ болж байсан. Оройны 00 цагийн орчим сүүлийн арга хэмжээ болоод би архи их уусан. Би энэ үеэс хойш тасраад тэр орой юу болсон талаар санахгүй байна. Маргааш нь намайг унтаж байхад оюутны ангийн найзууд сэрээсэн. Тэгээд би буцаад автобусанд суугаад гэртээ ирсэн. Би тухайн үед архи их уусан, тасарчихсан байсан болохоор *******ын биед хэрхэн гэмтэл учруулснаа санахгүй байна. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 11817 дугаар: “Э.*******ын  биед зулайн хуйхны язарсан шарх, зүүн шуу, тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэсэн. Би гэр бүлийн хамаарал бүхий *******ын бие рүү сандал шидэж энэ гэмтлүүдийг учруулсан. Би *******ын бие рүү сандал авч шидэхдээ аль гараараа хэдэн удаа шидсэн талаар сайн санахгүй байна. Би эхнэртэйгээ нойл орох гээд гадаа гарсан болохоор салхинд цохиулсан байх. Би энэ талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 37-38 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогчоор Э.*******ын 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутын үед сургуулийн төгсөлтийн арга хэмжээнд Тэрэлж рүү нөхөр Э.*******ын хамт явсан. Тэрэлжид очиж нэртэй амралтын газар буудалласан. Өдөр нь тэмцээн уралдаан болсон. Орой нь ёслолын арга хэмжээ болсон. Арга хэмжээний үеэр нөхөр бид хоёр бие засахаар гадагш гарч өөрсдийн байрлаж байгаа гэрт очсон. Нөхөр бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба нөхөр согтолт ихтэй болж байсан, би бараг уугаагүй эрүүл байсан. Байрлаж байгаа гэртээ очиход би нөхрийгөө согтоод байна гэж хэлхэд за уухгүй гэж хэлэхэд за одоо уухгүй гэж хэлж байсан ба бие засчихаад гараад ирэхэд нөхөр архи ууж байхаар нь яагаад уусныг нь асуухад хажуугаар явж байсан үл таних 3 залуу уур хүргэлээ тэрнээс болоод уучихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрсдөө хамаагүй хүмүүсээс болж уураллаа гэж хэлсэн чинь хаа хамаагүй хүн яахаараа өмөөрдөг юм гэх шалтгаанаас болж маргалдаж, үл ойлголцож нөхөр эхлээд намайг түлхсэн би хойш газар унасан, босож ирээд ярилцах гэсэн чинь үг сонсохгүй ярилцахгүй байсан. Гэрт ороод унтах гэсэн чинь унтахгүй үглээд байсан, би унтлаа гэсэн чинь намайг унтуулахгүй миний зүүн гарын булчин хэсэгрүү нэлээн олон гараараа цохисон. Тэрний дараа ойролцоо байсан модон сандлаар миний толгой хэсэгрүү 1 удаа цохисон.Тэгээд би гутлаа өмсөөд хотруу явах гэж байсан унаан д суугаад гэртээ ганцаараа ирсэн. Нөхөр амралтын газар үлдсэн.

Өнөөдөр 19:00 цагийн үед нөхөр амралтнаас ирээд гэрийн хаалга тогшсон. Тэгэхээр нь хаалга тайлж өгөөгүй, ямар нэгэн хариу өгөөгүй, би хадам ээж Мөнх-Өлзийрүү залгаад Э.******* гэрийн гадаа ирчихсэн байна, авах юм уу яах юм би бол оруулахгүй гэж хэлсэн. Нөхөр гэрийн гадаа ирчихсэн байх үед манай дүү Уламбаяр надруу залгаж таарсан. Нөхөр ирчихсэн байна гэж хэлсэн чинь дүү гэрийн гадаа шууд хүрээд ирсэн. Уламбаярыг гэрийн гадаа ирэх үед нөхөр байсан. Би тэр хоёрт хаалга тайлж өгөөгүй ба гэрийн үүдэнд маргалдаж байгаад дүү цагдаад дуудлага өгчихсөн. Нөхөр, дүү хоёр зодолдоогүй.  Э.*******тай хамт амьдраад 12 жил болж байгаа. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Том нь 11 настай, бага хүү 5 настай. Миний биед толгойны баруун хойд хэсэг хагарсан, зүүн гарын булчин хөхөрсөн. Хэрэг болох үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Тухайн үед би төрсөн дүү Уламбаярын дугаарт залгаж Э.******* намайг зодоод байна. Эгчийгээ ирж ав гэж хэлсэн. Өмнө нь 2018 онд согтуу үедээ миний биед халдаж зодож байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж, нөхөр баривчилгаанд явж байсан. Манай нөхөр Э.******* хувиараа нөхөн сэргээх компанид ажилладаг. Энхтайваны ******* /*******/, дугаарын утастай байгаа. Э.******* нэг  уухаараа  2-3 хоног дараалан уудаг. Уусны дараа нэг хэсэг байж байгаад дахиад уудаг. 2018 оны 05 дугаар сард кодлуулж байсан. Кодлуулаад бараг бүтэн жил уугаагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогчоор Э.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 10-ны өглөөний 10 цаг 00 минутын орчим манай их сургуулийн уулзалт болох гээд Сүхбаатрын талбай дээр уулзалт болох гэж байсан. Би өөрийн гэр бүлийн хүн болох *******ын хамт очисон. Сүхбаатрын талбайгаас 11 цаг 00 минутын орчим Налайх дүүргий нутаг дэвсгэрт байрлах гэх нэртэй амралтын газар ирсэн. Амралтын газраа 13 цаг 00 минутын орчим ирээд бага зэргээр архи согтууруулах зүйл хэрэглэж, тэмцээн уралдаан болоод байж байсан. Оройны 19 цаг 30 минутанд хүлээн авалт эхлэн манай их сургуулийн ангийхан орсон. Хүлээн авалт эхлээд байж байтал хүлээн авалт болж байсан гэрт нойл байхгүй байсан учраас нойл орох зорилгоор өөрийн байрлаж байсан гэртээ нөхрийн хамтаар очисон.Нөхөр их архи уусан их согтсон байсан учраас би нөхрийгөө чи их архи уусан байна. Одоо бага архи уу гэж хэлсэн тэгэхэд нөхөр за би бага архи ууя гэж хэлээд нөхөр бид хоёр буцаад арга хэмжээ болж  байсан гэрт  очисон. Арга  хэмжээ  болж  байсан   гэрт  очитол   шагнал урамшууллын үйл ажилгаа явагдаж байсан болохоор нөхөр бид хоёр дахиад архи нэмж уусан. Нөхөр бид хоёр 1 цагийн дараа дахиад нойл орох хэрэгтэй болоод өөрсдийн байрлаж байсан гэрт очих замдаа би нөхөртэйгөө муудалцаж маргалдаж яваад гэрт орсон. Би гэрт очихдоо толгойгоо хагалчихсан байсан. Би нойл ороод толинд хараад гар толгой цус болсон байсныг мэдсэн. Буцаж гэрт ороод нөхөр бид хоёр дахин муудалцаж нөхөр намайг орлуу түлхэж унгаагаад би уурлаад хот руу явах унаанд суугаад гэртээ ирсэн. Бид хоёр их сургуулийн нэг анги байсан. 2005 онд танилцсан. Хөх хотод их сургуулиа төгссөн.  Би тухайн өдөр 12 цаг 00 минутын орчмоос ууж эхэлсэн. Миний зөрчлийн хэрэг дээр гэрчээр “нөхөр намайг цохиж зодсон би архи бага уусан байсан” гэж мэдүүлэг өгсөн нь үнэн зөв. Тухайн үед нөхөртэйгөө маргалдаж байхад нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн гэмтлийг манай нөхөр учруулсан. Би дүүтэйгээ утсаар ярихдаа намайг зодоод байна ирээд ав гэж хэлсэн. Тэгтэл дүү сүлжээ муутай газар байсан болохоор утас тасалдаад сайн ярьж чадаагүй. Их сургуулийн найзууд хот руу явах машин дуудсан байсан болохоор би тэр машинд сууж гэртээ ирсэн. Нөхөр амралтын газар үлдсэн. Манай нөхөр намайг модон сандлаар цохисон байх гэж бодож байна. Намайг 2-3 удаа цохиод байхаар нь би гараараа хамгаалснаас гарын шуунд гэмтэл учирсан. Тохойн хэсэгт учирсан гэмтэл бол намайг цохиод байхаар нь хамгаалхад учирсан байх. Нөхөртэйгөө болсон асуудлын талаар би хэд хэдэн удаа ярисан бас асуусан гэтэл нөхөр санахгүй байна гэж хэлсэн. 2018 онд нэг удаа намайг цохиж зодоод байхаар нь би айсандаа  ээждээ хэлхэд ээж цагдаад дуудлага өгсөн байсан. Тухайн амралтын газар нэг гэрт гурвуулаа хонох зохион байгуулалттай байсан. Миний байрлаж байсан гэр их хүйтэн байсан болохоор би нөхрийн байрлаж байсан гэр лүү явсан. Нөхрийн гэрт хэн хэн байсан талаар би санахгүй байна. Өмнө нь зөрчлийн хэрэгт гэрчээр “нөхөр намайг түлхэж унагаасан. Би газар унасан.Босож ирээд унтуулах гэтэл миний үгийг сонсохгүй миний гар луу олон удаа гараараа цохисон. Сандалаар толгой руу цохисон” гэж мэдүүлсэн нь үнэн зөв. Би тагнуулын байгууллагад 2011 оноос хойш одоог болтол ажиллаж байна. Энэ асуудлаас хойш манай нөхөр миний биед халдаж зодсон асуудал байхгүй. Нэг ч удаа гараагүй. Манай нөхөр хүүхдүүддээ маш сайн харилцаатай. Одоо нөхөр бид хоёр эвлэрсэн. Нөхөр бид хоёр хамт амьдарч байгаа хэвийн харилцаатай байгаа.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12-13 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад гэрчээр Э.Уламбаярын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний төрсөн эгч Э.******* над руу утсаар залгаад эгчийг нь манай нөхөр ******* намайг цохичихлоо намайг ирээд аваач гэж хэлсэн. Би тухайн үед Тэрэлжид амралтанд байсан болохоор төрөл садангийн дүү болох Ганбаярыг явуулж эгчийгээ авсан. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай эгч Э.******* дахиад над руу залгаад нөхөр ******* ирчээд хаалга үүд тогшоод байна чи хүрээд ирээч гэсэн. Тэгээд би Тэрэлжээс гарахдаа цагдаагийн байгууллагын 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Намайг Ургахнаран хороололд эгчийнд ирэхэд эгчийн нөхөр ******* явсан байсан. Тэгээд би эгч *******аас юу болов гэж асуухад би нөхөртэйгөө муудаад намайг цохисон гэж хэлж байсан. Би эгчийн хаана нь хэдэн удаа юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Намайг эгч *******ынд байж байхад цагдаагийн алба хаагчид ирж уулзчихаад эгч *******ыг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан. Би тэгээд Тэрэлжрүү буцаад явсан. Эгч *******ын биед ил харагдах гэмтэл шарх гэх зүйл мэдэгдээгүй. Эгч *******ыг нөхөр ******* өмнө нь зодож цохиж байсан талаар сайн мэдэхгүй байна. Ер нь бол би эгч *******тай жилдээ ганц нэг л уулзалддаг болохоор гэр бүлийнх нь талаар сайн мэдэхгүй байна. Надад зодсон цохисон гэж ярьж байгаагүй.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 23-24 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Ш.Отгонзулын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: *******тай 2008 онд Хөх хотод хамт суралцдаг байсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 13 дахь жилдээ найзалж байна. ******* сэргэлэн цовоо зантай, их ажилсаг. Гэрт нь очихоор ганцаараа бүх юмаа хийсэн байдаг. Нэг аяга цай уучхаад тавихад л босоод угаачихдаг. Нийтэч, найз нөхөд олон, халамжтай сайн аав, эхнэр нь ажилтай болохоор ихэнх тохиолдолд ******* хүүхдүүдээ хардаг. Догшин ширүүн ааш араншин байхгүй. Харин бага зэрэг түргэн ууртай байх. Тамхи бол татдаг, архи бараг уугаад байдаггүй. ******* эхнэртэйгээ хоорондоо их л сайхан харилцаатай эелдэг дотно байдаг. Нээх хоорондоо муудалцаад байдаггүй. гэх мэдүүлэг,

/хх-ийн 25-26 дугаар тал/

 

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 11817 дугаар: “Э.*******ын  биед зулайн хуйхны язарсан шарх, зүүн шуу, тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт

/хх-ийн 29 дүгээр тал/

 

            Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

            /хх-ийн 39-40 дүгээр тал/

 

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

             /хх-ийн 41-45 дугаар тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 46 дугаар тал/,

           

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 49 дүгээр тал/

           

            Э.*******ын  хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 50-97 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Иймд шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтээ гэж үзэж байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох торгуулийн саналын улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг өөрөө 450.000-1.350.000 төгрөгөөр торгох, мөн  240 цагаас 720 цагийн хооронд  нийтэд тустай ажил хийлгэх,  1 сараас 3 сарын хооронд зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3 төрлийн ялын санкцтай байдаг.  Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нийгмийн аюулын шинж чанар, нийгэмд учруулсан хор хохирол  зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс 1.000.000 төгрөгөөр торгох  торгуулийн саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн гомдол саналгүй учраас шүүгдэгчийг бусдад төлөх өр төлбөргүй болохыг дурьдаж .Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус шүүхийн шийтгэх тогдоолд дурдуулах саналтай байна.” гэх,  

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Э.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* “” амралтын газар гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Э.*******ыг “архи бага уу гэж хэллээ” гэх шалтгаанаар түлхэж унагаан, зүүн гарын шуу хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа, толгой хэсэг рүү нь модон сандлаар 1 удаа тус тус цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, зүүн шуу, тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

Шүүгдэгч Э.*******ын “...болсон хэргийнхээ талаар санахгүй байна. Эхнэрээрээ яриулж байж санаж байна.” гэх,

Хохирогч Э.*******ын  “...Тэгэхээр нь битгий их уу гээд хэлсэн чинь намайг түлхэж унагаагаад тэрнээс болж хоорондоо маргалдсан. Би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд маргалдахаа больё унтъя гээд ярилцсан. Нөхөр маань нэлээн согтсон ааш нь тогтож өгөхгүй сүүлдээ цохиж бариад унагаагаад сандлаар нэг удаа цохисон.гэх мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 11817 дугаар: “Э.*******ын  биед зулайн хуйхны язарсан шарх, зүүн шуу, тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ын  бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

  Иймд Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.        

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч   *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ